Би Мюнхенд амьдраад даруй зургаан жил болжээ. Жил бүр болдог, дэлхийн хамгийн том яармаг, Баварийн үндэсний баяр наадам Октоберфестийн талбайгаас ердөө ганцхан буудлын зайд амьдардаг байсан болохоор байнгын зочин байх нь ойлгомжтой. Хэдийгээр нэр нь тийм ч энэ баяр есдүгээр сарын 15-наас хойшхи бямба гарагт эхэлж, аравдугаар сарын эхний ням гарагт дуусдаг. Зарим жил нэгээс хоёр хоног сунгадаг тохиолдол бий. Сэрүү унахаас урьтаж, есдүгээр сард эхлүүлдэг уламжлалтай болсон ч нэр нь анх болсон наадмын үе буюу аравдугаар сарынх хэвээр үлдсэн гэнэ лээ. Зургаан сая гаруй хүн энэ баяраар ирдэг гээд бодохоор хэр том болох нь төсөөлөгдөж байгаа биз? Ингээд та нартаа "архаг" наадамчны туршлагаасаа 10 зүйлийг онцлон, танилцуулж байна. Хэзээ нэгэн цагт ирж үзэхэд нь хэрэг болох ч юм бил үү, үгүй дээ л зурган аялал хийгээд уур амьсгалыг нь нэг мэдрээд аваарай.
1. Бэлтгэл ажил
Нэгэнт энэ баярыг зорин ирж байгаа бол Бавари үндэсний хувцсаар нь гоёод, наадсан шиг наадах хэрэгтэй. Баварит энэ хувцсыг зөвхөн баяраар бус хурим, найр, ёслол хүндэтгэлийн бүхий л үйл ажиллагаанд өмсдөг тул худалдан авсан хувцасныхаа хэргийг гаргах үе олон таарна. Холоос ирээд шагайчихаад л буцах бол заавал авах хэрэггүй л дээ. Аливаа үндэсний хувцас өөрөө их эрхэм, түүх соёлыг бэлгэддэг тул би их дуртай. Бавари эрчүүд элгэн өмд, шоотой цамц, элгэн гутал өмсдөг бол бүсгүйчүүд нь "Дирндл" хэмээн нэрлэгдэх ханцуйгүй даашинз, богино цамц, хормогч өмсдөг. Есдүгээр сар гарав уу үгүй юү Мюнхений дэлгүүрүүд үндэсний хувцсаар цонхоо гоёж, баярт зориулсан иж бүрдлийг санал болгоно.
Эрчүүд нь урт, богино элгэн өмдөө мөрөвчтэй, мөрөвчгүй хоёр янзаар өмсдөг. Надад бол мөрөвчтэй хувилбар нь их таалагддаг. Цамц, гутал, өмд, ноосон оймсны жишиг иж бүрдлийн үнэ 200 евроноос эхлэх ба бугын арьсан, хийц сайтай гэх мэт олон зүйлээс хамаарч дан өмд нь 400 евро байх тохиолдол бий. Жуулчид ихэнхдээ жишиг иж бүрдлийг сонгодог. Хүйтэн бол гадуур нь хамбан эсвэл цэмбэн хүрэм, ноосон цамц өмсдөг.
Эрэгтэй хувцаслалтад чимэг болдог зүйл бол шилбэвч, хүзүүний алчуур хоёр юм. Заавал өмд авахгүйгээр шоотой цамц өмсөөд, цагаан уул цэцэгтэй хүзүүний алчуур ороочиход л баярын уур амьсгал орчихно. Хүзүүний алчуурыг эрчүүд бугуйндаа ороож зүүн, шар айраг уусны дараа амаа арчдаг. Амаа арчсан, арчаагүй ингэж ороосон нь их загварлаг санагддаг шүү. Богино элгэн өмдөн дээр ийм шилбэвч үнэхээр догь.
