Энэ удаагийн бичвэрээр та нартаа өөрийн цуглуулга дахь хамгийн дуртай хуулийн кинонуудаа танилцуулъя. Хуулийн сэдэвтэй кино гэхээр "12 тангарагтан шүүгч", "Эрин Брокович" гээд түгээмэл кинонууд нэрлэгддэг болохоор зориуд өөр кинонуудыг жагсаалаа. Гэхдээ энэ хоёр кинонд дуртай. Вюрцбургийн их сургуулийн хуулийн нэгдүгээр курст "Эрх зүйн философи, түүх" хичээлийн семинар дээр "12 тангарагтан шүүгч"-ийг анх үзэж байсан. Хэрэгтний гэм бурууг ямар ч эргэлзээгүйгээр тогтоохоос нааш яллах боломжгүй гэдэг зарчмыг таниулсан, хүн гэгч нийгмийн амьтан, түүний ганцаараа болон бүлгээрээ гаргах араншин, аливаа асуудлыг шийдэх хандлага хичнээн хувьсамтгай болохыг харуулсан болохоор шүүн шийтгэхүйн бодит үнэнийг олох үйлд эдгээр нь хэрхэн нөлөөлж болохыг эргэцүүлж,ярилцахын тулд энэ киног сонгон үзүүлдэг аж. Эрин Брокович бол миний хувьд хувийн амьдралдаа салан задгай боловч ажил хэрэгт хандаж байгаа нь нямбай, нэг зүйл эхэлбэл ул суурьтай хандаж, эцсийг нь үздэг, зоригтой эмэгтэй. Хуульч хүнд байх ёстой төрөлхийн шинжээч, ажигч чанар дээр нь эх хүн, хэцүү амьдрал үзсэн хүний хувьд асуудал нь тоогдохгүй хаягдвал ямар байдгийг мэддэг, хүнлэг, тууштай, дээр нь хэлэмгий бас сэргэлэн нь амжилтанд хүргэсэн болов уу.
Ингээд жагсаалтаа доороос дээш нь эгнээе:
10. Хонгорхон Элл Вуудсийн дүр сэтгэлд минь эгнэгт зурагджээ. Энэ киног би "Сисси" шиг бас л хэсэг бүрт нь цээжээр дуу оруулж чаддаг болтлоо олон удаа үзсэн. Анх харилцааны оюутан байхдаа үзэж байсан, хууль сурвал гоё юмуу гэж өөрийн эрхгүй тэгэхэд бодогдсон. Гэнэн цагаан, хөөрхөн дүр. Яагаад ч юм, царайлаг, ганган охидийг тэнэг, аальгүйгээр тамгалчихдаг явдлын эсрэг зориуд хөшөө босгосон мэт. Би ингэж дүгнэдэг хүмүүсийг ер ойлгодоггүй. Царай муутай бол ухаантай гэсэн баталгаа байхгүй. Харин ч өөртөө итгэлгүй, өөрийгөө царай муутай гэж боддог хүмүүс элдэв комплекстэй байдаг нь олон. Би бол сайхан хөөрхөн эмэгтэйд дуртай. Зохимжтой хувцасладаг, арчаатай бол бүр дуртай. Дээр нь харилцааны соёлтой, хүнлэг бол тэгээд наалдан пад. Энэ кино надад загварын өндөр мэдрэмжтэй хийгдсэн болохоор ч тэр үү, гэгээлэг охин дотроо ч, гаднаа ч үзэсгэлэнтэй байсанд болсон уу, миний хамгийн дуртай киноны нэг болсон. Хууль эрх зүйн талаар сүртэй ойлголт өгөх кино биш л дээ, гэхдээ хуулийн оюутан болоход юу хэрэгтэй, хичээл ном хэр байдаг зэргийг хөнгөн харуулсан.
Хамгийн сайхан чанар нь, өөрийг нь хэн юу гэж хэлж, бодох бол гэж огтхон ч айдаггүй, чин сэтгэлээс бүхнээ хийдэг нь. Ангийнхаа бүдүүн залууг хоёр охинд дооглуулан зогсож байхад очиж авран: Чи яагаад над руу ярина гэчихээд алга болж байгаа юм бэ гээд алгадчихдаг нь нээх хөөрхөн, эргэхдээ нүүрэндээ нэг сахилгагүй инээд тодруулаад л. Үдэшлэг дээр ганцаархнаа костюмтай очоод тоох ч үгүй хүмүүс дундуур алхан, хайртай залуу дээрээ очоод мэндэлнэ. Зоригтой. Би бол ичээд яаж зугтаж, нуугдаж байгаа болоо? Хайртай залуудаа хаягдаад түүндээ ахин тоогдох гэсэн ганцхан чин хүслээр эхэлсэн түүний тэмцэл Харвардын хуулийн сургуулийг амжилттай төгсөхөд хүргэнэ. Бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг нь тэр. Би бол хаягдах битгий хэл эхлээгүй байхдаа л хайртай залуугаа ямар ч тэмцэлгүй найздаа "бэлэглэчихсэн", хаягдвал юун тэмцэх, бүр алга болно биз?
Элл Вуудсээс олж харсан бас нэг эрхэм чанар бол хэнийг ч ялгалгүй, хүн гэж харьцдаг. Хичнээн тансаг, сайхан хүн гэхдээ хэнийг ч дорд үздэггүй. Хумс янзлуулдаг газрын бүсгүйтэй дотносон найзалж буй нь сүүлд түүний салонд уйлаад, сургуулиа хаяна гэж байхад багш нь сонсоод загнаж, ухааруулах боломж хайрладаг.
