Блог уншигчдаас олон удаа ирдэг асуултуудаас үүдэн энэхүү бичвэрээ бэлтгэлээ.
Гадаад хэл сурах арга барил хүн бүрийн авьяас, дадал, чадавхиас шалтгаалан өөр өөр, би энэ талаар судалгаа хийгээгүй тул зөвхөн өөрийн, хувийн туршлагаа хуваалцаж буйг ойлгоорой. Мөн хэрэглээний хэлийг авч үзэж буй болохоос хэл шинжлэлийн ухааныг хөндөөгүй. Мэдээж, хэн нэгэнд зөвлөгөө өгөхийн тулд чи зөвлөгөө өгөх чадвартай хүн мөн үү гэдгээ мэдэх чухал. Өөрөөр хэлбэл хэнээс юу асуухаа мэдэж байж, оновчтой зөвлөгөө хүртэх ба хэн болчихоод бусдад зөвлөх гээд байгааг бас харах шаардлага бий. Гадаад хэлээр их сургууль төгссөн л бол тухайн хэлээр сайн гэсэн үг биш юм. Эсвэл олон жил гадаад байснаараа сайн хэлтэй болчихдоггүй. “А“ ч байхгүй дүрвэгсдэд анхан шатны хичээл заачихаад Герман хэлний багш болчихдоггүй. Тэгэхээр, хувь хүний өөрийгөө үнэлэх (ихэнхдээ хэтрүүлэн үнэлэх) үнэлэмжнээс илүү олон улсад, үгүйдээ тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт, гэрчилгээ л чиний чадварыг баталдаг. “Чи үнэхээр тийм мундаг юм бол, алив харъя, ямар баримт байна? Орчуулагч уу? Орчуулсан бүтээлийн жагсаалт харъя.Таван хэлтэй юм уу? Алив сертификатнууд хаана байна?” Мэргэжлийн түвшинд ийм л байдаг.
Би хуулийн оюутан байхдаа Герман хэлний харь хэлтэнд Гёте институтээс олгодог хамгийн дээд түвшиний Их Дипломыг авсан бөгөөд үүн дээрээ тулгуурлан орчуулагчийн улсын шалгалт өгч, улсаас шалгагдсан бичгийн орчуулагч болсон юм. Улмаар Бавари мужийн шүүхэд тангараг өргөж, итгэмжлэл авснаар албан ёсны мэргэжлийн орчуулагч нарын эгнээнд нэгдсэн билээ. Англи хэлний хувьд Кембрижийн олон улын эрх зүйн англи хэлний сертификаттай бөгөөд энэ нь англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг эрх зүйн ямар ч байгууллага, компани, олон улсын байгууллага, засгийн газрын алба зэрэгт ажиллах хэлний чадавхийг илтгэх ба их сургуулиудад ч хүлээн зөвшөөрөгддөг. Иймд энэ хоёр хэлийг сурах арга барилаасаа хуваалцах, зөвлөгөө өгөх “шаардлага хангасан” болов уу гэж найдъя.
1. Хэтийн зорилго
Аливаа хэлийг сонгон сурахаас өмнө яагаад сурах гэж буйгаа мэдээрэй. Төрөлхийн хэлний авьяастай, хэл сурахад ямар ч түвэггүй байдаг бол дураараа бол. Хэлээ сонгоод л оролдоод үзэхэд харин ч бүр тааламжтай байх вий. Харин хэлний авьяасгүй, бусад математик, орон зайн логик ухаантай хүмүүст бол заавал хэл сурч, махран зүтгэснээс зорилгодоо тохируулан хэрэглээний хэмжээнд сурахад хангалттай.
