Австрийн дөрөв дэх том хот болох Зальцбург нь миний амьдарч буй Мюнхен хотоос энгийн галт тэргээр хоёр цаг зорчоод хүрэх эсвэл хурдны замаар цаг хагас давхих зайд байх тул нэг өдрийн аялал хийхэд тун тохиромжтой. Тийм болохоор Мюнхенд зочилсон найз нөхдөө дагуулан, Австри үзүүлэх далим болдог юм. Бавари мужийн тийз гэх галт тэрэгний тийз энэ хот хүртэл үйлчилдэг тул нэг авсан тийзээрээ өглөө гараад орой буцаад ирэх боломжтой нь иймэрхүү өдрийн аяллыг хямд зардалтай болгоно. Жишээ нь гурван хүний 37 евроны үнэтэй ийм тийзээр Зальцбург ирж очино гэсэн үг. Ганцаараа явбал галт тэргэнд унших ном, сэтгүүлээ, томоос том кофетой бэлдээд орно. Найзуудаараа явбал галт тэргэнд хууч хөөрөн,зураг хөрөг авсан шигээ зугаатай явсаар нэг мэдэхэд хүрчихнэ.
Сүүлд бид гурвуулаа замд гарч, ийм жижиг шилтэй дарс уунгаа уулзалдснаа тэмдэглэсэн. Овор багатай, спиртийн агуулга багатай ундааг галт тэргэнд уухыг зөвшөөрнө гэж тийз шалгагч хэлсэн. Харин Германд бол нийтийн унаанд архи дарс уухыг хориглосон. Гэвч Баварит шар айраг ууж буй хүн цөөнгүй харагддаг, шар айрагийг согтууруулах ундааны төрөлд бус шингэн талх хэмээдэг улс даа, Мюнхенчүүд.
Ингээд Зальцбург хотноо очвол хийж болох дараах арван зүйлийг онцолж байна.
1. Алдарт Моцартын төрөлх хот тул сонгодог хөгжим, түүх сонирхогчид энэ хот руу Моцартын мэндэлсэн байшинг үзэх гэж цувна. Австрийн далбаа унжсан энэхүү шар байшингийн гурван давхарт Моцарт 1756 оны нэгдүгээр сарын 27-нд мэндэлжээ. Өдгөө энэ байшинг Моцартын гэр музей болгосон ба тухайн үеийн тавилга, чимэглэл, Моцартын эдэлж хэрэглэж байсан зүйлс, зурвас захидал, тоглож асан хөгжмийн зэмсгийг энд харж болно. Уг музей Австрийн хамгийн их үзэгчтэй музейн нэг бөгөөд Моцартын гэр бүл түүнийг төрөхөөс өмнө, төрсний дараа нийт 26 жил амьдарсан аж. Моцартгүй зүйл энэ хотод ер нь ховор. Гэвч үнэндээ Моцарт энд төрж, хүүхэд насаа өнгөрөөсөн л болохоос 36-хан наслахдаа (36 арай хүрээгүй өөд болсон, харамсалтай байгаа биз?) амьдралынхаа ихэнх он жилүүдийг Европын бусад орноор гэр бүлээрээ аялан тоглолт хийж, эсвэл Вена хотод ажиллаж, амьдарч өнгөрөөсөн байна.
Моцартын талбай дээрх түүний хөшөөг өөд болсноос нь хэзээ хойно 1842 онд босгожээ. Хотын уугуул зарим нэг хүмүүс, "Одоо л Моцартаар ашиг олж байгаа болохоос амьд ахуйд нь үнэлж байсан удаагүй. Зальцбургт ажиллаж байхад нь эхэн үедээ хөлс мөнгө ч өгдөггүй байсан, аялан тоглолтоор явах гэхэд нь чөлөө амар өгдөггүйн улмаас Моцарт халагдах хүслээ өгч, Вена хотыг зорьсон нь болсон" гэх зэргээр ярьдаг юм байна лээ. Моцартыг гоц авьяастан боловч ядуу тарчиг амьдралтай байсан гэдэг харин худал аж. Эх сурвалжуудад дурдснаар Моцарт хөгжимчний хувьд сайн мөнгө олдог, гэвч үрэлгэн, тансаг амьдардаг, мөрийтэй тоглож их мөнгө алддаг байсан аж. Өөд болохдоо найз нөхөддөө өртэй одсон ч тансаг хувцас, үнэтэй билльярд ширээ, тавилга зэргийг үлдээсэн, түүнчлэн зарц туслах олонтой байсан зэрэг нь түүнийг ядуу байгаагүй гэдгийг нотолно.
