Маргааш Гэгээн Валентины өдөр. Та бүгд хайртай хүмүүстээ бяцхан гэнэтийн бэлэг барих гэж байгаа юу? Мэдээж хайртай хүндээ хайраа илэрхийлэхэд ганцхан энэ өдрийг хүлээх бус өдөр бүр ийм боломж олгодог ч гэгээн хэмээх тодотголтой энэ л өдөр хайрыг онцлон тэмдэглэхэд би дуртай. Аливаа баярыг худалдааны чанартай, олонхийг даган баяссан хэмээн өрөөсгөл дүгнэж, шүүмжилж, ярвайж байдаг хүмүүс бий. Харин би баярлах, хүндэтгэх, талархах боломж олгож буйг нь сайшааж, ямар ч баярыг аль болох сайхнаар өнгөрүүлэхийг хичээдэг. Тиймдээ ч Валентины өдөр хайртай хүндээ бүр зориуд хайртайгаа илэрхийлдэг.
Хүнд бэлэг өгөхөд бэлэн зүйлээс гадна өөрийн гараар хийсэн зүйл ямагт үнэ цэнэтэй байдаг. Тийм болохоор хэдхэн минут зарцуулаад хамгийн амархнаар "өөрийн" гэсэн шинж чанар агуулсан Валентины карт хийхийг та бүхэнд санал болгож байна.
Ашиглах материал: Ердөө цагаан цаас, хэрэглэдэг хэрэглэдэггүй уруулын будгууд, жааз
Ингээд уруулаа будаад л цагаан цаасаа үнсээд байж дээ ;) Уруулаа шинээр буюу өөр өнгөөр будахын өмнө тослог сайтай уруул өнгөлөгчөөр чийгшүүлж өгвөл хуурайшихаас сэргийлнэ.
Замбараагүй энд тэнд үнсэлгүй зүрхэн хэлбэрээр ч юмуу эсвэл нэг өнгөөр дагнах ч юм уу, цаасаа ямар хувилбараар хэрхэн "үнсэх" нь таны бүтээлч сэтгэлгээний хэмжээгээр олон янз байж болно.
Сайхан хайртай учирсан нь түүнийгээ үнэлж, талархаж, хайраа илэрхийлэн, хайртайгаа хараахан учраагүй нь сайхан хайр байдаг гэдэгт итгэж, итгэлээ алдалгүй урагш тэмүүлэн Гэгээн Валентины өдрөө сайхан өнгөрүүлээрэй!
Kommentar schreiben