Италийн Риччионе нь Адриатын тэнгисийн эрэг дагуу байрладаг тул усанд сэлж, наранд шаран, элсэн дээр хэвтэхийг хүсэгчид зорьдог хот. Тиймдээ ч эрэг дагуу зочид буудал ярайж, наран шарлагын газар нэлийнэ. Хотын тухай цахим мэдээлэл хайвал битүү хүнтэй, далайн эрэг бүхий зураг элбэг таарна. Битүү гэдгийг жинхэнэ утгаар нь хэлж байгаа юм шүү. Хүн ихтэй ийм газар амрахаар тухгүй тул далай явмаар бол Хорватыг би илүүд үздэг. Гэхдээ Риччионег амралтын ид үе эхлэхээс өмнө буюу таван сарын дундаас долоон сарын эхэн хүртэл зорьвол амгалан тайван сайхан санагдах вий. Европын бусад хотуудыг бодвол үзэх зүйл багатай, далайн эрэгт амрах хүмүүст л тохирсон энэ газар Европын хамгийн том усан парк байдаг. Олтре Маре паркийн тухай эндээс сонирхоорой. Ингээд Риччионегийн дүр төрх миний дуранд хэрхэн буусныг сонирхон, хамт аялаарай.
Амралтын үе эхлэхээс өмнөх амгалан байдал, тоглоомын эзгүй талбай
Ил захидал дээрх шиг битүү сүүдрэвч, наран шарлагын урт сандал, шүхэрнүүд дөнгөж байрлуулж эхэлж байгаа нь
Далайн эргийн элс салхинд туугдан, бараг л жижиг толгод үүсгэх нь холгүй зах руугаа овоорчихдог юм байна. Ингэж элсийг буцаан хавтгайлж, наран шарлагын эрэгт тохиромжтойгоор тэгшилдэг аж.
Элсээ ингэж тэгшлэхгүй бол элсэн овооны цаанаас далай бараг харгадахгүй нь байна шүү
Иймэрхүү модон амбааруудад амрагчид хувцсаа солих, эд зүйлээ түгжих гэх мэтээр "түр орогнох" зориулалттай.
Адриатын тэнгисийн хөвөө
Зочид буудлаа эрт захиалбал үргэлж хямд байдаг. Амралтын ид үе биш бол дөрөв, таван одтой буудлын үнэ хямд буудлаас бараг ялгагдахгүй. Бид аялахдаа зочид буудалд их мөнгө үрэлгүй майханд хонох ч юм уу, найз нөхдийнхөө буйдан дээр, газар ч хамаагүй байрладаг. Залуу байхад заавал тухлаг байр хэрэггүй шүү дээ. Харин хүүхэдтэй болоод тав тухыг аргагүй бодолцдог юм байна. Риччионе орвол энэ буудлыг сонгоорой. Дотоод засал нь эртний Европ уур амьсгалтай, итали хэв маягтай. Үйлчилгээ сайн. Өглөөний цай нь сонголт ихтэй, цонхоор шууд далай харагддаг гэх мэт олон давуу талтай. Ялангуяа Олтре Маре усан парк үзэх тасалбараа зочид буудлаасаа авбал 20% хөнгөлөлттэй бөгөөд тэнд очоод урт дараалалд зогсон тасалбар авах гэж цаг үрээд байхгүй.
Далай ширтэн өглөөний цайгаа уух сайхан биш гэж үү?
Өрөөний цонхоор ингэж харагдана. Доорх далбаануудын ирмэг салхинд хийсээд хөвөрчихсөн бололтой. Германых бол бараг тал нь байхгүй болсон байгаа биз?
Өглөөний цайндаа тослог ихтэй "хоол болох" зүйл үү эсвэл чихэрлэг амттан сонгох уу? Сонголт элбэг сайн буфеттэй.
Бэлэн зүйлээс гадна ахлах тогоочийн гараар хийсэн креп, вафель зэргийг шинэхэн зооглож болно. Очоод юу дуртайгаа хэлэнгүүт л хийгээд өгнө, энэ сайхан ааштай тогооч.
Энэ эрэг нилэнхүйдээ урт сандал, сүүдрэвч, хүнээр дүүрнэ гээд бод доо. Ийм сэлүүхэн байх үе ховор байх.
Риччионе хотын төв рүү алхаад л орчихно.
Энэ жил ногоон төсөл хэрэгжүүлж, хотын зам, газрыг бүгдийг хиймэл ногоон зүлгээр бүрсэн юм байна лээ.
Эдгээр хунгаас гурван ширхэгийг уургалж, гаргаж ирж чадвал том чихмэл тоглоом хожих боломжтой.
Модны холтос, үйс, хаягдлаар хийсэн толгойнууд. Усанд хийгээд тавьбал үс ургадаг гэнэ. Ширхэг нь таван евроны үнэтэй, юмханаар юм хийх гэж энэ байх.
Далайд ойр газрын хоол нэг иймэрхүү. Хотоор зугаалангаа оройн хоол зооглох ресторанаа сонгоод, хамгийн их хүнтэй газар ороорой. Хоол сайтай газар үргэлж хүн ихтэй байдаг. Италийн зоогийн газрууд үйлчилгээ сайтай, мэргэжлийн сайн зөөгч нартай. Ихэнхдээ эрчүүд зөөгч хийнэ. Хоолны цэсэн дээрх үнэ дээр ширээ засалтын мөнгө гэж хүний тоогоор 1.5-3 евро тооцоон дээр нэмэгддэг. Цайны мөнгө ихэнхдээ үнийн дүнгийн 10% байвал зохимжтой гэж үздэг.
Латте маккиато захиалвал хөөрүүлсэн сүү ирээд, хажууд нь эспрессо тавьчихдаг нь жинхэнэ итали маяг юм байх.
Зайрмаг үгүйгээр Италийг төсөөлөх аргагүй. Итали зайрмаг Европт алдартай тул нутагт нь харин ч нэг иднэ дээ. Монголчууд муу хүн идсэнээ гэдэг болохоор хоол хүнс ярихаар нэг л эвгүй , энд бол тухайн газрын хоол хамгийн их яригддаг сэдэв болдог.
Оройн хоолны дараа далайн эргээр алхах, далайн эрэг дээр морин тойруулгаар тоглох сайхан. Би ер нь хаа явсан газраа морин тойруулган дээр тоглох дуртайг блог уншигчид маань хэдийнэ мэддэг болсон доо.
Хүүгээ сэрэхэд нь босоод цонхоор харахад үүр цайж байгаа нь
Риччионед нэгэн шинэ өдөр эхэлж буй нь
Далай ээжээс эрч хүч авч бөөн баяр болж байгаа нь. Төрсний дараа гэхдээ их ядардаг болохоор зурган дээр ч ядруу харагдах юм. Гэхдээ сайн сайхан бүхнийг угтааад, хүч сэлбэх л хэрэгтэй, тийм ээ?
Kommentar schreiben