Шанель хэмээх домогт уусахуй

Хүсэл сонирхол минь энэ удаа намайг Хамбург хотын зүг хөтөллөө. Хүн ам нь бараг хоёр саяд хүрч буй, Германы хоёр дахь том хот Хамбург нь асар том боомт, усан онгоц зөрөлдөн өнгөрөх өргөн мөрөн, мюзикл театр, эртний барилга гэх мэт үзэж харах зүйл ихтэй, очих дуртай хотуудын маань нэг боловч миний зорьсон газар энэ удаад зөвхөн “Урлаг, урлалын музей” байлаа. Эргэн тойрон дахь зар сурталчилгааны шон, музейн нүүр хана, үүд хаалга бүгдийг Коко Шанелийн олонд хэдийнэ танил болсон хөргөөр гоёсон нь чухамхүү энд  Домогт Шанель үзэсгэлэн дэлгэгдэж буйг илтгэнэ.  

Тус музейн өөрийн өмчин дээр олон улсын музейн болон хувь хүмүүсийн өмчөөс нэмж цуглуулан, сор болсон 150 гаруй обьектийг багтаасан энэхүү үзэсгэлэн нь Коко Шанель хувь хүнийхээ хувьд ч, өөрийн бүтээл, үлдээсэн өв-брэндийнхээ хувьд  ч хэрхэн олны анхаарлыг татан домог болсон тухай сануулахыг хичээжээ. 

Харамсалтай нь үзэсгэлэн дотор зураг авах хориотой байсан тул хэвлэлийнхэнд зориулан авсан үзэсгэлэнгийн зургуудийг албан ёсны нийтлэх зөвшөөрөлтэйгээр авсан бөгөөд ийм зургуудын доор зохих тэмдгийг тавьсан байгаа.

Үзэсгэлэн Шанель хэмээх домгийг гурван бүлэгтэйгээр өгүүлнэ. Тэргүүн бүлэгт загвар зохион бүтээгч маань хэн болох талаар, түүний анхны болон хожмын үеийн уран бүтээлүүдийг танилцуулсан бол дэд бүлэгт Шанель гэдэг нэртэй нягт холбоотой загварын ертөнцийн хоёр чухал ухагдахуун болох жижиг хар даашинз ба эмэгтэй хослолын түүхийг өгүүлэх ба төгсгөлийн бүлэгт Карл Лагерфельд Шанелийн өвийг хэрхэн хадгалж, үргэлжлүүлж байгааг харуулжээ. 

Тэргүүн бүлэг буюу  Габриель “Коко” Шанелийн гараа ба өрнөл

зураг ©MKG Hamburg

Габриель Шанель (1883-1971) гарал үүсэл, хүүхэд нас, өсвөр үеэ өөр өөрөөр зохиож ярьдаг байсан гэдэг. Ядмагхан гэр бүлд төрж, тарчигхан амьдарч, эцэг нь хаяж, эх нь өөд болсны дараа асрамжийн сүмд чанга дэглэмтэй гэлэнмаа нарын гараар хүмүүжсэн тэрбээр өөрийн жинхэнэ түүхийг нууцлан, олон хувилбараар ярьдаг байсан нь ичсэндээ ч юм уу худал хэлэх дуртайдаа бус, харин тухайн үеийн нийгэмд оршин байсан ялгаа, түүнийг хэн ч биш болгодог тэрхүү тогтолцоог эсэргүүцсэндээ л тэр болов уу. Өнөөдөр ихэнх алдартнууд ямар хэцүү амьдралаас өдий зэрэгт хүрснээ харин ч тодотгон, олныг урамшуулан уриалж, ядуу гэр бүлийн гарал нь бусдыг татах, бусдад таалагдах давуу тал болж байхад тухайн үед язгууртан гэр бүлд төрөөгүй, сайрхах юмгүй удам судартай нь сул тал л болдог байв. Тэр тусмаа эмэгтэй хүнд бүр ч амаргүй байсан биз ээ. Шанелийн намтар номуудыг ажиглаж байхад ихэнх нь түүнийг өөд болсноос хойш хэвлэгдсэн, найз нөхдийх нь яриа, хувийн сэтгэгдэл дээр тулгуурласан байдаг. Харин францын Elle, Vogue сэтгүүлүүдэд ерөнхий редактороор ажиллаж байсан Эдмонд Шарль-Рун бичсэн ном бусдын яриан дээр тулгуурлаагүй Шанелийн тухай анхны намтар юм.