“Германд зарим муж улсад сургалтын төлбөргүй тул тэнд сурахын тулд Герман хэл сурна. Амьдралаа дээшлүүлж, цалин орлогоо нэмэгдүүлэхийн тулд англи эсвэл хятад хэл сурна. Тийш аялах хүсэлтэй тул тийм хэл сурна, Солонгост хамаатан бий тул тийшээ эхлэн гарах боломж өндөр, иймд солонгос хэл сурна. НҮБ-ийн тав, зургаан хэлний нэгийг эзэмшинэ.” гэх мэтээр хэтийн зорилготойгоо холбож өгвөл хэл сурах явцад түрэлт болдог. Германд яаж сурах вэ гэдэг хүмүүс нэн даруй герман хэл сурч эхлэх хэрэгтэй. Одоо хийж буй ажлаа ахиулж, цалингаа нэмэгдүүлмээр бол төдий хэмжээнд хэлээ сайжруулсан байх хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй гэдэг нь хэлний мэдлэг, чадварын хэмжээгээр чамд боломж, бололцоо нэмэгдэнэ гэсэн үг шүү. Хэлний түвшин хэдий чинээ сайн байна, төдий чинээ их нөхцөл боломж бүрэлдэнэ. Зорилгоо тодорхойл, хэлээ сонго, уг хэлийг эзэмших чин хүсэлтэй бол.
2. Суурь сайн тавих
Аливаа зүйлийн суурь сайн байх тусам түүнийг сайжруулах, дээр нь нэмэхэд ганхах аюулгүй байдаг. Нэгэнт хэл сурахаар шийдсэн бол алаг цоог, энд тэндээс сэглэлгүйгээр эхнээс нь сайн суурь тавьбал хожим маш сайн сурдгийг би мэдэрсэн. Ажиглаад байхад, энд тэнд орчинд нь уусаад, яриад эхэлсэн гадаад хэлтэй хүмүүсийн дийлэнх дүрэмдээ муу, бичгийн чадвар тааруу байдаг. Герман хэлийг би харилцааны нэгдүгээр курст анх А үсгээс эхэлж байсан, багш нар маань үнэхээр сайн зааж, суурь сайн тавьсан тул цааш сайжруулахад хялбар байсан болов уу. Анхан шатны курст элсч, гадаад хэлний сууриа эх хэлээрээ тайлбарлуулан бат бөх тавьж өгвөл хожим сайжруулах үндэс бат болно. Тэгээд ч эх орондоо хэлний анхан шатны бэлтгэлээ хийвэл гадаадад хийснээс хямд. Аливаа хэлний ерөнхий логик тогтолцоо анхан шатны үеэр танигддаг, тэр үед уг хэлтэй “нөхөрлөж” чадвал цаашдаа алзахгүй гэсэн үг.
3. Аажим урагшлах
Аливаа үйл явц тодорхой дэг, дарааллаар явдаг нь учиртай. Анхан шатаа өөрийн болгоогүй байж өөр түвшинд ахих, яарах, бас алгасах, өөрийгөө хуурах ямар ч шаардлага үгүй. Хоёр өгүүлбэртэй догол мөрийг сайн ойлгож байж хорин өгүүлбэртэй хэсгийг ойлгодог болно. Иймд дөнгөж эхлэв үү үгүй юү, яаран гүнзгийрэх гээд байв аа. Анх эхэлж буй хүн бага хэмжээний эх уншихад л тустай. Тэрнээс “Харри Поттер” тэвэрч аваад бүх үгийг нь тольдоод суувал мэдээж хоосонгүй, хэдэн үг сурч зарим хэсгийг ойлгох ч хэлний мөн чанар, бүтэц ухаж ойлгоогүй, суурь дүрэм сурахгүйгээр өгөөжөө удаан хугацаанд өгөхгүй л болов уу? Бага багаар уншиж, ойлгож, дүрэм нь хүндэрч, үгийн сан ихэссэнээр аливаа бичвэрийг ойлгох чадвар явцын дунд мах цусанд чинь шингэж өгнө. Энэ нь тольдож, хүчээр өөрийн болгохоос илүү үр дүнтэй.
