Энэ удаад та нартаа Италийн умард хэсэгт байх Комо нуурын эргэн тойрны зургаас хуваалцъя. 146 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэх, 51 гаруй км урттай энэхүү нуур Италийн гурав дахь том нуур. Хоёр дахь том нуурын болон Орта нуурын тухай өмнө нь хуваалцаж байсныг санаж байгаа байх. Германыг бодвол цаг уур нь зөөлөн, дулаан болохоор эндхийнхэн амралтын өдрүүдээр ихэвчлэн Итали руу аялах дуртай байдаг. Олон нууртайг ч хэлэх үү. Энэ удаад найз охинийхоо гэр бүлтэй хамт улаан өндөгний баярын амралтаар аялсан нь энэ. Мюнхенээс машинаар, Австри, Швейцарь улсыг дамжин, хурдны замаар 5 цаг давхиад хүрэх газар. Швейцарьт замдаа түр амсхийх үед орон нутгийн телевизээс хурдны зам дээрх амралын өдрийн хөдөлгөөн хэр байгаа талаар сурвалжилж байгаа хүмүүст богинохон ярилцлага өгсөн, инээдтэй. Уг нь ази болохоор гадны жуулчин байна гэж олзуурхсан байх, гэтэл өөдөөс нь германаар яриад, Мюнхенээс ирлээ гэхээр урам нь хугарсан байх энэ хоёр.
Комо нуурын эрэг дагуу олон жижиг тосгод байрлах ба эртний итали хэв маягаа алдаагүй буюу хэт орчин үежиж, хотжоогүй, хуучны барилга, өнгө аяс хэвээр болохоор жуулчид ийшээ ирэх дуртай байдаг аж. Эрэг дагуу байрлах тосгоны аль нэгэнд, нуур луу харсан тагттай байр хөлслөөд хэд хоноход зочид буудлаас хямд, мөн "нутгийн" жинхэнэ уур амьсгалыг мэдрэх давуу талтай. Италичууд хүүхдэд их сайн, биднийг очиход байр түрээслэгч эмэгтэй маш гоё угтаж аван, хүүхдийн ор, сандал, ширээ, тоглоом зэргийг үзүүлж, гал тогооны ширээн дээр сагс дүүрэн итали гоймон, амттан, талх зэргийг бэлдсэн байв. Дэлгүүр хаахаас өмнө хүнсээ цуглуулаад л амралт эхэлнэ дээ.
Өглөө уулсын барааг ажиглан, нуур луу харж кофе уух хичнээн гоё гээч. Нуурын эрэг дагуу байрлах хот тосгодоос томоохон хэд рүү нь усан онгоцоор тойрон аялал хийж болно. Бид Варена хотоос усан онгоцонд сууж, Менажио хот ороод,тэндээ зугаалж байгаад ахин усан онгоцонд суун Белажио хотод ирсэн ба буцахдаа машин зөөвөрлөдөг онгоцоор Варенад буусан. Италичууд Германчуудын бодвол машин барихдаа танхай, замбараагүй явдаг. Уулан дээр байрлах байр луугаа явахдаа нарийхан зөрөг замаар явахад их адармаатай. Нарийхан замын тойруу хэсэг дээр зарим нэг нь машинаа зогсоосон байсан гэх мэт Германд хэзээ ч харагдахгүй зүйл Италид элбэг таарна.
Намайг шилэн бөмбөлөг цуглуулдгийг мэдэх найзын маань хөөрхөн охин надад Комо нуурын энэхүү шилэн бөмбөлөгийг бэлэглэсэн. Маш их баярлалаа. Хүүхдийн сэтгэл хайр хүрмээр шүү.
Германд бороотой, хүйтэн байсан бол энд өдөр бүр 20 хэмээс дээш дулаан, цэцэг навч бүрэн дэлгэрсэн сайхан үе таарсан. Шанелийн камели, ороонго дэнс, лаванда гээд нүд, сэтгэл баясгасан цэцэгс олон байв. Би яг одоо Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч", Д.Батбаярын "Сайхныг бүтээхүйн нууц" номуудыг уншиж байгаа юм. Эдгээр номон дээр цэцэгсийг утга дүүрэн бичсэн нь тэднийг харах өнцөгт өөрөөр нөлөөлж байгаа. Уншиж дуусаад номын тэмдэглэл хийнээ, амжвал.
Ингээд олон зүйл үл өгүүлэн зурган аялалд урьж байна. Комо нуурын эргэн тойронд түр саатаарай.
Хүү маань зургийн аппарат барьж гүйгээд, дуранг нь завааруулчихаж ээ
Италид заавал хийх зүйлсийн нэг бол жинхэнэ итали зайрмаг идэх. Европт зайрмагийг Итали гэсэн тодотгол аяндаа дагалдана. Бусад нь Итали зайрмагийг дуурайгсад.
Яг энд хайрттайгаа болзмоор газар байгаа биз?
Нуур, түүний эргэн ойрон дахь уул толгодын уур амьсгал энэ бүс нутагт ургах лаванда ургамалд сайнаар нөлөөлдөг гэнэ. Энэхүү ургамал эртнээс эмчилгээнд хэрэглэгддэг асан, элдэв шарх сорви анагаах увдистай, орчин үед бол бактерийн эсрэг үйлчилгээтэй гэх байх, нойргүйдлийн эсрэг тустай, тайвшруулах үйлчилгээтэй, шавьж шумуулны хазсан хэсэгт түрхдэг, арьсны өвчин, загатнааг намжаадаг гэнэ. Үнэр нь тансаг болохоор саван, хувцасны шүүгээнд өлгөх үнэрт уут зэрэг нь их таалагдсан. Миний блогны өнгө шүү дээ. Сурагч ягаан өнгө нь оюун ухааны, бясалгалын өнгө, энх тайван, амар амгаланг бэлгэддэг гэнэ. Би огт мэдэхгүй байж байгаад утга төгөлдөр өнгө блогтоо сонгосондоо их баяртай байгаа.
Хэсэг зуур ч болов өөр газар зурган аялал хийж сэтгэлээ сэргээсэн гэж найдаж байна. Дараагийн бичвэрээр уулзатлаа түр баяртай!
Kommentar schreiben
zol (Donnerstag, 25 Mai 2017 17:39)
ymar goy gazar we. zaawal ochij uznee. ta unshsan nomiihoo talaar temdeglel oruulwal ih bayrlana shuu. bayrlalaa