Та нарт миний ханан дээрх зураг таалагдаж байна уу? Үүнийг хийхэд маш амархан гэвэл итгэх үү? Би зураг зурах авьяастай биш, зургийн хичээл авч байгаагүй. Гэхдээ сонирхлоороо, завтай үедээ бийр будагтай холилдох дуртай. Зураг зурахаар толгой ямар сайхан амардаг гээч, элдэв бодлууд бүгд сарниж, гагцхүү хийж буй зүйлдээ төвлөрдөг. Мэргэжлийн хүнд бол хараад шууд гологдох байх. Гэхдээ,чи өөртөө эсвэл хэн нэгэнд зориулж, өөрийн гараар, сэтгэл гарган ямарваа нэг зүйлийг хийнэ гэдэг үнэ цэнтэй, амттай байдаг. Чаддаггүй зүйлээрээ оролдоно гэдэг бас л нэг төрлийн ололт юм шүү. Иймд, хэрэв энэ зураг таалагдаж байвал, миний зааврын дагуу заавал оролдож үзээрэй. Өөрийгөө битгий голоорой. Нүдний контураа тэгш татаж чаддаг бол чамд зурах чадвар бий. Анх тэгш татаж чаддаггүй байсан ч, удаа дараа түрхсээр байгаад мундаг буддаг болсон найзаа би мэднэ. Тэгэхээр аливаа юманд тууштай хандаж, оролдлого байнга хийснээр ямар ч чадварыг бий болгодог гэдэгт итгээрэй. Тэгээд ч бид зураач болох гээгүй, зүгээр л өрөөнийхөө хананд сарнай ургуулъя гэж байгаа шүү дээ. Ханцуй шамлаад, хийгээд үзээрэй.
Ашиглагдах зүйлс:
-Зотон даавуу
-Өргөн, нарийн багстай хоёр бийр
-Акрил будаг
Заавал зотон даавуу гэлгүй цаасан дээр зураад, жаазлаж болно. Акрил будаг хатсаныхаа дараа усанд урсдаггүй, тосон будгаас арай хямд тул би үргэлж сонгодог.
Сарнайгаа ноорог цаасан дээр эхэлж туршиж үзэх тул хажуудаа ноорог бэлдээрэй. Өнгөний хувьд ямар өнгөтэй сарнай зурмаар байна тэр өнгө, цагаан будаг хоёр байхад л хангалттай. Дараах зурган дээрх шиг өргөн, нарийн хоёр багс байхад болно.
Би энд туршилт хийж, янз бүрээр ноороглосон байгаа нь
Миний зурсан сарнайнууд маш амархан. Ердөө гуравхан үе шаттай. Эхлээд өргөн багсаараа, зөөлөн өнгөөр, ямар хэмжээтэй сарнай зурмаар байна тийм хэмжээнд дугуйлж, битүү тойрог мэт болгоно. Ингэхдээ гаднах хүрээг тэгш бус, бага зэрэг өөтэй байхаар зураарай. Амьд сарнайн өнгө зөөлөн, гүн холимог байдаг тул тойргоо зурахдаа будгаа усаар шингэлж, олон уусмал өнгө гаргавал гоё болно.
Одоо энэ зөөлөн өнгөт тойрог дэвсгэрийнхээ голд арай тод өнгөөр жижиг тойрог давхарлаж тавьж өгнө. Харахад, голдоо гүн өнгөтэй, бөөрөнхий цэгтэй, зөөлөн өнгөт тойрог үүссэн байна. Ингээд, нарийн бийрээрээ, тод өнгийг, цагаантай хольж, жижиг тойрог дээрээ С үсэг, уг С үсгийнхээ талаас эхлүүлэн, түүний өөдөөс харсан, буруу харсан С үсгийг зурж буй мэтээр, ороомог маягаар хэд хэд давхарлаад л болоо.
Сарнайн голыг тод өнгөөр, дээрээс нь будгаа зузаавтар аваад, С , буруу харсан С шиг л нарийн бийрээрээ зураад байна.
Сайн ажиглавал, ердөө зөөлөн дэвсгэр дээр голд нь гүн өнгөөр л ороомог маягаар зурсан байгаа биз?
