Парист очвол...Миний дуртай 10 зүйл

Парис бол Европын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг маргаангүй мөн. Анх оюутан болохоосоо өмнө Парис хотыг үзэх завшаан тохиосонд догдолсондоо шөнө унталгүй үүр цайлгаж байсан бол одоо "Парис гоё шүү" гээд л нэг их мэддэг царай гаргачихдаг болсон. Үнэндээ Парис очих бүрт шинэлэг санагдана. Хэзээ ч уйдамгүй энэ хот руу хэд хэдэн удаа яваад хийх дуртай, үзэх дуртай гэсэн зүйлстэй болсноо та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Магадгүй Парист очиход нь бяцхан хөтөч болох ч юм билүү, эсвэл очиж үзэх хүсэл төрүүлж ч болох шүү дээ.

Парис гэнгүүт Эйфелийн цамхаг шууд бодогдоно. 300 гаруй метр өндөр цамхагийг хоёр жил гаранхан хугацаанд босгосон гэхээр итгэмээргүй байгаа биз? Анх барихад нь урлаг, утга зохиолын төлөөлөгчид бүхий олон сэхээтэн эсэргүүцэж, Парис хотын дүр төрхийг эвдэгч хэмээн үзэн яддаг байсан бол өнөөдөр дэлхийн олон өнцгөөс сая саяараа зорьж ирдэг энэ төмөр хатагтай Парисийн бэлэг тэмдэг зүй ёсоор болжээ. Нураад уначихвал эдлэнг минь сүйтгэх аюултай, бариулахыг нь зогсоо гэж шүүхдэж байсан түүх байдаг аж. Хэрэв нураад эдлэн сүйтгэвэл бариулагч этгээд Густав Эйфел гуай гарах бүх хохирлыг хувиасаа нөхөн төлнө гэсэн болзолтойгоор шүүх цааш нь барих явцыг зөвшөөрсөн шийдвэр гарсан гэдэг. Бариулсан зардлаа Эйфел баригдаад жил хагас болсных нь дараа гэхэд л эргэж олсон гэхээр ашигтай хөрөнгө оруулалт байсан байгаа биз? Ингээд энэ цамхагаар Парист очвол хийж үзэх хамгийн дуртай зүйлийн жагсаалт маань эхэлнэ.

1. Эйфелийн цамхагийн орой дээр гарах

Ялангуяа нар шингэсний дараа, харанхуйд Парис ямар гоё гэрэлтдэгийг Эйфелийн цамхаг дээрээс харж алмайраарай. Өдрийн цагаар жуулчид ихтэй, цамхагийн дээш гарах урт дараалалд зогсож хамаг цагаа алдаж байхаар бусад зүйлсээ үзчихээд орой эргэн ирвэл дараалал арай хурдан өнгөрнө. Цахилгаан өргүүрээр орой руу нь гарч Парисийг дээрээс тольдох нь гайхамшигтай сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна. 

Цамхаг оройн цагаар илүү үзэсгэлэнтэй.

Эйфелийн цамхагаас Улаанбаатар хот руу ийм зайтай аж. Бусад нийслэлүүдийг мөн агаарын замын алслах зайтай нь бичсэн байдаг, их сонирхолтой.

Шөнийн Парис үзэсгэлэнтэй байгаа биз?

2. Эйфелийн цамхагийн хажууд байрлах морин тойруулга дээр тоглох

Тийм ээ, морин тойруулга дээр заавал жоохон хүүхэд тоглох албагүй. Парист байдаг эрх чөлөөний нэг энэ. Хүн юу гэж бодох бол гэж эмээлгүй өөрт таалагдсан зүйлээ хийж, эрх чөлөөтэй зугаацах нь хамгийн сайхан. Гоё хөгжмийн аялгуунд морин тойруулгаар яваад л, эргэн тойрноо хараад л баясах чинь жаргал шүү, очвол заавал яваарай.Эйфелийн цамхаг хажууд чинь дүнхийж байхад шүү дээ. Би очих бүрдээ заавал тоглодог. Хосоороо, хүүхдүүдтэйгээ, ганцаараа хамаагүй заавал нэг яваад үзээрэй.Баяр баясгаланг мэдрэх болно.

3. Сена мөрөн дээр усан онгоцоор явах

Би ер нь усан онгоцны хэнээтэй, гол мөрөн, нуур, далай хаана л бол хаана усан онгоцоор явах боломж л байвал суугаад л байдаг. Парис хотыг чимэн урсах Сена мөрөн дээгүүр усан онгоцоор аялал хийхэд хоёр эргийн дагуу байрлах түүхт дурсгалт газруудыг харж, мэдээлэл сонсож авна. Богино хугацаанд их зүйл үзэж харах хүсэлтэй хүнд хамгийн тохиромжтой. Танилцуулга, түүхий нь товч сонсчихоод, дараа нь чухалчилж очих газраа сонгох боломж өгдөг давуу талтай. Тэгээд ч усан дээрээс Парис бас л нэгэн өөр төрхтэй харагдах вий.