Асрамжийн сүмд нас бие гүйцээд, ажилчин ангийн эгнээнд орсон Габриель анх сүмд байхдаа сурсан оёдолоор өл залгуулж байжээ. Цэргүүд ордог клубт дуу дуулж байх үедээ “Коког хараагүй биз? ” хэмээх дуунаас үүдэн Коко нэрээ олсон гэдэг. Коко гэх энхрийлсэн нэр зугаа цэнгээний газар л сонсогдохоос бус, язгууртан эмэгтэйн нэр хэрхэвч биш байжээ. Хэдийгээр өөрт нь нийгэмд эзлэх байр суурь, нэр төр, удам угсаа төрөлхөөс заяагаагүй ч Шанель их бардам, хэнээс ч хараат бус байх ирмүүн хүсэлтэй нэгэн байсан гэдэг. Ингээд тухайн үед хэвшмэл байсан арга замаар буюу баян амраг Этиенне Бальзоны нөмөр нөөлгөөр дээдсийн хүрээнд багтаж, эрх чөлөөт амьдралаа бүтээх замд орсон байна. Тэрбээр Этиенне Бальзоны эдлэнд амьдарч байхдаа дэлгүүрээс бэлэн худалдаж авсан малгайг чимж, өөрчлөн загварчилж, Бальзоны танил, найз бүсгүйчүүдэд худалддаг байв. Ийнхүү 25 насандаа ажил мэргэжлийн гараагаа загварын өлгий нутаг Парис хотноо Бальзоны хувийн орон сууцны доод давхарт малгай урлагчаар эхэлжээ.

1913 оны 5 дугаар сарын Les Modes сэтгүүлд гарсан Шанелийн хийсэн малгай          Шанелийн урласан малгай 1935 он

1910 онд дараагийн амраг, Этиенне Бальзоны найз, өөрийн дурлалт залуу Бой гэгдэгч Артур Капелийн санхүүгийн дэмжлэгтэйгээр анхны малгайн дэлгүүрээ нээсэн ба бизнесээ өргөтгөн 1913 онд Довилльд бэлэн хувцасны салбар нээв. Учир нь, дэлхийн I дайн дэгдэхэд Довилль Парист хамгийн ойр тэнгисийн эрэг нутаг болохын хувьд хүн ам нь нэмэгдэж, Шанелийн биед эвтэйхэн, спортлог загвар эрэлт ихтэй болсон аж. 1915 онд мөн л Бой Капелийн дэмжлэгтэйгээр тэнгисийн эрэг Биарриц хотноо кутюр ордноо босгосон ба Биарриц нь Испанийн хилтэй ойр байсан тул дайнд төвийг сахьсан Испаниас их хэмжээний захиалга ирдэг байв. Ингэж Шанелийн бизнес дэвжин цэцэглэжээ. Дайн дуусах үед Шанель Бой Капелаас зээлсэн мөнгөө эргүүлэн төлж, санхүүгийн хувьд бүрэн бие даасан байна. 1919 он түүний хувьд амжилтаар дүүрэн жил байж, өнөөгийн Шанель загварын ордны хаяг болох Rue Cambon 31-ийн таван давхар барилгыг худалдан авсан боловч тэр л жил түүний агуу хайр Бой Капель машины ослоор амь үрэгдсэн нь Шанелийн хувийн амьдралд томоохон цохилт өгсөн бөгөөд уйтгар гунигт автсан Шанель зөвхөн хар өнгийн хувцас өмсөж, уйгагүй ажиллаж эхэлсэн гэдэг.

Үзэсгэлэн эхний хэсэгтээ Шанелийн урласан 38 хувцас загварыг эх хувилбараар танилцуулсан бөгөөд сурвалжлага, баримтат киног ч мөн багтаасан байв.

