Италийн Риччионе хотод санаандгүй явж байгаад дельфинтэй сурталчилгааны самбар олж харсан юм. Би дельфин урьд өмнө нь харж байгаагүй, хамт сэлж үзэх юмсан гэж их мөрөөддөг. Анх усанд сэлж сурахдаа ч дельфинтэй хамт сэлэхийн тулд сайн сэлж сурах хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулж байж айдсаа давж байсан. Хорватад зуны амралтаар явж байхдаа Адриатын тэнгисээр дельфин харах завин аялал хийж болдогийг мэдээд хамгийн түрүүн тэр аялалд гарсан юм. "Дельфин 19-21 цагийн үед нар шингэхэд их таардаг, гэхдээ заавал олж харна гэсэн баталгаа байхгүй" гэж усан онгоцны ахмад хэлээд л замд гарч билээ. Би ямар их харуулдсан гээч. Сүүлдээ усны давалгаа дунд дельфин байна гэж энд тэндгүй хий хараад л. "Дельфин ээ" гэж хичнээн дуудаад ч таараагүй. Хэзээ нэгэн цагт Хавай орвол л дельфин харах байх даа гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл огт санаандгүй явж байгаад мөрөөддөг амьтнаа олж харах боломжтой газар ирчихсэн байдаг. Тэр нь бүр Европын хамгийн том усан парк байж таардаг. Ямар их баярлав аа!
Олтре Маре парк нь дельфин төдийгүй бусад амьтад, хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн хөтөлбөрөөрөө алдартай эцэг эх, багш сурагч нарын дуртайяа зорин очдог газар аж. Сургуулиас нэг өдрийн хичээлийг тэнд танин мэдэхүйн аялал болгон очдог, бүгд ижил малгай өмссөн, шулганалдсан олон хүүхдүүд дүүрэн. Тоть шувуу, анч бүргэдийн үзүүлбэрийн зэрэгцээ далайн жижиг биетээс хоёр нутагтан матар хүртэлх амьтадтай ойроос танилцах боломж олгодог.
Би ч ойлгомжтой, ороод шууд дельфин рүү. Доод хонгилд том шилэн цонхоор дельфин ажиглах хашлага бэлтгэсэн нь байнга хүн ихтэй, мөн шил рүү ойртож үл болно. Хэрэв хашлагаас бага зэрэг баруун тийш тойроод явбал жижиг цонх таарах ба тэнд ганцаараа, шилэнд нь хамраа хүргэн, дельфин ажиглах боломжтой байна лээ шүү. Дельфин эрх дураараа далайн усандаа байгаасай гэж би хүсдэг ч энд тэднийг сайн арчилж, тэдэнд хүнлэг ханддаг байх гэж чин сэтгэлээсээ найдна. Оскарын шагнал авсан "Тэнгисийн булан" ("Cove") гэдэг үзсэн үү? Уг баримтат кинонд Японы Таижи хэмээх газар жил бүр 23 000 дельфинийг хяддаг тухай өгүүлнэ. Хоёр зуу биш, хоёр мянга бус хорин гурван мянга! Тийм их дельфин байдаг юм уу гэмээр. Хөөрхий тэднийг сүрэг сүргээр нь тэнгисийн буланд шахан оруулж, гарах гарцыг нь төмөр тороор хаан, завьтай дундуур нь явж урт жадаар сүлбэн алдаг хэрцгий явдлыг олонд дэлгэсэн байдаг. Энэ бусармаг үйл нууцлаг явагддаг байсан бол энэ киноноос хойш олны анхаарал татсан. Үй олноор нь хомроглон устгадаг аймшигт үйл болдог газар гэж хэлмээргүй тэр хотод хааяагүй дельфиний хөшөө, дельфинээр нэрлэгдсэн