Одри Хепбёрнг анх яаж мэддэг болсон гээч? Ээж минь намайг арван жилд байхад нэг удаа "орос" дээр том нүдтэй, хөөрхөн гэхдээ зөрүүд гүнжтэй кино гарсан тухай хэлсэн юм. "Ромд өнгөрүүлсэн амралт" кинон дээр Анн гүнж "яагаад заавал унтлагын хувцас өмсөх ёстой юм" гэж унтууцан, унтахын өмнө сүү уухгүй хэмээн зөрүүдэлдэг хэсэг нь намайг санагдуулж л дээ. Би ч, тэр "яг над шиг буруу ааштай, зөрүүд" гүнжийг бушуухан олж үзэхийг хүсч байв. Нэр нь анх сонсоход тогтоохын аргагүй хэцүү, алаг нүдэн, үзэсгэлэнтэй жүжигчний тухай хожим би интернэт кафед суунгаа англиар уншиж, тоглосон кинонуудыг жагсаан бичиж байсан юм. Интернэтийн хурд тухайн үед асар удаан, бас нэг цаг суухад хөөрхөн үнэтэй байсан санагдана. Сүүлд харахад уг жагсаал дээрх бүх киног цуглуулгадаа багтаажээ. Миний хамгийн хайртай жүжигчин, үлгэр жишээ, сайхан бүсгүй. Тоглосон кино бүрээс нь гадаад үзэмж, байдалд нь, харин түүний тухай бичсэн ном, дуртатгалаас дотоод үзэсгэлэн, зан ааш, төлөв даруу, соёлтой байдалд нь татагдсаар ухаангүй хайртай болсоон түүнд. Маргаангүй хөөрхөн, дээр нь олон сайхан зан чанартай байна гэдэг бахдмаар биш гэж үү? Одрид дуртай охид бүсгүйчүүд олон байдаг болохоор цуглуулга дахь киногоо хуваалцъя гэж бодлоо.
1. Ромд өнгөрүүлсэн амралт. (Roman Holiday) Одригийн анхны гол дүр бүтээсэн кино. 1952 онд энэ кинонд тоглох хүртлээ Одри, тайзны жүжиг, кинонд жижиг дүрүүд бүтээж, Бродвейн тайзнаа "ЖиЖи"-д амжилттай тоглож байжээ. Найруулагч Виллиам Вайлер Одриг төрөлхийн гүнж мэт үзэсгэлэнтэйгээс гадна Ромд анх очиж буй жирийн нэгэн охин хэрхэн хөөрч, баярладаг вэ,чухам тэр сэтгэгдлийг үзэгчдэд дамжуулж чадсан гэж магтсан байдаг. Грегори Пек энэ кинонд тоглох эсэхээ шийдээгүй, эргэлзэж байх үед нь найруулагч, Одригийн тест бичлэгийг үзүүлж, зөвшөөрүүлж чадсан гэдэг. Киноны нэрний дээр, өөрийн нэрний хажууд Одригийн нэрийг байршуулахыг Пек хүсэхэд агент нь "Нэр чинь томоор бичигдэх хүртэл чи ямар их зам туулсан гээч, яагаад ингэж байгаа юм" гэхэд "Наад охин чинь анхны дүрээрээ Оскар авах нь. Нэр нь тэр доор жижгээр, тэгээд Оскар авахад би хаашаа харах уу" гэжээ.
