Ханан дээрх галерей

Хоосон хананд би нэг л дургүй. Цэлийгээд, хүйтэн санагдаад байдаг болохоор заавал нэг юм нааж байж санаа амардаг юм. Турк сургуульд дотуур байранд байхдаа  Камертон, Backstreet boys-ийн зурагт хуудас, зурагтай дэвтрийн булан, аятайхан юу л байна хайчлаад наачихдаг, хожим Германд оюутны байранд байхдаа байрны дүрэм ёсоор ханан дээр хадаасны нүх гаргахыг зөвшөөрдөггүй байсан тул гоё санагдсан зурагнуудаа скочдчихдог байсан. Харин одоо гэрийнхээ, өрөөнийхөө ханыг дураараа дүүргэнэ. Анх эрээн мяраан, гялгар жаазнууд өлгөдөг байсан, одоо Европ, ялангуяа Германд үргэлж илүүд үздэг энгийн, цэвэрхэн жаазнууд сонгодог болсон. Ялангуяа дотроо пассепарту буюу цагаан хүрээтэй жаазанд дуртай, цаанаа л нэг үнэтэй, гоёмсог харагдуулдаг юм. Олон жааз өлгөх болохоор хямд боловч цэвэрхэн, чанартай харагдах ИКЕА-гийн жаазнуудаас авдаг. Ингээд өөртөө урам өгөх, аль нэг эрхэм зүйлийг санагдуулах, сэтгэл сэргээж өгөх тийм зургуудаа угаалгаж хийгээд л өлгөчихнө.

Жаазтай зурагнуудын дэргэд зотон даавуун дээр зурсан зураг бас өлгөдөг байснаа больсон. Нэг хананд нэг л төрлийн зүйлээр дагнасан нь дээр санагдсан. 

Монгол бичгээр Ном хэмээсэн энэ уран бичлэгт би маш их дуртай, Их дэлгүүрийн дээд давхар дахь бэлэг дурсгалын дэлгүүрээс авч байсан. Иймэрхүү уран бичлэгүүд Германд их содон, бэлгэнд өгвөл маш их баярладаг юм байна лээ. Ер нь Германчууд ази хэв маягт их дуртай, Хятад ханз бүхий зүйлсийг чимэглэлд их ашигладаг, бүр улиг болсон. Монгол бичиг маань хажууд нь их өвөрмөц, хүн бүр асууна, шинэ юм мэдэж авна, зочид ирэхэд зайлшгүй энэ талаар яриа өднө. Монгол бичгээр эхэлсэн яриа Монголын тухай болж өргөжинө. Та нар Герман ирэх бол ийм бэлэгтэй ирээрэй. Эсвэл өөрөө уран бичлэг бичдэг болчихвол гараар урласан, бүтээсэн зүйлийг энд их үнэлдэг. Би цагаан сараар ирсэн Герман зочдынхоо нэрийг монгол бичгээр бичиж бэлэглэж байсан, дараа нь гэрт нь очиход ханан дээрээ тогтоочихсон байдаг, гоё санагддаг шүү. Нэг нь бүр буруу харуулаад өлгөчихсөн байсан, хөөрхий мэдэхгүй юм чинь. Нэг ч гэсэн хүн Монгол босоо бичгийн тухай мэдэж аваг гэж боддог юм. Номны хэнээтэн болохоор яг энэ үг миний хувьд их үнэ цэнэтэй. 

Харин энэ хажууд байгаа нь Карл Лагерфельдийн зурсан зураг. Ром хотын Треви усан оргилуурыг зурсан байгаа нь. Намайг инстаграмаар мэддэгүүд нь Карл Лагерфельдийн үнэнч фен гэдгийг андахгүй. Түүний тухай хоёр ч удаа нийтлэл бичиж Гоодаль сэтгүүл дээр хэвлүүлж байсан. Удахгүй блогтоо тэр нийтлэлүүдээ олон зургийн хамт оруулнаа. Карлын зурдаг хэв маяг их таалагддаг, Треви усан оргилууртай холбоотой маш сайхан дурсамж байдаг болохоор энэ бүгдээ холбон энэхүү зургийг өлгөсөн. Харах бүрд сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

Энэ сайхан үгстэй, нэрийг минь монгол бичгээр бичсэн жаазтай уран бичлэгийг миний хамгийн их хүндэлж, хайрлаж явдаг, хамгийн сайн эрэгтэй найз нар маань бэлэглэсэн. Харах бүр оюутан насны минь үнэт дурсамж, жинхэнэ сайн найзуудын сэтгэл үнэртэж, намайг хэн байсан, ямар байсанг санагдуулна. Бид өнөөдөр хэн ч болсон байж болно, хүн цаг хугацааны эрхээр, үзсэн амьдрал, амссан туршлагын хэрээр өөрчлөгдөж байдаг. Гагцхүү хэн байсанаа мартаж үл болох мэт. Зовлон үзсэн аваас үл мартан хатуужил олох, жаргал үзсэн бол үргэлж талархан, дурсаж явбал зохилтой мэт надад санагддаг юм. 

Одри Хепбөрний энэ дүрд би их дуртай. Яг энэ хэсэг дээр нь уйлаад л сэтгэл хамтдаа өвддөг байж билээ. Энэ тухай дэлгэрэнгүй блогынхоо "Кино" буланд удахгүй бичих болохоор энд бичихээ больё.