Мөн, сурсан мэдсэн зүйлээ дор нь ашиглаж, хэргийг нь гаргадаг их мундаг. Найз бүсгүйн нохойг иргэний эрх зүй дээр сурсан өмч хуваах зохицуулалтыг ашиглан экс найзаас нь буцаан авч өгч байгаа нь миний тархин дундуур татаад авах шиг л болсон. Бид хэчнээн их зүйл сурч, мэдлэг цуглуулдаг гээч? Түүнийгээ ашиглах хэрэгтэй аж. Гэх мэтээр энэ гэнэн хонгор охиний дүрийг бүтээсэн, инээдмийн ч юм шиг хөнгөн, хэтрүүлэгтэй кино надад тэр үед их зүйл шинээр харуулсан.
Элл анхны лекц дээрээ, бусад оюутнууд компьютер гаргачихсан сууж байхад ийм өдөн бал барьчихсан сууж байдаг. Би ийм баланд дуртай болохоор Германд оюутан болоод, хичээлдээ зүрхэн хэлбэртэй, ягаан өдөн бал бариад очсон. Зүрх нь бас юм бичихээр гэрэл аснаа, болоогүй. Шоотой богино юбка, цамц өмсөөд, нэг л ягаан цагаан юм их сургууль дээрээ очсон, ихэнх нь жийнсэн өмд, малгайтай цамцтай, саарал хүмүүс байсан. Гэхдээ би өөрчлөгдөөгүй. Учир нь би дуртай зүйлдээ, өөртөө үнэнч байхад бусад нь хүлээн зөвшөөрдгийг, бүр даган дуурайдагийг мэдсэн. Чин сэтгэлээсээ байх, зоригтой байхыг тухайн үед энэ киноноос мэдэрсэн дээ.Миний компьютерийн гарын дэвсгэр дээр "Сургуулиа төгсөөд би гүнж болно" гэчихсэн байгаа. Бүгд ягаан. Гэхдээ ягаан зүйлд дуртай байлаа гээд тэнэг болчихсон нь одоогоор мэдэгдэхгүй л байна. Харин ч энэ ягаан компьютер дээр дөрвөн ном дуусгаж хэвлүүлсэн шүү. Одоо докторын ажлаа дуусгачихвал жинхэнэ гүнж болох гээд байна даа :)
9. Хуулийн сэдэвтэй номуудын эцэг Жон Гришамын бүтээлээр хийсэн кинонуудыг энд багтааж байна. Анх Matthew McConaughy, Sandra Bullock нарын тоглосон "A time to kill", Германд "Тангарагтны шүүх" гэж орчуулсан киног үзээд шүүх хуралдааны төгсгөлд хэлсэн үгийг нь сонсонгуут хамаг бие арзайсан. Арван настай, хар арьстай охинийг бузарласан залуус зохих шиийтгэлээ амсаагүй, түүнчлэн охин нь хэзээ ч эх хүн болохгүй гэдгийг сонссон охины аав тэднийг буудаж хөнөөх ба энд хар арьстныг гадуурхдаг, дорд үздэг арьс өнгөний үзэл бас давхар үүрэг гүйцэтгэнэ. Охины аавыг цагаан арьст тангарагтан шүүгч нар хэдийнэ ялласан нь илт, өмгөөлөгч нь түүний хүний амь хороосон үйлийг зөв гэж үзэхгүй ч энэ охинд тохиолдсон зүйлийг нэгд нэгэнгүй дурдаж, хэрэв энэ охин "цагаан арьстай" байсан бол та нар бас ухаанаа алдах байсан, энд арьсны өнгө бус хүний, тэр тусмаа эцэг хүний аргагүй байдал харагдаж буй гэсэн өнцгөөр аргументээ төгсгөдөг. Энэ киног би зурагтны receiver дээр худалдаж авсан тул ДВД зураг оруулсангүй. Эрх зүйн хувьд маш их маргаантай сэдэв л дээ, цусан өшөө авах, дур мэдэн шүүх гэх мэт өнөө үед хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн тогтолцоонд сайшаадаггүй зүйлсийг харуулсан.
Дараагийн онцлох кино нь Runaway jury буюу германаар "Худалдагдсан шийдвэр" хэмээх кино. Энд тангарагтны шүүхийн сул талыг тод томруун харуулсан. Тангарагтанг сонгох бүхэл бүтэн баг, мэргэжилтэн, сэтгэл судлаач, дүгнэгч, ажиглагч хөлслөн, өдөр тутамд нь ажиглалт хийж, тэдний сул тал, эмзэг цэгийг олж цуглуулдаг, үүнийгээ өөрсдийн талд ашигтай шийдвэр гаргуулахын тулд ашиглах, шантаажлах зорилго агуулдаг, ингэхдээ хамгийн орчин үеийн техник ашиглаж, шилдгүүдийг ажиллуулдаг тул өртөг өндөртэй энэ салбарын үйлчлүүлэгч мэдээж мөнгө хөрөнгөтэй том концерн байна. Тагнуултай кино л гэсэн үг. Гадаад байдал, ааш араншингаар нь хүнийг маш гярхай дүгнэнэ. Жишээ нь: тарган эмэгтэй, ихэнхдээ бусдыг энэрэх үзэл муу, хатуу, харамч тул бидэнд ашигтай тангарагтан болно, энтертейнер буюу бусдыг үргэлж хөгжөөх гэдэг хүн бол хүн бүр аз жаргалтай, сайн үр дүнд хүрээсэй гэж хүснэ, тэгэхээр олныг дагана гэх мэт дүгнэлт хийнэ. Гол дүрийн Ник ийм тангарагтан болж, энэ тогтолцооны эсрэг, хөрөнгө хүчтэй зэвсэг үйлдвэрлэгчийн эсрэг тэмцлээ тэдэнтэй ижил аргаар хийх төлөвлөгөө нь хэрхэн бүтэж буй талаар өгүүлсэн кино. Хожим түүний ингэх болсон сэдэл, зорилго тодорхой болно. Хэтрүүлэгтэй ч тасархай кино.
