Миний дуртай үнэртэн

Сүрчиг бол үнэхээр үл үзэгдэгч мөртлөө сэтгэлд мөрөө үлдээгч тийм гоёл.  Монголд оюутан байхдаа Хюго Боссийн "Бүсгүй" (Hugo Boss" Woman")түрхэж сүрчгийг анх жинхэнэ утгаар нь хэрэглэж байсан юм. Өдрийн хоолны мөнгөтэй мөнгөгүй явдаг оюутан хүнд үнэртэн тэр бүр аваад байх боломж байхгүй, тэр үед сонголт ч бага байсан. Гадуур Лонкомийн "Гайхамшиг"  (Lancôme "Miracle") л таардаг байсан нь брэндийн үнэртэн, бусад нь болсон болоогүй савлагаатай, эрээн мяраан, хурц нялуун, хаанахын мэдэгдэхгүй уснууд. Ягаан өнгөтэй "Гайхамшиг"-тай болчихоод их нандигнан, цацахдаа ч хямгаддаг байж билээ. Тэр үеэс хойш олон янзын үнэртэнтэй урт, богино хугацаанд "найзалсаар" гагцхүү тэр нэгэн онцгой үнэртнээ олсон доо. Сүрчиг цацангуут л сэтгэл сэргээд гоё болдог, тийм ээ? Ингээд та бүхэндээ өөрийн дуртай 10 сүрчгийг танилцуулж байна.

1. Миний хамгийн дуртай, онцгой нэгэн үнэртэн бол Шанелийн Коко Мадемуазель. Гоо сайхны дэлгүүрийн худалдагч залуу надад "Чамд тохирох ус санал болгоё"  хэмээн бугуй руу минь цацаж өгсөн тэр мөчөөс хойш салаагүй үнэртэн. Тэр үед аваагүй, оройжин бугуйнаас ханхлах үнэрт дурлаад маргааш нь очиж авч байсан анхны Коконоос хойш тасралтгүй 9 жил энэ сүрчгийг хэрэглэжээ. Үнэхээр тансаг энэ сүрчгийг түрхсэн байхдаа маш олон удаа магтаал хүртэж, "Та ямар ус түрхсэн бэ?" гэсэн асуулт үргэлж сонсож байсан. Ихэнх нь эмэгтэйчүүд ингэж асуудаг. Нэг удаа бүр араас нэгэн эмэгтэй амьсгаадан гүйж ирээд асуусан, "уучлаарай, сая зөрөхөд нь үнэрлээд..." гэчихсэн. Галт тэрэгний тийз авах гээд зогсож байхад худалдагч залуу нь "Та ямар ус түрхсэн бэ? Би найз охиндоо авч өгье" гэж байсан.Их сургуульд миний ажилладаг тэнхим хоёр давхарт байрладаг, ном чихчихсэн хүнд цүнхтэй явдаг болохоор ганцхан давхар ч гэсэн байнга цахилгаан шатаар явдаг юм. Өрөөндөө орж ирээд сууж байхад манай ажлынхан "Цахилгаан шат, хонгилоор дүүрэн чиний ус үнэртээд, чамайг ирснийг шууд хэлээд өгч байна " гэсээр ар араасаа орж ирдэгсэн. Үнэрээ хамгийн удаан барьдаг ус.Орой гэртээ орж ирэхэд үнэртсээр л байдаг.

Гэхдээ би усыг түрхэнэ гэж шүршиж өгдөг юм, найзууд маань намайг "уучихдаг" гэдэг. 50мл-ийн савлагаатай усыг сар л хэрэглэнэ. Тийм болохоор нэг мөсөн 100 мл савлагаатай нь амар байдаг юм. Арай дэндүү хурдан дуусдаг, би мэдсээр байгаа мөртлөө л энд тэндгүй шүршчихдэг.  Бичгийн хэвнээс нь илүү эмэгтэй хүнийг тодорхойлдог зүйл бол түүний сүрчиг гэж Кристиан Диор хэлсэн байдаг. Коко бол яг ийм миний тодотгогч. Жирэмсэн болоод, мөн төрсний дараа хэдэн сар сүрчиг хэрэглээгүй тагий нь онгойлгож халть үнэрлэчихээд л хааж байв. Ямар их санасан гээч!