Ром явахын өмнө брускетта юм уу пицца хийж идэнгээ энэ киног үзэхэд итали уур амьсгал ороод л явчихна. Та нар Ром очихийг хүсдэг бол энэ киног заавал үзээрэй. Миний хамгийн дуртай хэсэг: Анн гүнж, сэтгүүлч Жое хоёр Пантеоны дэргэд задгай кафед сууж байхдаа ярилцаж буй хэсэг. Уух зүйл захиалахад Анн хэнэг ч үгүй оргилуун дарс гэнэ. Жоегийн асуулт бүрд үнэнээ хэлэхгүйгээр, бас худал хэлэхгүйгээр аятайхан хариулж байгаа нь хөөрхөн.Энэ дүрээрээ Одри шилдэг эмэгтэй гол дүрийн Оскарын шагналыг 24 насандаа хүртсэн. Киноны нээлтийн дараа, 1953 оны есдүгээр сард Одри "Тайм" сэтгүүлийн нүүрнээ заларч байж. Түүнчлэн, Лондон хотноо болсон нээлтийн үйл ажиллагаан дээр хамтран тоглогч Пек түүнд нэгэн жүжигчин найзаа танилцуулсан нь хожим, жил гаруйхан хугацааны дараа гэрлэх, хань Мел Феррер байв.
"Испаний шат" хэмээх энэ газар хийх зураг авалтын үеэр 10 000 гаруй хүн цугларсан нь тухайн үед их хүндрэл учруулж байсан гэдэг. Би Ромд очихдоо Анн гүнжийн мөрөөр л аялаад байлаа.
2. Эхний кино амжилттай болонгуут дараагийн саналууд их орж ирсэн нь мэдээж. Одригийн дараагийн кино "Сабрина" миний хамгийн дуртай киноны нэг. Энэ кинонд тоглосноор Одри хоёр чухал найз буюу амьдралын турш үргэлжлэх, үнэнч нөхөрлөлтэй учиржээ. Нэг нь уг киноны найруулагч Билли Вайлдер. "Найруулагчийн баяр баясгалан" гэж Одриг нэрлэдэг байсан тэрбээр энэ бүтээлээрээ шилдэг киноны шагнал хүртэж байсан. Хожим Одри түүнтэй дахин киногоор нь холбогддог. Хоёр дахь найз нь Живонши. Билли Вайлдерийн эхнэр Европт дэлгүүр хэсэнгээ Үбер Живонши гэх нэр Францад шууруулж байгаа тухай сонссоноо нөхөртөө хэлж, анхаарлыг нь хандуулснаар Сабринагийн Парисаас эргэж ирсний дараах хувцаслалтыг загвар зохион бүтээгч Живонши хариуцсан байна. Одриг Парис явуулж Живоншитэй танилцуулснаар тэр хоёрын нөхөрлөл эхэлжээ. Хэдийгээр Сабринагийн олонд түгсэн гоёмсог үдшийн даашинз, дэгжин хослолууд Живоншигийн бүтээл байсан ч кинонд Эдит Хед костюм дезайнераар дангаараа дурдагддаг. Сабринагийн аав Фэйрчайлдийн дүр надад их таалагддаг. Хамгийн дуртай хэсэг: Сабрина машинд явж байхдаа La vie en rose дуулдаг хэсэг. Девид өөрийг нь тоохгүйд амиа хорлох гэж байсан тэнэгхэн охин Парисаас өөртөө итгэлтэй, дэгжин бүсгүй болж ирээд, Девидийг алмайруулж байгаа хэсэг их гоё. Мөн аав нь: Тэнгэрийн одод бүү санаарх даа охин минь гэхэд "Тэнгэрийн од өөрөө над руу айсуй" гэж хариулж байгаа нь, Парисаас аавдаа захидал бичих гээд ширээндээ цэх сууж байгаа зэрэг хэсгүүд нь сэтгэлд хоногшжээ. Тогоочийн курсын багшийн дүр их хөгжилтэй. "Хэт өндөр, хэт нам, хэт том, хэт сул" гээд л алхаж байгаа нь бүр инээд хүргэдэг. Миний хувьд зайлшгүй үзэх ёстой сонгодог кинонуудын нэг.
