Дээр блогтоо "Тэмдэглэл, хуанли бидэн гурвын хэлхээ" бичвэр оруулж байхдаа файлофакс нь өөрийн гэсэн ертөнцтэй, фенүүд нь бүр нийгэмлэг үүсгэсэн өргөн хэрэглэгдхүүн болохыг дурдаж, өөрийн файлофаксаа тусад нь танилцуулна гэж амлаж байсан билээ. Ингээд та нартаа файлофакс хуанлигаа танилцуулангаа чимэглэх санаагаа хуваалцаж байна. Файлофакс нь "File of facts" нэрний товч хувилбар бөгөөд 90 гаруй жилийн түүхтэй, англи брэнд юм. Германд академик ертөнц, бизнес хэрэглээнд Файлофакс түлхүү хэрэглэгддэг нь түүний сайн чанар, хялбар эдэлгээтэй холбоотой. Жинхэнэ арьсан гадартай энэ дэвтрийг нэг авсан байхад жил бүр доторх цаасыг солиод л шинэ хуанлитай болчихно. Миний энэ сурагч ягаан өнгөтэй дэвтэр өдөр бүр цүнхэнд, ширээ, орон дээр, заримдаа газраар гээд хааяагүй явдаг боловч гадар нь нэг ч зурагдаагүй, оёдол нь бөх хэвээрээ. Нэр нь "The original", хэмжээ нь "personal". Дунд зэргийн бүх цүнхэнд багтана. Хэмжээгээ мэдэж байж, доторх цаас, элдэв нэмэлт оруулгаа авах болохоор эхлээд өөрийн хэрэгцээнд аль хэмжээ нь тохирохыг зөв сонгоорой. Эх баригч маань хамгийн том хэмжээтэй файлофакс хэрэглэдэг, тэр нь их далбагар боловч бараг цүнх шиг хэрэглэж болдог юм байна лээ. Бид анх танилцахдаа уулзах өдөр товлох санаатай файлофаксаа гаргаснаар яриа өрнүүлж, дотно харилцаа үүсгэсэн. Анх зав муутай гэж байсан хүн маань их дотно болж, намайг төрснөөс хойш их сайн халамжилсан шүү. (Германд төрсний дараа эмнэлэгээс гарангуут урьдчилан тохирсон эх баригч гэрээр ирж эх, хүүхэд хоёр хэрхэн учраа олж байгааг харж, зөвлөж, тусалдаг юм.)
Файлофаксын "Divider" буюу тусгаарлагч нь их энгийн болохоор өөрийн өнгө аяс оруулж, чимэглэх нь хамгийн эхний алхам.
Тусгаарлагч хийхэд ашиглагдах зүйлс:
-дуртай зураг эсвэл өнгийн цаас
-зүсэх хавтан, зүсэгч
-ламинатор буюу наалдуулагч
-гялгар наалтын цаас
-зургаан нүхтэй цоолтуур
Файлофаксийн өөрийн нэрийн цоолтуур хэт үнэтэй байдаг тул хэмжээнийх нь дагуу өөр цоолтуур авахад хангалттай.
Эхлээд эх тусгаарлагчийг дуурайлган дуртай зургаа эсвэл өнгөт цаасаа хайчилна.
Зүгээр нэг дугаарлалгүй, илүү үзэмжтэй болгох зорилгоор тусгаарлагчийн "чих"-ийг наалддаг туузаар хоёр талаас нь чимэглэж өгнө. Наалддаг тууз буюу washi tape олон сонголттой байдаг.
Бэлтгэсэн тусгаарлагчаа гялгар наалтын цаасан дунд хийж, наалтуурд оруулна.
Наалтуурд хийхээсээ өмнө дуртай зүйлээ бичих юм уу зураг нэмж оруулах гэх мэт өөрийн дураар тусгаарлагчаа загварыг нь гаргаж болно.
Би ихэнхдээ өөрт таалагддаг эшлэл, гоё үгс зэргийг бичих дуртай.
Бэлдсэн тусгаарлагчаа наалтуурд хийхдээ наалтыг чанартай болгох зорилгоор хоёр удаа оруулдаг.
Ингээд гялгар цаасаар наалт хийсэн тусгаарлагчаа хайчлан, илүүдэл хэсгийг авч хаяна. Санаа зоволтгүй, дундуур нь хайчилсан ч наалт салахгүй.
Бэлэн болсон тусгаарлагчаа цоолтуураар цоолоод л файлофаксдаа оруулна даа.
Тусгаарлагч маань ийм болсон.
Тусгаарлагчаас гадна чимэг болох өөр нэгэн зүйл бол бүчин зангилаат гангараа. Хийхэд маш хялбар.Нугалахад зураас гараад, налж унаад байхгүй тийм цаас сонгоод дараах гурван хэлбэрээр хайчилна. Эсвэл интернэтээр "bow maker pattern" гэж хайгаад хэвлэж гаргаад хайчлаарай.
Сайн цавуугаар удаах дарааллаар нааж өгнө.
Дээр нь заавал сувд наахгүй, шигтгээ ч юм уу өөр юу ч болно. Өнгөний сонголт мөн таны дур.
Харин ийм хавчааруудыг ямар ч туузаар хийж болно. Маш хялбар. Youtube-ээр "bow paper clip" гэж хайгаад хэрхэн хийдгийг хоёрхон минутад сураарай.
Файлофаксын ард наадаг зургуудаа хийж, зурвас, тэмдэглэгээний хуудас зэргийг багтаадаг. Дагалдан ирдэг дэвтэр нь царай муутай тул дээр нь наадаг зураг нааж чимэх юм уу өөр дэвтрээр орлуулж болно.
Нэрийн хуудас хийх нэмэлт оруулга тусад нь худалдан авна.Хуучин нэрийн хуудасны минь ар тал
Файлофаксын өөрийн наадаг зураг. Үүнийг нэмэлт оруулга болгож тусад нь худалдан авах шаардлагатай.
Ноён хутагт Данзанравжаагийн энэ хоёр сургааль их таалагддаг болохоор хэвлэж гаргаад хийчихсэн. Дараа нь өөрөө бичээд хийсэн нь илүү цэвэрхэн болох байх.Энэ хоёр бурханы зураг намайг үргэлж дагалддаг юм. Ганданд ороод өөдөө харж байгаа мэт л болдог, хааяа харахаар.
За миний файлофакс нэг иймэрхүү. Та нарт таалагдсан бол, санаа авч чимэглээрэй. Дэвтрээ хэрхэн чимэглэснээ инстаграмаар @Chansy_Dash, #chansysdesk аргамж хийж юм уу Chansys Desk хуудсаар хуваалцвал баярлана шүү. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй!
Es sind noch keine Einträge vorhanden.