Саяхан мэндэлсэн, миний анхны номын өдөрлөг Мюнхен хотноо болох тухай та бүхэндээ зар дуулгаж байсан билээ. Боломжтой байсан бол Монголдоо номын дэлгүүрт уулзалт хийхийг маш их хүсэж байлаа. Монгол дахь блог уншигчид, миний фб хуудсаар хамт байдаг, эерэг бүхэнд дуртай сониуч зүрхнүүдтэй нүүр тулан уулзах завшаан хожмын нэгэн сайхан өдөр тохионо гэдэгт итгэлтэй байна. Нялх хүүхэдтэй, хол болохоор эндээ цомхон үйл ажиллагаа хийе гэж шийдсэн юм. Есдүгээр сарын 18-ны ням гарагт Мюнхен хот дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консулын газар өдөрлөг маань халуун дулаан уур амьсгалтай, гоё охид бүсгүйчүүдтэй сайхан болж өнгөрлөө. Энэ өдөр гэтэл санамсаргүй Балжинням, Дашням давхардсан, намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр байж таарсан нь үнэхээр олзуурхууштай.
Эрхэм Өргөмжит Ерөнхий Консул, Др. Питумын хамт
Үндсэн ажлынхаа шугамаар, миний ажилладаг их сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн урилгаар албан айлчлал хийсэн, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн нэгэн профессорыг танилцуулан, уулзалт зохион байгуулж, орчуулж байхдаа би энэ эрхэмтэй танилцсан юм. Тухайн үед багштайгаа хамтран бичсэн Германы эрүүгийн эрх зүйн нэгэн номыг дурсгаж байсан.Саяхан би Мюнхений Дээд Шүүхэд тангараг өргөн, эрх зүйн салбарт Монгол-Герман хэлнээ албан ёсны орчуулга хийх итгэмжлэлээ авсан юм. Ингээд шинэчлэгдсэн нэрийн хуудсаа өгөх далимдаа "Сониуч Зүрх" номоо үзүүлж, эрх зүйн бус сонирхлын дагуу бичсэн ном хэмээн тайлбарлаад, удахгүй танилцуулах үйл ажиллагаа хийдэг юм уу гэсэн бодолтой яваагаа дурдахад, хүсвэл консулын газар хийж болно, дэмжихэд бэлэн байна гэж уриалагхан хэлсэнд би талархаад баршгүй. Ноён Питумд энэ завшааныг ашиглан талархлаа илэрхийлж байна.
Ээж минь ийм олон ном Монголоос чемодандаа тээгээд хүрч ирсний ачаар номын өдөрлөг зохиох боломж бүрэлдсэн гэхэд болно. Номгүй номын өдөрлөг гэж байж болохгүй шүү дээ. Түүнчлэн бэлтгэлээ хийх болон өдөрлөгийн үеэр ээж минь хүүг харж тусалсны ачаар би энэ бүгдийг амжуулсан хэрэг. Тэрнээс хүүхэдтэйгээ "нусаа хацартаа наана" шүү дээ. Тийм болохоор хамгаас хайрт ээждээ энэ дашрамд "Баярлалаа" гэж хэлмээр байна. Өдөрлөгийн өмнөх өдөр усан борооноор нөхөртэйгээ консулын албан тасалгааг өөрчилж, дээр доороос сандал зөөн, чимэглэх, хэвлэлийн зурагт хана өлгөж тогтоох гэх мэт бэлтгэлээ базаасан. Хэвлэлийн зурагт ханыг захиалан хийлгэж, зураг авахуулах цагаан жаазыг тэр маань урласан. Хийхэд их амархан юм байна лээ, энд хурим болгон дээр зочид нь ийм жааз барьж авахуулдаг болохоор хөгжилтэй санагдаад хийсэн юм. Та нарт таалагдаж байна уу?
Өргөмжит консулын ширээ ийнхүү нэг өдөр миний эзэмшилд ирснийг бүрэн илэрхийлж байгаа биз энэ зураг?
Жижиг зууш, амттан, оргилуун дарс бэлдсэн. Номын өдөрлөгийн зурагт хуудас дээрх хөөрхөн охин, найз Билгүүн маань сүши хийж ирсэн нь (царайлаг, дээр нь хоол унд хийнэ гэж мастер) их амттай байсан бололтой, би нэгийг ч амандаа хийж амжаагүй дууссан байсан. Сувдаа эгч маань маш гоё зассан жимстэй, урт таваг авчирсан. Даанч бүх хоол унд тавигдсны дараа ширээний зураг дарах сөхөөтэй хүн байгаагүй бололтой.