Ямартаа ч өнөөдөр түүний нэр Зальцбургийн бэлгэдэл тул энэ хотод очсоных түүний мэндэлсэн байшин, хөшөө хоёрыг үзээрэй.
2. Нэгэнт Моцартаар эхэлснийх дараагийн хийх зүйлдээ Моцарт нэрт бөөрөнхий шоколадыг оруулчихъя. Элдэв бэлэг дурсгалын дэлгүүрээс бус бөөрөнхий шоколад борлуулдаг нэрийн дэлгүүрт нь орж үйлчлүүлж үзээрэй. Худалдагч нь сонирхолтой зүйлс ярьж, худалдан авахаас өмнө амталгаа санал болгох болно. Мөн гэрийхэндээ, дотно хүмүүстээ Зальцбургаас авч очих бэлэг болно. Уут савлагаа нь ч бэлэг дурсгалын дэлгүүрийн цагаан тор шиг бус Зальцбургийн нэр, зурагтай, аятайхан.
3. Аян замдаа ядраад түр завсарламаар эсвэл өдрийн хоол идмээр бол энэ кафед заавал ороорой. Улаан хүрэн өнгөтэй, Европ хэв маягтай зөөлөн буйдан, жижиг ширээтэй, тухлаг орчин таныг угтана. Энд "жинхэнэ" Зальцбургийн гэх амттан, үндэсний хоол зооглож болохоос гадна Моцартын гэх боргол ууж болно. Түүнчлэн бэлэг дурсгалын уух зүйл, амттанг өөрсдөө үйлдвэрлэн савладаг тул энэ хотоос авчрах бэлэгний тоонд зүй ёсоор орно.
4. Зайлшгүй хийж үзэх, мартагдашгүй нэгэн зүйл бол хотоор морин тэргээр хөтөчтэй зугаалах. 20 минут ингэж аялахад ойролцоогоор 40 евро, 4 хүн сууж болно. (Хүн тус бүр биш бүхээгний үнэ гэсэн үг) Үнэ ханш нь жил бүр дээш доош бага зэрэг хэлбэлздэг юм байна лээ. Хөтөч нь замдаа хотын түүх өгүүлэх ба хүсвэл бас дуугай явж ч болно. Морьд хотын төвд эгнэн зогсож, такси шиг дарааллын эхэнд байгаа нь эхэлж хүн авдаг зарчимтай. Ээж бид хоёр анх очоод, ямар морьтой тэрэг авах уу, цагаан морьтой нь гоё уу, хар нь зүгээр үү? үүлдэрээрээ бол том биетэй Бельги гаралтай юу, навтгар эгдүүтэй нь үү гээд л сонгох санаатай байтал эхний тэрэг явдэг зарчимтай гэж билээ. Морин тэрэг замын хөдөлгөөний дүрэмд захирагдана. Нүдэндээ хамгаалалттай тул машин тэрэгнээс цочиж, бусгаад байдаггүй. Европын Холбоонд мөрддөг ахуйн мал, амьтанг арчлах, хамгаалах дүрэм дагадаг, тодорхой цагаар ажилладаг, жишээ нь өглөө ээлжтэй байсан бол орой гарч болохгүй гэх мэт зохицуулалттай, тэжээл хангамж сайн, мөн хяналт сайн гэж морин тэрэгний жолооч хэлсэн. Тэгээд ч ихэнх нь хувийн морьдоор явдаг тул өөрийн эзэмшилдээ сайн хандаж, торддог гэсэн. Ямартаа ч эдгээр морьд гаднаас нь харахад эцэж ядарсан, туранхай бус болохоор сайн арчилдаг, хайрладаг байх гэж найдъя. Зарим Герман найзууд маань ийм төрлийн биенесийг эрс шүүмжилдэг, амьтан тамлалаа гэж үздэг тул морин тэрэгний зурагнаас болж маргаан үүсэх тохиолдол бий.
