Карл Лагерфельдийн олон талт, бүтээлч ертөнцөөр

Чухал үйл явдал, уулзалт болзоотой өдрүүдийг би ширээний хуанли дээрээ ягаан, эсвэл оюу ногоон өнгийн балаар тод гэгч нь тэмдэглэдэг. Карл Лагерфельдийн үзэсгэлэн гарах гэж буйг олж уншсан даруйдаа ийнхүү тэмдэглэж аваад, Улаан өндөгний баярыг тэсч ядан хүлээлээ. Учир нь, тэр үеэр амралт тохиож германы өмнөд хэсгээс баруун хойд зүг рүү 600 км аялан, Эссен хотыг зорих болохоор тэр. Миний зорьсон газар бол Эссен хотын Фолкванг музейд 2014 оны хоёрдугаар сарын 15-наас тавдугаар сарын 11 хүртэл дэлгэгдсэн  Карл Лагерфельдийн “Гэрэл зураг, ном урлал, хувцас загвар” үзэсгэлэн байлаа. 

Карл Лагерфельд гэдэг нэр загварын ертөнцөд алдартай тул элдэв тодорхойлолт хэрэггүй. Ихэнх хүн түүнийг Шанельтэй холбон, загвар зохион бүтээгч гэдгээр нь мэддэг. Харин миний хувьд энэ хүн огт өөр ач холбогдолтой. Түүний хувцас загвар гоё болохоор л би энэ хүнийг хүндэлдэг юм биш, намтар, түүх нь болон сонин, сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, баримтат кинонд өгсөн ярилцлага бүрээс ажиглагддаг донж төрх, хурц бөгөөд ончтой үгс, өргөн мэдлэг нь гүн сэтгэгдэл төрүүлдэг юм.

“Зэрэгцэн орших зөрөлдөөн” хэмээн нэрийдсэн эл үзэсгэлэнд Карл Лагерфельдийн бүтээлүүдийг хооронд нь хамааруулан, бас харшилдуулан дэлгэжээ. Тансаг бөс, торгоор урласан даашинз болон цаасан дээрх загвар зурлага, том хэмжээний өргөн дэлгэцийн зураг болон жирийн каталог, танилцуулга, зурагт хуудсын цуглуулга болон ердийн ном хэвлэл гээд эсрэг тэсрэг зүйлийг нэгтгэн дэлгэсэн энэ үзэсгэлэнгийн куратороор түүний дотны, хамтран зүтгэгч Герхард Штайдел, Эрик Пфрундер нар ажиллаж, ерөнхий дэглэлтийг  Карл өөрөө боловсруулжээ. 

Лаазалсан, өтгөрүүлсэн сүү үйлдвэрлэдэг томоохон компанийн бэлэвсэн эзэн Отто Лагерфельд 1930 онд өөрөөсөө 20 насаар дүү Элизабет Бальманныг хоёр дахь эхнэрээ болгон авч, Хамбург хотын ойролцоо эдлэнд амьдардаг байжээ. Хүү Карл нь дуртайгаа л хийдэг, хүссэнээ авдаг жаал байсан гэдэг. Карл 1938 онд төрсөн гэдэг ч үнэн хэрэгтээ 1933 онд төрсөн болохыг нь сэтгүүлчид архивын баримт, нэг ангид сурч байсан хүүхдийн зураг зэргээр баталгаажуулсан байдаг. Энэ тухай өөрөө “Миний төрсний гэрчилгээ Хамбургийн баруун дүүрэг Алтонаг бөмбөгдөх үед шатсан. Би яг есдүгээр сарын 10-нд төрсөн эсэхээ ч баттай мэдэхгүй. Төрсөн жилийн хувьд 1933-1938 хооронд л байх ” гэж хариулсан нь бий. “Есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсон явдлын өмнө би төрсөн өдөр тэмдэглээд сууж байх хэрэг үү? Есдүгээр сарын 10-нд Австрийн хатан хаан Элизабет Женев хотноо амь алдсан, Формел 1-ийн германы алдарт жолооч Гүн Берге фон Трипс мөн л есдүгээр сарын 10-нд осолдож амь алдсан. Би төрсөн өдөр, түүнтэй холбоотой бүх зүйлд дургүй” хэмээн  Карл нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Хамт сурч байсан ангийн хүүхдийн дурсамж, сонинд хэвлэгдсэн Бад Брамшдэт хотын Фуйлендорф сургуулийн зураг дээрээс Карл шууд нүдэнд тусна. Үеийнхнээсээ онцгой ганган, том захтай цагаан цамц өмсөж, ганцаараа зангиа зүүсэн, өтгөн үсээ самнан зассан зэрэг нь тэр багаасаа л загварлаг байсныг илтгэнэ. 

