Германд хоёрдугаар сард болдог томоохон нэг баяр бол Фашинг буюу багт наадам юм. Энэ жил хоёрдугаар сарын 8-нд эхэлж, 13-ны шөнө дуусах энэ баяр Улаан өндөгний баяр болохоос 40 хоногийн өмнө тохиодог ба уг баяр хүртэл мацаг барих улирал эхэлж буй тул мацаг эхлэхийн өмнө ийнхүү нэг сайн баярлан "галзуурч" авдаг аж. Нутаг нутагт нэршил нь өөр боловч заншил ижил. Анх муу муухай бүхнийг үлдэн хөөх, айлгах зорилгоор баг өмсөн, дуу чимээ их гаргадаг байсан бол яваандаа энэ нь баярт үйл болж, улаан өндөгний баяр хүртэлх мацаг эхлэхээс өмнөх баяр, зоог, үдэшлэг наадам болж өргөжижээ.
Ихэнх хот тосгонд баг өмссөн хамт олон, аж ахуй, нийгэмлэг бүлэг тодорхой эрэмбээр хотын захиргаанаас тогтоож өгсөн маршрутын дагуу цуваа үүсгэх ба ингэхдээ үлээвэр найрал хөгжим, бөмбөр дагалдуулж, уг цувааг сонирхохоор хоёр талаар эгнэсэн олны дундуур өнгөрөнгөө амттан шиднэ. Хүүхдүүд энэ цувааг үзэж, чихэр цуглуулдаг.
Ингээд та нартаа ийм багт наадмын цуваа ямархуу байдагийг харуулъя.
Шидэж байгаа чихэр нь харагдаж байгаа биз? Ихэнхдээ хоёр тал руугаа шиднэ, заримаас нь зайлсхийхгүй бол нүүр лүүгээ хатуу чихрээр онуулна гэсэн үг. Гэвч ихэнхдээ хэн нэгний гар урдуур чинь орж шүүрэх вий.
Энэ улаан үстэй хачин юм цуваанаасаа гарч, над руу гүйж ирээд дүүрэн саа асгачихдаг юм даа. Нүүрээ дараад доош тонгойх хооронд пальтоны зах руу баахан саа чихээд, би дараа нь хүрмээ тайлахад шал тэр чигээрээ гялтганасан саагаар дүүрсэн. Тэгэхээр цуваанаас хэн нэг нь чам руу чиглэн ирвэл даруй зугтаарай.
Зураг авч байхад чихэр шидээд энэ нөхөр
Би Франкфурт, Мюнхен болон Фрайбург хотуудын ийм карневалыг үзсэн. Ер нь хоорондоо төстэй. Гэхдээ уур амьсгалын хувьд Фрайбург хотынх хамгийн их таалагдсан. Мэдээж Кёлн хотын карневал цуутай. Очих үзэх боломж гарах байхаа нэг өдөр.
Хотоор цувах ийм жагсаалаас гадна хааяагүй багт үдэшлэг болно. Жишээ нь, "Дэлхийг тойрсон 80 хоног" уриатай энэ үдэшлэгт хөгшин залуугүй элдэв үндэстэн, аялалтай холбоотой баг өмсцгөөсөн байв. Би нисгэгч болсон. Онгоцны үйлчлэгчтэйгээ энд тэнд саатаад хүмүүстэй танилцан, зураг авахуулаад явсан.
Мюнхен хотын том зочид буудлуудын нэг Bayerischer Hof-д жил бүр өөр уриан дор маш том үдэшлэг болно. Эдний Фашинг багт наадамд маш олон хүн ордог.
Элдэв баг, костюм өмсөх зугаатай биш гэж үү? Энэ тэнгэр элчийн далавчийг би "Сансар ертөнцөд" гэсэн уриатай фашинг үдэшлэгт өмссөн юм. Далавч нь, толгойн зүүлттэйгээ хамт байх ба үнэ хямд. Өөрийн цагаан даашинз өмсөөд л бэлэн. Костюм хувцас үнэтэй. Баярын үеэр хэд хэдэн үдэшлэгт орох бол бүгдэд нь шинэ хувцас авах боломжгүй. Гарын дүйтэй юм оёдог хүн бол энэ баяраар элдэв костюм урлавал хэмнэлттэй, мөн бусдад оёж өгвөл их мөнгө олох байх.
Харин энэ бол "Грекийн домог" сэдэвтэй, Грек Ромын уриатай үдэшлэг. Энд тэндгүй гладиатортой таарна. Иймэрхүү үдэшлэг дээр амьд хөгжим, бүжгийн тоглолт нь хамгийн гоё.
Энэ хамгийн баруун захын охин үзэсгэлэнтэй байгаа биз? Кинонд тоглуулмаар хөөрхөн бас авьяастай охин байна лээ.
Баярын үеэр Мюнхен хотын төвөөр нэг иймэрхүү хүмүүстэй хааяагүй таарна.
Энэ жил анх удаа цэцэрлэгийн өмнөх насны, хамтран тоглодог хүүхдийн төв дээр бяцхан хүүгийн маань Фашинг боллоо. Бүх хүүхдүүд костюмтэй ирэх ба тэд дуулж, бүжиглэж, баярын амттан идэж зураг хөргөө авахуулаад тарцгаасан.
Миний хүү хөөрхөн дэгдээхэй болж уу? Одоохондоо өөрөө сонголт хийх ухаан байхгүй дээр нь би өөрийн хөөрхөн гэж бодсоноо өмсүүлчихсэн, яваандаа ухаан суугаад ирэхээр "Би далайн дээрэмчин болно, нинжа болно" гэж хэлдэг гэсэн.
Фашинг баярын уур амьсгалаас багахан ч болов мэдэрсэн байх гэж найдья, дараагийн бичвэр хүртэл түр баяртай.
Kommentar schreiben
sarashka_8 (Dienstag, 20 Februar 2018 18:23)
Fasching bas czechd boldog um bna le bi er anzaardaggui meddeggui bsan ene jil ene bichveriig unshaad baij bsan tv geer medeegeer fasching bolj bna geed garch baij l medej avsan. Bayarlalaa germanii Fasching bagt naadamar ayaluulsand :) Ter ulaan ustei nuhurt ih ontsgoi goyo hargadaad baahan saa tsatssan baih da ;) huu ni yostoi huurhun degdeehei boljee :)