зураг ©MKG Hamburg

зураг ©MKG Hamburg

1925\1926 оны намар өвлийн коллекцдоо  Шанелийн урласан энэ хар даашинзны зураг америк, францын Vogue сэтгүүлүүдийн 1925 оны 10 дугаар сарын дугаар дээр гарсан бөгөөд энэхүү даашинз нь өөрөө залуу нас мэт хөвсөлзөн, түүнийг өмсөгчийн биен дээгүүр хөвөн дэврэх хуниастайг тодотгон Шанелийн загварын нарийн хийц, биед эвтэй, чөлөөт чанарыг магтан дуулсан байна.

зураг ©MKG Hamburg

Энэ даашинзыг Шанель 1939 онд буюу загварын эртний түүхэн хэлбэр, өнгө аязыг сонирхож байх үедээ урлажээ. Элдэв шошго үгүй уг даашинзыг Мариа Кристина Дреесман хуульч Т.Дреессмантай 1940 оны зургадугаар сарын 15-нд гэрлээд, хуримынхаа аяллын үеэр Парис хот дахь Шанель загварын ордноос худалдаж авсан ба түүний охин 1955 онд Гааг хотын  Gemeentemuseum-д үлдээхдээ гарал үүслийнх нь түүхийг ярьж өгсөн гэдэг.

зураг ©MKG Hamburg

1927\1928 оны Шанелийн урласан үдшийн даашинз. Шанелийн 1920-иод оны загваруудын эсгүүр маш энгийн, элдэв оёос, хуниасгүй боловч түүнийг өмсөгчийн биеийг даган хэлбэрээ олдог өвөрмөц шинжтэй.

Коко Шанель өөрийн нэрийн үнэртэй ус гаргасан хамгийн анхны эмэгтэй загвар зохион бүтээгч юм. Үүнээс өмнө Пол Пуаре болон Маурис Бабани нар л нэрийн үнэртнээ гаргаж байжээ. 1920 онд сүрчиг зохиогч, алдарт Эрнест Бод цэцэг жимс, савангийн бус жинхэнэ бүсгүй хүний үнэртэй сүрчиг зохиох даалгавар өгсний дагуу буй болсон энэхүү алдарт сүрчгийн нэрийг та хэлүүлэлтгүй мэднэ.

“Үл харагдах, үл мартагдах гоёл бол сүрчиг юм” гэж хэлэх дуртай Шанель Канн хотод сүрчгээ цацаж бэлдсэн тансаг ресторанд загварын мэдрэмжтэй найз нараа урьж, сүрчгийг ярианы гол сэдэв болгож, мөн өөрийн бүх салбар дэлгүүрт сүрчгээ цацаж, хамгийн үнэнч үйлчлүүлэгчдэдээ туршилтын жижиг савалгаатайг бэлэглэсэн нь амжилттай маркетинг болж, Шанель №5 хэсэг зуур хүн бүрийн аманд яригдах болжээ. Өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах зорилгоор Шанель №5-ыг их хэмжээгээр үйлдвэрлэх, борлуулах асуудал аяндаа үүсч Шанель ах дүү Вертхаймертай түншлэл үүсгэн Шанель Сүрчиг компани байгуулсан байна. Шанель №5 хожим Коког 65 настайд нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд оруулсан бөгөөд өнөөг хүртэл борлуулалтаараа тэргүүлдэг сүрчгүүдийн нэгэнд ордог. Дэлхийн II дайны үед Шанель загварын ордноо хаасан боловч Парис дахь салбар дэлгүүр нь нээлттэй байсан бөгөөд Шанель №5  нь маш амжилттай борлогдож байв. Энэ үед Шанель №5 Франц орны болон тансаг хэрэглээний  зүй ёсны билэгдэл болж, Германд эзлэгдсэн үед Германы цэргүүд, чөлөөлөгдсөний дараа Америк цэргүүд дэлгүүрийн гадаа дараалалд зогсон Парисаас авчрах бэлэг болгон авах нэн чухал бишрэлт зүйл болсон байлаа. 1952 онд Мэрилин Монро шөнө унтахдаа юу ч өмсөлгүй зөвхөн нэг дусал Шанель №5 л түрхдэг хэмээсэн нь энэ усны нэр хүндийг оргилд нь хүргэж байв.

 

Шанель №5 нь 80 гаруй бодисын бүрэлдхүүнтэй, түүний дотор мэлрэг болон сарнай цэцэг үндсэн түүхий эдий нь бүрэлдүүлдэг бөгөөд суурь охийг улам хүчтэй үнэртүүлж өгдөг альдегид орсон энэ ус нь анхны синтетик гаргаж авсан үнэртнүүдийн нэг аж. 