"The firm", "The rainmaker" зэрэг кинонууд нь бас дурдахгүй байхын аргагүй. Гэхдээ Жон Гришамын зохиол бүрийг амтархан уншдаг, киног нь алгасдаггүй хүний хувьд түүний номнуудаар тусад нь нэг бичвэр оруулахгүй бол дуусашгүй урт юм болох нь.
8. Жон Траволта гол дүрд нь тоглодог "Иргэний процесс" кино. Би иргэний эрх зүйд үнэн дургүй. Магадгүй монголдоо иргэний эрх зүй үзээд Германаар дараа нь сонссон бол ойлгоход амар байж, дуртай болох ч байсан юм билүү? Германаар иргэний эрх зүйг үзэх ямар төвөгтэй гээч? Германчууд нь ч өөрөө сайн ойлгохгүй. Хамт суралцаж байсан оюутнуудаас "чиний гүнзгийрүүлэн сонгосон салбар юу вэ?" гэвэл ихэнх нь иргэний эрх зүй гэнэ. Учир нь хүн байгаа цагт хүн хоорондын маргаан тасрахгүй, тэгэхээр иргэний эрх зүйг сонгон судалвал хэзээ ч ажилгүй болохгүй, түүнчлэн нэг захидал бичээд л мөнгө олох ажил гэсэн дээ. Ажиглаад байхад амьдрал дээр байр орон сууц түрээслэгч, хөлслүүлэгч, хөрш хоорондын эсвэл ажил эрхлэгч олгогч хоёрын хоорондын маргаан үл тасрана. Тэгэхээр жоохон ухаантайхан хүн байсан бол энэ салбарыг сонгоод, хөлжих байж. Би тийм биш юм аа. (Нөгөө гоё, сайхан юманд, ягаан өнгөнд дуртай чинь тэнэг гэж үнэний ортой болж таарлаа хаха)
Энэ кинонд арьс, нэхий боловсруулдаг болон хүнсний аж үйлдвэрлэл эрхэлдэг том концернууд үйлдвэрлэл явуулж буй газрынхаа усыг бохирдуулснаар гүний ус хордож, улмаар оршин суугчид халдварт өвчин тусдаг агуулгаараа Эрин Броковичтой төстэй. Гол дүрийн өмгөөлөгч нэр төртэй, амжилттай, хөрөнгөтэй. Ядуу, өвчинд нэрвэгсдийн эрх ашгийг хамгаалж, том концерний эсрэг тэмцэж эхэлснээр түүний уналт эхэлнэ. Процесс удаан үргэлжилж, тэр хооронд өмгөөлөгч хамтрагчдаасаа салж, дампууралд хүрнэ. Гэхдээ энэ том хэргийг байгаль орчныг хамгаалах албад шилжүүлснээр үйлдвэрийг хаалгаж, усны бохирдлын эсрэг арга хэмжээ авахуулж дөнгөнө. Эхлүүлсэн, бүхнээ зориулсан энэ тэмцэл хожим амжилтанд хүрсэн ч тэр ядуу хэвээр, амжилтийн бялуунаас зүсэм ч хүртэхгүй. Кино эхлэхэд түүнд байсан үнэтэй хувцас, гоё машин, хамтрагч, нэр хүнд бүгд үгүй болно. Гэхдээ түүний зорьсон үйл бүтдэг нь хувь хүний хэрэгцээнээс давсан, гүн, өөр том амжилтийг илтгэнэ.
7. "12 тангарагтан" киноны найруулагчийн бүтээл "The verdict" кинонд урьд нь нэр хүндтэй асан, одоо архинд орсон, хөгшин ганцаардмал өмгөөлөгч сүүлчийн том хэргээ өмгөөлж буй тухай өгүүлнэ. Эмнэлгийн ажилтны алдаанаас болж дөрвөн жил зохиомлоор амьсгалуулах аппаратанд дөнгөлүүлсэн охины эгч ах хоёр эмнэлэгээс нөхөн төлбөр шаардана. Нэг талаас эмнэлэгийн нэр төр, алдартай хоёр эмчийн нэр хүнд, нөгөө талаас залуухан хосын дүүгээ асарсан дөрвөн жилийн хөлс, гуниг, охины амь нас зэргэцэнэ. Эмнэлэг, даатгалын компани мэдээж өмгөөллийн том багтай. Өмгөөллийн товчооны том тэнхимд дүүрэн туслахууд, шаардлагтай зүйлсийг судалж, цуглуулж, хэрхэн олон нийт, хэвлэл мэдээллийг ашиглан эмнэлгийн нэр төрийг аврах, олон нийтийн санааг өөрийн талд эргүүлэх арга замаа сэдэж байхад өвгөн өмгөөлөгч найзтайгаа хоёулхнаа номын санд эргэцүүлсэн шигээ сууж байх нь тэнцвэргүй байдлыг тод харуулсан. Өмгөөлөгчийн тухай хавтас гаргаж ирдэг нь өнөөгийнхөөр бол нүүр номын мэдээлэл юм уу даа, юу хэлж байсан, юуг баримталдаг, хэний эсрэг хэний төлөө гээд тэр хүний тухай дүр зураг гаргаад ирж байгаа юм. Эмнэлгийн талаас алдаагаа дарж элдэв зүйл хийсэн нь илэрнэ. Ер нь эрх мэдэлтнүүд өөрийгөө аврахын тулд хэнийг ч зольдог шүүмж. Эцэст нь тангарагтаны шүүх хэнд итгэдэг гээч, үзээрэй.