5. Цогчин дуганы талбай гэх өргөн талбайн хэсгээр Зальцбург хотын зүрх оршино, миний хувьд. Энэ талбайн орчим зугаалж, элдэв усан оргилуур, хөшөөний зураг аван, гудамжинд тоглох хөгжмийн ая сонсонгоо ил захидал худалдан авч, шатар тоглох хүмүүсийг ажиглах зугаатай.
Цогчин дуганы талбайн зэргэлдээ Капител талбайд байрлах энэхүү шаргал бөмөлөг Моцартын бөөрөнхий шоколадыг санагдуулна. Хоёр тонн хүнд алтадсан энэ бөмбөрцөг таван метрийн диаметртэй. Түүн дээр есөн метрийн өндөрт зогсох энэ хүрэл залуу 300 кг жинтэй гэвэл итгэх үү? Түүний өмссөн цагаан цамц, хар өмд бол уг бүтээлийг урлагч Германы уран барималч Штефан Балкенхолийн таних тэмдэг аж.
Гудамжны том шатрын хөлөг дээр тоглох хүмүүс, давхар наана нь шатар тоглох хүмүүсийн дүр зураг. Шатар тоглох дуртай хүн бол энд өдрийг өнгөрөөх байх даа.
1997 оны Зальцбург хотын төвийг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд багтаажээ.
Цогчин дуган руу нь орж үзвэл нэг иймэрхүү. Би хаа явсан газрынхаа сүм дуганд шашин номоос үл шалтгаалан орж, лаа асаадаг. Нэг найз маань "буруу номын юманд орохгүй" гээд гадаа нь үлдэж байсан. Хүн бүр өөрийн үзэлдээ үнэнч байсан нь зөв, гагцхүү бусдад өөрийн үзлээ тулган, өөрөөсөө өөр үзэлтэнг буруушаан, шүүхгүй л байвал зүгээр гэж боддог юм. Гэхдээ Улаанбаатарт ирсэн гадны жуулчин Гандантэгчилэн хийд дотогш орж үзэхгүй гэвэл их л сайхан зүйл, ялангуяа Мэгжид Жанрайсигийг маань харахгүй өнгөрнө, тэглээ гээд бид яах ч үгүй, харин тэр хүний хувьд харамсалтай, тийм ээ?
6. Эндээс Өндөр уулан дээрх Давст Цайзыг зориорой. Тэртээ 1077 онд суурь нь тавигдсан энэ цайз 1500 онд өдгөө харагдаж буй төрхөө олжээ. 1892 оноос энэ цайз руу дээш зөөх цахилгаан тэрэг ашиглалтанд орсон бөгөөд хэдхэн хормын дотор дээр гарна. Зальцбург хотыг дээрээс тольдох сайхан боломж шүү, заавал үзээрэй. Ер нь Европт ихэнх цайз хэрэм өндөр уулан дээр байрладаг, чулуун хашаа, хаалгатай байдаг нь тухайн үеийн хамба лам, ноёдыг гадны түрэмгийллээс хамгаалахад оршдог аж. Энэ цайз түүхэндээ эзлэгдэж байсан удаагүй гэж хөтөч хэлсэн.
Цайз дээрээс зэс зоос шидээд, тэр нь энэ жижигхэн тавцан дээр тогтох аваас аз авчирдаг, зарим нь хэлэхдээ энэ хотод эргэж ирдэг гэж тайлбарласан. Аль нь үнэн юм бүү мэд. Хэрэв мэддэг хүн байвал хуваалцаарай.
7. Хотын дундуур урсах Зальцах мөрөн дээгүүр усан онгоцоор явах бол дараагийн онцлох зүйл. Блог уншигчид маань мэднэ дээ, хаа газар устай бол усан онгоцноос би татгалздаггүйг. Хүйтний улиралд усан онгоц явдаггүй. Харин эрэгт сойгдсон усан онгоцон дээрх байнгын ресторанд орж болно. Зальцах мөрний хоёр эргийг холбосон хэд хэдэн гүүрнээс хамгийн гоё нь хайрын цоож өлгөөстэй энэ гүүр шүү. Энэ гүүрэн дээрээс "Зальцбургт авахуулсан" гэх түгээмэл тодотголтой зураг авдаг.
