Энэ зурган дээрх дээд доод шилний хооронд ердөө цаг гаруйхан хугацаа өнгөрсөн гэвэл итгэх үү? Эхнийх нь хичээл эхлэхээс өмнөх миний "түвшин тогтоох шалгалт"-ын зураг. Түвшин гэж байгаа юм уу гэмээр майжиг хар шил байгаа биз? Сайн найз эгч маань хамтдаа зургийн хичээлд суух санааг гаргаснаар миний энэ шилний түүх эхэлсэн юм. Мюнхен хотод байдаг Монгол зураач, багшид шавь орохоор бид хоёр урланд нь ирлээ. "Өмнө нь зурж байсан..." энэ тэр гэчихсэн, бас болоогүй. "За тэгвэл, та хоёрт ямар хөтөлбөр орохоо тогтоохын тулд энэ шилийг эхлээд нэг зураадах уу?" гэж багш хэлээд нэг нэг нүүрсний хугархай өглөө. Хоёулаа ханцуйгаа шамлаад л, шил рүү нүдээ онийлгож харж энэ тэр. Тэгээд сараачиж эхэлтэл багш маань "За эхнээс нь явах юм байна аа" гэсэн. Бид хоёр, ялангуяа би өөрийгөө шоолж, ямар их инээсэн гээч! Нүүрсээр зураг зурдаг гэж мэддэг ч үгүй байсан би тэр мөчөөс маш их зүйл шинээр сурч эхэлсэн. Багш маань хэмжээ хэрхэн зөв авдаг тухай тайлбарлаж, зурж үзүүлээд, биднийг шилээ ахин зурахыг хүсэхэд доод талынх бий болсон нь энэ. Танигдахааргүй байгаа биз? Би шилийг ингэж зурах юм чинээ санаагүй. Сайн багш ийм л чадвартай аж. Ердөө цаг гаруйхан хугацаанд ийм өөрчлөлт гаргадаг.
Би арван жилд зургийн хичээлд сууж байсан юм болов уу, огт санадаггүй. Бодвол их муу байсан байх. Сайн юмаа хүн мартдаггүй шүү дээ. Турк сургуульд байхдаа англи хэлний номноос харилцан яриаг, хажуу дахь зурагтай нь дэвтэр дээрээ буулгачихдаг байсан юм. Хожим Германд ирээд анх бийр будагтай холилдож, таалагдсан зургаа муухан дуурайж буулгадаг байсан. Түүгээрээ ханаа чимэглэх ч юм уу найз нөхөддөө бэлэглэдэг байлаа. Хөөрхий хана, хөөрхий найз нар минь!
Ингээд анх удаа сонирхлоо тордож үзэх оролдлого хийсэн нь энэ. Ээж болсноос хойш өөрт гаргах цаг багасдаг. Үргэлж хүүхэд, гэр ахуй, ажил гээд байнгын "тогонд залгасан" мэт байдалд байдаг. Заримдаа ийм байдлаасаа ядарна, түүнийгээ дагаад ааш авир эвдэрнэ. Ийм үед өөртөө зориуд цаг гаргаж амрах, зөвхөн өөрт зориулж ямар нэг үйл хийх нэн чухал аж. Зураг зурахаар толгой амраад, хэсэг зуур зөвхөн зургандаа төвлөрч, санаа зовнил, элдэв бодол сарнидаг юм. Хоёр долоо хоногт нэг удаа, амралтын өдөр хүүгээ аавд нь үлдээгээд өөртөө гаргасан энэ хэдэн цагт сэтгэл ямар гоё цэлмэдэг гээч? Хүн өөрөө бие сэтгэлийн амгаланг олж, эрүүл байж л эргэн тойрныхондоо аз жаргалыг бэлэглэнэ. Түүртээд, зовоод байвал өөрийгөө ч, бусдыг ч зовоох тул цагаа зөв хуваарилж, өөртөө амрах, сэтгэлээ баясгах цаг зайлшгүй гаргаж байгаарай. Зураг зурах юмсан гэх бодлыг тээж явдаг бол заавал оролдож үзээрэй. Авьяастай авьяасгүй хамаагүй, оролдоод үзээрэй. Сайн багш чамд олон шинэ зүйлийг нээж өгнө. Шинэ зүйлийг оролдсноор өөрийгөө хөгжүүлэх нэг алхам тавигдаж байгаа. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг амьдралыг амтлах мэдрэмжээ өргөтгөж байна гэсэн үг биш гэж үү?
Зургийн хичээлд явахдаа найзтайгаа ханиндаа явбал их гоё. Энд бид гурвуулаа сууж зурсан. Баруун доод талынх миний, манан дундах сүмийн орой. Геометрийн дүрс тэнхлэг дээр байрлуулж, түүнийгээ хэвтүүлэх, дээш доош байгуулах гээд сонирхолтой хичээлүүд өрнөсөн. Математик, геометртээ мууг ч хэлэх үү, удаан ойлгож байсан ч сүмийн орой босгочихно гэж зүүдлээ ч үгүй шүү.
Зөвхөн онол үзээд байхгүй, багш маань нүүрсээр зурах аргачлал мөн зааж өгнө. Би ийм бүтээлч хэсэгт нь их дуртай. Болж өгвөл онол сонсохгүй шууд л аргачлал сурах санаатай. Гэвч үсэг холбож байж уншиж сурдаг шиг, үндсэн онолоо сурч байж сая зурах оролдлого хийх аж. Ойр дотныхон болон миний хувьд зурж байгаа минь илт "сайжраад" байгаа тул урам ороод л хичээлдээ яваад байлаа.