Сарнай, мэлрэг цэцгийн зөөлөн үнэр бэрсүүт жүрж, амтат жүржийн сэрүү татам чанартай холилдож, дээр нь ваниль ханхлуулснаар нэг л тансаг, эрхэмсэг үнэр бүрэлдэнэ. Европт үүнийг "дорнын үнэр"  гэж тодорхойлдог.  

Миний инстаграм Кокогоор дүүрэн. Коко хэрэглэдгийг мэддэг болохоор найзууд маань бэлэг өгөхдөө Кокотой холбоотой зүйл бэлэглэх нь элбэг. Зун цагт Eau de toilette нь илүү тохиромжтой, хөнгөн, сэрүү татам.

Шилэн бортогы нь хүртэл хаяж чаддаггүй, нэг мэдсэн овоо хэд болсон байна лээ. Сүүлийн 9 жилд "уусан" Коко. Өөрийгөө өмөөрөх зүйл хэл гэвэл "ихэнхий нь бэлгэнд авч байсан" л  гэж хэлэх байна :) Шилэн бортогнуудыг цуглуулж байгаад ямар нэг чимэглэлийн чанартай зүйл хийдэг юм уу гээд л бодоод яваад байгаа. Нэг л өдөр ийм юм хийчихлээ гээд инстаграм дээр оруулах вий.

2. Коког гүйцэх ус өнөөг хүртэл олдоогүй гэхэд хилсдэхгүй. Байнга хэрэглэсээр байгаад сүүлдээ үнэрий нь мэдрэхээ больчихсон мэт санагдаад хааяа өөр ус хэрэглэмээр болдог юм. Өөр ус авчихаад хэд хоног түрхээд л Кокогоо санаж түүн рүүгээ буцдаг хүн би. Клоуигийн уснууд үнэрээ маш сайн барьдаг болохоор их таалагддаг. Нэг найздаа ус авах гэсэн юм зөвлөөч гэхэд нь Клоуигийн нэрт ус санал болгож байсан, маш их таалагдсан, байнгын хэрэглэгч болсон. Нилэнхүйдээ сарнай үнэртдэг тэр ус надад арай л хүнддээд байдаг байсан Клоуи "Хайрын түүх" гэх хөнгөн хувилбар өнгөрсөн жил шинээр гаргасан нь маш их таалагдсан. Энэ сүрчиг бол Кокогоос түр салан, дуустал нь хэрэглэсэн анхны үнэртэн. Бусад уснуудыг хэдхэн хоног хэрэглэчихээд л найзууддаа өгдөг юмуу ээждээ явуулчихдаг байсан бол энэ усыг дуустал хэрэглэсэн гэхээр Кокод өрсөлдөгч гарч ирсэн гэсэн үг. Сурталчилгаан дээр нь  Ванесса Парадигийн дуулсан дуу явдаг, маш гоё дуу. Би дууны үгийг гүүгэлдээд энэ франц дуугаар хэсэг амьсгалсан. Хэл сурахад дуу их тусалдаг юм шигээ, дуудлага сайжирдаг санагдсан.