8. Гүүр гараад л холгүй алдарт "Сахер" зочид буудал, нэрийн кафе байна. Австри гэхээр ер нь Сахер Кафе, Сахер бялуу гэсэн нэрс дагалддаг. Захиалга өгөөгүй бол ихэнхдээ хэдэн минут дараалалд зогсох болдог. Үүдэнд нь урт дараалал байна гэдэг энэ газрын онцгойг илчилнэ. Жинхэнэ Сахер бялууг амталж, Австри кафены уур амьсгал мэдэрмээр бол бага зэрэг хүлээхэд гэмгүй.
Хэрэв дараалалд зогсож хайран цагаа үрмээргүй бол гараад өөр кафенд ороорой, над шиг ингээд гудамжинд цайлчихаж бас болно ;) Зальцбург хотын ихэнх кафе Сахераас дутахааргүй, чанартай, тухлаг санагдсан.
9. Орчуулбал "Бишрэм сайхан" гэсэн утгатай эмэгтэй хүнд оноодог итали нэрнээс үүдэлтэй Мирабелл ордны цэцэрлэгээр заавал ороорой. 1606 онд баригдсан уг ордонд өдгөө хотын захиргаа байрлах ба ёслолын танхимуудад баяр наадгай, концерт зохион байгуулагддаг аж. Цэцэрлэг нь ямар ч улиралд очсон үзэсгэлэнтэй. Гэхдээ зун цагт очвол илүү амьдрал буцалдаг мэт санагдсан. Театрчилсан тоглолт, жүжиг, хөгжмийн үзүүлбэр таарах нь элбэг.
Энэхүү далавчит морийг 1913 онд босгосон аж. Улирал бүрд өөр дүр төрх угтана.
10. Ингээд жагсаалтын төгсгөлд Зальцбург хотын төв дэх урт нарийн гудмаар зугаалж, дэлгүүр хэсэхийг багтаая. Хаяг нь урлагийн бүтээл шиг ийм гоё дэлгүүрүүд энэ хотод л байдаг байх. Заавал юм авахгүй, зүгээр зугаалсан ч сайхан гудам.
Галт тэрэгний буудал алхах замд энэ зочид буудал өнгөрөх ба хавар цагт, замбага цэцэглэх үеэр модод ямар гоё цэцэглэдэг гэж санана!
Буцахдаа галт тэргэнд суухын өмнө мартсан зүйлсээ авах бэлэг дурсгалын дэлгүүр, сонин хэвлэлийн тасаг эсвэл замдаа идэх түргэн хоолны газар бүгд галт тэрэгний буудал дээр бий.
Ингээд та нартаа энэ хотын тухай багахан ч гэсэн сэтгэгдэл үлдээсэн байх гэж найдья. Зальцбург гэдэг нь орчуулбал "Давст цайз" гэсэн үг. Уулан дороос давс олборлож, худалдаалдаг байсан, давсаар баян нутаг тул ийн нэрийджээ.
Дараагийн бичвэр хүртэл түр баяртай.
Kommentar schreiben
Sarashka (Samstag, 13 Januar 2018 00:29)
Salzburg uneheer goyo hot shu wie ein Märchen � Salzburged ochij bsan uye sanagdaj baina mash saihan dursamj daraa ochvol deer durdagdsan gants 2 uzeegui zuilee uznee � bayarlalaa Chansy
Khaliun (Samstag, 13 Januar 2018 12:02)
Uneheer taalagsan shuu goi temdeglel bolj bas zuragnuud ih goi bnaa tnx
sadas@gmail.com (Dienstag, 16 Januar 2018 14:13)
Барууны хотууд үндэсний хэв шинжээ хадгалаад хөгжсөн байх юмдаа. Улаанбаатарт хэдxэн музей сүм хийдээс өөр дорнын гэх зүйл алга даа
Binduush (Mittwoch, 17 Januar 2018 10:03)
Урам зориг өгдөгт баярлалаа. Сайхан тэмдэглэл болсон байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. :)
Chansy (Donnerstag, 25 Januar 2018 15:31)
Сэтгэгдэл үлдээсэн бүх хүнд баярлалаа
Enkhmaa (Samstag, 27 Januar 2018 07:19)
Yamar goe yum be, daraa zaaval ene hotod ochod tanii sanal bolgoson 10 zuiliig turshaad, temdeglel bichne ee!