Дирндл бол бүдүүн, нарийн, өндөр, нам ямар ч бүсгүй өмссөн эмэгтэйлэг харагдуулдаг, сайхан хувцас. Дирндл өмссөн хүн бүр цаанаа нэг гоёмсог. Мюнхенд амьдрахаасаа өмнө Октоберфест үзэх гэж өөр хотоос ирэхдээ л би анхны дирндлээ авсан. Аль болох хурц, тод өнгийн даашинз, хормогчний хослол өмсдөг нь анх дасахад хэцүү, нэг л эрээн харагддаг байсан бол яваандаа өнгө багатай хослол гундуу харагддаг болдог юм байна лээ. Жишиг дирндл (99€), хормогч (29€)аль аль нь цэвэр торго, дотуур нь даавуун, эсвэл торон цамц өмснө. Торгон бус даавуун дирндл бол үнэ хямд. Мэдээж материал, хийц, брэндээсээ хамааран үнэ өндөр байна. Миний дирндлүүд ихэнхдээ жишиг, "Оригинал Штайндл"(Original Steindl München Salzburg) шошготой, торгон. Чанар, үзэмж сайн боловч тэнгэрт хадсан үнэтэй бус.Мюнхенд тансаг дирндлийн урлан, дэлгүүрүүд олон болохоор бэл мэдэх хэрэг.
Хормогчний бүчин зангилаа уг эмэгтэйн тухай нэн чухал мэдээлэл олгоно. Ганц бие эмэгтэйчүүд зүүн талдаа, найз залуу, нөхөртэй бол баруун талдаа зангидна. Тэгэхээр баяр дээр таалагдсан охиндоо сээтэн хаяхаас өмнө аль талдаа зангидсан бэ гэдгийг сайн анзаарах хэрэгтэй байх нь.
Миний хамгийн дуртай чимэг "Шаривари" хэмээх унжлагатай зүүлт. Энгэртээ, цээжин хэсэгт эсвэл бүсэлхийн хэсэгт зүүдэг. Зүрх, цагаан уул цэцэг, буга гэх мэт бавари өнгө аястай бүхий л хээнүүд энэ баяраар давамгайлна.
Наадмын талбай явахаасаа өмнө бавари өглөөний цай ууж, бэлтгэлтэй гараарай. Мюнхен бол цагаан зайдасны төрсөн нутаг. Зайдас хийгч алдаа гарган, хийсэн бүтээгдэхүүн нь цагаан болсон нь хожим "баварийн" гэх тодотгол зүүсэн энэ зайдас юм. Баварийн брецел буюу ороонги талхтай зооглож, шар айрагаар даруулдаг.
Ингээд ганц хоёр Бавари үг сураад л баяр наадмын талбай руу чавхдана даа. Бавари хэл, аялга гэж Герман хэлнээс тэс ондоо юм бий. Нутгийнхан хоорондоо ярихад өөр мужийн Герман хүн ч ойлгоход бэрх байх тохиолдол гарна. Зугаатай шүү дээ, шинэ юм сураад л туршиж үзэх чинь.
Заавал үндэсний хувцас гэхгүй байгаа зүйлээ өмсөөд, эсвэл багт наадамд явж буй мэт хүмүүс ч байна. Юу сайхан дур сайхан доо.
2. Шар айраг
Октоберфест гэнгүүт нэн түрүүн литрийн аягатай шар айраг санаанд буудаг. Энэ баярыг шар айраггүйгээр төсөөлөх аргагүй. Зөвхөн Мюнхенээс гаралтай, зургаан шар айргийн үйлдвэр энд асар барьж, шар айраг борлуулах эрхтэй. Учир нь эдгээр зургаан шар айргийн үйлдвэр баварийн уламжлалт аргаар шар айргаа нэрдэг, Бавари шар айраг ямар байвал зохилтой тэр дүрэмд захирагддаг аж. Баяраар худалдаалагдах шар айраг найрлагадаа агуулах спиртийн хэмжээгээр жирийн шар айрагнаас өндөр. Би шар айраг уудаггүй, "Радлер" буюу ундаатай хольсон хувилбарт нь дуртай болохоор үнэхээр ялгаатай гэдгийг хэлж мэдэхгүй. Нэг литрийн шилэн аягатай шар айргийн үнэ өмнөх жилүүдэд ес хүртэл евро байсан бол өнгөрсөн жилээс арван евро хэдийнэ хальсан. 2015 оны албан ёсны тоо бүртгэлийг сонирхвол нийт 7,5 сая ширхэг ийм аягатай шар айраг зарагдсан байна гээд бодоод үз дээ.