Үзэсгэлэнд тавигдсан Шанель №5 сүрчгийн эх сав (энэ зургийг харин гар утсаараа нууцаар авчихсан^^)

Сүрчгийн шилэн сав нь тухайн үед эмийн сангийн шилэн савыг сангдуулам байсан бөгөөд Шанель үүнийг хайрт Бой Капелийнхаа вискиний савнаас, эсвэл аялалын шилэн савнаас санаа авсан гээд олон янзын эх сурвалж байдаг. Геометрийн суурь хэлбэр бүхий энгийн нэгэн шилэн сав, элдэв чимэггүй, хэрэглээнд чиглэсэн нь уг үнэтэй, шингэн бодисыг хамгийн сайн чанартайгаар хадгалах гэсэн ганцхан зорилготой байв.

1924 оноос Шанель №5-ыг дэлхий даяар худалдах болсонтой холбогдуулан загвар хийцийг өөрчилж, холын замд илгээх зориулалттайгаар шилний чанарыг бэхжүүлсэн байна. Өнөөгийн шилэн савны хэлбэрийг Парис хотноо Шанель ордны байрлах Вандомын талбайн бүдүүвч хэлбэр хэмээсэн таамаг бий. Тавын тоог Шанелийн дуртай азын тоо ч гэдэг, Эрнест Бо хэд хэдэн үнэртэн зохиогоод,  дугаарласан шилэн савнуудад хийсэн туршилтын уснаас Шанель 5 дахийг нь сонгосон ч гэдэг. Аль ч эх сурвалж нь үнэн бай энэ сүрчиг өнөөг хүртэл домог болон үлдсэн билээ.

зураг ©MKG Hamburg

Парис эзлэгдэх үеэр Германчуудтай холбоо харилцаа сайтай байсан Коко Шанель дайны дараа наци офицертэй нэр холбогдсноор аюулд өртөх магадлалтай болж Швейцарь руу дайжиж, 1945-1953 он хүртэл тэндээ амьдарчээ. 1954 онд Парист эргэн ирснийхээ дараа анхны коллекцоо танилцуулсан нь Америкт тэнгэрт тултал магтагдаж, харин эх нутаг Францад нь зүхэгдэж байв. 2.55 цүнхээ 1955 оны хоёрдугаар сард анх танилцуулснаас хойш тус загвар алдартнуудын салшгүй нэгэн гоёл болж, өнөө ч нэр хүнд нь өчүүхэн төдий ч буураагүй сонгодог хэвээр. Гинжин бариулдаа нимгэн арьсан тууз оруулсан нь гинжний төмрүүд харшилдан дуугарч, хуучин эд зүйлийн зах дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байх зорилготой аж.

Түүний Парист эргэн ирсний дараах үеийн загваруудын ихэнх нь Марлен Дитрихийн өмсөж эдэлж байсан зүйлс бөгөөд Шанель 1971 онд насан өөд болтлоо загварын ордноо удирдаж байхдаа зохион бүтээсэн загваруудаас тус үзэсгэлэнд танилцуулсан байв.

зураг ©MKG Hamburg

1967 онд Шанелийн урласан хослол. 1967 оны аравдугаар сарын 9-нд Марлен Дитрих анх удаа Broadway-д дуучнаар тайзнаа гарсан бөгөөд сар гаруй хугацаанд 48 тоглолт хийжээ. Нээлтийн ажиллагаан дээр Марлен Дитрих Шанелийн энэхүү хослолыг өмссөн байна. Тухайн үед New York Times сонинд түүний зурагчин болон гарын үсэг цуглуулагч фэнүүдээс хэрхэн зугтааж, нуугдаж байсан тухай нийтлэгдэж байжээ. Машины хаалгаар бус дээврээр гарч, ширээн доогуур нуугдах зэрэгт нь Шанелийн биед эвтэйхэн, чөлөөтэй хослол л тусалж байсан хэрэг.