Ертөнц сонин, Ням гариг тутмын хэвлэл.  2013 оны 12-р сарын 1-ний  Карл Лагерфельдийн эрхлэн гаргасан онцгой дугаар.

Герман Франц хоёр хэлээр европ даяар цацагддаг “арте” сувгаар сурвалжлагчийн асуулт бүрт Карл зураг зурж хариулсан ярилцлага бий. Багадаа ямар байснаа хэдхэн агшинд зурахдаа Баварийн мөрөвчтэй илгэн өмд, цамц, эрвээхий зангиатайгаар дүрсэлдэг.

Аав нь жинхэнэ герман зантай буюу зарчимч, олон таван үггүй, ажилсаг, цэвэрч нямбай нэгэн байв. Харин ээж нь их эрхэмсэг нэгэн бөгөөд хүүдээ гүн сэтгэгдэл үлдээжээ. Карл эхийнхээ магтаал сайшаалыг авах гэж их хичээдэг байсан гэдэг. Ээж нь цэцэн үгтэй, бусдын амыг таглачихдаг нэгэн байсан нь хожим Карлизм буюу түүний хэрсүү хариулт, үзэл бодлын  илэрхийллүүдийн үүтгэл болсон ч байж мэдэх юм.

Карл багын л цуврал зурагтай сэтгүүл шимтэн үздэг, зураг зурах дуртай хүүхэд байв. Ээж нь Хамбургийн урлагийн академид Карлыг оруулах гээд зурсан зургуудыг нь үзүүлэхэд захирал нь  “Хүү тань урлаг бус, харин хувцас загвар сонирхдог юм байна. Та зурсан зургуудыг нь хар даа, хувцас, даашинз л байгаа биз. Театрын хувцас зохион бүтээгч болох хүн байна” гэсэн гэдэг. 

Карлыг 18 нас хүрэхэд эцэг эх нь анхны том аялал хийх, Парист аялах бэлэг барьснаар европын тухайн үеийн урлаг, загварын төв хоттой танилцжээ. Буцаж ирээд долоо хоногийн таван өдөр гурван цагаар франц хэл шамдан сурч, Парист очсон хойноо ч аялгаа засах, зөв ярьж сурах зорилгоор кино театрт кино үзэж өдрийг өнгөрөөдөг байв. “Хамбург бол чиний ертөнцөд нэвтрэх хаалга юм шүү. Эндээс явж хаяагаа тэлэх хэрэгтэй” гэсэн ээжийнхээ захиасаар, сургуулиа орхин Парисыг зорьсон Карл эцэг эхийн тусламжтайгаар элдэв дутагдал гачигдалгүй, ганган машин унаж, зугаацаж, залуу насны аагинд умбан хэдэн жилийг өнгөрөөсөн байна.