Ноён Питум номын өдөрлөгийг нээж, үг хэллээ. 15 жил Өргөмжит консул хийж буй энэ хүн нүүр халуу оргитол сайхан үгээр мэндчилж, консулын газар зөвхөн улс төрийн чанартай уулзалт бус соёл, урлаг бүхий л салбарт үйл ажиллагаа явуулахад дэмжихээ илэрхийлэн, өөрт нь хандаж байхыг Мюнхен дэх Монголчууддаа уриалав. Ном монгол хэл дээр болохоор, монголчуудтайгаа эх хэлээрээ нэгэн үдэш яриа өрнүүлж, өнгөрөөх зорилгоор нээлтийн дараа монгол хэлээр өдөрлөг үргэлжлэнэ гэж урьдчилан тохирсон байсан ба ихэнх герман найз нөхдөө иймд уриагүй болно. Консул маань ч Октоберфест дээр чухал уулзалттай тул нээлтийн дараа салах ёс хийсэн.
Ингээд номоо товч танилцуулж, яагаад энэ номыг бичих болсон шалтгааныг тайлбарлан, дотно яриандаа бид орсон. Би өдөрлөгтөө зориулж яриа бэлдээгүй, зав ч гараагүй болохоор шууд л яриад эхэлсэн. Энэ ном бол миний өөрийгөө таних аяны нэг үе шат байсан юм. Хүсэл сонирхолдоо ач холбогдол өгч, өөртөө үнэнч байж, сэтгэлийн дуудлагаа олох, чингэвэл тэр хүртэл дотроос хатгаад байдаг зүйл, толгойд эргэлдээд байдаг, нэг л юм дутуу мэт санагдаад байдаг тэр зүйл алга болж, амар амгалан ирж, аз жаргалтай болдог тухай өөрийн туршлагаас ярьж, надтай адил өөрийгөө нээх эрэлд гарсан хүмүүст чухам юунд дуртай, яахаар зүрх нь хүчтэй цохилж, сайн дураар, үл ядран хийж байна тэр зүйлээ олж, өөртөө утга учиртай амдьрахыг хүсээд энэ талаар асуулт байна уу гэхэд нэрэлхсэн үү, ичсэн үү чимээгүй инээмсэглэх царайнууд л харагдсан. Харин дараа нь тусгайлан ганц хоёроороо, өөрийнхөө юунд дуртайг хэрхэн олдог, эсвэл олон зүйлд дуртай хүн алийг нь барьж авбал зохилтой тухай асууж байсан. Блог уншигчиддаа хандаж хэлэхэд, хэрэв та нарт энэ сэдэв сонирхолтой бол, над шиг өөрийгөө таньж мэдэх, нээж олох, хөгжүүлэх үе шатанд яваа бол би тусад нь блог бичвэр оруулж, уншсан мэдснээ хуваалцаж болно шүү. Хүсэлтээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Зарим зочид маань ярианы дараа хоцорч ирсэн. Тэдэн дунд энэ сэдвээр сонирхож байгаа хүн байвал бас бичээрэй.
Сайхан үг бичиж, номоо үзэглэх хэчнээн сайхан мэдрэмж вэ?
Консулын газрын нөгөө өрөөнд зураг авахад зориулж зурагт ханаа бэхэлсэн. Доор нь улаан хивстэй байсан бол гэж бодогдож байлаа. (давраад л)
Зочид маань гоё гоё зураг даруулсан байгаа биз?
Би энэ өдөр гоё цэцгийн баглаа, сэтгэлийн бэлэг, баяр хүргэсэн сайхан үгст умбаж байлаа. Энэ бялууг хараад гэвч хэлэх үг олдсонгүй. Та нарт нэг тийм хүн байдаг уу? Гэр орон нь, гэр бүл нь нээх гоё, гэрэл гэгээ цацруулсан, өөрийгөө гоё авч явдаг, сайхан хоол хийдэг, олон хүн цуглуулж дайлдаг, эгч боловч үеийн юм шиг хамтдаа хөгжилдөж чаддаг, ямар ч сэдвээр ярилцдаг, мэдрэмжтэй, ийм эзэгтэй болох юмсан гэж эрхгүй бодогдуулам, үлгэр жишээ тийм хүн? Яг тийм хүн энэ бялууг хийсэн юм. Номын хавтсыг дуурайгаад зурчихсан.Ийм авьяастай, гэхдээ нууцлаг. Шинээр гайхшруулах юм гарч ирээд л байх шинжтэй. Энэ уг нь шоколадтай бялуу гэсэн. Би хайрлаад зүсэж чаддаггүй, гэртээ аваад ирсэн. Зочид маань амсахыг хүсч л байсан байх даа. Одоо болтол хөргөгчинд байгаа. Зурагтай хэсгий нь хөлдөөгчинд хийж хадгалдаг юм уу гээд л байж байгаа. Үнэхээр их баярласан шүү!
