Найз охиныхоо төрсөн өдөрт бэлэг өгөхдөө мэндчилгээ болгон дагалдуулсан энэ "ил захидал" таалагдаж байна уу? Бийр будагтай огт холилдож байгаагүй хүн ч хийчих боломжтой, маш хялбар гэвэл итгэх үү? Энэ жил сонирхогчийн зургийн хичээлд сууж эхэлсэн болохоор одоо арай өөрөөр зурдаг болсон байх. Гэхдээ энэ даашинз тухайн үед маш хялбар байсан болохоор та нарыг оролдоод үзэг гэж бодоод хуваалцлаа.
Ашиглагдах зүйлс:
-Зотон даавуу эсвэл зузаавтар цаас
-Нэг бүлийн хоёр өөр өнгийн будаг болон цагаан будаг. Би үргэлж акрил будаг сонгодог, учир нь хатсаны дараа усанд урсахгүй, арилдаггүй.
-Өргөн, нарийн хоёр бийр
-Чимэглэх тууз
-Цавуу
Зотон даавуун дээрээ дуртай даашинзаа балын харандаагаар зурж бэлтгэнэ. Ойролцоогоор даашинзны хэв оруулаад л болоо. Өргөн бийрээр нэг бүлийн хоёр өөр өнгийн будгаа хольж аваад, цэцэгний эхний дэвсгэр өнгийг гаргана.
Цэцгийн голыг цагаанаар, мөн хоёр өнгөө цагаантай хольж, дэвсгэр өнгөөс арай цайвар, жижиг цэцэгсийг давхарлан зурна.
Даашинз бэлэн болсны дараа туузаа хайчлан бүчин зангилаа болгон наана.
Ингээд л бэлэн боллоо доо. Туузны голд, хүсвэл сувд, шигтгээ юу ч нэмж нааж болно.
Энэ мэндчилгээ өөр нэг найзад минь их таалагдсан тул түүний төрсөн өдөрт зориулж сарнайн даашинз зурсан. Ашиглагдах зүйлс яг ижил. Хялбархан зурах сарнайн зааврыг энэ бичвэрт би оруулж байсан, үзээрэй.
Эхлээд зөөлөн өнгийг дэвсгэр болгоод дээрээс нь тод өнгөөр С үсэг шиг ороомог зурж өгнө.
Дэвсгэр цэцэгс бэлэн болохоор хоёр будгаа цагаантай хольж дээрээс нь давхарлан жижиг цэцэгс нэмсэн байгаа нь
Туузаар бүчин зангилаа хийж наана.
Сувд, шигтгээ зэргээр голд нь чимэглэж болно.
Иймэрхүү маягаар даашинз зураад найздаа, эсвэл охиндоо өрөөг нь чимэглэж өгвөл хялбар байгаа биз? Янз бүрийн өнгөөр, дуртай загвараараа зурж, туузыг заавал диор, шанель гэхгүй өөр өөр туузаар чимэглэж үзээрэй. Дэлгүүрээс ил захидал худалдаж авснаас өөрөө зураад бэлэглэсэн нь илүү санагддаг болохоор би ингээд л сууж байх дуртай. Өөрийн гараар хийсэн зүйл бүрт сэтгэл шингэдэг болохоор. Та нар цаасан дээр, харандаагаар ч болов оролдож үзээрэй. Хийсэн ил захидлаа инстаграм дээр #chansysdeskdeko @chansy_dash аргамж хийж хуваалцаарай. Түр баяртай.
Kommentar schreiben