Дотроо гурван кино агуулсан ийм хайрцаг анх авчихаад бараг өвөртөлж унтаагүй байх хэхэ
3. Дэлхийн утга зохиолын дээж, Толстойн "Дайн ба энх"-эд дуртай бол энэ киног заавал үзээрэй. Одри Мел хоёр энэ киноны зураг авалтын (1955) өмнөхөн гэрлэсэн. Мелтэй анх танилцахдаа Одри, танилцсанд таатай байна гэдгээ илэрхийлээд, хэрэв хамтран тоглох кино таарвал надад хэлээрэй гэж байсан гэдэг. Тэр захиас нь биелэлээ олсон нь энэ.Хамтран тоглосон анхны кино. Цайлган, цовоо Наташагийн дүрийг Одри бүтээсэн. Бүжигт наадмаас цөвүүн цагт шилжих тэр үеийн зураглал, хоёр өөр Наташа. Яагаад ч юм энэ киног үзэхээр "Салхинд туугдагсад" бодогддог. Зайлшгүй үзэх сонгодог киноны тоонд зүй ёсоор орно.
4. "Funny Face" киноны зураг авалт 1956 онд эхэлжээ. Одри багаасаа балетеер хичээллэдэг, бүжигчин болохыг мөрөөддөг байсан боловч хэтэрхий өндөр нуруутай тул нэг бол партнёр таарахгүй, нэг бол бүлэг бүжигчдээсээ ганцаараа сондгойроод байдаг байсан аж. Дайны үеийн өлсгөлөн бие махбодь, булчингийн хөгжилд нь сөргөөр нөлөөлснөөр, яаж ч хичээгээд гоцлол бүжигчин болох мөрөөдөл нь бүтээгүй гэдэг. Энэ мюзикл кинонд тоглохдоо Одри маш дуртай байсан нь ойлгомжтой. Хамтран тоглогч Фред Астейр Одригийн хүүхэд насны шүтээн төдийгүй тухайн үед бүх эмэгтэйчүүдийн хайрыг булаасан бүжигчин, жүжигчин. Одри энэ киноны бэлтгэл гэж бүжгийн хичээлд олон цаг зарцуулжээ. Парис, загвар, бүжиг, ягаан өнгө гээд гоё зүйлс хосолсон кино. Алдарт зурагчин Ричард Аведоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэдэг. Хамгийн дуртай хэсэг: Загварын сэтгүүлийн редакц дээр Жо навсайсан хувцастай, ном авчирч байгаа хэсэг. "Чөтгөр Прада өмсдөг" киноны Андреаг Жогийн дүрээс улбаалсан мэт. Дуунууд нь тийм ч гоё биш, гэхдээ бүжиг, костюм, тайзны засалтууд, мэдээж Парис хот хамгийн гоё. Парис явахаасаа өмнө үзэхэд бас л хөөрхөн сэтгэл хөдөлнө дөө.