Энэ бол манай багшийн зурсан цэцэг. Тэр гэрэл сүүдэр, нэг тийм амьдралтай, хөдөлгөөнтэй гоё байгаа биз?
Хичээл маань цаашилж, бид ил захидал дээрх морины хэмжээг зөв авч, таван удаа буулгах даалгавар авсан. Би багшийн өгсөн цаасыг завааруулахаас өмнө өөр цаасан дээр ноороглож байгаа нь гээд тэс өөр хэмжээтэй цаасан дээр морио буулгасан, хэмжээ нь худлаа болох нь аргагүй биз дээ? Хэзээ морины нүд ийм байлаа? Хоёр, гурав, дөрөв дэх оролдлого бүгд сонин болсон.
Харин тав дахь мориндоо би дуртай. Гэхдээ болоогүй гэсэн. Мэдээж маш олон зүйл дутуу байгаа. Гэвч майжиг хар шил зурж байсан хүн чинь морь зурдаг болчихсон байна гэдэг гайхалтай биш гэж үү? Нэг зүйлийг таван удаа оролдох тэвчээр бас суучихсан байгаа юм. Зургийн хичээл надад давхар өөр зүйл сургаад байгаа биз? Тийм болохоор би та нарыг оролдоод үзээрэй гээд байгаа юм. Хожно уу л гэхээс алдахгүй.
Энэ бол багшийн зурсан гайхамшигтай морьд. Ийм морь зурдаг болмоор байна гэж анх урланд нь очихдоо хэлж байсан. Ингэж зурдаг болохын тулд шилээ сайн зурж сурах, онол мэдэж байх, маш их цагаар дадал олж байж сая өөрийн бүтээл хийх чадвартай болдог аж. Мэдээж дадал, чадвар мөн хувь хүний мэдрэмж, өнгө аяс чухал.Гоц авьяастан л бус бол төгөлдөр хууран дээр шууд Вивалди "Дөрвөн улирал" тоглоод эхэлдэггүй шиг, эхлээд олон удаа До Ре Ми дон дон хийлгэж байж урагшилна.
Багшийн морьд үнэхээр гоё байгаа биз?
Гэрийн даалгавар: Ил захидал урлах
Хичээл маань алслалт, харах өнцөг зэргээр үргэлжилж бид энэ хайрцгийг харандаагар байгуулах оролдлого хийснээр нүүрснээс салсан. Би шулуун шугам татаж чаддаггүй хүн ингээд хайрцаг зураад сууж байна гэж бас бодоогүй ээ. Алслалтын тухай сайн ойлгож авсан ч хэмжээ маань буруу болоод л байгаа. Хичээл дээр үзсэн зүйлээ гэртээ давтах ёстой. Цаг бага гаргахаар ингээд багш нь хичнээн сайн байсан ч урагшлахгүй. Гэвч, би зураач болох гээгүй, чадах ч үгүй, хэн дуртай нь болоод байдаг мэргэжил ч биш аж. Асар их мэдлэг, мэдрэмж, тэвчээр, авьяас шаардана. Өөртөө цаг гаргаж, сэтгэл, оюунаа баясгангаа сонирхлын түвшинд өөрийгөө хөгжүүлэх зорилготой тул зурсан зүйл болгондоо баясаад л яваад байгаа. Багш маань үүнийг мэдэх болохоор залхуу шавьдаа их хүлээцтэй хандаж байгаа. Үнэндээ, гэртээ цаг гарган сурсан зүйлээ давтах хүсэл эрхгүй төрдөг юм байна лээ.
Нөгөө шилээ нүүрсээр бус харандаагаар зурсан нь
Одоо усан будаг руу орсон. Шилээ усан будгаар зурах оролдлого хийв. Багшийнх зүүн гар талынх гэдгийг дурдахад илүү байх. Минийх арай дуусаагүй байгаа. Дараагийн хичээл дээр үргэлжлүүлнэ.
Даалгавараа сайн хийгээд, хичээлдээ цаг гаргаж чадвал үнэхээр их зүйл сурна. Юм хийхгүй давхиж очоод, ахихгүй байвал багш хичнээн сайн байгаад ч тусыг эс олох. Хэзээ нэгэн цагт багшийн морьд шиг, ядаж төстэйг зурдаг болсон бол та нартайгаа хуваалцана аа. Эсвэл өөрийн өнгө аястай морь зурдаг болох ч юм билүү? Одоохондоо дуугүй шилээ л зуръя. Та нарт дахин хэлэхэд: Хэрэв дотроо "зураг зурах юмсан" гэсэн бодол тээж явдаг бол заавал оролдож үзээрэй. Цоо шинэ, баялаг ертөнцийг өөртөө нээхээс гадна хувь хүний хувьд олон зүйл сурна шүү. Хамгийн гол нь сайн багшид шавь ороорой. Миний анхны зургийн багш Борхүү. Мюнхен хотод урлантай, мундаг зураач. Сайн зураач олон ч ,сайн багш давхар байх нь ховор болов уу? Багшийн бүтээлүүдийг цахим хуудаснаас нь сонирхоорой.
Дараагийн бичвэрээр уулзатлаа түр баяртай.
Kommentar schreiben