             Шанелийн 1960 онд урласан өдрийн даашинз                   зураг ©MKG Hamburg                                     Шанель 1968\69 оны намар өвлийн коллекц 

                 зураг ©MKG Hamburg                                    

Шанелийн 1960-аад онд урласан хослол.Марлен Дитрихийн охин Мариа Ривагийн дурссанаар энэхүү хослолыг 1960-аад онд ээжийнх нь Европоор хийсэн аялан тоглолтонд зориулан хийжээ. 

Шанель үргэлжид амжилтаар дүүрэн ажил үйл нь бүтэмжтэй байсан уу гэвэл үгүй юм. 1929 оны дэлхийг хамарсан санхүүгийн хямрал Парисын кутюр салбарт хар сүүдэр тусгаж 1930 онд 2400 гаруй ажилчдын цалинг олгох хариуцлага үүрч байсан Шанель үйл ажиллагаагаа өргөтгөн, Холливуудад кино костюм хийсэн нь шүтэн биширдэг жүжигчнийхээ хувцсыг дуурайх гэсэн бүсгүйчүүдийн хөдөлгөөнийг Америкт өрнүүлж Шанель стиль тархахад сайнаар нөлөөлжээ. Анх нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө эр хүний нөмөр нөөлөгт багтан, бардам зандаа тохирохгүй болзолтойгоор гараагаа эхэлсэн Шанель урлагийнхныг ивээн тэтгэдэг болж, Пикассо, Дали, Игорь Стравински, Жон Както зэрэг тухайн цаг үеийнхээ сор болсон зохиолч, яруу найрагч, зураач нартай нөхөрлөн, нэгэн эгнээнд орж чадсан хөдөлмөрч, урсгал сөрсөн эмэгтэй байв.

“Би Шанель загварын ордонг босгосон. Энэ бол уран бүтээлч хүний хийсэн бүтээл, эсвэл ажил хэрэгч  хүний тооцоолсон наймаа бус, ердөө л хувийн эрх чөлөө, хараат бус байдлаа хайсан хүний үйл байсан юм” хэмээн тэрбээр нэгэнтээ дурдсан байдаг. 

Дэд бүлэг буюу Шанелийн загварын ертөнц дэх сонгодог хоёр шигтгээ

Өдгөө Шанель хэмээх нэртэй нягт холбоотой, энэ нэрийг загварын ертөнцөд хиймэл дагуул мэт тойрдог хоёр зүйл бол “жижиг хар даашинз” ба “эмэгтэй хослол” билээ.

Олон арван жилийн тэртээгээс шүтээн болсон сонгодог нэгэн өмсгөл бол эмэгтэй хүний хувцасны шүүгээнд ямагт байх ёстой гэгддэг хар даашинз юм. Түүний үүсэл гарлын талаар олон хувилбар байдаг ч олонд танигдсан анхны хувилбар нь Шанелийнх юм. Энэхүү анхны загварыг америкийн Vogue сэтгүүлд 1926 онд нийтэлж байв. 

1926 оны 1 дүгээр сарын 1. Америкийн Vogue сэтгүүл. 63 дугаар хуудас

 

Уг сэтгүүл  дээр “Хар өнгө нь загварын ертөнцөд өдрийн цагаар ч, шөнийн цагаар ч ноёрхож байна” гээд загварын ертөнцөд хар даашинзны анхны загвар хэмээгдэгч тэрхүү даашинзны зургийг хэвлэн Шанелийн Форд буюу удахгүй бүгд өмсөх даашинз хэмээн нэрийджээ. Ямар учраас Шанелийн нэр Фордтой холбогдсныг лавшруулвал:

Форд Т Купе нь орчин үед бөөнөөр нь үйлдвэрлэн угсардаг хар өнгөтэй лакдсан машин. Шанелийн даашинз, Фордын машин хоёулаа хар өнгөтэй, энгийн загвартай, элдэв чимэггүй, орчин үеийн, тав тухтай, цэмбэгэр гэсэн нийтлэг мөн чанаруудтай.  Хенри Форд  Т загвараараа тухайн үеийн тансаг хэрэглээ болох машин үйлдвэрлэлд ардчилал хийж, энгийн мөртлөө эрхэмсэг загвар бүтээсэн бол Шанелийн энэхүү 817 дахь загвар тухайн үеийн хэт ганган хээнцэр загварын ертөнцөд шинэчлэл хийж, хөдөлгөөний эрх чөлөөг тунхаглан, хожмын “жижиг хар даашинз” болон мөнхөрч өнөөг хүртэл хамгийн олон янзаар хамгийн их хуулбарлагдсан домогт загвар болсон билээ.

