Эртний Грекийн гүн ухаанч Платоны нэрээр нэрлэгдсэн энэ нэр томьёог товчхондоо "оюун санааны хайр" гэж нэрлэж болно. Угтаа бол Платон "хайр" гэдэг ухагдахууныг аливаа хүнийг сайн сайхан руу, өөдөө тэмүүлэхэд болон шинийг нээж, сэтгэлийн жигүүрт хөтөлдөг оюун санааны хүч гэж тодорхойлон зөвхөн бие махбодийн бус оюунлаг чанартайг хэд хэдэн түвшинд ялгаж тайлбарлаж л дээ. Хожим үүн дээр тулгуурлан хэн нэгэнд биечлэн хүрч чадахгүй, бодит бус, бүтэх боломжгүй дурлалыг "Платоны" хайр хэмээн нэрийдэх болжээ. Харин миний хувьд биечлэн үл таних атлаа сэтгэлийг минь хөнддөг, бичиж, хэлж ярьж байгаа нь, тэр ч байтугай өөрийх нь нэрлэдгээр "элийрч, эморч" байгаа нь хүртэл гүн сэтгэгдэл үлдээдэг энэ залуу миний "Платоны" хайр бөгөөд энэ дурлал минь бишрэл, бахархал,хүндлэлээс бүрдэнэ.
Анх нүүрном дээр түүнийг бичснийг шимтэн уншдаг болсноор мэддэг болсон юм. Улмаар түүний номтой танилцаж "дурлал" минь эхэлсэн бол хожим хийж буй сайн үйл, тэмцэл, уриалга, мөрөөдлийг нь харж, сонссоор нэгэнт эргэж буцалтгүй "хайртай" болжээ.
Нүүр тулж нэг ч удаа уулзаагүй мөртлөө миний дотор бүхэл бүтэн ертөнц бий болгосон хүчтэй залуу. Түүний бичсэн зүйл заримдаа "ташуур" мэт. Лантуу гэвэл илүү тохирох ч юм уу. Аар саархан зүйлд бухимдаж байснаа түүний бичвэрийг уншаад ичдэг. "Хүн ийм зүйл хийж байна, гэтэл чи? Өөрт байгаа боломжоо нэг удаа бүрэн ашиглаж үзсэн үү? Үзэл бодлоо хамгаалж, үйл хэргийнхээ төлөө ингэж тууштай байж үзсэн үү?" гэж өөрийгөө зэмлэмээр, хийсэн бүхэн минь багадмаар санагдтал бичдэг. Заримдаа уншиж байхдаа ганцаараа түсхийтэл инээмээр, хааяа хоолой дээр юм тээглэтэл бичнэ.
Нийгмийн сүлжээгээр сайхан дүр бүтээж, чадварлаг ашигладаг хэлбэр хүн тэр биш. Түүний зөвхөн үг бус үйлдэл өөрөө ямар хүн болохыг нь харуулна. Түүнд магтаал хэрэггүй, тэр магтаалын үгэнд хөөрөх хүн биш. Гэхдээ залуу хүн тэр их ажлыг амжуулж, зүтгэж байхад нь харамгүй урам хайрламаар, өөрийн эрхгүй магтмаар болдог. Зарим нь хэмлэж, элдвээр хэлдэг бололтой. Аз болоход ухаалаг, хэрсүү юм аа. Таарсан хариуг нь өгөөд үйл хэргээсээ үл ухардаг, зоригтой залуу.
Ядаж байхад царайлаг "Дамиран"шүү. Өөрийгөө их сайхан охидоор хүрээлүүлдэг, дүү нь олон охидод үлгэр жишээ болсон сайхан бүсгүй, эхнэр нь үзэсгэлэнтэй Монголжингоо гээд бичээд байвал эерэг зүйл их ээ. Нэгэнт олонд ил тул түүний үйл хэргийг би нуршаад илүү байх.
