Тэмүүллийн самбар

Үгчилж орчуулбал зүүт самбар гэмээр, утгачилваас урам хайрлаж, сэтгэл сэргээх, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх зураг тэргүүтнийг  хатгах тийм талбар болохоор тэмүүллийн самбар хэмээн нэрлэчихлээ. Та нарт илүү оновчтой үг олдвол надад санал болгоорой. Өнөөдөр та бүхэнтэйгээ ийм нэгэн самбарыг "өөрийн" өнгө аястай болгосноо хуваалцаж байна.

Ашиглагдах зүйлс:  Бичиг хэргийн дэлгүүрт элбэг байдаг модон хүрээтэй үйсэн самбар, акрил юмуу тосон будаг, наалддаг тууз

Анх ийм модон хүрээтэй самбарыг дангаар нь өлгөхөөр нэг л царай муутай санагдаад ядаж хүрээг нь будах санаатай эхлээд тэр чигээр нь өөрчилсөн юм. Германд байдаг бол Karstadt, Kaufhof, Müller дэлгүүрүүдийн бичиг хэргийн тасаг, Мюнхен хотод бол эдгээрээс гадна бичиг хэргийн  Kaut&Bullinger дэлгүүрээс том жижиг хэмжээнээс нь шалтгаалан 5-10€ үнэтэй модон хүрээт үйсэн самбар худалдаж авч болно. Монголд хаанаас авч болдгийг мэдсэн нэг нь бусаддаа хуваалцаарай.  

Хатсан л бол ус хүрсэн ч арилдаггүй, тосон будагнаас арай хямд болохоор би ихэнхдээ акрил будаг хэрэглэдэг. Дуртай өнгөө сонгоод эхлээд модон хүрээг будна. Над шиг цагаан өнгө сонгосон бол хүрээг будчихаад үйсэн хэсгийг ч мөн адил цагаанаар будаж бэлтгэнэ. 

Хатсаных нь дараа зориулалтын наалддаг цаасан туузаар хүрээг бүрхэж хамгаалж өгнө. Хүссэн өнгөөрөө цагаан дэвсгэрт үйсэн самбарыг будна.Цагаанаар нэг давхар будчихсан самбар дээр өөр өнгө илүү тод гоё гарч өгдөг юм.

Ингээд дээр нь ямар зураг зурахаа шийдээд л болоо.Би Рене Грюо хэмээх фешн зураачийн шүтэн бишрэгч болохоор энэ зургийг сонгосон. Мисс Диор сүрчигний сурталчилгааны зураг. Рене Грюо гэж хэн болох, ямархуу зураг зурдаг талаар дэлгэрэнгүй мэдмээр бол түүний үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэлийг минь эндээс сонирхоорой. Дуурайж зурахад хялбар зураг сонгоорой. Дээр нь битүү элдэв зураг зүүгээр хатгачих болохоор хэт том зураг дэмий. 

Бэлэн болсон самбар дээрээ өөртөө урам өгөх, сэтгэл сэргээх, нэгийг сануулж нөгөөг бодогдуулах тийм зураг, хайчилбар зэргийг зүүгээр хатгаад л тэмүүллийн самбар бэлэн болж байгаа юм даа. Зүүгээр хатгачихдаг болохоор сольж өөрчлөхөд хялбар, давхарлах, эрэмбэлэх зэргийг ёстой нэг дураараа шийднэ шүү дээ. Миний тэмүүллийн самбар дээр яг одоогоор байгаа зурагнууд нэг иймэрхүү. Ер нь бол өглөө нойрмоглоод унтмаар байгаа эсвэл залхуураад юу ч хиймээргүй байгаа  үедээ энэ самбараа хараад хүсэл тэмүүллээ санаад ханцуй шамлан ажилдаа орох л зориулалттай зүйл юм.

Өөрийн өнгө аястай болгоход тун хялбар байгаа биз? Би ийм самбар найзууддаа бэлэглэх дуртай. Өөрийн нэртэй самбартаа дуртай зүйлээ хадна уу, зарын самбар болгоно уу, хүнс, гэр ахуйн зүйлс цуглуулах жагсаалтаа наана уу дурын хэрэг. Ямартаа ч хэрэг болно гэж бодсны үүднээс тэр. Хэд хэдэн өөр хувилбарыг дараах зургуудаас хараарай. 

Энэ зургийг би инстаграмаар олж харж байсан. Их таалагдаад самбар дээр буулгасан нь нэг л өөр болчихсон. Доор зотон даавуун дээрх нь дажгүй болсон. Дуртай зургаа дуурайж зурж болно, гэхдээ хүний зургийг дуурайж зураад зөвхөн хувийн хэрэгцээнд, өөрөө л хэрэглэх нь зохистой болохоос бусдын юмыг хуулбарлаад зарж борлуулаад, хэвлэж нийтлээд ашиг олоод байж болохгүй гэдгийг надаар хэлүүлтгүй мэдэх байх аа.

Хэрэв таалагдсан бол өөрийн тэмүүллийн самбартай болоорой. Хэрхэн өөрийн өнгө аястай болгосон, дээр нь ямар зургууд хадсан, яагаад гэдгээ инстаграм дээр @Chansy_Dash, #chansysdeskdeko аргамж хийж хуваалцаарай. 

Kommentar schreiben

Kommentare: 2
  • #1

    Onon. (Montag, 08 Mai 2017 19:50)

    Tnx

  • #2

    Zaya (Mittwoch, 24 Januar 2018 07:03)

    Sain bn u, Uuriig tani meddeg bolood uuriin tani ertuntssuur ayalaad nileedgui hugatsaa ungurch bn. Mash sonirholtoi, hund uguujtei yum bichdegt talarhaj yavdag.
    Pinnwand hiij naizdaa beleglesen odoo uurtuu hiih gej bn.Tuunchlen Todko Samson zohiolchiin nom avch unshij bn.