6. Энэ "Primal fear " кинонд бодит үнэн ба өмгөөлөгч "үнэн гэж энэ" хэмээн өөр хувилбарыг итгүүлэх урлагийн талаар гарна. Ийм хүнийг яагаад өмгөөлдөг юм бэ гэсэн асуултад "гэм буруутай эсэх нь хамаагүй, шүүгдэгч бүр өмгөөлүүлэх эрхтэй" гэж хариулдаг Мартин Ваил, дуртай үедээ Аарон, эсвэл Рой болчихдог хэт ухаант залуу. Түүний сэтгэцийн байдал, гэм буруу хүлээх чадварыг нь дүгнэх мэргэжлийн хүнийг хүртэл хуурч чаддаг, хуулийн тогтолцоо, өмгөөлөгчөөр тоглож чадсан хэтэрхий ухаантай, аюултай тэрээр амьдралдаа юу үзэж, хэрхэн тийм болсон нь бас адал явдал. Дээр үеийн кино, та нар бүгд үзсэн байх. Нэг тийм "зэвүүн" дүр, ер нь бол юу ч харагдаж байгаа шигээ тийм бус гэдгийг ойлгуулсан.
5. "Шүүгдэгчид" гэх энэ киноны нэрээр гэмт хэргийн хохирогч өөрөө шүүгдэгч мэт болж буйг давхар илтгэсэн. Эмэгтэй гол дүрийн Оскарын шагналыг хоёр удаа хүртсэн Жоди Фостер энэ дүрээрээ анхныхыгаа авсан. Кино бодит үйл явдлаас сэдэвлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ талаар анхны жишиг хэрэг болсон чухал ач холбогдолтой. Сара бүсгүй бааранд бүлэг эрчүүдэд хүчиндүүлэх ба тэд бэлгийн гэмт хэрэг бус, бие махбодид гэмтэл учруулсан хэрэг хүлээх тохиролцоо хийж, гэмт үйлдэгчид хэдхэн сар хоригдоод гарна. Өөрөөр хэлбэл таван жил хүртэл хорих ялтай хэргээс бууруулж, бага ялтай хэрэг болгож байгаа юм. Мөн бэлгийн гэмт хэрэгтэн гэсэн бүртгэлгүй болно гэхээр дараагийн хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл нь бүрдэхгүй гэх мэт хэрэгтний хувьд олон давуу талтай. Бүсгүйг хаа явсан газар нь гэвч уг орой бааранд байсан хүмүүс таньж, доог тохуу хийх ба өмгөөлөгчтэйгээ уг үйл явдлыг хөхиүлэн дэмжсэн буюу гэмт хэрэгт хатгасан гэсэн хэргээр тэдгээр залуусын эсрэг дахин шүүх хурал хийнэ. Гэмт хэрэг үйлдэгдэж байхад алга ташин, улам онгироож, зугаацаж, бусдыг хатгасан, гэмт хэрэгт өдөөсөн гэж гардан үйлдээгүй ч тэнд байсан залуусыг хэрэгт татсан энэ оролдлого бол анхных байсан бөгөөд дараа дараагийн бүлэглэсэн гэмт хэрэгт жишиг хэрэг болсон чухал ач холбогдолтой. Хэлэлцэн тохирч, ял хэлэлцэхийг миний докторын удирдагч багш эрс эсэргүүцдэг. Энэ нь бодит үнэнг олж, гэмтнийг шийтгэх бус эрсдлээс айсандаа, эсвэл шударга үнэнийг тогтоох магадлал бага гэж айсандаа хэлэлцэн тохирохоос өөр аргагүйд оруулдаг, ингэснээр эрх мэдэл, мөнгөтэй тал үргэлж хождог энэ тогтолцоог шүүмжлэн бичигчдийн нэг. Германы эрх зүйд бол боломжгүй, гэхдээ бага багаар нэвтэрч эхэлж байгаа ийм зохицуулалт. Энэ кино эрүүгийн эрх зүйн онол, гэмт хэргийн бүрэлдэхүүн зэрэг талаас өгөөж ихтэй, хуулийн кинонд зүй ёсоор орно. Түүнчлэн эмэгтэй хүн ямар харагдах, яаж аяглах хамаагүй, хүч хэрэглэх нь гэмт хэрэг гэдгийг нэг мөр харуулсан. Би анх үзэж байхдаа, өөрөө маяглаад гэж их шүүмжтэй хандсан бол одоо өөрөөр хардаг болсон. Эмзэг, эвгүй сэдэв боловч, нэгэнт хуулийн киноны тухай бичигдэж байгаа болохоор орууллаа. Эрүүгийн эрх зүй ер нь их хүнд сэдвүүдтэй, тийм болохоор би чөлөөт цагаараа Vogue уншиж, тархиа хөнгөлдөг байх.
