Нэг ийм шилэн бүрхүүл авчихсан байхад дотор нь элдэв юм хийгээд, улирлын чанартай чимэглэл солбиж хийж байхад хичнээн амар гээч. Анх дуртай лаа, жижиг урлагийн бүтээл зэрэг тоосонд даруулахыг хүсээгүй зүйлсээ бүрхэж тавьж байснаа нэмж хассаар улирал бүр жижиг чимэглэл хийж тавих дуртай болсон. Шилэн бүрхүүл том жижгээрээ олон янз байдаг болохоор зэргэцүүлээд хэд хэдийг бас тавьбал зүгээр юм уу ч гэж бодогдоод байгаа сүүлийн үед. Гэр ахуйн чимэглэлийн Depot дэлгүүрээс би энэ бүрхүүлийг суурийн хамт авсан. Заавал суурь авалгүйгээр таваг, модон эсвэл шаазан хавтан зэргээр орлуулж болно.
Энэ ногоон тоосго шиг зүйл бол цэцэг хатгаж суулган тогтоодог хөөс, маш хөнгөн. Ямар нэг чимэглэлийн зориулалттай хөнгөн зүйлийг босоогоор тогтоох хэрэг гарвал хамгийн их хэрэг болдог юм. Дээгүүр нь бүрж далдлах хиймэл эсвэл жинхэнэ өвс ч байж болно.Шилэн бүрхүүл доор ямар ертөнц үүсгэмээр байна, хиймэл цэцэг, шүр сувд, элс юу ч байж болно, дураараа чимэглээрэй. Миний хувьд бор өнгийн төгөлдөр хуур дээр тохиромжтой, элдэв гялтгануур саагүй, цэмбэгэр чимэглэл хэрэг болсон юм. Цаг завтай бол цаасан дээр эрвээхэйгээ өөрөө зурж хайчлаад жижиг хавчаар дээр тогтоож болно, би залхуураад, бас энгийн өнгөнд нь татагдаад бэлэн эрвээхэй авчихсан.
Ногоон хөөсийг хутгаар маш хялбархан зүсэж болно, сууриндаа тааруулж хэр урт зүйл хатгана, төдий чинээ зузаантай бэлтгээд, мөчир зэргийг хатган тогтооно. Ногоон өвсөөрөө далдлаад, эрвээхэйгээ мөчир дээрээ хавчаад л шилэн бүрхүүлээ хаачихна. Том шилэн бүрхүүл доор бол урт иштэй цэцэг тогтоогоод эрвээхэй, жижиг шувуу зэргээр чимэглэвэл бас гоё болно. Намар мөчир, навч, өвөл хиймэл цас, гацуур модны мөчир зэргээр солбин дуртай уур амьсгалаа үүсгэж болно. Эсвэл гоё чамин гарын бугуйвчуудаа давхарлаад бүрхчихвэл тоос болохгүй, бас хөөрхөн чимэглэл болчихно доо.
Маш хялбархан мөртлөө цэвэрхэн чимэглэл байгаа биз? Та нар туршиж үзээрэй. Ямар болсны нь инстаграм дээр @chansy_dash #chansysdeskdeko аргамж хийж хуваалцаарай.
Kommentar schreiben