Энэ бол үндсэн мэргэжлийнхээ шугамаар, багштайгаа хамтран бичсэн анхны ном билээ. "Сониуч зүрх" номоос жил гарангийн өмнө хэвлэгдсэн. "Герман нь эрүүгийн эрх зүйн арвин туршлагатайн дээр эх газрын эрх зүйн системийг тэргүүлэгч улс тул ялангуяа Монгол улсын хувьд эрүүгийн эрх зүйн хөгжилд үлгэр загвар болохуйц олон чухал үнэт зүйлс агуулдаг" хэмээн редактор, МУИС-ийн хууль зүйн сургуулийн, тухайн үеийн эрүүгийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч Проф. Док.Д.Баярсайхан өмнөх үгэндээ бичжээ. Бидний туурвисан энэхүү ном өнөөдөр ид явагдаж буй эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн явцад цаашид бодолцон үзэх, харьцуулан судлах болон хамтран ажиллах гагцхүү сайн санааны үндэс болохоос хуулбарлах тулгалт, зөвлөмж бус юм.
Энэ номын цаана миний нэгэн мөрөөдөл нуугдаастай. Үүнийгээ та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Инстаграм дагагчид минь намайг загварын салбарын хүн гэж боддог байснаа олонтаа хэлдэг. Чөлөөт цаг, сонирхлоо их хуваалцдаг болохоор аргагүй. Мэргэжил минь гэвч олон улсын харилцаа, хууль. Европын эрх зүйн магистр зэрэгтэй, одоо Мюнхен хотын Людвиг- Максимилианы их сургуульд докторын зэрэг горилохоор судалгааны ажлаа бичиж байгаа билээ.
Олон жилийн өмнө хуулийн оюутан болохоор анх Германд ирээд, DSH буюу оюутан болохын тулд өгдөг хэлний шалгалтаа өгчихөөд л хичээлдээ орж байж. Монголоос дөнгөж ирсэн, таних мэдэх хүн үгүй, төөрч будилах зүйл мундахгүй. Их сургууль нь төлбөргүй ч, амьжиргааны мөнгөө олохын тулд заавал ажил хийх шаардлага гарна. Оюутны визээр ажил хийх эрх хязгаарлагдмал, харин их сургуульд, сурч буй чиглэлээрээ ажиллавал хэдэн ч цагаар ажиллахыг зөвшөөрдөг болохыг мэдэнгүүтээ их сургуульд ажил орохоор шийдсэн юм. Ингээд эрүүгийн эрх зүйн тэнхимд оюутан туслах болсон доо. Юм "канонддог", кофе зөөдөг л ажил гэж олон хүн дургүйцэж байсан ч би маш их зүйл сурсан. Оюутнууд амраад гэртээ харихаар мөнгө хэрэгтэй хүн чинь ганцаараа тэнхимдээ ажиллаад, нарийн бичгийн орлогч хийгээд, утсаар ярьж, албан захиа бичиж сурсан. Яваандаа, элдэв хурал, уулзалт зохион байгуулдаг болсон. Өөрийн ширээ, хожим нь өрөөтэй, сүүлд нь сургууль руу нэвтрэх түлхүүртэй хүртэл болдог юм байна лээ. Оюутан дүү нартаа захиж хэлэхэд, нэгэнт эрдмийн мөр хөөхөөр шийдсэн бол их сургуульдаа ажиллаж эхлэхийг зөвлөж байна. Герман хэл сайжрахаас гадна академик салбарт олон танилтай болно шүү.Мөр зэргэцэн ажиллаж байсан туслахуудаас зарим нь хэдийнэ профессор болж, профессор нь хууль зүйн сайд болсон байх жишээтэй.