Энэ жижиг жаазан дахь зургийг би интернетээр олж авсан. Дэлгээтэй ном, үсэгнүүд дээр нь хөврөөд л. Бичих дуртай болохоор заримдаа нийтлэл ч юм уу судалгааны ажлаа бичиж байхдаа анхаарал сарниад л нэг тогтворгүй болоод ирэхээр энэ зураг руу харангуут бичих зүйлс маань тархинд үргэлжлээд ороод ирэх шиг болдог юм. "Хийж байгаа ажил руугаа буцаж ор оо нөхөр минь" гэж намайг зөөлөн түлхдэг зураг.

Харин энэ Vogue сэтгүүлийн 1950 оны дөрөвдүгээр сарын нүүр. Миний хамгийн дуртай, нүд, сэтгэл, оюуныг баясгагч сэтгүүл. Энэ сэтгүүлтэй холбоотой л юм хийх юмсан гэж мөрөөддөг.  "Энэ Chansy Vogue дээр очоод ажлын ярилцлаганд орвол яг ингэнэ дээ.

-Та чинь хуулийн салбарын хүн байна шүү дээ, манай компанийн хуулийн хэлтэст хүн хэрэгтэй байгаа.

-Үгүй ээ, би загварын хэсэгт нь л ажилламаар байна.

-Гэхдээ та хууль...

-Хамаагүй ээ, би загвар, зурагтай л холбоотой юм хийе. 

-Загварын хэлтэст та дадлага хийж л эхэлнэ дээ, гэтэл та эрх зүйн магистр хүн байна.

-Хамаагүй ээ, би дадлага хийе

гэсэн иймэрхүү ярилцлага болно доо" гэж хадам аав минь намайг цаашлуулдаг юм. Тэгэж мэдэх л нөхөр шүү би. 

 

Одри Хепбөрний ягаан даашинзтай энэ зураг надад эмэгтэй хүний гоо сайхан, хээнцэр байдлын илэрхийлэл болдог. Бөгтийгөөд л ширээндээ ажилдаа улайрчихсан сууж байгаад л нэг хажуу тийшээ харахад энэ зураг нүдэнд өртөнө. Өөрийн эрхгүй нуруугаа тэгшилнэ. Ажлаа дуусгаад, гоё даашинзаа өмсөөд сайхан байгальд зугаалаад явж байх болно гэдгийг сануулна. Урамтай нь аргагүй ажлаа үргэлжлүүлээд л хийнэ. Сайхан зүйл харж, сэтгэлээ сэргээх нь маш их эрч хүч өгдөг. Ер нь бол ажил, амралтаа зөв зохицуулж, үргэлж ажиллаад толгой өндийхгүй, нүдээ улайтал уншаад, бичээд байлгүй, хийх зүйлээ ч хийж, амрах үедээ ч зугаацаж байх нь зөв шүү дээ. 

Харин энэ сурагч ягаан өнгөтэй зогсоолд байгаа завьнуудыг дүрсэлсэн уран зургийг би Хорватад амарч байхдаа тэндхийн "Урлаачдын гудамж"-аар явж байхдаа урланд нь орж, нутгийн нэгэн зураачаас өөрөөс нь худалдаж авсан юм. Орон нутгийн, жижиг урлалыг дэмжиж байгаа хэрэг. Харах бүрд Адриатын эрэг дэх жижигхээн завьны зогсоол санагдуулдаг. Нэг тийм үг байдаг даа: Усан онгоц зогсоолдоо хэдий элдэв аюулгүй тайван орших ч тийм зорилготойгоор баригдаагүй гэж. Суурин байж зэврэлгүй, боломжийнхоо хэрээр аялж, юм үзэж хаяагаа тэлж байхыг надад санагдуулдаг зураг.  

Миний өрөөний хана нэг иймэрхүү. Ширээн дээр яг нэг зэрэг хэрэглэгдэх номнууд овоороод байдаг болохоор хажуудаа дахиад нэг жижиг ширээ тавьчихсан. Миний ганган ширээний хажууд Икеа-гийн энэ жижиг ширээ гологдоод байдаг юм, гэхдээ заримдаа хэрэглэгдхүүн чухал үе байнаа. Ид хэрэглэж буй номнуудаа газар тавилтай нь биш, эсвэл удаа бүр номын тавиур луугаа гүйлтэй нь биш, ингээд дэргэд байх нь зайлшгүй шаардлагатай байдаг юм. 

Юутай ч ханандаа өөртөө урам өгөх, үргэлж нэг зүйл сануулах, сэргээх зурагнууд өлгөж байх нь надад лав тустай байдаг юм. Та нар бас ханаа чимэглэдэг үү? Үгүй бол туршаад үзээрэй. Олон төрлийн жаазаар чимэглэх, эсвэл нэг төрлөөр дагнах, жаазгүй зураг наах эсвэл бүр хоосон жааз өлгөх гээд олон янзаар ханандаа галерей хийгээрэй. Инстаграм дээр #wallgallery, #wandgalerie гээд хайвал маш их санаа олдоно. Гэхдээ шууд хуулбарлалгүй заавал өөрийн гэсэн өнгө аяс оруулж хувь хүний шинжээр тодотгоорой. Мөн @chansy_dash #chansysdeskdeko аргамж хийж өөрийн ханан дахь галерейн зургаа хуваалцаарай.

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    Chimgee (Donnerstag, 02 Juni 2016 11:23)

    Saihan sanaa bna shu :-) Danke

  • #2

    Болор (Donnerstag, 24 November 2016 06:40)

    Ёооо ямар мундаг юм бэ. Их бүтээлч юмаа.. Ийм гоё өрөөнд суугаад юм хийвэл мэдээж гоё санагдана бөөн бөөн урам аваал ....

  • #3

    Haliun (Montag, 08 Mai 2017 19:45)

    Bayarlalaa