3. Оюутан байхад Германаас дадлагын багш ирж байсан юм. Өвөрмөц шинэлэг хичээлүүдээрээ бидний сэтгэлд хоногшсон Берни маань нэг удаа тодорхой сэдвүүдээр сурталчилгаа хийх даалгавар өгөхөд би сэтгүүлээс зүрхний хагалгаа хийж буй эмч, рентгений зураг харж буй эмч, үнэртэй ус (тэр нь Шанель No5-ын бортого байж таарсан), үзэсгэлэнт бүсгүйн зурагнуудыг хайчлан "Chance" гэдэг зохиомол сүрчиг сурталчилж байсан. Түүний зүрхийг хулгайлсан бүсгүй л залууг эдгээж чадна, тэр бүсгүйг яаж олох вэ гэхээр сүрчгээр нь олно, түүнд амьдрах боломж хайрлах бүсгүйн сүрчиг гэсэн утга харуулсан коллаж хийж байсан юм. Харамсалтай нь тэр үед ухаалаг утас, зургийн аппарат аль аль нь надад байгаагүй, тэрнээс одоо бол зураг аваад инстаграмд хийчихсэн байхгүй юу ;) Тэр үед Chance гэж ус байдгийг мэдээгүй, хожим Герман ирээд Шанелийн Chance харчихаад "Би зөнгөөрөө ийм ус сурталчилж байжээ" гэж бодогдсон шүү. Сонин тохиолдол. Шар өнгөтэй нь нэг л хурц,  хамар цоргиод таалагддаггүй. Ногоон нь эсвэл ягаан, тэр тусмаа энэ хувилбар нь маш гоё. Хөнгөн, сэрүүн, залуу нас, эрч хүч ханхалсан ус. 

4. Парист Мисс Диор үзэсгэлэн үзчихээд Гоодаль сэтгүүлд хэвлэгдсэн хамгийн анхны нийтлэлээ шөнө бичиж байгаад өөрийн эрхгүй энэ усыг авмаар санагдаж билээ. Мисс Диор эх хувилбар нь их хүнд, надад хурцдаад байдаг. Мисс Диор Шери нь цацахаар амттай чихэр шиг үнэртээд хэтэрхий нялуун байдаг байсан бол энэ хувилбар нь яг л нэрэндээ тохирсон баглаа цэцэг шиг анхилуун үнэртэй. Харамсалтай нь үнэрээ муу барьдаг. Өглөө түрхсэн бол өдөр гэхэд ууршаад алга болдог. Биеийн тосы нь түрхээд дээрээс нь цацвал харин үнэр нь удаж байна лээ гэж найз охин маань дурдсан. Би хэд хоног түрхээд л ээждээ дамжуулсан. Энэ сүрчигтэй холбогдуулан Мисс Диор бичвэрийг минь сонирхоорой, хэрэв урьд нь уншаагүй бол.

5. Диорын сонгодог сүрчигнүүдийн нэг бол J'adore. Эх хувилбар нь хурцдаад байдаг байсан энэ шинэ хувилбар нь үнэхээр хөнгөн, тансаг, зөөлөн. Үнэрээ сайн барьдаг, өдөржин ханхлаад л цэцгэн дунд умбах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Арьсыг хучих үл үзэгдэм нөмрөг мэт байлгахын тулд шүршдэг тагийг өөрчилж цацангуут их хэмжээгээр, удаан цацагддаг болгосон гэж Диорын сайхан ааштай худалдагч бүсгүй  хэлсэн. Диор ер нь үйлчилгээ сайтай, үйлчлүүлэгчтэйгээ найрсаг, хүндэтгэлтэй харьцдаг шүү. Найрлагад нь цэцэгсийн үнэр голчлох боловч гадаа цэцэрлэг, байгальд бус орд, харшид буй мэт тансаг сэтгэгдэл төрүүлэхүйц энэ усыг зөөлөн, тансаг үнэртэнд дуртай хүн бүрт санал болгож байна.

6. Харин энэ усыг би ээждээ зориулан авч байсан. Маш гоё зохьдог тансаг үнэртэн. Клоуигийн сүрчигнүүд ер нь их тансаг, цаанаа нэг эрхэмсэг чанартай. Түрхсэн хүн хажуугаар зөрвөл даруй таньдаг, өөрийн гэсэн таних тэмдэг бүхий үнэртэй. Гудамжинд энэ сүрчгийг түрхсэн хүн зөрөхөөр ээжийгээ санадаг байлаа нэг хэсэг. Одоо ээж маань усаа сольсон. Үнэрээ хамгийн удаан барьдаг, "аан энэ чинь ийм сүрчиг" гэж танигддаг тийм үнэртэн хайж байгаа бол Клоуигийн нэрт ус буюу "Chloé" эсвэл энэ "Love, Chloé"-г сонгоход буруудахгүй.