4. Парисийн өргөн чөлөө Шонз-Элизегээр зугаалж "Сефора"-гаас үнэртэн сонирхох

Шонз-Элизегээр зугаалж, Ялалтын хаалга зэргийг үзэх нь ойлгомжтой. Миний хамгийн дуртай анхилуун үнэртний сүм болох гоо сайхны Сефора дэлгүүрээр заавал ороод гараарай. Үнэртэн авах бол энд диваажин л гэсэн үг. Авах боломжгүй бол ороод ямар ус шинээр гарсан байна, ямар ус улирлын чиг хандлагыг тодорхойлж байна гэж сонирхоод л, туршиж үнэрлээд л, хамараа, нүдээ, мэдрэхүйгээ баясгаж байгаад гараад ирэхгүй юу. Үгүйдээ л чимэглэл нь гоё санаа өгнө. 

1,3 литр үнэртэй ус мөд дуусахгүй дээ ;)

Эндээс загварын сэтгүүлийн шинэхэн дугаар аваад, хэлээ сайжруулж болно, хэлий нь сайн мэдэхгүй ч зургий нь харж баясана шүү дээ.

Шонз-Элизе шинэ жил дөхөөд ирэхээр гэрлэн чимэглэлээ өмссөн байгаа нь

5. Парист заавал үзэх жагсаалтын минь тавдугаарт Ладюрее орно.Энд францын нөгөө алдарт амттан Макарон гэгчийг жинхэнэ утгаар нь эх хувилбараар нь амсана. Мөн зөвхөн "Парисийн" гэх өнгө аястай бэлэг дурсгалын чамин зүйлс элбэг. Би дараа очихоороо макарон унжсан түлхүүрийн оосор авч цүнхэндээ зүүнэ гээд "точколсон" байгаа. Ялангуяа энэ жил Марие Антуанеттийн хөрөг бүхий дугариг хайрцагтай, хязгаарлагдмал тоотой оосор гарсан байна лээ. Германд олдохгүй байгаа эд. Ладюрее бол Парис хэв маягийн илрэл.Тансаг, чамин, хээнцэр.

Найз охин маань төрсөн өдрөөр минь бэлэглэсэн Ладюрее өрөөний үнэртэн. Үнэхээр хээнцэр эд.

6. Вандомын талбайгаар зугаалах

Чухам энд л Парисийн дээдсийн хүрээлэн үнэртэнэ. Шанелийн төв байр, Ритц зочид буудал, тансаг дэлгүүрүүд гээд от кутюр загвар, тансаг орчин мэдрэгдэнэ. Талбайн гол дахь энэ баганын дээр уг нь Напалеон Бонапартын хөшөө байсан юм гэнэ лээ. Болиулаад одоо ийм болсон. 

7. Тюилерийн цэцэрлэгт сууж хөлөө амраах

Конкордын талбай, Луврийн музей, Тюилерийн цэцэрлэгийг нэг дор үзэхэд хамгийн тохиромжтой, дунд нь цэцэрлэгт завсарлага хийж, түргэн хоол эсвэл сайхан кофе ууж амрахад таатай, Парисчуудын болзох дуртай газар. Ялангуяа нартай өдөр сандал дээр тэрийгээд хэвтэцгээчихсэн байж байдаг юм байна лээ. Ер нь Европчууд нар гарахаар л гадаа сууж, нарыг бас амьдралыг таашаадаг хоббитой. 

Луврийн музейд орох дараалал нь их урт болохоор би олон удаа халшраад зогсоогүй. Дараа явахаараа хамгийн эхэнд хийх зүйл бол Луврийн музейг тайван үзэж сонирхох.

Конкордын талбай

"Чөтгөр Прада өмсдөг" киноны төгсгөлийн хэсэгт Анне Хетеуэй утсаа шидчихдэг усан оргилуур

 

8. Диснейланд парк

Парисаас гучаад километрийн зайд орших Диснейланд парк руу боломж гарвал заавал явж үзээрэй. Нэгэнт Парис ирсэн юм чинь холгүй орших энэ парк үзэхэд сайхан боловч дор хаяж бүтэн өдрийг зарцуулахад хүргэнэ. Өдөржин хүүхэд насандаа эргэн очсон мэт шавиагаа ханатал тоглоно. Эсвэл хүүхэд, дүү нараа дагуулж явж тоглуулвал мартагдашгүй дурсамж үлдээх болно. 

9. Бют-Шомон цэцэрлэг

Парис хотод ийм гоё ногоон цэцэрлэгт хүрээлэн байдаг гэдэгт итгэмээргүй. Түм түчигнэсэн, жуулчид оволзсон хот газар ийм гоё амгалан газар байдаг нь үнэхээр олзуурхууштай. Хөдөө салхинд гараад ирсэн мэт амралт болдог шүү, заавал очиж үзээрэй. Энэ цэцэрлэгийн нэртэй зурагт хуудас "Найзууд" олон ангит кинон дээр Моникагийн гэрт байнга өлгөөтэй байдаг, санаж байна уу?