5. Love in the afternoon. Одригийн тоглосон кинонуудаас миний хамгийн дуртай кино. Кино эхэлсэн өгүүлбэрээс төгсөх хүртэл бүх яриа нь гоё. Хөгжилтэй, гунигтай, хөнгөн романтик кино. Ахимаг насны, хүүхэмсэг эрд дурласан залуухан охин. Уран зөгнөлтэй, хөгжилтэй зан аашаараа мань эрийг харин ч нэг хашрааж, хайхрамжгүй байдлаас хардахад хүргэж чаддаг. Гэвч эцэст нь үнэн сэтгэлээр уйлаад л гүйнэ. Инээлгэдэг, бас уйлуулдаг кино. Галт тэрэг хөдлөх үеийн хэсэг дээр би асгартал уйлдаг. Цагаан бээлийтэй, цагаан цэцэг барин үдэх охины төрх. Би тэр зургий нь ханандаа өлгөснийг блог уншигчид минь мэдэх байх. (ханан дээрх галерей бичвэр)
6. "Гэлэнмаагийн түүх" (A nun's story) киноны ном гурван сая хувь зарагдсан, алдартай зохиол байжээ. Энэ кинонд тоглохын тулд Одри жинхэнэ гэлэнмаагаас суралцаж, зохиолчтой тулж ажиллаж байсан төдийгүй өдөр тутмын амьдралыг нь ойроос мэдрэхийн тулд сүмд амьдарч, Конго голын дунд орших арал дээр туршлага судалсан байна. Тухайн үед Белгийн колони байсан Конгод, чийглэг халуунд, хүнд нөхцөлд олон хоногоор зураг авалт хийжээ. Найруулагч Фред Циннеман "Одри шиг сахилга баттай, эелдэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүн би хараагүй. Оскарын шагналтай, алдартай жүжигчин мөртлөө "Би" гэх эрмэлзэл үгүй, тусгайлан тавих хүсэлт үгүй, бусдыгаа хүндэлдэг" хэмээсэн байдаг. Одригийн хувьд энэ кинонд элдэв будаг шунх, загварлаг хувцас үгүй, зөвхөн жүжиглэх чадвараа л харуулсан дүр болохоор маш их хичээсэн, хайртай дүрүүдийнх нь нэг аж. 1959 онд нээлтээ хийсэн уг киноны орлого Варнер Бросын түүхэнд хамгийн өндөр байж, эерэг шүүмж дагуулжээ. Гэлэнмаа Лукас (Sister Luke) Одригийн бүтээсэн дүрүүдээс хамгийн шилдэг нь гэж үнэлдэг. Хамгийн дуртай хэсэг: Хүнд өвчтөнд яаралтай тусламж хэрэгтэй үед, залбирах цаг нь таарч байгаад итгэл, үүрэг хоёр нь мөргөлдөж буй гэлэнмаагийн аргагүйдэл. Маш гүн сэтгэгдэл төрүүлнэ.
7. 1960 онд кино зураг авалт эхлэхэд Одри ээж болчихсон, 30 настай байж. Киноны бүхий л рекордыг эвдсэн "Тиффани дахь өглөөний цай" Одригийн дараагийн кино. Энэ киноны тухай тусад нь, дангаар нь бичвэр оруулвал дээр байх. Учир нь би Труман Капотегийн романыг болон энэ киноны тухай ном, олон мэдээллийг уншсан. Энд хуваалцвал дуусашгүй урт юм болох байх. Тэгэхээр энэ киноны бичвэрээр эргээд уулзацгаая нэг өдөр.
8. The children's hour. Германаар киног голыг нь олоод орчуулчихдаг нь гайхамшигтай. Худал хэл амны хор уршгийг харуулсан кино. Надад нээх таалагдаагүй. Гэхдээ Одригийн бүтээсэн өвөрмөц дүрүүдийн нэг. Хоёр багш найзыг лесби харилцаатай гэсэн гүтгэлэгийн улмаас үүсэх драма. Энэ зохиол кино болохоосоо өмнө 1930-аад онд жүжиг болж дэглэгдсэн нь зарим хотуудад хориотой байжээ. Хаалттай сэдвийг зориуд асуудлын төв болгосон энэ киног нэг үзсэн байхад зүгээр л санагдсан.
9. Paris, when it sizzles. Кино зохиол бичих ёстой зохиолч онгод нь орж өгөхгүй, залхууран амрах ба түүний бичигдээгүй зохиолыг буулгах ёстой бичээч Габриел хоёрын тухай хөгжилтэй кино. Одри буцаад дэгжин дүр бүтээсэн нь энэ. Жоохон "панаал"-тай л болохоос хөөрхөн кино. Герман хэлээр олдоогүй, би эх хувиар нь авсан. Кинонд анх удаа олны танил хүнд зориулагдсан сүрчгийг танилцуулан бичсэн тохиолдол гэх бөгөөд Живоншигийн Одрид зориулсан "L'inderdit" сүрчгийг дурдсан байдаг аж.