4. Удаан хугацаанд миний дуртай хуулийн кинонуудыг тэргүүлдэг байсан даа, "A few good men" буюу германаар "Нэр төрийн хэрэг" гэж буулгасан энэ кино. Куба дахь Америкийн тэнгисийн цэргийн бааз дахь цэргийн ангийн нэгэн сул дорой, эрүүл мэнд тааруу цэрэг Сантиаго тэндээс шилжүүлж өгөх өргөдөл олон газар илгээх ба өргөдлийг нааштай шийдсэн тохиолдолд өөрийн ангийн нэг офицерийн зөвшөөрөлгүй, зүй бусаар хил давуулан буудсан хэргийн талаар мэдээлэл өгнө гэж амлана. Аюулгүйн зөвлөл, сенат гээд бичээгүй газар үгүй, мэдээж өргөдөл хүлээн авагчид уг баазыг удирдагч, генералд энэ асуудлыг шийдэх даалгавар өгнө. Цэргийн ёс, нэг ангийн андгайт хүмүүс ёсоор нэгнээ ховлох, мөн сул дорой байж ангийн нэр хүнд доош татах бол гэмт хэрэгтэй ижил аж. Иймд Сантиагог хашраах даалгаварыг дээрээс өгч, хоёр офицер уг даалгаварыг биелүүлэх явцад тэр амь алдснаар хэрэг эхэлнэ. Арми өөрийгөө уснаас хуурай авч гарахын тулд Сантиагог хувийн өш хонзонгоор, хордуулж алсан болгож, хэргийг хоёр офицерт тулгана. Тэдний өмгөөлөгч үүнийг дээрээс өгсөн тушаал байсан гэдгийг батлах гэж буйгаар кино сонирхолтой өрнөнө. Эрх зүйн хувьд маш сонирхолтой сэдэв хөндсөн. Хэрэгтэн гэж хэн бэ? Уг хэргийг гардан үйлдэгч үү? Бусдын гараар гүйцэлдүүлж буй, ард байгаа этгээд үү? Тушаал биелүүлвэл энэ гэмт хэрэг байсан ч зөвтгөх шалтгаан болох уу? Тушаалыг үг дуугүй дагах ёстой, жирийн иргэдийн хувьд ойлгомжгүй, гэвч армийн хувьд бичигдээгүй хууль, ёс журам хуулиас давуу чанартай юу? Уг тушаалын буруу зөвийг тушаал хүлээн авагч дэнслэх эрхтэй юү? Сохроор даган гүйцэлдүүлэх үү? Гэх мэт маш сонирхолтой асуудлыг энэ киноноос харж болно. "Код Ред" буюу хэн нэгнийг хашраах зорилгоор сахилгын арга хэмжээ авдаг бичигдээгүй журмыг арми үгүйсгэж, энэ талаар хаана бичигдсэн байна вэ гэхэд өмгөөлөгч уг цэргээс "хоолонд хаана орохыг хаана ч бичээгүй атал чи хоол хаана идэхээ хэрхэн мэддэг вэ гэж асуун, цэрэг "Бусдыгаа дагадаг" гэж хариулснаар армид бичигдээгүй ч үйлчилдэг заншлын эрх зүй ноёрхдогыг харуулдаг. Том Крузын бүтээсэн өмгөөлөгч Даниел Каффегийн дүр тасархай. Генералын хуншгүй зан, өөрийгөө их зүйлд бодож, ёс зүйгүй аашилдаг нь олон зүйл дээр гарна. Өмгөөлөгч түүнийг зөв дүгнэж, шүүх хуралдаан дээр өдөөн хатган, уурыг нь хүргэж чадснаар тушаал буулгасныг нь хүлээлгэж чаддаг. Энэ киног би бас олон удаа үзсэн, үзэх бүрдээ шинэ юм олж ажигласан. Зөвхөн энэ киноны тухай дангаараа бичвэр хиймээр урт зүйл өгүүлж болох боловч ингээд орхие.
3. ДВД цуглуулдаг хүн блурей гарахаар бас шилжвээ. Хэмжээ нь өөр болохоор онцгүй гэж. Гэхдээ дүрс чанар нь илт давуу. "Law abiding citizen" буюу германаар "Өш хонзонгийн хууль" гэж буулгасан энэ кино зэрлэг, онцгүй хэсэг ихтэй ч миний хамгийн дуртай киноны нэг маргаангүй мөн. "Энэ бол Шпарта" гэж орилдог "300" киноноос нь хойш Жерард Батлерийн улаан фэн болсон. Энэ кинонд бүтээсэн дүр үнэхээр "тасссс". Тэрээр хайрт эхнэр, охиноо хоёр дээрэмчинд балмадаар хороолгож буйгаар кино эхэлнэ. Прокурор хэдийгээр энэ хэрэг илт боловч, хоёр хэрэгтэнг хоёуланг барьж шийтгэх эрсдэлтэй тул нэг нь нөгөөгөө илчилж, нэгийг нь ч болтугай барьж авъя, зарим нэг нотолгоог процессын чанартай шалтгаанаар үл зөвшөөрч байгаа тул, хэргийг алдах магадлалтай гэж айснаас өнөөх ял хэлэлцэн тохирдог арга замаар шийдэж, гол хэрэгтэн тэнсэнгээр сул үлдэж, хэрэгт хамсагч цаазаар авах ял авдаг. Шүүх засаглал, хуулийн тогтолцооны энэ ойлгомжгүй, зүй бусын эсрэг тэмцлээ Клайд арван жил бэлтгэнэ. Арван жил тэр чимээгүй бэлдэнэ. Хууль судална. Алдах юмгүй хүн айх зүйлгүй, зоригтой байдгийг харин ч нэг харуулна. Нарийн төлөвлөсөн түүний алхмууд тагнуулын ажилтан шиг чадварлаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Клайд боломжгүй үйлийг бүтээх арга зам боловсруулдаг, тагнуулчдын гүйцэтгэдэг үйл ажиллагааг тооцон, зохиодог мэргэжлийн тактик боловсруулагч байдаг. Ерөнхийдөө Америкийн хуулийн тогтолцоог шүүмжилсэн кино. Хэлэлцээ хийдэг хөнгөн прокурор, алуурчныг тэнсэнгээр суллаад явуулдаг шүүгч, энэ бүгдийг боломжтой болгодог хууль дүрэм, бүгдийг устгах төлөвлөгөө амжилттай өрнөнө.
