"Парисийн цэцэгс" хэмээх гоёмсог нэртэй энэхүү бизнесийг 2016 онд Берлин хотноо Викториа гэдэг залуухан бүсгүй үүсгэн байгуулжээ. Цэцэг, дотоод засал чимэглэлд дуртай тэрээр өөрийн хайртай "Гэрэлт хот" гэгдэх Парис, амьдралын гоо сайхан, чамин зүйлсийг бэлгэдэн ийнхүү нэрлэжээ. Ийм хайрцагтай цэцэгс сүүлийн жилүүдэд инстаграмд, ялангуяа загварын нэртэй блоггерууд дунд элбэг харагдах болсон. Германд байдаг юм болов уу гэж сонирхдог байлаа, харчихаад. Анх цахим дэлгүүр маягаар эхэлсэн энэ бизнес нь богино хугацаанд амжилтанд хүрч, өдгөө цахим дэлгүүрээс гадна Берлин, Дюззельдорф, Хамбург, Мюнхен хотноо өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн байна. Нөгөө л миний байнга хэлээд байдаг, сэтгэлийн дуудлагаа сонсч, дуртай зүйлээ хийн, түүгээрээ амьдрахын тод жишээ. Бод доо, сарнайнд дуртай хүн түүгээрээ ажил эрхэлбэл улам л жаргалтай болох нь гарцаагүй. Цоо шинэ санаа бус, өмнө нь ийм цэцэгс Франц, Америк, Орост байдаг нь инстаграмд нээлттэй. Харин Германд оруулж ирсэн нь энэ бүсгүй. Өдгөө хэд хэдэн ийм "мөнхийн" сарнай борлуулдаг брэндүүд бий болжээ.
Монголд хараахан байхгүй, мөн цэцэгт дуртай бол энэ бизнесийг эхлүүлбэл амжилтанд хүрэх байх даа? Зах зээл, худалдан авах чадвар зэрэг олон зүйлээс бизнесийн амжилт тодорхойлдогдох боловч шинэлэг бас дуртай юмаа оролдоод үзвэл, амжилтанд хүрэхгүй ч аз жаргалтай байж, далимд нь шинэ юм сурах байх гэж боддог. Та нарыгаа энэ гоёмсог цэцгийн ертөнцөөр шагайлгая гэж бодоод энэ бичвэрээ тэрлэж байна.
Өнгөрсөн Валенитиний баяраар би анхныхаа "Парисийн цэцэгс"-тэй учирсан. Энэ хайрцаг нь Парист түгээмэл байдаг, малгайны хайрцагнаас санаа авсан гэнэ лээ.Үзэсгэлэнтэй байгаа биз?
Мюнхен хотод байдаг нэрийн дэлгүүр нь Briennerstr. 9 -д байрладаг. Дотоод засал, тохижилт үнэхээр дэгжин байгаа биз? Би анх өөрийн дэлгүүртэй болно гэж мөрөөддөг байлаа. Яг ийм хар цагаан судалтай ханатай, үзмэн ягаан өнгийн хамбан буйдан, тансаг хөшиг, хивстэй гээд л. Маш олон хүнд ийм хэв маяг таалагддаг бололтой. "Томас сабо" брэндийн дэлгүүр мөн ийм загвартай. Ер нь элбэг таардаг тохижилт, Европт бол.
Дугуй, дөрвөлжин хайрцаг нь жижиг, дунд, том хэмжээтэй. Зарим баяраар зүрхэн хэлбэрт хайрцаг тусгайлан гардаг. Валентинаар зүрхэн хайрцаг нь дуусчихсан байсан гэж манай хүн урамгүй хэлсэн. Надад бол хайрцаг ямар байх нь хамаагүй, анхны ийм цэцэгстэй болсондоо маш их баярласан.
Сарнайг 25 гаруй өнгөнөөс сонгож болно. Эдгээр цэцэг амьд бөгөөд мэргэжлийн цэцэгчнээс хамгийн чанартай, сайн сарнайнуудыг авдаг аж. Сарнайг мөнхжүүлэх технологи нь товчхондоо амьд сарнайны шингэнийг татаж аваад, глицеринээр "үхэхгүй" болгодог гэнэ. Нарийн ширийнийг мэргэжлийн хүмүүс андахгүй байх. Бүх шингэнийг татаж авсан ийм сарнай 1-3 жил амьд байна. Гэхдээ зөв арчлах шаардлагатай. Гараар дэлбээнд нь хүрч болохгүй, учир нь арьсаар чийг дамжиж, гандах үйл явц эхэлнэ. Нарны гэрлээс зайдуу, хуурай, чийггүй орчинд байрлуулна. Үс хатаагч сэнсийг хүйтнээр үлээлгэж тоосыг нь үргээнэ.
Үнийн хувьд хэмжээнээс шалтгаалж 19 евроноос эхэлнэ. Энд цахим хуудас нь байгаа, сонирхоорой.
Сарнайн хэмжээ хоорондоо ялгаатай тул хайрцагт заримдаа тав, зарим тохиолдолд гурав гэх мэтээр тоо нь өөр өөр таардаг гэнэ. Та нарт ямар өнгө нь таалагдаж байна?