10. Гревайн музей

Лааны тосон музейд жүжигчин, дуучин, зураач, тамирчин гээд олон алдартай хүмүүний баримлыг сонирхож болох бөгөөд хамт зураг авахуулан, өдрийг хөгжилтэй өнгөрөөх хөтөлбөр болно. Ялангуяа найзууд орвол марзагнаж өгнө дөө ;)

Ингээд миний жагсаалт дууслаа. Версалийн ордон, Дарь эхийн сүм зэрэг жуулчны хөтөлбөрт зайлшгүй байдаг газруудыг хамруулсангүй. Парис үзэх зүйл ихтэй болохоор өөрийнхөө дуртай 10 зүйлийг л онцоллоо. Хэрэв санал болгох өөр зүйл байвал хуваалцаарай. Парис үзэхийг мөрөөддөг бол удахгүй нэгэн сайхан өдөр очсон байна гэж бодож, бэлтгэлээ хийж эхлээрэй. Франц хэлээр ядаж л " сайн байна уу"-тай болчих, Парисийн тухай уншиж, судалбал мөрөөдлийг нь улам л өнгөлж өгнө. Би Парис явж үзнэ гээд, мөнгө цуглуулдаг хайрцаг дээр Эйфелийн цамхагтай наадаг зураг наачихсан, Парис хот гардаг кино бүрийг үзээд л, Паристай холбоотой номнуудыг шимтэн уншдаг байсансан. Мөрөөдөл биелдэг гэдэгт итгэлтэй байгаарай, нэг л өдөр Парист ирчихсэн "Bonjour" гээд зогсож байх вий. Тэр хүртэл Одри Хепбөрний тоглосон "Funny Face", "Paris when it sizzles" , Woody Allen's "Midnight in Paris", олон найруулагчдын бүтээсэн "Paris jet'aime" кинонуудыг үзээрэй. Эдгээр номнууд Парис явах гэж байгаа хүнд мөн сонирхолтой болов уу.

Ингээд бичвэрээ өндөрлөе, дараа нь ахин Парис явах завшаан тохиовол би юу хийнэ гээч? Урлагийн музей, үзэсгэлэнгүүдий нь нэгд нэгэнгүй үзнээ. Парист 2 долоо хоногийн франц хэлний эрчимжүүлсэн курст суувал ямар сайхан болоо? гээд л санаж явахад бүтнэ дээ, тийм ээ? Мөн ээждээ Парисийг үзүүлнэ гэж зорьсон байгаа.Энэ дашрамд Парист байдаг, үргэлж найрсаг хүлээж авч, тусалдаг Monsieur Amicalement найздаа талархаж явдагаа илэрхийлье. Жинхэнэ боловсон, соёлтой Парис залуу шүү.

À la prochaine fois, Paris! 

Kommentar schreiben

Kommentare: 5
  • #1

    urnaa (Mittwoch, 27 April 2016 18:33)

    Сайхан танилцуулга бна. Энэ зун очно доо. Би Да Винчийн кодын явахаасаа өмнө дахиж нэг уншиж бгаад номонд гардаг газруудыг очиж үзнэ гэж боддийн. Усан онгоцны билетийг урьдчилж захиалж болдог юм болов уу? Би Эйфелийн цамхагаас салютын буудлага болдог баяраар очих гэж бгаа юм. Тэрийг үзэх гэж над шиг нөхдүүд олон очих бх даа гээл урьдчилаад бэлдээд бгаа

  • #2

    Chansy (Mittwoch, 27 April 2016 23:37)

    Нээрээ Да Винчи Код ном, кино хоёр нь гоё санаа байна шүү. Баярлалаа. Усан онгоцны билетийг лав л Германаас урьдчилаад цахим хуудсаар захиалж болдог юм байна лээ. Парис усан онгоцоор явах гээд хайхаар олон цахим хуудас ийм үйлчилгээ хийдэг байгаа. Гар утсан дээрээ билетээ авчихдаг юм байна лээ. Have fun in Paris!

  • #3

    tuya (Donnerstag, 23 März 2017 05:09)

    Udahgui yavna geed tulovlood bgaa. Siena murnii usan ongotsnii aylliig viator.com deerees zahialj avah bolomjtoi yum bn le. une ni ch bolomjiin yum bn le. Bas Louvre, Eiffeliin tsamhag ru daraalalgui oroh bas bus zundoo aylliig zahialah bolomjtoi.
    https://www.viator.com/Paris/d479-ttd

  • #4

    Nandia (Montag, 28 Mai 2018 14:59)

    Sain baina uu ? Oortei chin' sanal neg bna. Yag gol gol uzeh zuiluud mun.
    Sanaandgui ene site-ruu orson chin' 2001 biluu 2002 ond New trend deer frants helnii kurst yavj baisan ohin baih shig bna. Daraa Parist irvel manaihaar orood garahig bodooroi !
    Paris, 20180528

  • #5

    Аняа (Donnerstag, 17 Januar 2019 17:00)

    Би явах гээл төлөвлөж бга юмлда явж үзэж байсан хүмүүс нь хэдэн төгрөгөөр аялаж байсан бэ баримжаа өгч болох уу анх удаа л гадаад явах гэж байгаа болохоор баримжаа хэрэгтэй болоол бас юу юу бэлдэх хэрэгтэй талаар зөвөлгөө өгөөч