Хожим нь “парис маягийн” гэсэн тодотголтой болсон хар даашинзыг дэлхий даяар олны танил, алдартай эмэгтэйчүүд өмсөн алдаршуулснаас хамгийн тод томруун жишээ бол 1961 онд “Тиффанид барьсан өглөөний цай” кинон дээр Одри Хепбөрний өмсдөг Живоншигийн урласан хар даашинз билээ.

1926 оноос улбаатай энэхүү домог өнөөг хүртэл үргэлжилж, хар даашинзгүй загвар зохион бүтээгч ч бараг үгүй болсон. 1950-иад оноос Диор, Балонсиага, 1954 онд Шанель өөрөө загварын ордноо дахин нээхдээ шинэ цуглуулгандаа хар даашинзыг ёс мэт оруулж байв. Шанелийн өвийг хүндэтгэн 1983 оноос хойш Шанель загварын ордон коллекц бүрдээ хар даашинз багтаах болсон билээ.

Энгийн агаад  цаг үеэс хэзээ ч хоцрохгүй сонгодог хар даашинз өмссөн бүсгүй бүхэн өнөөг хүртэл яригдаж буй энэ л домгийн нэгээхэн хэсэг болдог.

                 зураг ©MKG Hamburg                                    

Хар даашинзаас гадна Шанелиар овоглодог хоёр дахь домогт бүтээл бол Шанель хослол. Энэхүү хослол нь биед эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй, биеийн хөдөлгөөнийг даган хэлбэрээ барьдаг, хэзээ ч моодноос гарахгүй шинж чанартай.

“Би 16 нас хүртлээ үеийнхээ охидын өмсдөг байсан богинохон хослолыг өмссөн. Тэр үеэс л миний хослолын үе эхэлсэн. Уг нь би хослолыг үзэн ядах учиртай ч өөр юм өмсөж чадахгүй шүү дээ” хэмээсэн Коко Шанелийн эшлэлээс түүний костюмд өгдөг ач холбогдол, түүний костюмд дуртайн шалтгаан харагдана.

Шанель хослолыг өмссөн бүсгүй ямар ч тохиолдолд хэтрүүлж, эсвэл дутуудуулж хувцасласан мэт харагддаггүй учир аливаа үйл ажиллагаанд өмсөх ёстой дүрэмт хувцас мэт болсон билээ.

                 зураг ©MKG Hamburg                                    

1959\1960 оны намар өвлийн коллекц, Шанелийн урласан хослол. Зарим хослолын хүрэмний ханцуйд дотуур нимгэн цамцтай нь ижил өнгөтэй манжет оёх ба энэ нь доторх цамцыг ханцуйтай мэт харагдуулна. Биед эвтэйг бодон нимгэн цамцыг ихэнхдээ ханцуйгүй хийдэг байжээ.

Шанель хослол сул өмсгөлтэй задгай энгэртэй захгүй богино хүрэм, өвдөг давсан урттай банзал, хослох нимгэн дотуур цамцнаас бүрдэнэ. Ихэнхдээ ханцуйгүй энэ нимгэн цамцыг хүрэм, банзал хоёрын дотортой ижил өнгийн торгомсог бөсөөр хийсэн байдаг. Хүрэм, банзал хоёрын эмжээрийг өөр өнгийн оосор, сүлжмэл ирмэг, олсон эмжээрээр даруулсан байдаг ба дотор талд нь метал гинж оёдог байжээ. Хослолыг өмссөн хүн ямар ч хөдөлгөөн хийсэн хувцас түүнийг дагана. Ингэхдээ гинжний хүндрүүлэгчийн тусламжтайгаар хэлбэрээ алдалгүй,  төгс өмсгөлийг бүрдүүлдэг байна. Хослолын дотор талыг дөрвөлжин хаваастай оёсноор хэлбэрээ алдахаас сэргийлж, биед эвтэй, чанарын хувьд ноосон хүрэм шиг болгодог аж.