газрууд, дельфинэн усан онгоцууд үзэгдэнэ. Бүр нэг тохуурхсан мэт. Тэнгисийн буланд шахагдсан эдгээр дельфинүүдээс эхний ээлжинд мэргэжлийн дельфин сургагч нар ирж залуухан, эмэгтэй, сурах ирээдүйтэй гэсэн дельфинүүдийг дэлхий даяарх усан паркад худалдахаар сонгож авдаг байна. Нэг дельфин 150 мянган доллар орчим үнэ хүрдэг гэх. Үлдсний нь хэдэн эрчүүд завьтай дунд нь ороод л жадаар сүлбэчихнэ, тэнгисийн ус ухаа хүрэн болтлоо цусаар эргэлдэнэ. Мэдээж жадаар хатгуулж байгаа болохоор хурдан амь алдахгүй, шархтай дутуу хороогдсон дельфинүүд энд тэндгүй амь тэмцэн үсчинэ. Уучлаарай, ийм зүйл бичиж байгаад. Тэр киног үзээд хэсэгтээ л хоолой зангираатай явдаг юм. Дельфиний мах мөнгөн ус ихтэй, хортой тул хүнсэнд үл хэрэглэнэ. Гэвч яагаад ийм олноор нь хэрцгийгээр устгадаг юм бэ? Дельфин агнаж, тэднийг хүнсэндээ хэрэглэх нь Японы уламжлал гэсэн тайлбар өгнө. Сүүлдээ бүр дельфинүүд бусад загасаар хооллоод загасны нөөцийг багасгадаг тул тэднийг хороодог гэсэн тайлбар өгнө. Ичмээр. Тийм биш гэдгий нь эрдэмтэд нотолчихсон. Ихэнх япончууд Таижид ийм хядлага болдогийг үл мэднэ. Дельфиний мах хүнсэндээ хэрэглэдэг нь ч цөөн. Та нар үзээгүй бол энэ трейлер нь. Бараг л тагнуулын үйл ажиллагаа шиг төлөвлөж байж, хориотой бүс рүү эрсдэл гарган нэвтэрч, баримтат бичлэг хийсэн энэ киноноос дельфиний тухай олон сайхан зүйлийг мэдэж авна. Тэд ямар их ухаантай, хайр дүүрэн амьтад болохыг, тэдний сонсох мэдрэхүй өндөр түвшинд хөгжснийг, тэд маш хурдтайгаар сэлдэг, эрх чөлөөг эрхэмлэдэг амьтад болохыг энэ киноноос олж мэднэ. Заавал үзээрэй. Харин сэтгэл их эмзэглэдэг шүү, санууллаа.
Олтре Маре дельфинээ өөрөө үржүүлдэг буюу дэлхийн дугаар нэг дельфин нийлүүлэгч Японоос авдаггүй гэнэ. Ямартаа ч тэдэнд энд хүнлэг ханддаг байх гэж найдна. Анх удаа дельфин хараад би анхны болзоонд явж буй мэт ямар их догдолсон гээч! Нэг дельфин нь миний өмнө дахин дахин ирээд л, дээшээ гарч агаар амьсгалчаад буцаж урд ирээд л, бид хоёр үнэхээр учир ургуулсан.
Ингэж хараад л дээшээ агаар амьсгалчаад буцаж ирээд байгаа амьтныг одоо яах вэ, бүр хайр булаам^^
Дельфиний тоглолт эхлэхэд хүүхдийн тэргүүд зогсоолд эгнэсэн байгаа нь
Нэг удаагийн тасалбараар хоёр удаа орж болдог тул би маргааш нь Мюнхен буцахаасаа өмнө дахин орж учир ургуулсан дельфинээ дахин харсан юм. Ийм хөөрхөн амьтан, харц нь хайр дүүрэн биш гэж үү? Энэ дэлхийн дельфинүүд Японы Таижийн булангаас л холхон сэлээсэй, жил бүрийн хэрцгий хядлагаа болиулсан байгаасай гэж залбирья.Гэвч дельфин парк байгаа цагт дельфин нийлүүлэгч, худалдагч энэ бизнес оршсоор л байна...Ядаж л барихдаа тамлалгүй, энэрэнгүй хандаж байгаасай.
Kommentar schreiben