10. 1963 оны шилдэг кино. "Зул сарын баяраар хүсэх ганц юм бол Одри Хепбёрнтэй дахин кинонд тоглох" гэж түүний хамтран тоглогч Кэри Грант хэлжээ. Одри таарсан хүн бүрт сайхан сэтгэгдэл төрүүлдэг нь гайхалтай. Хамтран ажиллсан найруулагч заавал дахиж кинонд тоглуулна, хамтран тоглогсод нь үргэлж магтана, киноны арын ажилчид бүгд түүнд сайн болдог нь үүнийг батална. Энэ киноны хамгийн дуртай хэсэг: нөхрийх нь оршуулга дээр ар араасаа орж ирэх этгээдүүд. Мөн хувцаслалт нь үнэхээр гоёо.
11. "Миний үнэнч хатагтай" бол маргаангүй шилдэг кино. Энэ киног хийхээс өмнө уг зохиол нь тайзны жүжиг, мюзикл хэлбэрээр амжилттай тавигдсан бөгөөд Элайзагийн дүрд Жюли Эндрюс тоглож байжээ. Броудвейд 2000 гаруй удаа Элайзагийн дүрийг бүтээсэн Жюли Эндрюс гэвч дэлгэцийн кинонд тоглож байгаагүй, туршлагагүй нэгэн байж. Киног хийгч маш их хөрөнгө зарж байгаа болохоор ямар ч туршлагагүй хүнийг гол дүрдээ тоглуулах эрсдэл хийх хүсэлгүй байсан тул Одрид санал тавьсан байна. Энэ дүр бол Жюли Эндрюсийн зүй ёсны дүр гэж үздэг Одри чухам энэ шалтгаанаар эхэндээ татгалзжээ. Тэр ч бүү хэл, оройн зоог зохион байгуулж, Жюлиг энэ кинонд тоглуулахыг зарим нэг нөлөө бүхий хүнд ятгаж байсан гэдэг. Эцэст нь Жюлиг тоглуулахгүй нь тодорхой болж, өөр жүжигчнийг хайж эхлэхэд Одри зөвшөөрсөн аж. Эндээс Одригийн зан ааш дахиад харагдана. Хүний юмыг булаахгүй, өрсөлдөхгүй, харин ч дэмжиж байгаа нь түүний сайхан сэтгэлийн илрэл юм. "Миний үнэнч хатагтай" мюзиклийн үндэс болсон Жорж Бернард Шоугийн "Пигмалион" (1912) зохиолоос сэдэвлэн 1914-1987 он хүртэл нийт таван Броудвей шоу, есөн удаа дэлгэцийн кино, зурагтын бүтээл гаргаж байсан гээд бод доо. Ямар зохиол болоод нийгэмд ийм хүртээлтэй байж таарах уу?
Кино ч амжилттай болж Оскарын 12 төрөлд нэр дэвшиж, найман Оскар хүртсэн байна. Киног бүтээхэд зарцуулагдсан төсөв 17 сая доллар байсан бол уг киноноос олсон орлого 72 сая доллар болжээ. Одри энэ кинонд хэдий хүсч, хичээж байсан ч өөрөө дуулж чадаагүй, дубл авч байж. Хамгийн дуртай хэсэг: хэл зүгшрүүлэх дасгал хийж байгаа бүх хэсгүүд, морины уралдааны үеэр хашгирч байгаа хэсэг, Проф. Хиггенсд хариу барьж, зэмлэн дуулж байгаа хэсэг. Ер нь бүгдэд нь л дуртай. Зах дээр цэцэг зардаг, орилоо, муухай хэлтэй хүүхнээс зөв, сайхан хэл яриатай, биеэ авч явах соёл эзэмшсэн, үзэсгэлэнт бүсгүй болж байгаа хувирал маш гоё. Аливаа хэл, ярианы ач холбогдлыг сайн харуулсан кино. Заавал үзээрэй гэж захих байна. Сонгодогийн сонгодог бүтээл.