Эцэст нь бийрээ цаасан алчуураар хуурай арчаад, цагаан өнгийг дангаар нь авч, гүн С үсэгнүүдийнхээ хажууд ганц хоёр гэрэлтүүлэг маягаар зурж өгнө.
Энд, улаан сарнайн дээр цагаанаар ороомог маягаар дундуур нь зурж гэрэлтүүлсэн нь тод харагдана.
Сурагч ягаан өнгөө усаар шингэлээд, эхлээд дэвсгэр тойргоо тавьж байгаа нь. Дараа нь усаар шингэлээгүй, уг өнгөөр нь гүн, жижиг тойргийг голд нь тавьж өгөөд, дээрээс нь нарийн бийрээрээ ороомог зураад л болоо.
Эцэст нь хуурай арчсан, нарийн бийрээр дан цагаан өнгөөр ороомог маягаар, завсраар нь гэрэлтүүлж байгаа нь
Ингээд л, өөрийн дураар, олон өнгөөр эсвэл нэг өнгөөр дагнан, том жижиг, янз бүрээр зурна даа. Миний зотон даавуу их том болохоор, оройжин зурж байж, сарнайгаар дүүрсэн. Зураг зурахаар тэвчээр гэдэг зүйлийг бага хэмжээгээр ч болов сурдаг.
189 сарнай, бараг дөрвөн цаг сууж байж бэлэн болсон. Унтах минь
Өглөө босч ирэхэд, хатчихсан, өдрийн гэрэлд илүү тод харагдаж байсан.
Одоо сарнайн дэвсгэр дээрээ ямар бичиг тавьмаар байна, түүнийгээ интернетээс зураг хэлбэрээр хайж олоод, А4 хэмжээтэй цаасан дээр үсэг, үсгээр нь хэвлэж гаргана. Кристиан Диор сарнайнд дуртай, сарнай Диор хоёр шууд нэр холбогддог болохоор би энийг сонгосон. Та нар дуртай үгээ, хүний нэр зэргийг буулгаж болно.Хэвлэж гаргасан үсгээ зүсэж, дэвсгэр дээрээ байрлуулан, балын харандаагаар хүрээлж өгнө.
Үсгээ будахдаа, доорх сарнайг нь муухай болгохгүйн тулд, мөн тэгшхэн буулгахын тулд зориулалтын наадаг туузыг шугам шиг тогтоож өгнө.
Ийм тууз их амар, зурж дууссны дараа татаад л авна. Хэрэв илүү гаргаж зурах ч юм уу будаг дусаасан бол цаасан дээр л болох хэрэг
Би ихэнхдээ өргөн багсаар гол хэсгийг будаад, нарийнаар захын хэсгүүдийг буддаг. Алдаа гаргахгүй гэснээс тэр. Бүдүүн багсаар нэг хажуу тийш нь нялахад л хайран сарнайнууд минь болно шүү дээ.
Ингээд бэлэн болсон байгаа нь
Хоосон ханад өнгө оруулж өгөөд, сэтгэл сэргээм.
Миний чимэглэл та нарт таалагдаж байна уу? Би цагаан тавилга, дан өнгийн дотоод засалд дуртай. Эрээн мяраан деко зүйл тавьж өнгө оруулахад урамтай байдаг юм Энэ орны толгой, гэрэл ИКЕА-гийнх.
Сарнайгаа та нар заавал томоор биш жижиг цаасан дээр ч хамаагүй туршиж үзээрэй. Зурсан хувилбаруудаа над руу фб хуудсаар минь эсвэл инстаграмд @Chansy_Dash #chansysdeskdeko аргамж хийж хуваалцвал би баярлана шүү.
Дараагийн бичвэрээр уулзацгаая,
Kommentar schreiben
Chimgee (Donnerstag, 27 Oktober 2016 19:04)
Yostoi goy haragdaj bn! Sarnain yostoi amarhan zurj bnA shu
Bolor (Donnerstag, 24 November 2016 06:27)
Ямар гоё юм бэ. Өрөөний аксессуарууд бас гоё юмаа
Очмаа (Samstag, 20 Oktober 2018 07:14)
танд энэ өдрийн мэнд, Ийм сайхан блог байдгийг санаандгүй олж харлаа,
Та их бүтээлч нэгэн юм, Таны блогоор зочлоод хурцлагдан гарлаа,