1634 онд байгуулагдсан шар айраг нэрэгч Пауланер. Их л эртнийх мэт сонсогдож байгаа боловч Мюнхений бусад үйлдвэрүүд дундаа хамгийн отгон нь. Пауланер шар айраг 6% спирттэй.
6,3% спирттэй болохоор Hofbräu буюу ордны шар айраг нэрэгч, энэ алдарт үйлдвэрийн шар айраг Октоберфестийн хамгийн "чанга" сархад.
3. Хоол
Жирийн шар айрагнаас хүчтэй шар айраг литрээр нь ууна гэхээр баяр эхлэв үү үгүй юү, согтоод уначихгүйн тулд сайн хооллох хэрэгтэй. Баварийн ороонги талх, шөл, шарсан тахиа, гахайн гуя гэх мэт бавари зоог хааяагүй.
16 хоногийн турш хагас сая орчим тахиа зочдын "ходоодонд" ордог байна.
Хагас метрийн урттай зайдас зам зуур зооглох уу?
Миний хувьд Октоберфест дээрх хамгийн амттай хоол бол: Шар үхрийн шарсан махан хачиртай талх. Мюнхений уугуул хос, танил өвөө эмээ хоёр маань надад энийг хэлж өгсөн юм. Жуулчид тэр бүр мэддэггүй, Мюнхенчүүд анддаггүй тийм зүйл. Та нар заавал амсаж үзээрэй. Асарт зай байхгүй байсан ч хачиртай талханд дугаарлах, аваад л гарах зориулалттай тусгай хаалгатай. Асарт нь зай байвал дотор нь тухтай захиалж болно. Октоберфест орж үхрийн шарсан махан хачиртай талх зооглоно гэж зорьж очдог гэнэ лээ зарим нь.
Томас гэдэг нэртэй, 9,5центнер жинтэй шар үхрийн махыг зооглож байгаа гэж энд самбар дээр танилцуулсан байна.
4. Асар
Ихэнх асар үд болов уу үгүй юү "Хүн дүүрсэн тул хаалттай" гэсэн бичиг тавьж, хаалгаа барьсан байдаг. Иймд амралтын өдрөөс бусад үед, ажлын цагийн үеэр очвол асарт орох боломж өндөр. Эсвэл захиалсан суудалтай, хамт олноороо яваа бол гартаа зүүсэн цаасан бугуйвчаа нэвтрэх үнэмлэх мэт үзүүлээд л орчихно. Заримдаа өглөө орсон хэд гарч, үдээс хойшхи ээлж орж ирэх тэр үеэр хаалгачид хүн оруулах хандлагатай байдаг. Ямартаа ч хоёроороо, цөөхүүлээ бол орох боломж өндөр, олуулаа бол хүн ихтэй үед асарт орох магадлал бага байдаг. За тэгээд хаалгач, хамгаалагчтай эвтэй, аятайхан харьцвал орох боломж хэзээд байдаг. Хахууль өгч харин болохгүй шүү. Цаанаасаа дүрэмтэй, мөн байнга хажууд нь хүн байдаг тул хэн хэн нь эвгүй байдалд орно.