Төгсөөд оюутан туслахаас эрдэм шинжилгээний туслах ажилтан болсон. Тэнхимд ажиллах хугацаанд олон улсын зочид, төлөөлөгчид байнга ирнэ. Хятад, Солонгос, Япон, Турк гээд гадны их сургуулиудаас төлөөлөгч ирэх бүрийд "Монголоос ингэж ирдэг бол" гэж сэмхэн боддог байлаа. Ингээд ийм хамтын ажиллагаа хэрхэн эхлэлээ тавьдгийг сониирхож эхлэв. Багшдаа Монголын тухай сурталчилж, нийтлэлүүдийг нь орчуулан гаргаж, эцэст нь хамтын номоо гаргахдаа энэ бүхэн нэг л өдөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байсан юм. Энэ үйл амар байгаагүй. Анхны нийтлэлийг орчуулж, сэтгүүлд хэвлүүлсэн чинь " Орчуулсан ...." гээд тэс өөр нэр тавьчихсан. 20-иод хуудас тэр нийтлэлийг орчуулах гэж би хэдэн шөнө нойргүй хоносон гээч. Гэтэл нэр нь байхгүй, өөр хүн ажлыг чинь хулгайлах тэр мэдрэмж. Түүнээс хойш тэр сэтгүүлд хандахаа байсан. Хамтын ажиллагаа тогтоох сонирхол бий юү гээд зарим сургуулиудаас асуухаар хариу ирэхгүй. Эсвэл за гэчихээд алга болчихно.
Багшынхаа хэд хэдэн нийтлэлийг эмхтгээд цомхон ном болгон хэвлүүлсэн нь миний дараагийн алхам байв. Одоо энэ орчуулгаа харахаар санаанд хүрэхгүй зүйл зөндөө. Түүхий байж дээ гэж боддог. Гэхдээ хүн аливаа зүйлийг хийж байж дадал олж авна, сайжирна. Тийм болохоор энэ номыг гаргаагүй бол өдийд алдаагаа олж харах чадвар суугаагүй л байх байсан. Иймд та нарт захиж хэлэхэд, бага ч гэлтгүй хийж, гараас юм гаргаж байгаарай. Хийж бүтээнэ гэдэг өөрөө хүнд сайн багш болдог.
Ингээд Германы эрүүгийн эрх зүйн олон давуу талыг монгол хэлээр буулгавал хууль боловсруулагч, судлаач нарт хэрэгтэй болов уу гэсэн санааны үүднээс багшийн лекцийг ном болгон гаргахаар дараагийн ажил эхэлсэн юм. Багшийн лекц гэвч хэтэрхий товч, эрх зүйн үндсэн мэдлэгтэй, Герман оюутнуудад илүү тохирсон, Монгол уншигчдад ойлгомжгүй байх мэт санагдаад "Энэ дээр би ингээд нэмчих үү, ийм зүйл нэмээд тайлбарлачих уу? гээд байн байн асуугаад байхаар залхсан уу нэг өдөр багш маань "Чи ерөөсөө өөрөө бич" гэж билээ. Ингээд орчуулах байсан хүн хамтран бичих болсон юм.
Ширээн дээр минь байдаг шударга ёсны охин тэнгэр "Юстициа"-г гал тогооны ширээн дээр тавьж байгаад хавтасны зургаа авсан. Уг нь улаан дарсны өнгө сонгосон боловч тэр өнгө хэвлэлийн компанид байхгүй тул ойролцоо өнгөөр орлуулсан.
Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн тухай бүтээл энд тоолшгүй их байдаг. Бараг хуулийн профессор бүр нэг ном гаргасан гэхэд хилсдэхгүй. Миний хувийн номын санд гэхэд л арав гаруй бий. Их сургуулийн номын санд Ерөнхий ангийн ном эхний хэдэн эгнээ тавиур дүүрэн. Нэг салбарын тухай олон бүтээл оршин байж уг салбар сайн хөгждөг аж. Тэгэхээр монгол хэл дээр анхных нь мэндэлсэн, ар араас нь цувран олон бүтээл төрөх болтугай.
Миний олон жил санаж байсан үйл биеллээ олж, номын редактор Баярсайхан багшийг тэнхимд урьж, МУИС-ийн ХЗС-ийн эрүүгийн эрх зүйн тэнхим, Баварийн Юлиус-Максимилианы их сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхим хооронд хамтын ажиллагааны гүүрийг албан ёсоор босгож, хоёр тэнхмийн эрхлэгч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 2015 оны есдүгээр сард бид ийнхүү Монголоос анхны төлөөлөгчөө авчирсан юм. Баярсайхан багшийн ачаа онгоцны буудал дээр саатаад, албаны хувцсаа сольж өмсөх боломжгүй болсонд Герман багш маань эвгүй байдалд оруулахгүйн тулд мөн адил чөлөөт хувцасласан байгаа нь. Ийм баярт үйлд зангиа зүүх байсан юм хэмээн харуусч байсан ч заримдаа үйл хэргийн гол цөм бусад хүчин зүйлээс давуу жин эзэлдэг билээ.