7. Гуччигийн "Флора" нэрэндээ тохирсон, шүршингүүт тал дүүрэн цэцэгс төсөөлөгдмөөр үнэртэн. Энэ бортогоны загвар энэ жил хязгаарлагдмал тоогоор шинээр хийгдсэн. Дээрх цэцэгсийн зураг нь их гоёмсог. Цацангуут зун цаг, хайчлан зассан цэцэрлэгийн модод, алаг эрээн цэцэгс төсөөлөгдөнө. Харин үнэр нь хурдан гарчихдаг шиг санагдсан, ахиухан түрхэхгүй бол. 

8. Марк Жекобсын үнэртэнд эндхийн охид бүсгүйчүүд их дуртай байдаг. "Хонин нүдэн" сүрчигний энэ хувилбар л надад таалагдсан. Үнэрлэж үзээд дурлан байж авсан боловч одоо бага зэрэг нялуун санагдаад Коко минь бодогдоод байгаа. Тун удахгүй Коко руугаа буцах байх аа. Бас л зун цаг санагдуулам,, цэцэгс голлох боловч чихэрлэг, нялуун үнэр ханхлах сүрчиг. 

9. Алдар цуу нь түгсэн No5. Үнэрт нь би дургүй. Бүр гайхаж байсан юм, ийм хурц эхүүн үнэртэй усанд юунд нь дурладаг байнаа гэж. Германд оюутан байхад минь нэг зэрэг 2 ширхэг No5 бэлгэнд ирж билээ. Үргэлж мэндэлж, өдөр бүр бага багаар юм ярьсаар байгаад дотно танил мэт болсон оюутны гуанзны кассчин нэг эгч байдаг юм. "Та ийм усанд дуртай юу, авах уу?" гээд л өдрийн хоолоо төлөх зуураа л өгчихөж билээ. Хөөрхий минь их баярласан. Хоёр дахийг нь тэнхимийн нарийн бичигтээ өгч нэг салж санаа амарсан. Үнэр нь нэг л биш ээ. Дараа нь их үнэтэй, сонгодог сүрчиг болохы нь мэдсэн, инээдтэй. Үнэ цэний нь мэддэг байсан бол арай өөр хандах байсан байх. Хожим энэ сүрчигний тухай олон зүйл уншиж мэдээд, түрхэхгүй ч бас үгүйсгэхээ больсон юм.  Энэ хөөрхөн сэдэлтэй бортогыг хадмууд маань төрсөн өдрөөр бэлэглэж байсан, миний ширээн дээр чимэг болоод л байж байдаг юм, хэрэглэдэггүй. Удахгүй энэ сүрчигний залуу үеийнхэнд зориулсан хөнгөн хувилбар гарах гэж байгаа. Шанелаас танилцуулах үйл ажиллагаа нь хэдийнэ эхэлсэн, худалдаанд хараахан гараагүй байгаа. Ямар үнэртэй болохыг нь мэдрэхийг тэсэн ядан хүлээж байна. Инстаграм дээр #newchanel5 гэсэн аргамж хийгээд хайгаад үзээрэй. Францын Грасс дахь Шанелийн сүрчиг хийдэг үйлдвэр, сарнайн тариалангаас энэхүү шинэ сүрчгийг танилцуулан нэртэй блоггерууд зургуудаа хуваалцсан байгаа. Нэг кг сүрчигний концентрац гаргаж авахын тулд 400 кг сарнайн дэлбээ хэрэг болдог гэж тайлбарлаж байна лээ. Сарнайн тариалангаас сарнай түүгээд хоёр цагийн дотор үйлдвэрт ханды нь гаргаж авахгүй бол хэрэггүй болдог гэнэ. Тэнд уригдсан блоггерууд бүгд бээлий өмсөн сарнай түүгээд, үйлдвэрт ханды нь гаргаж авах үйл явцыг харж, шинэ үнэртний тухай мэдээлэл цуглуулсан байна лээ. Грасс руу гараад шидчихмээр л болсон шүү үнэнийг хэлэхэд. Ямартаа ч шинэ No5 залуу үеийнхэнд зориулсан хөнгөн, шинэхэн гоё ус болох шинжтэй. 