12. Нэг саяыг хэрхэн хулгайлах вэ? Хөгжилтэй, загварлаг, хөнгөн кино.Нөгөө л өмнө нь хамт ажиллаж байсан найруулагч Виллиам Вайлерийн бүтээлд гол дүр бүтээсэн нь.
Харин энэ бол Одригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино. Женнифер Л.Хевитт хэдий хөөрхөн жүжигчин боловч Одриг өөр хүнээр орлуулах боломжгүй нь тод харагдсан. Түүнээс биш агуулгын хувьд гоё кино.
Ингээд миний цуглуулга дууслаа. "Замын хоёр" кино нь уг нь байсан, хэн нэг нь зээлж аваад буцааж өгөөгүй. Одрид дуртайг минь эргэн тойрныхон бүгд андахгүй. Түүнтэй холбоотой бүх л зүйлийг сонирхдог болохоор хүмүүс ч мэдээлэл сайн өгнө. Нөхрийн хамт ажилладаг залуугийн ээж нь Одригийн кинонуудыг Мюнхенд гаргах гэж байгаа тухай сониноос уншсанаа хайчлаад надад өгүүлсэн юм. Ажлаасаа ирэхдээ надад авчирч өгсөн, манай хүн. Хадам ээж минь яг тэр сонингийн нийтлэлийг бас шуудангаар явуулж байсан, инээдтэй. Тэр үед цуглуулгадаа байхгүй, бусад жижиг дүр бүтээсэн кинонуудыг бүгдийг үзэж амжсан даа.
За ингээд Одригийн улаан фен нь бичвэрээ өндөрлөе. Та нарт ямар кино нь таалагддаг вэ? Хамгийн дуртай хэсгүүд нь юу вэ? Энэ талаар сэтгэгдлээ хуваалцаарай, дараагийн бичвэр хүртэл түр баяртай, сониуч зүрхнүүд ээ!
Kommentar schreiben
Chimgee (Samstag, 19 November 2016 20:17)
bayrlalaa saihan bichjee ! Frühstück bei Tiffany -n tuhai bichlegiig n tesen yadan huleey :)
khandaa (Sonntag, 20 November 2016 04:06)
mundag jujigchin bas ih hoorhon er ni ta 2iin ingeed harsan chin tostoi bn shuu amjilt az jargal naiz min
Tselmeg Naranbaatar (Montag, 21 November 2016 02:48)
Ymar goy bicheevee , Bagadaa Kinonuudiig n uzcheed iim palajtai bolohiimsan gej ih nuruuddug baij blee hehe bagiin dursamjiig sedreev , Amjilt
Гэрэлмаа Энхжин (Montag, 21 November 2016 05:59)
Wow bayr xvrgiy
altantuul (Montag, 21 November 2016 06:27)
mash goe bichjee iluu goe ulam ihiig bicheerei. Tomoos tom amjilt
Chansy (Freitag, 02 Dezember 2016 22:57)
Сэтгэгдлээ хуваалцсан бүгдээрэнд нь баярлалаа
Oyun (Montag, 03 April 2017 05:57)
Sabrina-г үзэх дуртай.. Яагаад ч юм Жулия Ормондын хувилбараас хэдэн зуу дахин илүү болсон юм шиг санагддаг.. Бас - My fair lady- таалагддаг..
Zaya (Mittwoch, 24 Januar 2018)
Audrey Hepburn-d mash durtai, uuriin tani gargasan jagsaaltiin daguu buh kinog ni dahij uzsen, terhuu medremjiig dahin sergeej ugsund bayarlalaa, Uneheer saikhan bsan
Baaska (Donnerstag, 29 November 2018 06:27)
Iim goe niitlel bichsend ih bayrlalaa. Ta ih oilgomjtoi goe bichjee. Dahiad kinonudg ni uznee.