Мюнхений их сургуульд докторантурт ороод, нэг зуны улиралд би Америкийн эрүүгийн эрх зүй, процесс гэж хичээлд суусан. Калифорниа мужийн Санта Барбарагийн ерөнхий прокурор хүн зочин профессороор ирж заадаг уг хичээл яг кино шиг сонирхолтой. Ямар гэмт хэрэгтнийг яаж барьсан, хэрхэн хэрэг хүлээлгэсэн зэргийг ярьж, хавтаст хэргээс зураг хүртэл үзүүлнэ. Германы эрүүгийн эрх зүйн хичээлээс тэс хөндлөн. Германд эрх зүйн онолыг маш нарийн судалдаг, хэрэг, түүнийг үйлдэх нөхцөл, сэдэл, зөвтгөх шалтгаан бүгдийг онолоор тайлбарлаж, яс маханд нь шингээж өгдөг "догматик" шинжтэй бол Америкт ийм догматик байхгүй. Харин давуу тал нь процесс сайн хөгжсөн гэж үздэг байна. Миний докторын удирдагч багш Америкийн эрүүгийн эрх зүйн тогтолцоог асар их шүүмжилдэг, "бурхан минь, Монгол улс энэ тогтолцоог авбал сүйрнэ шүү" гэж хэлдэг. Учир нь тэд дотооддоо асар их асуудалтай, шорон нь хоригдогчоор дүүрсэн боловч гэмт хэргийн тоо буурдаггүй, олон улсад эрүүгийн тогтолцоо нь шүүмжлэлд өртдөг аж. Энэ бол Германчуудын Америкийн эрүүгийн эрх зүйг харьцуулан хараад дүгнэсэн өнцөг. Миний хувьд хичээлийн төгсгөлд, адал явдалт кино үзээд, ингэж тэгэж шийдэж гэдгийг сонссон боловч яагаад, юун дээр тулгуурлаж ийм шийдвэр гаргасан юм бол гэдэг нь учир дутагдалтай үлдсэн. Хэзээ нэгэн цагт боломж гарвал Америкт эрүүгийн эрх зүйн харьцуулсан судалгаа хийж үзвэл сонирхолтой байх даа гэж бодогдсон шүү.
Ингээд кинондоо эргээд ороход Клайд шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлөн, шүүгч түүнийг барьцаа мөнгө аван, суллан явуулах гэхэд " Чи ер нь хичнээн мулгуу хүн бэ? Урд чинь хүн алсан этгээд зогсож байгаад хэдхэн зүйл анги хэлэхэд суллаад явуулах гэж байдаг?" гэж хэлж байгаа хэсгээс авахуулаад маш сонирхолтой болоод ирнэ. Мэдээж өш хонзон авч, өөрөө шүүгч болж байгаа хүн эцэстээ олон гэмгүй хүнийг бас хохироодог, ийм болохоор буруу үйлдэл гэдгийг харуулаад төгсдөг. Бараг л энэ хүний талд байсаар байгаад дуусдаг, уг үйл нь буруу боловч.
2. "The life of David Gale" кинонд цаазаар авах ял оноогдсон ялтан ял гүйцэтгэхэд гурван хоног дутуу байхад ярилцлага өгөх болдог Өдөр бүр нэг ярилцлага өгнө. Сэтгүүлч Битсейгийн дүрд Кейт Винслет. Зөвхөн энэ сэтгүүлчид хагас сая долларын үнэтэй, 3 өдөр хоёр цагийн ярилцлага өгнө. Их сургуульд философийн профессор асан энэ хүн яагаад цаазаар авах ялтан болсон үнэн түүхээ ярьж эхэлнэ. Тэрээр нэгэн оюутан охиныг шалгалтанд унгасанаас өс санасан охин үдэшлэг дээр сээтэн хаяж, хожим өөрийг нь хүчиндсэн хэрэгт татах ба гомдлоо эргүүлэн татан авсан ч профессорын нэр хүнд гэмт хэрэгтэй нэгэнт холбогдсон тул ажил үл олдоно, эхнэр нь салж, хүүг нь холдуулснаар архинд орж замаа алдана. Бэлгийн гэмт хэргийн үр дагавар ийм аюултай. Гүтгэлэг байсан ч нэгэнт нэр холбогдсон бол салахгүй, байнга сөрөг үр дагавар дагуулна. Мэргэжил нэгт, хамтран цаазын ялын эсрэг тэмцэгч найз нь хүнд өвчин туссанаар тэд төлөвлөгөө зохионо. Энэ найзаа хөнөөсөн хэргээр цаазын ял сонсоод хоногоо хүлээж буй хүн чухам юу болсныг бага багаар өгүүлнэ. Сэтгүүлч бүсгүй үнэхээр мундаг, задлан шинжлэх, мөрдөн нягтлах чадвартай. Хохирогчийн нас барсан байрлал, гэр музейд очин юу болсныг бага багаар эвлүүлнэ. Эцэст нь хүнд өвчтэй нэгэнт үхэх байсан бүсгүй өөрийн амьдралын олон жилийг зориулан тэмцсэн том үйлийн төлөө амиа хороосон нь мэдэгдэнэ. Харин алдах юмгүй мөн ирээдүйгүй болсон профессор энэ үйлд зориулж хамтран ажилласан нь энэ. Цаазаар авах ял гэм буруугүй хүнийг хөнөөх эрсдэлтэй гэдгийг батлах гэсэн хоёр хүний зоригтой шийдэл. Гайхамшигтай зориг, үзэл бодлынхоо төлөө, өөрчлөлтийн төлөө хийсэн алхам. Энэ наснаасаа илүү, амь биенээс илүү том үйлд, хожим аврах олон амийн төлөө, буруу тогтолцооны эсрэг хийж буй ийм алхмыг тэр бүр хүн хийхгүй л болов уу? Цаазын ялыг дэмжигч ,Техас мужийн захирагчтай хийж буй мэтгэлцээний үеэр мадалж байгаа хэсэг цаазын ялыг дэмжигч, эсэргүүцэгчдийн байр суурийг илэрхийлнэ.