Мюнхений залуу үеийнхэн цугладаг, "моод" болсон асар бол Hackerzelt. Дотор болон гаднаа нийт 9350 хүний багтаамжтай. Асар бүр өөрийн хамтлагтай. Урт сандал дээр зогсож, дуулж, бүжиглэж болно. Харин ширээн дээр гарч болохгүй. Ийм олон, халамцуу хүмүүс дунд гэж бодогдох боловч, зодоон цохион бараг харж байгаагүй. Эвтэй найртай ууж, дуулж байгаад л гарцгаадаг. Хамгаалагч ихтэй тул санаа зовох зүйл бага. Согтуу дайвалзаад сандал дээрээс унах, тулгахдаа аягатай шар айрагаа цалгиах зэрэг зүйл бол хэвийн үзэгдэл болсон газар. Тухлаг сууж, тайван баярлая гэвэл асар бүрт балкон буюу дээд давхрын суудал, мөн хаалттай, зөвхөн хамт олноороо суух хэсгүүд бий.
Бараг арван мянган хүний суудалтай энэ асарт би дуртай. Үүлэн дээр суун, босоо ятга тоглож буй энэ сахалтай хүн бол Алойсус. Баварийн хүүхэлдэйн киноны баатар. Диваажинд очсон Мюнхений иргэн. Герман (бавари) хэлтэй бол киног нь үзээрэй. Нулимсаа гартал инээнэ. Хүүхнүүд хар өнгийн хөхний даруулгаа тайлаад дээшээ шидээд байдаг юм байна лээ. Хэрэв хөхний даруулга Алойсус дээр тогтвол бүгд алга ташин, шар айргаа тулган ууцгаана. Хэрэв тогтохгүй уначихвал бүгд нэгэн дуугаар санаа алдана. Энэ үйлийг би ямар учиртай болохыг олон хүнээс асуусан боловч шалтгааныг нь тайлбарлаж чадах хүн гараагүй. Хэрэв та нар дунд энэ талаар мэдэж байвал хуваалцаарай.
Асар бүр өөрийн өнгө аяс, чимэглэлтэй.
Хипподром гэж энэ сайхан асарт уг нь нэр төртэй бүхий л одод, одонцорууд цугладаг байсан юм. Мюнхений хөл бөмбөгийн багийн гишүүд, кино жүжигчид, загвар өмсөгчид гээд бүгдийг эндээс харж болдог. Энэ асарын эзэн гэвч татвартай холбоотой хэрэгт яллагдаад, наадмын талбайд бизнес эрхлэх эрхээ хасуулсан болно. Уг нь энэ асарт шар айрагны оронд Хюго ч юмуу бусад уух зүйлийг захиалж болдог, арай цэмцгэр орчин хүлээж байдаг.
Дуучин яг миний камер луу харж байгаа биз. Энэ дашрамд нэгэн зүйлийг хэлэхэд, асарт болсон зүйл тэндээ л үлддэг гэсэн дүрэм бий. Халамцуу хүмүүс дунд сээтэн хаях, янз бүр болох хүн олон. Хэрэв дажгүй залуу эсвэл бүсгүйтэй танилцлаа гэж бодвол тийм ч их найдвар төрүүлээд дэмий болов уу. Учир нь энд хүн бүр найрсаг байж, сээтэн хаяж, чөлөөтэй бярладаг нь баярын мөн чанар болохоос хувь хүний хувьд "маш их урмын үг сонслоо, би ч бужигнуулж байна даа" гэж бодох нөхцөл биш юм шүү. Дарга цэрэггүй, "та" гэдэг үгнээс татгалзаж "чи" рүү орсон ч баярын дараа ах зах, хүндэтгэл эргээд хэвэндээ орно гэдгийг мэдэх хэрэгтэй. Маргааш нь ажил дээрээ баяр дээрх шиг найзархах гээд байж болохгүй. Хүн бүр л чам руу хараад инээгээд, уриалагхан загнаад байна. Агаарын үнсэлт өгөөд, зүрхээ дараад байна. Энэ бүгд бол баярыг дагалдах үзэгдэл юм шүү. Хэтрүүлж бүү бодоорой.