Тэр үед Австралийн ноос ноолуурын олон улсын алба орон нутгийн малчид, түүхий эд нийлүүлэгчдээ дэмжих зорилгоор ноос ноолуурын эрэлт их байдаг загварын ертөнц, Парис хотыг сонгон, алдарт загвар зохион бүтээгчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдхүүнтэйгээр ноосон хувцасны шилдэг загвар шалгаруулах уралдаан зохиодог байж. 1954 онд, чухам энэ тэмцээнд зориулж зохиосон ар нуруу нь гүн ухлаадастай, дэгжин ноосон пальтоныхоо загвараар тэргүүн байр эзэлснээр Карл загварын ертөнцөд хөл тавьжээ. Уг тэмцээний талаар тэр “200 гаруй оролцогчоос түрүүлнэ гэдэг азтай тохиол юм шүү” гэж ярих дуртай. 

©dpa

Шүүгчдийн нэг асан Пьер Бальмен түүнийг туслахаар ажилд авч, пальтоных нь загварыг нь худалдаанд гаргажээ. Тухайн үед фото хуулбар хийнэ гэсэн ойлголт үгүй, байнга гараар зурдаг байсан тул өдөр бүр загвар зурсаар Карл дадал олж, энэ нь өөрийн арга барилыг хөгжүүлэхэд нь тус болсон гэдэг. Бальмений хажууд загвар зохиох урлагт суралцан, цаашид Жан Пату, Клоуи, Фенди болон өөрийн нэрийн Карл Лагерфельд брэнд байгуулан ажиллаж, зурж, зохиосоор, эцэст нь Шанелийн тэргүүн загвар зохион бүтээгч болсон билээ.  

Карл Лагерфельдийн Шанель 2013/2014 от кутюр бүтээлүүд үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа нь

Тэр одоо Шанелийн жил бүр тогтмол гаргадаг коллекцуудын загварыг зохион бүтээхээс гадна зураг авалт, каталог, шоу концепт, загвар, дотоод чимэглэл зэргийг хариуцдаг. “Алдар хүндтэй энэхүү брэндийг өвлөн авсандаа Коко Шанельд талархаж явдаг уу” гэсэн асуултанд тэрбээр “Би хэнд ч талархал илэрхийлэх өргүй хүн. Тухайн үед Шанель брэндийн дүр төрх их хуучирсан байсан тул 1983 онд түүний бүтээлч удирдлагыг надад даатгахыг хүссэн, Шанель загварын ордонгийн өв залгамжлагч Ален Вертхаймер надад  “Нэг бол та орж энэ ордонг өөд нь тат, эсвэл би хаалаа” гэж хэлсэн. Өнөөдөр Шанель хамгийн орчин үеийн, загварлаг, тансаг хэрэглээний брэнд болж чадсан. Би Шанелийг ийм болгосон. Тэгэхээр хэн нь хэндээ талархах болж байна даа? Шанелийн удирдлага бид хоёрын хооронд гүн бат итгэлцэл оршдог, тиймдээ ч миний Шанельтэй хийсэн гэрээ банктай холбоотой зүйл анги бүхий ердөө ганц хуудсаас бүрддэг“  гэжээ.

Карл Лагерфельдийн загвар цаасан дээр төрж, хожим хэлбэрээ олсон байгаа нь

Загвар бүтээхээс гадна өөр нэгэн авьяас бол гэрэл зураг юм. Анх Шанельд ажиллаж байх үед нь аливаа шинэ коллекцийн загваруудыг танилцуулсан хэвлэлийн хавтсыг бэлтгэдэг байж. Лагерфельдийн санаанд хүрэх зурагчин ч, зураг ч олдохгүй хэд хэдэн удаа буцаасанд, Эрик Пфрундер түүнд камер авч өгөөд “Тэгвэл өөрсдөө хийе” гэжээ. Карлын анхны гэрэл зурганд тухайн үед Шанелийн нүүр царай болж асан загвар өмсөгч  Инес де ля Фрессанжийн дүр төрх буув. Хэвлэлийн каталогийн зураг авч эхэлсэн тэрээр холливуудын оддын хөргийг татаж,  зар сурталчилгааны зураг авч, гэрэл зургийн үзэсгэлэн гарган, шагнал авах хүртлээ энэ мэргэжилд төгөлдөршсөн байна. “Дурангаар харах нь аливаа зүйлийг шүүмжлэлтэйгээр харах алслал болж өгдөг” хэмээн тэр хэлсэн удаатай. 