Монголын эрүүгийн эрх зүйн тухай илтгэл тавьж байгаа нь
Баярсайхан багшийг Мюнхен хот дахь Монгол улсын өргөмжит ерөнхий консул Док.Питум хүлээн авч уулзсан нь. Би таван сартай жирэмсэн байж.
Миний мөрөөдөл юу гээч? Эрдмийн солилцооны энэхүү гүүрээр хоёр талаас судлаачид, оюутан солилцож, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан айлчлал хийх зэргээр үргэлж урсгалтай байгаасай. Хүүгээ өлгийдөж аваад удаагүй байхад, тэнхим дээр төсөл хэрэгжүүлэх санал хүлээж авах боломж гарахад даруй Монголоо санал болгосон. Монгол-Германы эрүүгийн эрх зүйн бага хурал зохион байгуулах санал маань сайшаагдаж, бид удахгүй МУИС-ийн таван багшийг урьж авчрах гэж байна. Энэ хурал хэр өгөөжтэй байхаас шалтгаалж, дараа дараагийн ажлын үндэс тавигдана. Удахгүй та нартаа анхны магистрт сурах оюутан, эсвэл доктор хийх судлаач урьна гэж байвал ямар гоё бол? Сурч ажилласан энэ сайхан сургуульдаа Монголоос хүн авчрах юмсан гэж боддог байсан. Нэг нийтлэл, нэг ном, нэг багшаар эхэлсэн. Одоо таван багш ирнэ. Хуралд оролцох илтгэлүүдийг орчуулаад зав бага ч сэтгэл өег.
Германд над шиг хууль сурахаар ирэх нэг ч гэсэн оюутанд агуулгын болон нэр томьёоны өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулбал энэхүү номыг бичих үүтгэлийн гол зорилго тэр ээ.
Kommentar schreiben
zochin1 (Samstag, 07 Januar 2017 03:09)
Wow. Uneheer ih baharhaj baina. Hiliin chanadad amidarch, ajillaj bgaa ch gesen Mongoloo gesen setgel, tuuniigee ajil hereg bolgohoor hicheej bui nur ih hudulmurt chin talarhaya. Erdmiin soliltsoo, hamtiin ajillagaa bolon uuriin chin tsaashdiin erdem shinjilgeenii ajild ulam ih amjilt husen yuruuyu!
Zochin (Samstag, 07 Januar 2017 10:37)
Tand ajil hudulmuriin amjilt hvsie, vneheer baharhamaar hudulmurch mundag baina. Ooroosoo ichij baina ulam ihiig hiih erch hvch bolloo bayarlalaa
Liebe Grüße von Suvdaa (Samstag, 07 Januar 2017 15:27)
Ymarch hun genet nom bicheed, genet hel suraad, genet gots erdemten bolohgui.. Ene buhnii ard zuvhun uigagui hudulmur, nur ich hicheel zutgel uuriiguu ylan diileh uhaan bgaa. Ta bol daichin buguud uhaantai mongol emegteichuudiin tuluulul. Mongol ulsdaa ene salbart uuriin huvi nemeree uugeer zogsohgui ulemj iheer oruulna gedegt itgej bn. Tanii dusal hurimtlagdsaar dalai boloh boltugai.
Tuya (Freitag, 13 Januar 2017 02:04)
Sain bn uu mergejil negtei emegtei bas deer n sonirhol ijil bolhoor uuriin chin FB huudas blogoor aylahaar setgeliin taashaal avch bn shuu kkkk Mundag gej helhed bagadmaar saihan emegtei bn uuruus chin ulger duurailal avdag mergejil neg zaluu emegtei Mongold bgaa gedgiig zoriud helmeer sanagdlaa Bayrlalaa