Эмээтэйгээ салхилаад унтаж байсан хүү маань орж ирээд, олон хүнээс бишүүрхээд, уйлагнахад нь хооллоод, тайвшруулж, хоёулхнаа эрхлэлдэж байх хооронд энэ хэд ёстой хөөрхөн зургууд авахуулсан байгаа юм. Бүгд л сониуч зүрхнүүд.
Мюнхен болон ойр хавийн хотоос хүрэлцэн ирсэн бүх зочиддоо чин сэтгэлийн угаас баярлалаа.
Би Германд ирээд урмын үгсийг талархан хүлээн авч сурсан, гэхдээ хэзээ ч өөрийгөө мундаг гэж боддоггүй. Хүн өөрийгөө мундаг гэж бодох тэр мөчөөс сүйрэл нь эхэлдэг гэж уншиж байсан, үнэний хувьтай болов уу? Ихэнхдээ өөрийгөө тоосон, магтаалд улайрсан хүмүүс эсрэгээрээ олны жигшил, доог тохууг хүртэж байдаг. Ном бичсэн гэж өөртөө би эрдэхгүй ээ. Харин энэ өдөр дотроо нэг л зүйлд өөрийн эрхгүй бахархалтай сууж байсан: Баярт мөч бүрийг минь атаархал үгүй хуваалцаж, хамтдаа уйлж дуулж, инээж өдийг хүрсэн, үргэлж дэмжиж, амьдралын чухал үе бүрт дэргэд минь байдаг сайхан сэтгэлтэй, хөөрхөн охид. Ийм сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэндээ би дотроо чимээгүй бахархан суусан. Энэ бол миний хувьд том амжилт. Баярлалаа найзууддаа!
Миний хүү жаазны амтыг мэдрэхээр зүтгэж байгаа нь
Ийм хөөрхөн сэтгэлийн бэлэг. Тэр наадаг зураг энэ тэр, яг надад зориулсан. Маш их баярлалаа.
Бялуугаа маргааш нь өдрийн гэрэлд зургий нь авч санаа амрав. Гэхдээ л идэхэд хайран.
"Сониуч зүрх" номтой минь холбоотой бүхий л урмын үгс, сэтгэгдэл, бүтээлч шүүмжид баярлалаа.
Номын тухай товч танилцуулга тусад нь блог бичвэрээр оруулнаа. Мюнхен болон ойр хавийн хүмүүс авахыг хүсвэл фб хуудсаар болон инстаграмаар холбогдоорой. Монголд Их дэлгүүрийн Мажестик, Аз хур, Интерном дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа.
Та нартаа баярлалаа.
Kommentar schreiben
Narangoo (Donnerstag, 22 September 2016 02:13)
Баяр хүргье, Эрч хүчтэй, инээмсэглэл байнгадүүрэн байдаг бүсгүй минь, Ном авч амжаагүй л байгаа. гэр ажил сургууль гээд... гэхдээ заавал авнаа. /Блог уншигчиддаа хандаж хэлэхэд, хэрэв та нарт энэ сэдэв сонирхолтой бол, над шиг өөрийгөө таньж мэдэх, нээж олох, хөгжүүлэх үе шатанд яваа бол би тусад нь блог бичвэр оруулж, уншсан мэдснээ хуваалцаж болно шүү. Хүсэлтээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. -ХҮСЭЛТ ҮЛДЭЭЛЭЭ заавал оруулаарай./ Улам их амжилт хүсье.
Chimgee (Donnerstag, 22 September 2016 07:12)
Saihan udesh boljee! Bayar hurgye bi n nomoo ih tuhtai unshij bgaa shu. Unshih tusam amttai sanagdaad L :)
Tseegii (Donnerstag, 22 September 2016 11:54)
Mash ih setgeld hursen, Saihan uil ajilgaa bolson shuu. Bi ch bas "Блог уншигчиддаа хандаж хэлэхэд, хэрэв та нарт энэ сэдэв сонирхолтой бол, над шиг өөрийгөө таньж мэдэх, нээж олох, хөгжүүлэх үе шатанд яваа бол би тусад нь блог бичвэр оруулж, уншсан мэдснээ хуваалцаж болно шүү. Хүсэлтээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй" gedegt HUSELT ULDEELEE.