Эрдмийн гүүр

Үндсэн ажлынхаа хүрээнд багштайгаа хамт зохион байгуулсан, хамгийн анхны "Монгол-Германы эрүүгийн эрх зүйн хурал" амжилттай болж өнгөрлөө. Ажиллаж буй тэнхимээ Монголтой холбох туйлын хүсэлтэйг минь блог уншигчид маань андахгүй. Саяхан та нартаа МУИС-ийн ХЗС-ийн таван багш бидний урилгаар ирэх гэж буйг дуулгаж байсан билээ. Энэ баярт мөч хүртэлх туулсан замыг сонирхвол эндээс уншаарай.

ХЗС-ийн захирал Проф.Док.Эрдэнэбулган, тэнхмийн эрхлэгч Проф.Док.Баярсайхан, дэд Проф.Док.Бадам, залуу багш, магистр Одноо, Золбоо нарын бүрэлдхүүнтэй төлөөлөгчийн баг сайн явж ирээд, бид үйл ажиллагаагаа эхлэх гээд зогсож байгаа нь энэ. Голд байгаа нь манай тэнхмийн эрхлэгч, Проф.Док.Док. Хилгендорф. (Философийн болон хууль зүйн ухааны гэсэн хоёр доктор зэрэгтэй)Харин тэр харваас монгол царайгүй эмэгтэй бол Грекийн эрүүгийн эрх зүйн алдартай гурван багшийн нэг Проф.Док.Каяафа, манай тэнхим дээр зочин профессороор ирсэн юм. Грек улс Германы эрүүгийн эрх зүйг амжилттай өөрийн болгосон туршлагаасаа хуваалцахаар нэгдсэн, хуралд оролцох эрдэмтдийн нэг. Хурлын зурагт хуудас та нарт таалагдаж байна уу? Зун амралтаараа Цонжин Болдог явахад авсан зураг. Сүртэй байгаа биз?

Бидний хөтөлбөр Вюрцбург хот  дахь Мужийн Шүүхэд айлчласнаар эхэлсэн. Шүүхийн тэргүүн биднийг хүлээн авч, Германы шүүх засаглал, тогтолцоог танилцуулан, иргэний болон эрүүгийн хэрэг шийдвэрлэх шүүх танхимаар зочлуулсан бөгөөд сонирхолтой илтгэл тавьж, асуулт хариулт өрнүүлсэн.

Шүүхийн Тэргүүний албан тасалгаанаас Вюрцбург хот ингэж харагдана

Үдээс хойш бид Вюрцбург хотноо байрлах бүс нутгийн цагдаагийн газар,шуурхай удирдлагын төв дээр айлчилсан. Цагдаагийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг зэргийг танилцуулсан илтгэл сонсоод  хэрэг бүртгэх,мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорын байгууллагатай хэрхэн холбоотой, яаж зааглагддаг зэргээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Багш нар маань маш их асуулт тавьсан шүү. 

Вюрцбург хот дарсаараа алдартай. "Чулуут" ууландаа Германдаа томд орох усан үзмийн тариалантай, олон зуун жилийн уламжлалтай дарс нэрэгч, хадгалагч зоорьтой. Бидний оройн хөтөлбөр бол 440 гаруй жилийн түүхтэй дарсны зооринд айлчилж, тайлбарлагчтай, дарс амтлах гурван цагийн хөтөлбөр байв. Дарс хэрхэн нэрдэг, хадгалдаг, хэзээнээс хэн нэрж байсан, царсан торхыг хэрхэн цэвэрлэдэг, торхон дээрх сийлбэр юу өгүүлэх, дарсны найрлагад юу давамгайлавал амт нь исгэлэн эсвэл чихэрлэг болдог гээд маш их мэдээлэл сонсонгоо зургаан төрлийн цагаан дарс амталсан. Би орчуулга хийж байсан болохоор эхний хундагаас бусад дарсыг амталж үзээгүй ээ. Хамгийн сүүлийн дарсыг бүгд хамгийн гоё гэж байв. Дарс уух, таних бүхэлдээ нэг урлаг аж. 