                 зураг ©MKG Hamburg                                    

Хослолыг урлахдаа заавал захиалагчид тааруулан эсгүүр хийх ба явах, суух зэрэг хөдөлгөөний олон хувилбараас хэмжүүр авдаг байжээ. Ингэхдээ ханцуйнд онцлон анхаарч байсан нь эзэндээ таараагүй ханцуй тухайн хослолыг тэр чигээр нь таарамжгүй болгодогт оршино.

Шанелийн хослолын эд хэсэг бүр утга учиртай, тус бүртээ чиг үүрэгтэй.  Товчнууд нь зүгээр нэг чимэг болгон хадсан бус тэр товч орж товчлогдох яг таарсан нүхтэй, халааснууд нь зүгээр нэг гадна үзэмжинд зориулсан, халаас мэт харагдах оёдол бус юм хадгалах боломжтой жинхэнэ халаас байдаг аж.

Өнөөдөр Шанель хослолыг олон загвар зохион бүтээгч урлан олон хувилбараар өөр өөрийн өнгө аясыг шингээн коллекцдоо багтаадаг бөгөөд үзэсгэлэнгийн энэ хэсэгт үлгэр жишээ эх хувилбаруудаас гадна бусад загвар зохион бүтээгчдийн урласан бүтээлүүдийг ч танилцуулжээ. 

                 зураг ©MKG Hamburg                                    

                 зураг ©MKG Hamburg        

Төгсгөлийн оронд буюу Коко Шанелийн өв

Коко Шанелийг 1971 онд нас барснаас хойш хэд хэдэн загвар зохион бүтээгчид Шанелийн үлдээсэн өвийг залгамжлан авахыг оролдсон ч 1983 онд анх Карл Лагерфельд загварын ордны бүтээлч удирдлагыг гартаа авснаар хүндтэй нэгэн өв залгамжлагч төржээ. Лагерфельдийн амжилт нь уламжлалт энэ том загварын ордны язгуур өнгө аясыг эвдэлгүйгээр орчин үежүүлж шинэхэн салхиар солбиулж чадсанд оршино. Тэрбээр Шанелийн гэсэн нийтлэг шинж чанаруудыг хадгалан үлдэж, Шанелийн хувьд хамгийн чухал байсан биед эвтэйхэн, өмсгөл сайтай энгийн загварыг орчин үеийн бөс материалаар дахин төрүүлж, залуужуулсан байна.

Үзэсгэлэнгийн гурав дахь хэсэгт Коко Шанелийн дараах Шанель хэрхэн үргэлжилснийг Карл Лагерфельдийн бүтээлүүдээр харуулжээ. 

зураг ©MKG Hamburg

 1989\1990 оны намар өвлийн коллекц. Карл Лагерфельдийн загвар

зураг ©MKG Hamburg

1991 оны хавар зуны коллекц. Карл Лагерфельдийн загвар. Энэ хослолыг Шанель загварын ордоноос Гааг дахь Gemeentemuseum-ийн хувцас, костюмын тэнхимд хандивлажээ.

зураг ©MKG Hamburg

1990\1991 оны намар өвлийн коллекц. Карл Лагерфельд энд Шанелийн хоёр сонгодог бүтээгдхүүн болох жижиг хар даашинз, Шанель хүрмийг хослуулжээ.

зураг ©MKG Hamburg

2001 он. Карл Лагерфельд Шанелийн сонгодог 2.55 цүнхийг шинэ үед дахин төрүүлсэн нь.

Шанелийн загварууд он цагийн нугачаанд зүгээр л улиран өнгөрчилгүй стиль болон хадгалагдан үлдсэн юм. Тэрбээр XIX, XX зууны эхэн үеийн хэт хээнцэр, зөвхөн гадаад харагдах байдлыг чухалчилсан харгис загварын эсрэг, энгийн, цэмбэгэр, өмссөн хүний ая тухыг чухалчилсан загвар бүтээснээрээ загварын ертөнцөд нэгэн төрлийн ардчилал байгуулсан. Шанелийн хэлдгээр аливаа нээлт түүнийг гарсны дараа хуулбарлагдах гэж л хийгддэг ба хуулбарлана гэдэг бол хамгийн том сайшаал аж . Тэртэй тэргүй загвар, бүтээлийн хулгайг нийтэд нь хянан шийдвэрлэх арга үгүй тул Шанель хэвлэл мэдээллийнхэн, худалдан авагч байгууллага, төлөөлөгчдийг урьж, өөрийн коллекцийг үнэгүй үзүүлж, танлцуулж, хүсвэл дуурайн хийх загварыг ямар материалаар хийж болох зааврын хамт худалдаж, нэг ёсондоо өөрийн бүтээлийг хууль ёсоор хуулбарлах боломж олгодог байсан нь түүний хэв маяг өргөн хүрээгээр тархан олонд хүрч, нэрд гарах нөхцлийг бүрдүүлжээ. Дэлхийн эмэгтэйчүүд Шанель стилээр хувцаслаж л байвал энэ нь өөрийнх нь хэв маягийг хүлээн зөвшөөрч буйн баталгаа хэмээн тэрбээр дурдсан байдаг.