10. Ингээд эцэст нь өөрийн нэрийн усаа танилцуулъя. Германд байдаг бол uniquefragrance.de цахим хуудсаар өөрийн нэрийн усаа захиалах боломжтой. Найрлага, бүрэлдхүүнийг өөрөө сонгож, нэр өгч, бортого сонгож болдог. Нөхөр маань надад бэлэглэж байсан юм. Коко-гийн найрлагыг судлаад түүнтэй ойролцоо найрлагатай захиалж хийлгэсэн нь аз болж гоё үнэртэй болж таарсан байна лээ. Маш гоё бэлэг шүү, нэрийх нь сүрчгийг өгнө гэдэг. Бортогоны загвар сонголт бага, бүрэлдүүлсэн үнэртэнээ туршиж үнэрлэх боломжгүй гэсэн сул талтайгаас бус энэ үйлчилгээ тун аятайхан санагдсан. Монголд маань ийм үйлчилгээ орж ирвэл үнэртний хэнээтнүүд өөртөө зориулж зайлшгүй хийлгэнэ дээ. Найз бүсгүй, ээж, эмээ гээд эмэгтэй хүнд бэлэглэхэд сайхан санаа биш гэж үү? Зөвхөн эмэгтэй ч гэлтгүй эрчүүдэд ч нэрийх нь сүрчгийг бэлэглэвэл баярлана даа. Фейсбүүкийн үнэртэнд дурлагсдын клубынхан дотор энэ санааг өлгөж аваад хэрэгжүүлэх хүн байгаа даа? Энэ цахим дэлгүүр маш амжилттай бизнес болсон гэсэн. Найрлагаа сонгохоос залхуурвал эсвэл муухай үнэртэй болох эрсдэлтэй гэж эмээж байвал сонирхож байгаа өнгө аязаа сонгоод цаанаас найруулан санал болгох бэлдмэлийг сонгох боломжтой. Эмэгтэйлэг, зөөлөн эсвэл эрч хүчтэй, спортлог үнэр гэх мэт бэлэн үнэрийг сонгож болно гэсэн үг. Доорх зурган дээр холбоос оруулсан байгаа дараад герман хэл дээрх цахим хуудсыг нь сонирхоод үзээрэй. Доор нь франц, англи хэл дээрх цахим дэлгүүрийн холбоосууд нь байна лээ. Өөрийн гэсэн нэрийн сүрчигтэй болоорой гэж ерөөгөөд дуртай үнэртнийхээ жагсаалтаа өндөрлөе. Хэсэгхэн ч гэсэн анхилуун үнэртний зургуудаар амьсгалсан байх гэж найдаж байна. Дараагийн бичвэрээр уулзацгаая. Түр баяртай.

 

Kommentar schreiben

Kommentare: 4
  • #1

    Chimgee (Mittwoch, 29 Juni 2016 01:09)

    Yostoi goy sanaa bn uuriin neriin surjigtei bolno gdg! bayrlalaa saihan bichjee

  • #2

    Туяа (Freitag, 13 Januar 2017 03:34)

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. Амжилт хүсье

  • #3

    Tunama (Freitag, 13 Januar 2017 06:31)

    Баярлалаа. Амжилт хүсье

  • #4

    Haliun (Montag, 08 Mai 2017 17:41)

    Bayarlalaa