Карл гэрэл зураг авахдаа XIX зууны сүүл үеийн германы нэрт зураач Ансельм Фейербах, Америкийн зураач Эдвард Хоппер гэх мэт өөрийн хүндэтгэж явдаг уран бүтээлчдийн арга барилаас сэдэвлэн дэглэдэг.

Карлын авсан гэрэл зургуудын сэдэв хувцас загвараас хальж, Грекийн домгийн сэдэвтэй, архитектурын сэдэлтэй байх нь элбэг. 

Карл Лагерфельдийг Европт овог мэт дагалддаг нэгэн тодорхойлолт бол түүний өргөн мэдлэг билээ. Гэтэл сургууль төгсөөгүй, зурж урлахдаа төрөлхийн авьяас билигтээ л тулгуурладаг энэ хүн яагаад ярилцлага бүртээ гүн ухаантнууднаас эш татаж, урлаг, утга зохиол, соёлын сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан мэт ярьдаг байж таарах вэ? Учир нь, тэрбээр номын хорхойтон бөгөөд өөрийн уншсаныг гэрэл зураг, загвар болгон  хувиргадаг байна. 

Гётегийн Фауст зохиолоос сэдэвлэн Клаудия Шиффер, Дэвид Копперфиелд нар гол дүрд нь тоглосон цуврал гэрэл зураг

Карлын хамгийн дуртай зохиолч Оскар Уайльдийн “Дориан Грейн хөрөг”-өөс сэдэвлэсэн цуврал гэрэл зураг

Карл ойролцоогоор 300 мянга гаруй номтой гэж олон ярилцлагадаа дурджээ. Түүний номуудыг жагсаавал 1,2 км урт болох бөгөөд номнуудаа хэвтээгээр нь тавиур дээр өрдөг, чингэвээс гарчгийг нь уншихад амар гэнэ. Нөр их хөдөлмөр, загвар зохион бүтээх ажлын  хажуугаар ямагт олон хүнээр хүрээлүүлж, тасралтгүй үргэлжлэх баяр,хүлээн авалт зэргийн дундуур амсхийх чөлөө гарах бүрийд тэр ганцаараа байж ном унших дуртай.

Карлын номнуудын нэгэн хэсэг

Тэрбээр англи, герман, франц хэлээр уншиж, аль алинаар нь ямар ч түвэггүй, цэвэрхэн  ярьдаг. Яриан дундаа энэ гурван хэл рүү хөрвөх чадвар нь гайхалтай. “Энэ гурван хэл дээр егөөдөл, онигоо ойлгохгүй хүнтэй ярилцахад уйтгартай” гэж хээвнэг өгүүлэх Карл онгироо, их зантай нэгэн бус харин ч мэддэг, чаддаг зүйлдээ ам бардам байж чаддаг, реалист хүн юм. “Хүн өнгөрснөө дурсаад л байвал хаа холдох вэ. өнгөрсөнд хийсэн бүтээсэн маань тэр л биз, түүн дээрээ дөрөөлөн нэр хүндэд хүрэх сонирхол надад үгүй. Надад яг одоогийн энэ агшин л чухал. Яг одоо чи юу хийж бүтээж байна, хэрхэн амьдарч байна гэдэг л чухал, бусад зүйлд би толгойгоо өвтгөдөггүй” гэж ямагт хэлдэг.

2010 онд  Карл олон жилийн ажил хэргийн түнш, хэвлэгч Герхард Штайделтай хамт L.S.D /Lagerfeld Steidl Druckerei/ хэвлэлийн компаниа байгуулсан бөгөөд утга зохиол, намтар түүх, урлаг, хувцас загвар, гоо зүй, хөгжмийн салбарын бүтээлүүдийг франц англи хэлнээс герман руу орчуулан хэвлэх болсон байна. Энэ компанийн хэвлэх хөтөлбөрийг Карл өөрийн уншсан зохиолууд дээр тулгуурлан боловсруулдаг аж. Түүнчлэн Парис хотноо нээсэн 7Л номын дэлгүүр нь урлаг, загвар, гэрэл зураг, архитектур, дотоод засал чимэглэлээр төрөлжсөн номуудыг санал болгодог. 