5. Амттан
Асарт цаг өнгөрөөж болсон бол баярын талбайгаар алхан элдэв амттан эргүүлээрэй.
6. Зүрхэн жигнэмэг
Зүрхэн хэлбэрт амтат жигнэмэг дээрх Бавари маягийн хайрын захиа. Энэ баяраар зугаалангаа хэлж чадахгүй үгсээ, эсвэл байнга хэлдэг үгсээ бататган хүзүүнд нь зүүж өгөх боломж олгож байгаа юм. Хааяагүй зүрхэн жигнэмэг том, жижгээр нь хүзүүндээ зүүсэн хүүхэд багачууд, эрэгтэй эмэгтэй таарна.
Зүрхэн жигнэмэг дээрх гүнж, тэнгэр элч, хатан, ханхүү, хайрт минь зэргээс гадна өөр хөгжилтэй үгсээс дурдвал: "Чи бол миний адтай чөтгөр", "Намайг шийтгээч, гуйя", "Өнөө орой би ганц бие" гэх үгс
Миний цуглуулган дахь зүрхэн жигнэмэг. Заримыг нь тэсэлгүй идчихдэг юм.
7.Алсыг харагч
50 метр өндөр энэхүү алсыг харагч дээрээс баярын талбайг бүхэлд нь, цаашлаад Мюнхен хотыг харах боломжтой тул заавал суугаарай гэж зөвлөмөөр байна. 42 га нуга дээр сунан байрлах Октоберфестийн бүх асар, тоглоомуудыг дээрээс нь харах их сүртэй.
8. Тоглоом
Октоберфест бол идэж уух, дуулж бүжиглэхээр зогсохгүй багачууд томчуудгүй тоглон наадахад зориулагдсан газар юм. Ингээд миний хамгийн дуртай хэдэн тоглоомыг санал болгож байна.
Топ спин буюу усан эргүүлэгч. Агаар дээр хэд хэд эргүүлж байснаа гэнэт доороос усан оргилуур мэт ус гарч ирнэ. Тогловол арын эгнээнд суугаарай. Эхний эгнээнийх хэтэрхий нордог юм байна лээ. Ард суусан тулдаа үс л норсон. Үсээ гоё янзлуулсан бол дэмий байхаа. Усан хулгана болоод л бууж ирнэ.
Инээд хөөрийн байшин. Ийшээ заавал ороорой. Оронгуут олон өнгөөр туяарч, харах өнцгийг өөрчилдөг, цаасан нүдний шил өгнө. Тэр шилийг зүүмэгц зүгээр чигээрээ явахад ч хэцүү санагдана. Элдэв саадыг гэтлэх тул баримжаа авах гэж сонин хөдөлгөөнүүд хийн, гар хөлөө жирийн үеийнх шигээ эзэмдэж чадахгүйд хүрнэ. Үнэхээр хөгжилтэй байх болно, амлая. Заавал ороорой!
Энэ хоолой жишээ нь байнга эргээстэй, гарах хаалга юм. Үүгээр шилтэйгээ гарна гэвэл дотор нь өнхөрсөөр байгаад таарна. Зарим нь мундаг, хөл гараараа тэгнээд л гараад ирнэ. Би чадахгүй мөлхчихсөн.
Мэргэн бууддаг залуус энд шавайгаа ханатал буудаж, чихмэл тоглоом хожно доо.
Өөр нэгэн заавал тоглох тоглоом бол "Чөтгөрийн хүрд" хэмээх дараах тоглоом юм. Би энэ тоглоом хэрхэн явагдаж байгаа бичлэг фб хуудас дээрээ оруулна, үзээрэй. Тоглоом эхлэхэд жишээ нь "20-30 насны ганц бие бүсгүйчүүд хүрдэн дээр гараарай", эсвэл "залуухан бөгөөд царайлаг, ганц бие эрчүүд хүрдэн дээр гарна уу", заримдаа "аз жаргалтай хосууд хүрд рүү гарна уу" гэх мэтээр уриална. Ингээд хүрд эргэлдэж эхлэнгүүт овоорсон олон захаасаа хүрднээс унаж эхэлнэ. Хамгийн сүүлд үлдснийх нь дээрээс тэр зөөлөн бөмбөгөөр цохих юм уу, хоёр залуу олсоор ороож, тэнцвэрийг нь алдуулж, эцэст нь хүрдэн дээр хэн ч үлдэх ёсгүй тийм тоглоом юм.