Эхний өдөр ийнхүү маш сонирхолтой өндөрлөсөн. Миний хувьд өглөө шүүх, өдөр цагдаа, орой нь хөрсний үе давхарга усан үзмийн тариаланд хэрхэн нөлөөлдгийг тайлбарласан нэр томьёо бүхий өргөн талбарт орчуулга хийгээд дарстай, дарсгүй толгой эргэсэн байлаа. 

Бидний хоёр дахь өдөр. Майн мөрөн хөлдсөн байхыг анх удаа харж байгаа нь энэ. Манайхан эрч хүч дүүрэн, шинэ өдрөө эхлүүлсэн. 

Үдээс өмнө хотоор явж, түүх соёлын дурсгалт газруудтай танилцав. Энэ дашрамд, миний саналыг хүлээн авч, манай багт тулгуур багана болж, дэмжлэг үзүүлсэн найз Оюундаа талархснаа илэрхийлье. Хотоор явах үед орчуулж, миний хоолойг амраагаагүй бол би хурлын үеэр нураад унах байсан байх. Маш их тус болсон шүү. Бид сайхан баг бүрдүүлж чадсан. Дэм дэмэндээ гэж энэ байх. Төлөөлөгчдийн заримийг таньдаг, нэг салбарын хүн болохоор зочид маань ч олзуурхсан нь лавтай. 

Хотоор аялсны дараа бидний хамгийн чухал уулзалт эхлэв. Энэ бол Вюрцбургийн их сургуулийн хуулийн факультетийн декан Проф.Док. Пахе. Бид 2015 оны есдүгээр сард хоёр тэнхмийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаад хоёр факультет хооронд хамтын ажиллагааны санамж бичиг зурах санаагаа хэлэлцэж тохирсон юм. Алс холын Монголоос, өндөр түвшний  бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид анх удаа манай факультет дээр айлчилж байгааг декан онцлоод, МУИС-ийн ХЗС-тай түншлэл үүсгэж байгаад таатай байгааг илэрхийлэв. Эрүүгийн эрх зүйн тэнхимээр эхэлсэн энэ хамтын ажиллагаа цаашид өргөжиж, иргэн, нийтийн эрх зүйн салбарыг ч татан оролцуулах боломжтойг дурдсан юм. Факультетийн ээлжит хурлаар хамтын ажиллагааны санамж бичгийн тухай хэлэлцүүлж, удахгүй албан ёсоор гарын үсэг зурахаа мэдэгдлээ. Энэ бидний хувьд тэмдэглүүштэй үйл явдал юм. 

Монгол хэмээх энэ уран бичлэгийг өрөөндөө өлгөнө гэсэн. Деканы өрөөнд Монголын орон зай жижиг гэлтгүй оршино. 

Декантай уулзалт хийгээд үндсэн ажил буюу хуралдаа орлоо. Шахуу хөтөлбөртэй, таван багшийн илтгэл тус бүрд Германы зүгээс хариу илтгэлтэй, хэлэлцүүлэг бүхий хурал амжилттай явагдсан. Энэ өдөр хүү минь нэг ой хүрсэн. Хэдийгээр би өглөөнөөс орой хүртэл хөтөлбөртэй, хүүгээ харах завгүй байсан ч бэлгэшээлтэй сайхан гарагт төрсөн өдөр нь тохиосон хэмээн баяртай байсан. 

Монголоос ирсэн багш нар үнэхээр бахархмаар байсан. Нээлттэй, сониуч, үргэлж мэдэхийг эрмэлзсэн хандлагатай. МУИС-ийн хуулийн оюутнууд азтай юм аа. Ийм мундаг багш нартай. Тэд богц дүүрэн мэдээлэлтэй, шинэ санаатай очоод та нартаа түгээнэ байх аа. 