Энд та бүхэн Карл Лагерфельдийн уншиж байгаа болон уншсан номуудаас сонирхож болно.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр би урьд огт олж мэдээгүй явсан шинэлэг зүйлтэй таарсан нь Карл төгөлдөр хуурын загвар бүтээсэн явдал байлаа. Түүний намтрыг уншиж байхад “Төгөлдөр хуур тоглож сурах хүсэлтэй явсан ч энэ талын авьяасгүй гэдгээ мэдэрсэн” гэсэн байж билээ. Гэрийнх нь буланд байдаг том төгөлдөр хуурын даруулд хүрэв үү үгүй юү ээж нь ирээд тагийг нь хааж “Одоо боль, зургаа зур, ядаж дуу чимээ гаргахгүй” гэж хэлсэн гэдэг. Steinway and Sons фирмийн 150 жилийн ойн баярыг тохиолдуулан Карл Лагерфельд 2003 онд энэхүү рояль төгөлдөр хуурын загварыг зохиожээ.

Карл Лагерфельдийг тодорхойлогч нэгэн шинж чанар бол, тэрбээр аливаа зүйлийг төгс хийхийг эрмэлздэг. Өөрийг нь  төгс чанарыг эрэлхийлэгч гэж дүгнэдгийг ярилцлага бүрдээ үгүйсгэдэг ч түүний бүтээлүүдээс утга төгс, чанар төгс, сэдэв төгс байдал цацарна. Шанелийн загварын шоу бүрийн дэглэлтийг өөрөө зохиож, зөвхөн зураад зогсохгүй архитектур модель хийлгэнэ. 

Карл Лагерфельдийн хийж бүтээсэн зүйл дундаршгүй их. Шог зураг зурах, кино найруулах, сонин хэвлэлийн онцгой дугаарыг редакторлох, тавилга зохион бүтээх, зочид буудал, харшийн дотоод засал чимэглэл хийх гээд тоочвол хичнээн олон талт, бүтээлч хүн болох нь харагдана. Гэвч өмнөхөө дурсах дургүй тул юу ч хийгээгүй мэт үргэлжлүүлсээр л байдаг.

 “Би хамгийн их сонирхдог гэрэл зураг, хувцас загвар, ном гуравтай холбоотой бүхнийг буюу дуртай юмаа хийх боломжтой азтай хүн” гэж нэгэнтээ хэлжээ.

Байнга шинийг эрэлхийлдэг, шавхагдашгүй бүтээлч энэ хүмүүнтэй би хэзээ нэгэн цагт нүүр тулан уулзах завшаан тохиовол юу ярина гээч? Сурвалжлагчдын асуудаг Шанель, төрсөн он, загвар зэргээс огт өөр сэдвээр, дуртай зохиолуудынх нь тухай л ярилцана. Гёте, Хайнрих Хайне, Ницшегийн бүтээл туурвилын талаар эх хэлээр нь түүнтэй санал солилцох л миний мөрөөдөл.  

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    Онон (Samstag, 11 Februar 2017 13:41)

    Гайхалтай. Тэхдээ утаснаас жижиг фонтыг харах жаахан хэцүү байлаа.

  • #2

    ЧИНТҮШИГ (Mittwoch, 15 April 2020 16:18)

    Sonirholtoi niitlel oruuldag yum bainashu, huvtsas zagvariin talaar suraltsag zaluus olj uzeesei

  • #3

    zochin (Dienstag, 11 Juni 2024 12:08)

    Setgel sanaa muu uyd tanii blogiig uzej setgelee sergeedeg bolloo. tand bayarlalaa