-Бид иргэдийг хамгаалахын тулд цаазалж байна
-Алуурчид цаазын ялаас айдаггүй
-Нүдийг нүдээр, амийг амиар гэдэг
-Бүгд сохор болно гэж та өөрөө сонгуулийн сурталчилгааны үеэр хэлж байсан хэмээн өөрийх нь хэлсэн үгээр дуугай болгодог. Мөн:
-"Эрүүл нийгэм муу муухайгаас ангижран, өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй байх ёстой" гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тийм ээ нийлнэ, яасан би бас үүнийг хэлсэн үү?
-Үгүй ээ, Хитлер хэлсэн гэж мадалж байгаа хэсэг зэвүүн. Мэдлэгтэй хүн мэдлэг гүехэн хүнтэй мэтгэлцэхийг харах зугаатай.
Шоронд Дэвидтэй хийсэн ярилцлагын эцэст хамтрагч бүсгүй өөрийн амийг хөнөөж, профессор зөвхөн цаазын ялын буруу тогтолцоог батлахын тулд цаазаар авахуулах гэж буйг мэдсэн сэтгүүлч энэ бүхнийг илчлэхээр яардаг. Гэвч Дэвид: Чи энд намайг аврах гэж ирээгүй, харин аавын тухай хүүгийн дурсамжийг аврах гэж ирсэн гэж хэлдэг. Тэр хайртай хүүгээсээ холдсондоо, нэр төрөө гүтгүүлж алдснаас илүү эмзэглэсэн. Эцэст нь ярилцлагын мөнгийг хүүдээ хүргүүлдэг. Бүх зүйл нь уруугаа эргэж, доройтож архичин болсон мэт харагдавч том үйлийн төлөө өөрийгөө золиослож, нэр төрөө ч сэргээж, хүүдээ хагас сая доллар үлдээгээд явж байгаа юм даа энэ хүн.
Нэгийг бодогдуулсан сайхан кино, цаазын ялын тухай эргэцүүлдэг хүн бүр үзүүштэй.
1. Ингээд миний номер нэг кино "Бетти Анн Вотерс" дээр ирлээ. Ямар их хайр, хөдлөшгүй итгэл, цуцашгүй хичээл зүтгэл байдаг юм бэ гэдгийг энэ киноноос мэдэрнэ. Би үзэх бүрдээ уйлдаг. Анх үзээд бүр нус нулимсиндаа баригдаад, оройжин цээжин дээр юм тээглэсэн. Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн кино. Бор зүрхээрээ хүн болсон ах дүү хоёр, багадаа ээж нь анхаардаггүй байсан тул өөрсдөө л учраа олно, энд тэнд сахилгагүйтээд, хоол олж идэж, амттан хулгайлж, тав тух хайн хамаагүй айлд орж байгаад цагдаад баригддаг хоёр. Хайр халамж дутуу өссөн хүмүүст байдаг нийтлэг зан, түргэн ууртай, дүрсхийн гар зөрүүлдэг ах нь хэдийгээр гаднаа тийм ч, гэр бүл, бяцхан охиндоо хайртай сайн хүн. 1980 онд нэгэн тосгонд хүн амины хэрэг гарч, ах Кеннетийг нь уг хэрэгт татан яллана. Тохиолдлоор хацар дээрх шалбархай, өөрт нь байдаг ижил төстэй хутга, дээр нь цагдаагийн эмэгтэй ажилтан эрэгтэй ажилтнууддаа өөрийгөө баталж, гэмт хэрэг ганцаараа илрүүлэх хүсэл, комплексдоо хөтлөгдөн гэрчүүдийг дарамтлан гаргаж авсан худал мэдүүлгүүд, хутган дээрх цусны бүлэг 0 байсан, Кеннет 0 бүлгийн цустай гэх мэтээр, ер нь бүтэхгүй этгээд, түргэн ааштай, энд тэнд зодоон хийдэг гэсэн өнцгөөр бүх насаар нь хорих ял онооно.
