64 км урт Лаго Мажжиоре (үгчилбэл “том нуур” юм уу даа, Германчууд тогтоцоос нь болоод урт нуур гэж буулгасан байдаг ) нь Италийн хоёр дахь том нуур. 20 хүрэхгүй хувь нь Швейцарьт харьяалагддаг энэ нуурын эрэг дагуу Италийн жижиг хотууд байрлах бөгөөд хэд хэдэн жижиг арал ч таарна.
Лаго Мажжиоре дэх жуулчдын хамгийн их зорьдог газар бол “Сайхны арал”. 1632 он хүртэл энэ арал уснаас цухуйсан хадан хясаан үзүүр буюу чулуут өндөрлөг байсан бөгөөд загасчид амьдардаг жижиг тосгон байжээ. Гуравдугаар Карло Борромео гэгч ноён тэрхүү хад чулууг тэгшитгэж, эхнэр Изабелладаа зориулан харш бариулж эхэлснээр Изабеллагийн арал гэж нэрлэгдсэн байна. “Изола Изабелла” нэр нь яваандаа “Изола Белла” болж өнөөгийн “Сайхны арал” нэр нь тогтжээ. Ордонг босгож эхлэснээс төд удалгүй Италид тахал гарч, барилгын ажлыг зогсооход хүрсэн гэдэг. Карло ноён, Изабелла хоёр харшаа бэлэн болохыг харж амжаагүй аж. Үе залгамжлагч ноёд нь үргэлжлүүлэн бариулсаар 1671 онд бэлэн болсон уг ордонд Европын язгууртнууд зочилж, баярт үйл явдал, тоглолт үздэг төдийгүй нэр төртэй хүмүүс таалан буудалдаг байсан гэх. Наполеон Бонапарт эхнэртэйгээ үдэлж байсан энэ арал руу өдгөө жуулчдын цуваа үл тасарна.
Машинаар Бавено гэх энэ хотод ирж зогсоолд үлдээгээд усан онгоцоор арал руу гарна. Арал дээр очоод шууд ордон руу орох ба дотоод засал, үзэсгэлэн, түүхэн үзмэр зэргийг сониучирхан явсаар эцэст нь цэцэрлэгт гарна. Хүүхдийн тэрэгтэй явахад их хэцүү санагдсан шүү. Эртний барилга болохоор өнөөгийн шаардлагад нийцсэн тэрэг, тэргэнцэр явах зам байхгүй. Иймд хүүхэдтэй явбал урдаа зүүгээд, эсвэл ардаа үүрээд явсан нь илүү хялбар байх болов уу. Ер нь бол нялх хүүхэдтэй аялахад тохиромжгүй газар байна лээ. Ордонд нэг орсон бол гартлаа суух, түр амсхийх сандал байхгүй, байнга зогсоо. Хүүхдээ хөхүүлэх боломж олдохгүй, хүүхэд уйлбал өндөр таазтай өргөн танхимуудад цуурайтаад хэд дахин чанга сонсогдож, ээж аав хоёроо сандрааж өгнө дөө. Буцаж болохгүй, нэг орсон бол цаашаа цэцэрэлэг рүү л гарах замтай. Харин цэцэрлэгт нь амсхийх газар элбэг. Ийм үзэсгэлэнтэй цэцэрлэгийг үзэхийн тулд ингэж их алхах учиртай юм гэсэн шиг, гаднаа дэндүү сайхан. Ингээд Сайхны арал дээрх ордон, цэцэрлэгээс авсан зургуудыг үзээрэй.
Шувууны ертөнцөд эр нь илүү үзэмжтэй байх. Эм тогос сүүл богинотой. Харин эр тогос гоёмсог бөгөөд ихэмсэг гэж.
Сайхны арал таалагдсан гэж найдаж байна. Хэзээ нэгэн цагт заавал очиж үзээрэй. Энэ аяллыг санал болгосон, хамт явсан найздаа баярлалаа. Европын орнууд бага нутаг дэвсгэртэй ч үзэх зүйл мундахгүй юм. Италийг овоо мэддэг гэж бодож байсан цоо шинэ нэг газар дахиад таарах. Аялах нь өөрөө ийм мөн чанар агуулах аж. Уулын цаана уул бий. Боломж л гарвал аялж, хаяагаа тэлж байгаарай. Боломжгүй бол мөрөөдөж, түүнийгээ биелүүлэхэд чиглэсэн бодит алхам хийж эхлээрэй. Сайхны арал руу явна гэж мөрөөдөж байгаа бол дээрх зургуудаас хамгийн таалагдсан нэгийг хэвлээд ханандаа, эсвэл дэвтэртээ наачих. Эсвэл утсандаа хадгалаад Итали явах мөрөөдлөө биелүүлэхэд юу хийж эхлэх вэ гэдгээ төлөвлөөрэй.
Kommentar schreiben