Хүсвэл мөнхийн бус жирийн, амьд сарнайг хайрцагт хийлгэн авч болно. Ийм сарнайны үнэ мөнхийн сарнайнаас илүү хямд.
Цагаан сарын шинийн нэгэнд Германд айл хэсч золголт хийнэ эсвэл гал тогоо барина гэх биш, аль болох өдрөө сайхан өнгөрүүлэхийг хичээдэг. Яагаад ч юм, сар шинэ болон шинэ оны эхний өдрийг хичээж байгаад хамгийн гоёор өнгөрөөвөл тэр жилийн өнгө мөн тийм сайхан байдаг мэт. Гэр орон цэвэр, өөрөө цэмцгэр, үг үйлдэл эерэг, ширээ болгон дээрээ цэцэгтэй, гадуур гарсан ч аятайхан газраар нүд, сэтгэлээ баясгаж өнгөрүүлж байгаарай. Би бүр хөтөлбөр гаргаж байгаад л сайхан өнгөрүүлэхийг хичээдэг.
Энэ өдөр Мюнхен дэх нэрийн дэлгүүрт очиж үзэнгээ, шинийн нэгний мөнхийн сарнайтай болсон. Блогны өнгөтэй ижил сурагч ягаан өнгийг сонгосон. Нэг ширхэгтэй нь их хөөрхөн санагдаад, ширээн дээрээ тавьсан. Гадуур нь ийм шилэн бүрхүүл тавьж өгвөл "Beauty&the Beast"-ийн сарнай шиг болохоос гадна тоос болохгүй амар. Иймэрхүү шилэн бүрхүүлүүд Германд Depot, Butler зэрэг гэр ахуйн чимэглэлийн дэлгүүрт хямд, мөн олон янзын хэмжээтэйгээр худалдаалагддаг шүү.
Эмэгтэйчүүдийн баяр, төрсөн өдөр гээд гуравдугаар сард би их баяснаа. Миний дараагийн мөнхийн сарнай дугуй хайрцагт час улаан энэ хувилбар.
Мюнхен хотын Оберполлингер дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт Парисийн цэцэгсийн салбар худалдаа байдаг. Хотын төвд болохоор цэцэг авах хамгийн дөт зам. Нэг зүйл анхааруулахад, нэг сарнайг бол тэр дор нь хийгээд өгнө. Таваас дээш сарнай авахаар бол заавал эхэлж захиална. Нөхөр маань цайны цагаараа захиалаад, орой ажлаа тарахдаа дайрч авсан гэсэн. Тийм болохоор дунд, том хайрцаг авахаар бол өмнө нь очиж захиалаарай.
Мөнхийн сарнайны давуу тал юу гээч? Өдөр бүр усыг нь сольж, доороос нь тайрч ажил болохгүй. Би сарнайгаа аль болох олон хоног гоёор нь байлгахын тулд ингэж арчилдаг гэж бичиж байсан даа, энд. Тэгвэл мөнхийн сарнайнууд арчилгаа бага, цаг хэмнэнэ. Аль хоёрдугаар сарын сарнай одоо ч шив шинэхэн. Үргэлж гэртээ шинэхэн цэцэгтэй байна гэсэн үг. Түүнчлэн, гэрт чимэглэл болгон энд тэнд тавихад өнгө оруулаад, цаанаа нэг тансаг харагдуулна.
Хэдийгээр мөнхийн сарнай үзэсгэлэнтэй, давуу тал ихтэй ч жинхэнэ сарнайн мөн чанарыг хэзээ ч гүйцэхгүй мэт. Яг л мэс хагалбар хийгээд мөнхийн залуу байхыг хүсэмжилдэг бүсгүй шиг. Аливаа юм түр зуурынх, өнгөрөн урсдаг, улиран оддог нь үнэ цэнийг мэдрүүлдэг шиг, байгалиараа байгаа бүх зүйл хамгийн сайхан санагддаг. Сөрөг тал гэвэл ийм. Гэхдээ илүү юм бодохгүй, сайхан гэдгий нь харж баясаад суухад мөнхийн сарнай шиг гоё юм алга даа.
Хожим нэг томоохон баярт үйл явдал тохиовол, ийм том хайрцагтайг нь авбал гоёо! (Давраад л) Дараагийн номоо хэвлэгдэхээр ийм хайрцагтай сарнай авнаа гээд мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, тийм ээ?
Та нар минь хэсэгхэн ч гэсэн сайхан сарнайгаар амьсгалсан гэж бодож байна, дараагийн бичвэр хүртэл түр баяртай.
Kommentar schreiben
javhaa (Sonntag, 21 Mai 2017 17:28)
sain bainuu yaj avahuu ? mongoloos zahialah heregteiyu
Алтаа (Dienstag, 12 Dezember 2017 04:02)
Баярлалаа. Ажилд нь амжилт, амьдралд тань аз жаргалыг хүсэн ерөөе.
Sogi (Dienstag, 04 September 2018 00:05)
zezeg zezegen dundaa sarnai shig goe zezeg algaa� setgel sanaa sergeechihlee