Шавар, намагтай тогтуун нуур, цөөрөмд үндэслэж, усны мандал дээр цоморлигоо дэлгэх лянхуа цэцэг цаанаа нэг үзэсгэлэнтэй. Усны ёроолд намагт хөрснөөс үндэслэдэг ч нар луу тэмүүлэн усны гадаргууд ингэж цэцэглэдэг нь шашин номлолд түүний бэлгэдлийг тод илэрхийлж өгдөг. Шороо шавартай газар өөртөө хир халдаалгүй, өөд тэмүүлэн, сайхан оршиж, орчноо чимдэг тул ариун, гэгээн чанар, гэгээрэл, зөв зан үйлийг бэлгэддэг. Тийм болохоор олон бурханг лянхуа цэцгэн дээр сэнтийлсэн байдлаар дүрсэлдэг биз. Ямар ч өө сэвгүй энэ сайхан цэцэг Баварийн нэгэн жижиг нууран дээр жил бүр нар ихтэй долоо, наймдугаар сард олноор дэлгэрдэг бөгөөд амралтын өдрүүдээр боломж л гарвал лянхуа дүүрэн энэ нуурыг би зорьдог. Сайхан цэцэгсийн зураг үзэж мэлмийгээ баясгаарай.
Алдарт зураач Моне энэ нууран дээрх цэцэгсийг харсан бол заавал зурах байсан даа. Түүний лянхуа цэцэгт дуртайг бүгд мэднэ.
Энэ жижиг нуурын эрэг дээр бяцхан кафе байдаг. Хөлөө усанд дүрээд л кофе уун, бялуу зооглох таатай биш гэж үү? Энэ зургаар дамжуулан би инстаграмд Гоолингоотой танилцаж билээ.
Ёстой л загас шувуу нь жаргасан нуур гэж энэ байх
Энэ нэг бяцхан амьтныг хараач ээ. Ээжийгээ дагаад хорвоотой танилцаж явна.
Хөөрхөн гэр бүл байгаа биз?
Мюнхен хотын төвд байх цэцгийн дэлгүүр зуны саруудад лянхуа цэцэг худалддаг. Нэг ширхэг нь 5,5 евроны үнэтэй. Тээвэрлэлтээс болж цоморлигоо хумих, дахин дэлгэрэхгүй байх эрсдэлтэй гэдгийг заавал хэлнэ. Олон хүн цэцэг нь хумигдчихлаа гээд буцааж байсан бололтой. Минийх дөрөв хоносон. Гэрт байх нь өвөрмөц ч нуурандаа, байгалиараа байх нь илүү сайхан санагдсан.
Болжмор харсан биз дээ?
Мэлхийг ол ;)
Лянхуа цэцгэн лаагаар ийм чимэглэл хийсэн юм. Цагаан чулуу багадаад байхаар ягаан чулуутай хольсон чинь тэрнээс нь өнгө гараад ус нь ягаан болоод онцгүй болчихсон. Цав цагаан чулуутай, цэвэр устай бол илүү цэмцгэр болно байх. Ийм хөвдөг лаанд би дуртай.Хөвдөг лаатай өөр чимэглэл удахгүй блогт оруулнаа.
Энэ цөөрөм Италийн "Сайхан арал" дээрх цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Италичууд маяг донжийг тааруулна гэж цаанаа нэг мэдрэмжтэй.
Сэвгүй тунгалаг энэ цэцэгт дургүй хүн гэж байхгүй биз дээ. Би таарах бүртээ дахин дахин зураг авч камераа нэг янзын зургаар дүүргэдэг юм.
Kommentar schreiben