Гулгах дуртай хүүхдүүдэд энэ шиг сайхан тоглоом алга
Олимпийн таван цагаригаар галзуу хулганаар эргэх үү?
Бороотойд ч хүн үл тасрах баяр
9. Эргэн дурсах "Хуучин нуга"
1810 оны аравдугаар сарын 17-нд Людвиг хаан, түүний сүйт бүсгүй Терезе гүнжийн хуримын баярт зориулан энэ нуга дээр морины уралдаан зохион байгуулсанаар Октоберфестийн тулгын чулуу тавигджээ. Гүнжийн нэрээр Терезийн нуга хэмээн нэрийдсэн энэ өлгий нутагт түүнээс хойш бараг жил бүр баяр наадам болсоор, зургаан жилийн өмнө 200 жилийн ойг тохиолдуулан "Хуучин нуга" дээр уламжлалт морины уралдаан зохиож, хуучны тоглоомууд, хөдөө аж ахуйн үзэсгэлэн зэргийг гаргасан юм. "Хуучин нуга" олонд их таалагдсан тул түүнээс хойш хадгалан үлдэхээр шийдэж, харин морины уралдаан дахин давтагдаагүй. Октоберфестийн 200 жилийн ойн энэ онцгой үеэр Мюнхенд байсандаа би их баярладаг. "Хуучин нуга" нь баярын том талбайг бодвол илүү тухлаг, чимээ багатай, эртний тоглоомуудыг хямд үнээр тоглох боломж олгодог. Октоберфестийн эртний хувилбарыг мэдрэе гэвэл ийшээ очоорой.
10. Энхийг эрхэмлэх баяр
Октоберфест өнөөг хүртэл жил бүр зохиогдож байгаа боловч Дэлхийн I, II дайн, эдийн засгийн хямралтай үеүдэд өнжиж байжээ. 1980 оны есдүгээр сарын 26-нд баярын талбай руу орох гол хаалганы орчимд бөмбөг тэсэрч 13 хүний аминд хүрч, олон хүнийг хүнд гэмтээсэн байна. Энэ бол уг террорист халдлагын хохирогч нарт зориулсан хөшөө. Өдгөө энхийг эрхэмлэдэг, энх тайвнаар зэргэцэн оршихийг хүсэгч хүн бүрд нээлттэй энэ баяр гэр бүл,найз нөхөд, хамт олны цугладаг газраас гадна 12 мянган хүн ажлын байртай болдог, эдийн засгийн асар том хөдөлгүүр юм.
10 зүйл онцлох гэж байгаад олон зурагтай, зуун юм оруулчихлаа. Гэхдээ та нарт Октоберфестийн талаар багахан ч гэсэн мэдээлэл өгч, сэтгэгдэл төрүүлсэн байх гэж найдаж байна. Дараагийн бичвэр хүртэл түр баяртай.
Kommentar schreiben
handaa (Dienstag, 27 September 2016 02:58)
yamar goe sonirholtoi zurag be zurag bolhon deer bas oor oor daashinztai garsan bn hoorhon bn
Unshigch (Dienstag, 27 September 2016 03:06)
Tanin medehuin olon medeelel oruulsan uneheer saihan niitlel bn. Unshihad, harahad Ikh taatai blaa. Bayarlalaa.
unshigch2 (Dienstag, 27 September 2016 19:26)
Medehgui olon zuil medej avlaa, Mash ih bayarlalaa. Chi shuu Chansy. Dirndl hemeeh huvtsas n uneheer degjin yumaa.