Бетти дүү нь түүний гэм буруугүй гэдэгт бат итгэнэ. Мөнгөгүй тул өмгөөлөгч авах чадваргүй. Давж заалдаад нэмэргүй, гурван жил өнгөрөхөд ах нь шоронд амиа хорлох хүртлээ цөхөрдөг тул Бетти өөрөө хууль сурч, өмгөөлөгч болон ахаа шоронгоос аврах төлөвлөгөө гаргана. Хоёр хүүтэй, нөхөртэй, хажуугаар нь бааранд ажилладаг тэрээр арван жилийн сургуулиа нөхөн төгсөж, баклавар хийгээд хуулийн сургуульд элсдэг гээд бод доо. Үеийнхнээсээ хөгшин оюутан хоёр байсны нэг Абра гэх бүсгүйтэй найз болно. Хуулийн сургууль амаргүй, их цаг орох тул гэр бүлдээ зарцуулах цаг багасна. Нөхөр нь салж одох ба хүүхдүүд нь ээж аавын хооронд ээлжлэн амьдарна. Нэг зүйлд зүтгэхэд нөгөөх нь алдагддаг жам. Иргэний эрх зүйдээ унаж, сэтгэлээр унаад хичээлдээ очихоо байхад найз бүсгүй нь чирээд явдаг. Амьдралд тийм найз таардаг нь ямар их ерөөл вэ? Ахдаа итгэх итгэлийг нь хуульч хүний ёсоор эргэлзэн асууснаар тар түр хийдэг ч буруугаа хүлээн хүрээд ирдэг, жинхэнэ найз.
1986 онд DNA-г нотлох баримт болгохыг зөвшөөрснөөр, ял эдлэгчид захаасаа цагаадаж эхэлдэг. 50 шахам ийм тохиолдол гарсан ба "Гэм зэмгүй төсөл" хэмээх нэртэй байгууллагын удирдагчтай Бетти харилцаж, ахынхаа тухай хэлнэ. Бетти өөрөө өмгөөлөгч болж ахынхаа хэргийг хариуцвал хурдацтай тул өмгөөлөгчийн шалгалтаа амжилттай өгнө. Бетти Анн 16 жил ахыгаа шоронгоос гаргахын тулд тэмцэж, өмгөөлөгч болж чаддаг, гайхалтай биш гэж үү? Би хажууд нь хүүхэдтэй болсноос хойш докторын ажил бичихэд хэцүү байна, цаг гарахгүй байна бла бла. Ичмээр. Зорилго, зорилт, сэтгэл дутсандаа л хүн шалтаг хайдаг болов уу?
Арван зургаан жилийн тэртээх хэргийн нотлох баримтуудыг гэвч архиваас олдоггүй. Бууж өгч болох байсан ч хайсаар нэг олдог. Ингээд хутган дээрх цус, хохирогчийн хувцас дээрх хэрэгтний цусан дах ДНА-г шинжилж үзэхэд Кеннетийнх биш гэдэг нь нотлогддог. Гэвч прокурор, шүүх алдаагаа тэр бүр хурдан засах сонирхолгүй байдаг. Дахиад хоёр жил тэмцэж байж арай гэж ахыгаа сулладаг. 18 жил хилс хэрэгт гүтгэгдэн шоронд сууна гээд боддоо? Хэн ч чамд итгэхгүй. Эхнэр хүүхэд, төрүүлсэн эх чинь хүртэл нүүр бууруулна. Ганцхан хүн чиний талд. "Чи надад хайртай, миний төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгийг чинь би мэдэж байсан болохоор амьд явж байсан" гэж ах нь хэлсэн байдаг. "Би энэ хэргийг хийсэн ч юм бил үү, чи яагаад ийм итгэлтэй байгаа юм" гэхэд Беттигийн гаргаж байгаа реакц. Хайр, хувиршгүй итгэл ямар их хүчтэй гээч?
2009 онд дахин найман жил тэмцэж байж Бетти Анн хилс хэрэгт гүтгэсний нөхөн төлбөр гэж 3,4 сая доллар авчээ. 18 жилийн золиос, хоёр хүний амьдрал гэр бүлээр тоглосон өртөг иймхэн үнэлгээтэй. 1989 оноос ДНА тест зөвшөөрөгдснөөс хойш 212 хүн цагаатгагдснаас 17 нь хэдийнэ цаазаар авахуулчихсан. Кеннет цаазаар авдаг мужид байсан бол яах вэ? Шүүх засаглал алдаа гаргадаг. Алдаж, түүнийгээ цагаатгаж ирсэн. Цаазаар авах ялд ийм засах боломж үгүй. Энэ ялыг дэмжигчид ядаж ямар аюул дагаж болохыг нь мэддэг байгаасай.
"Чи нэг зүйлд үнэхээр бүрэн дүүрэн итгэлтэй бол, юуг ч хийх чадал чамд бий" гэж Бетти Анны хэлсэн үгээр жагсаалтаа өндөрлөе.
Бичээд байвал бичээд л байх шинжтэй. Та нарын дуртай кино энэ дунд байна уу, Надад хуулийн сэдэвтэй ямар өөр кино санал болгомоор байна, бичээрэй. Сүүлийн үед гарсан кинонуудаас "Шүүгч", "Мандант" зэргийг бас үзсэн. Ихэнхдээ зурагтаар прокатлан үзээд, авч цуглуулах нь багасчээ.
Дараагийн бичвэр хүртэл түр баяртай.
Kommentar schreiben
Chimgee (Donnerstag, 25 Januar 2018 19:20)
bugdiig n olj uzmeer sanagtal saihan bichjee. Natürlich blondiig l uzsn um baina . Uneheer huurhun kino, bas ih um oilguulsan shu. Busdiig n yaaralgui hoino hoinoos n olj uznee. Bayrlalaa huurhun ,uhaalag Prinzessin de :-)