зураг ©MKG Hamburg

Ингээд Шанель хэмээх домогт ууссан өдөр минь аажуухан өндөрлөлөө.  Анх сүрчиг, цүнх төдийхнөөр л төсөөлөгддөг байсан энэ хатагтайн тухай унших тусам бахархал төрж, өнгөрсөн зууны эхэн үед эмэгтэй хүний эрх чөлөө, бие даасан хараат бус байдлын төлөө үг, үйл бүрээ зориулсан шазруун, зоригтой эмэгтэйн дүр тодорно. Хувийн амьдрал нь ээдрээтэй, эмгэнэлтэй ч түүний жинхэнэ түүх нууцлаг үлдэж, хийсэн бүтээсэн нь л домог болон мөнхөрчээ.

Ямар ч тансаг хэтрүүлэг, гоёл чимэггүй эхэлсэн энэ домог эдүгээ Шанель хэмээх үгийн утгыг цаашид цогцлоож, тансаг хэрэглээ, гоо сайхан, эрхэмсэг төрх, хараат бус байдал, өмнөө тавьсан зорилготой, соёлтой боловсон, дэгжин бүгдийн тодорхойлолт болсон төдийгүй хувь хүний материаллаг оршихуйг илтгэдэг нэр томьёо болсон билээ.

Аливаа урлагийн музейн нэг сайхан зүйл нь музейн дэргэдэх ном, бэлэг дурсгалын дэлгүүр билээ. Үзэсгэлэн үзчихээд гарахаасаа өмнө дэлгүүрт нь эргэлдэх хичнээн сайхан гээч. Энд Шанельтэй холбоотой Герман хэл дээрх бүхий л ном, кинонууд байсан. Ихэнх нь надад байдаг номнууд болохоор үзэсгэлэнгийн товьёогийг л цуглуулгандаа нэмж авсан. Шанелийн тухай ном, кинонуудаа танилцуулсан бичвэр блогтоо яваандаа оруулдаг юм билүү гэж бодож байгаа. Нэмж хэлэхэд, Хамбург очвол энэхүү "Урлаг, урлалын музей"-гээр заавал ороод гараарай. Шанелийн үзэсгэлэн зөвхөн тодорхой хугацаанд дэлгэгдээд дууссан ч  гар урлал, хийц загвартай холбоотой сайхан зүйлс танилцуулсан байнгын чанартай үзэсгэлэн нь бас сонирхолтой юм байна лээ. Мөн зураг авахыг зөвшөөрч байсан шүү.

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    Narangoo (Dienstag, 21 Juni 2016 01:51)

    Bayarlalaa, Chansy mine,

  • #2

    Nyamaa (Samstag, 29 Oktober 2016 06:57)

    WoW, uneheer gaihaltai saihan blaa! Chanel iin unench hereglegch caashid ch tiim baih bno. Heden jil husej muriuduj bj ganc cunh iin avch bhad manai mongolchuud duuren hulhi copy g n zagvar bureer n barihad uneheer uramgui baidagch original jinhene chanel iig umsuj zuuhed yamar ih taashaal avdagiig ter humuus daanch medrehgui ni haramsaltai :) thanks Chansy, love u Coco

  • #3

    Chansy (Samstag, 29 Oktober 2016 19:01)

    Тийм шүү, асар их хөдөлмөр, шинэ санаа, гар урлал. Олон хүний хөлсөөр бүтэж байгаа болохоор эх загвар нь үнэ цэнэтэй. Баярлалаа, сэтгэгдлээ хуваалцсанд.