Хариу илтгэлүүдийг урд нь над руу илгээгээгүй тул шууд орчуулах шаардлагатай болсон. Анх орчуулагчийн улсын шалгалт өгөх гэж байхдаа аман орчуулагч болох уу бичгийн орчуулагч болох уу гэж эргэцүүлж байгаад, цагийн дарамтгүй, бодох цаг ихтэй гэж бичгийн орчуулгыг сонгож байсан. Хурлын шууд орчуулга хийдэг хүмүүс хагас цаг болоод уг нь солигддог гэх. Би энэ хоёр өдөр орчуулагчын ажил ямар хүнд болохыг ойлголоо. Ялангуяа хурлын үеэр, заримдаа ямар хэлээр яриад байгаагаа өөрөө ч мартахаар юм байна лээ. Германы эрүүгийн эрх зүйн ном гаргаж байсан, докторын ажилдаа зориулж Монголын эрүүгийн эрх зүйг судалж байсан нь энэ хурлыг орчуулах бэлтгэл болсон мэт. Хоёр эрх зүйн ойлголт, агуулга, нэр томьёо надад их тус болсон. 

Хурлын дараа санаа амарчихсан, үдэлтийн зоог барьж байгаа нь. Баясчихсан сууж байгаа биз?

Оюутан туслах байхдаа гэнэхэн мөрөөдөл төрүүлж эхэлсэн, хоёр тэнхим холбогдсноор тулгын чулуугаа тавьсан хамтын ажиллагаа ийнхүү дараагийн үе шатандаа орж, факультетийн хүрээнд яригдаж байгаад би хувьдаа үнэхээр их баяртай байгаа. Бусад орны төлөөлөгчдийг дагуулан хот үзүүлж, хурлын танхим бэлтгэдэг байсан бол энэ удаад Монголчуудтайгаа явж байх сэтгэлд хичнээн өег гээч. Монголоос ирсэн таван багш бидний босгосон эрдмийн гүүрийн анхны зочид болсон. Булган сүүлтэй байх болно гэдэгт итгэлтэй байна. Бид олон сайхан ажил хэрэгжүүлэхээр ярьсан. Гэвч хийж эхлэхээс өмнө хий ярих дэмий. Үйл хэрэг болохоор нь л ярья. Монголд элэгтэй Хилгендорф багшдаа, идэвхитэй байж, түншлэл босгож чадсан Баярсайхан багшдаа, цаашид өргөжүүлэх сэтгэл өвөрлөсөн захирал Эрдэнэбулганд болон бусад багш нартаа маш их баярлалаа. Оюутнууддаа хандаж хэлэхэд, та нар магистрт сурах хүсэлтэй бол Герман хэлээ сурж эхлээрэй. Германд сурах талаар асууж байгаа олон хүмүүст хэлэхэд, би асуултуудыг нь нэгтгээд блог бичвэр болгон хариулнаа. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг. Өнөөгийн Монголын эрх зүйн тогтолцоо, хууль хэрэгжилт асар их шүүмжлэлд өртдөг. Шинэтгэл ид явагдаж байгаа ийм үед энэ таван гэрэл цаашлаад тавин хүнд гэрэл түгээнэ. Ирээдүйн хууль тогтоогч, хэрэгжүүлэгч, шүүгч нарыг бэлтгэнэ. Таван зуун хүнд нөлөөлнө. Таван мянган гэрэл болно гэдэгт би итгэдэг. 

Хүндэтгэн мэндчилсэн,

Чанцалдулам

Kommentar schreiben

Kommentare: 2
  • #1

    Badam (Freitag, 10 Februar 2017 10:46)

    Ajil heregch hudulmurch daichin Chantsaadaa erdemiin ih uilsed ni ulam ih amjilt husie.mash ih bayrlasan shu. Bidnii tsaashdiin hamtiin ajillagaa ulam hugjin behjine gedegt gunee itgej bna. Bayrlalaa

  • #2

    Ихээ (Mittwoch, 25 Oktober 2017 17:15)

    Үнэхээр мундаг бүсгүй юм аа. Уншууртай сайхан блог байна. Эрдмийн ажилд нь амжилт. Нэг өдөр Германд мэргэжил дээшлүүлнэ гсэн алс холын бодол дараатай л яваа мэргэжил нэгтийн хувьд шимтэн уншлаа. Баярлалаа.