Оюунлаг хайрын хүч их байдаг аж. Би түүнээс үлгэр дууриал авч, олон зүйлийг эхлүүлсэн. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаагаад, болоо гээд л явдаг байсан бол одоо чадахын хэрээр олон лаа асаахыг зорьдог болсон. Тэр олон асуудал руу анхаарлыг минь чиглүүлж чадсан. Хүмүүнлэгийн үйлсээ хийгээд хөөрхөн "өвгөн" болоод явж байгааг нь харахаар Монгол "Batman, Superman" шиг л санагддаг.
Ямар ч албагүй, хэн ч шаардаагүй байхад сэтгэлийн дуудлагаараа, үйл хэргээрээ олон эерэг өөрчлөлт хийж чадсан хөдөлмөрч энэ залуугийн хоёр номыг заавал уншаарай. Хувь хүний хөгжил, өөрийгөө олох, алдах ухаарахын тухай туршлагаасаа бичсэн ном. Хэт онолдоод, том том зүйл яриагүй, гэвч том зүйлийг энгийнээр тайлбарласан, анд нөхөр шиг чинь хоёр ном байх болно гэдгийг амлая.
Ээждээ энэ номыг захиад, Jack's кафе дээр очоод гарын үсэг зуруулаарай гэж гуйж, Герман авчруулсан "Боорцог ба Сарнай" Мюнхений их сургуулийн эрүүгийн эрх зүйн номын санд. Монголоос ном ирэхээр судалгаагаа хийхгүй уншаад л суудаг байлаа.
Боорцог ба Сарнай номоос ердөө "үнэн" ханхална. Хэлбэрдэлт үгүй. Энгийн үнэн. Ухаарал хайрласан үгс заавал мэргэдийн амнаас гарсан мэт байх албагүй. Элдэв маяггүй, өөрөө туулсан, мэдсэн зүйлээ ингэж хуваалцах нь харин ч гоё. Тогтож уншсан бол дуусахад нь үнэхээр "Би бол гэрэл" гэж хамтдаа орилмоор санагдана.
Автуус ба Амьдрал номыг овоо хэдэн жилийн өмнө уншсан бол их зүйлийг эрт ойлгож, цаг хэмнэх байсан байхдаа гэж бодогдсон. Амьдрал, түүний утга учир, амьдралд хандах хандлага зэрэг хүнд, том сэдвүүдийг хөнгөн, аятайхан дүрсэлж, өөрийн өнгө аясаа алдалгүй, энгийн бас үнэн бичсэн. Уншаад, намайг юу гэх гээд байгааг ойлгоноо. Сайхан боргол уунгаа уншаад үзээрэй. Салахын аргагүй.
Өөрийгөө нээх аялалд гарсан хэн бүхний унших ёстой номонд зайлшгүй орох хоёр ном гэж би хэлнээ.
Олон хүн түүнд хайртай байх. Миний хойрго занд түлхэлт өгч, үзэл бодлыг минь өргөтгөж өгсөн, үл таних "хайрт" даа баярлалаа. Ид шидийн орон сүндэрлэнэ гэдэгт би итгэдэг. Учир нь миний сэтгэл зүрхэнд ид шидэнд итгэх итгэл хэдийнэ соёолсон.
Kommentar schreiben
Chimgee (Dienstag, 28 März 2017 00:47)
Avtuus ba amidraliig n olj avya ho ! uneheer mundag zaluu shu ene huvguun kk
Zaya (Mittwoch, 24 Januar 2018 07:16)
"Avtuus ba amidral" "Boortsog ba sarnai" avch unshssan. Minii medehgui, anzaarahgui aimshigtai zuils bichsen bsan, Setgel uvduj hyamarsan. Ganjavhlan shig zaluustai mur zeregtsen amidarch bgaagaa ner turiin hereg gej boddog.
Hongjoo (Montag, 29 Mai 2023 03:40)
Ta hoyr bol minii hvndelj, bishirdeg Platonii durlal ym kk. (Ganjavkhlan, Chansy)