Германд зул сарын баярын өмнө ихэнх гэр бүл хавтгай жигнэмэг хийж, уутлан найз нөхөд, хөрш зэрэгтээ тараадаг уламжлалтай. Халуун ам бүлээрээ юм уу найз нөхдөөрөө өдөржин ширээ тойрон сууцгааж, баярын уур амьсгалыг мэдрэнгээ есөн жорын жигнэмэг хийдэг юм. Дугуй, дөрвөлжин, од хэлбэртэй байх нь элбэг. Өнгөрсөн жил би нэг хэвийн бус, ганган жигнэмэг хийх юм болоод л хэдэн хэв захиалсан боловч залхуураад хийгээгүй. Энэ жил харин энэ хэдийгээ хэрэглэж үзье гэж бодоод амралтын өдөр гал тогоондоо эргэлдэв. Хамгийн түгээмэл гэгдэх хоёр төрлийн жигнэмэг хийснээ сонирхож магад гээд та нартайгаа жорыг нь хуваалцлаа. Би гал тогооноос илүү ширээндээ сууж байх дуртай болохоор, хурдан дуусгах санаатай, хийхэд хамгийн хялбар хоёр төрлийг сонгосон. Гэтэл оройжин үргэлжилдэг юм даа.Гэхдээ чимэглэх нь гоё байсаан.
Миний захиалсан хэвүүд. Германд амазон, и-бей цахим дэлгүүрүүдээс захиалах боломжтой. Тус бүр 2-4 евроны үнэтэй.
Эхний жигнэмэг нь хазахад бутран унадаг болохоор юмуу эсвэл зуурмаг гурил нь манайхаар бол дутуу зуурсан гурил шиг бутархай болохоор тэр үү, үгчлэн орчуулбал "бутархай гурилан жигнэмэг", би "Үйрмэгхэн" жигнэмэг гээд нэрлэчихье. Буузны гурил шиг зөөлөн бус, элдэхэд сунадаггүй болохоор тэгж нэрлэдэг байх.
Орц:
500 г гурил
300 г элсэн чихэр
250 г цөцгийн тос
1 өндөг
Чимх давс
Цомхон байгаа биз?
Хийхэд маш амархан. Орцонд байгаа бүх зүйлээ миксерт хийж холих юмуу гараар зуурч болно. Нийлүүлж хэд нухаад, гялгар цаасанд боон, хөргөгчинд 30 мниут амраана. Зуухаа 180°C халаана. Амраасан зуурмагаа дөрөв хуваана. Нэг нэгээр нь дөрвөн мм зузаантай элдэж хавтгайлаад, хүссэн хэвээ гаргаж аваад л болоо. Элдэхдээ доор нь бага зэрэг хуурай гурил тавьж өгнө.
Хэв гаргаад илүү гарсан хэсгүүдийг нийлүүлээд дахин элдэж, хавтгайлаад шинэ хэв гаргасаар байгаад ард нь гарна даа.
180°C хэмд 10-12 минут шаргал өнгөтэй болтол нь зууханд хийнэ. Болсных нь дараа хэсэг хугацаанд заавал хөргөж байж авахгүй бол хугарахдаа амархан.
Дараагийн жигнэмэг арай илүү ярвигтай. (Миний л хувьд шүү, тэрнээс энд хамгийн амархандаа орно). "Шанцайт од" гэх энэ жигнэмэгийг би одноос бусад хэвээр хийсэн. ^^
Орц:
400 г элсэн чихэр
2 шанцай
500 г бүйлс
2 амны халбага зөгийн бал
3 ширхэг өндөгний цагаан
Эхлээд 100 г элсэн чихрийг миксерээр нунтаг болгоно. Эсвэл 100 г нунтаг элсэн чихэр бэлэн хэрэглэсэн ч болно. Үүнийгээ нэг аяганд хийж түр хойш тавина.
Үлдсэн 300 г элсэн чихрийг, шанцайтай хамт нунтаглан, аяганд хийнэ. Шанцай олдохгүй бол бэлэн амтлагчаар орлуулж болно.
Би шанцай олоогүй тул зул сарыг санагдуулам амтлагч сонгосон.Бүйлс ч мөн адил нунтаг хэлбэрээр бэлэн авч болно.
Ингээд миксертээ бүйлсээ хийж нунтаглаад, шанцайтай нунтаг чихрээ нэмнэ. Зөгийн бал, хоёр өндөгний цагаанаа дээрээс нь хийж, сайтар хутгаад эцэст нь гараараа нухаж, зуурмагаа бэлэн болгоно.
Энэ зуурмагийг амраах шаардлагагүй шууд эхэлнэ. Бага багаар таслан аваад, гурилийн модон дээр гялгар цаас, зуурмагийн дээр гялгар цаас тавьж элдэнэ. Эс тэгвэл зөгийн балтай, өндөгтэй учир наалдаад заваарч өгнө. Миний хувьд гялгар цааснаас илүү жигнэдэг бор цаас хэрэглэхэд хялбар байсан. Манай элдүүрийг хар даа, хоёр талын бариул нь салаад уначихсан хэхэ.
Дуртай хэвээ гаргаж, бэлтгэнэ.
Түр хойш тавьсан нунтаг элсэн чихрийг, нэг өндөгний цагаантай хольж, хөөсөртөл нь миксердэнэ. Сироп мэт өтгөвтөр болох ёстой. Үүнийгээ жигнэмэг дээрээ багсаар түрхээд 150°C хэмд 12-14 минут зууханд болгоно.
Сайтар хөргөөд, жигнэмэгүүд чимэглэхэд бэлэн болно доо. Чимэглэх нь хамгийн зугаатай.
Хүнд өгөхөд бэлэн
Энэ хоёр хөөрхөн савыг найз охин маань надад бэлэглэж байсан юм. Томыг нь жигнэмэгээр дүүргэсэн.
Жижиг нь миний хүүгийнх :) Одоохондоо чихэрлэг зүйл өгөх болоогүй учир, найрлагадаа ямар ч чихэр, химийн амт, бодисгүй, нярайн жигнэмэгээс ганц хоёрыг хийчихсэн. Хөөрхий амьтан.
Энэ хэв хамгийн их таалагдсан. Аяганд сэнжилж болдог жижигхэн зүрх
Миний зул сарын жигнэмэг нэг иймэрхүү. Та нарт таалагдсан бол туршиж үзээрэй. Хэрэв өмнө нь уншаагүй бол, зул сарын баяр Мюнхен хотод хэрхэн өрнөдөг тухай бичвэрийг эндээс уншаарай. Дараагийн бичвэрээр тун удахгүй уулзацгаая,
Kommentar schreiben