4. Үгийн сан баяжуулах
Халаасанд эсвэл цүнхэнд байнга авч явахад зохимжтой дэвтэр дээр шинэ үгнүүдээ хоёр эсвэл түүнээс дээш өнгөөр ялган бичиж заншаарай. Аливаа зүйлийг сонсоод, хараад эсвэл хэлээд өнгөрөх нэг өөр, харин бичиж авсан зүйл тогтоц сайтай байдаг нь шинжлэх ухаанаар нэгэнт тогтоогдсон. Нэг шинэ үг сурвал түүгээрээ тэр дор нь хоёр өгүүлбэр зохиогоод “хэрэглэж” цээжилбэл мартагдах нь удаан. Дан өнгийн балаар бичсэн, нэлийсэн их зүйлийг харахдаа нүд ч тэр, тархи ч тэр дуртай бус. Харин улаанаар шинэ үгээ, ард нь хараар орчуулгыг нь бичвэл ялгацтай, гүйлгэж харахад, сэргээхэд мөн эргэн санахад тустай аж. Түүнчлэн наадаг цаасан дээр шинэ үгээ бичин, гэртээ хаа сайгүй наагаад харах бүрдээ чанга дуудан хэлж байвал амархан тогтоогдоно. Ер нь хэл сурахад чанга дуудан хэлэх, унших маш тустай. Би сургуульд давтлагын өрөөний цонхоор толгойгоо цухуйлгаж байгаад чангаар үг, өгүүлбэрүүдээ хэлдэг байсан. Герман хэлээр анх уншиж сурчихаад гэртээ хуудас бүрийг дүнгэнэтэл чангаар уншдаг байсан.
Энэ миний хуулийн хэллэг бичиж авдаг жижиг дэвтэр. Хоёр хэлнээ аль аль талаас нь буулгаад явдаг. Тухайн үгийг мэддэггүй, шинэдээ бус харин монгол оноосон орчуулга нь юу болохыг нэг мөр тогтоох, ахин дахин хэрэглэхдээ өөр өөрөөр хэлбэлзээд байхгүйн улмаас нээсэн дэвтэр.
Өдгөө герман хэлний шинэ үгийн дэвтэр гэж хэрэглэхээ больсон тул шинэ сурч буй франц хэлний шинэ үгийн дэвтрээ жишээ болгон харуулъя. Үйл үг бол хувиралтай нь, уг үг орсон жишээ өгүүлбэр зохиож бичдэг.
Хэлний ерөнхий шинэ үгээс гадна мэргэжлийн хэллэгийн шинэ үгийн дэвтэр бас байж болно.Энэ миний дипломат орчуулгын дэвтэр. Харилцаанд үнэхээр мундаг Янжмаа багшийнхаа ачаар НҮБ-ийн Дүрмийг англи хэлнээс монгол болгож билээ. Орчуулгын хичээл дээр зүйл анги бүрээр нь яваад, асар их зүйл сурсан даа, азтай. Одоо энэ хэллэгүүдээ герман болгосон.
5. Дүрэм дээдлэх
Дүрэмгүй бол хэл сурахгүй. Дүрэм бол хэлний амин судас. Мэдэж авсан шинэ үгнүүдээ холбон өгүүлбэр зохиоход хамгийн хэрэгтэй зүйл бол дүрэм. Иймд хэдий залхуутай ч, хэдий түвэгтэй санагдавч эхний хэдэн дүрмээ “тэсвэрлэж” байгаад гартаа оруулаарай. Тэгсэн цагт аяндаа дүрэмд дуртай болж, цааш гүнзгийрүүлэх болно. Эхлэхдээ өөрийн болгоогүй болохоор хожим эргэн сурахад боломжгүй мэт санагддаг, “нэн ядаргаатай” шүү дүрэм. Шинээр сурсан дүрмээ би өөрийн болгох гэж заавал номноос дэвтэр лүү шилжүүлдэг байсан. Заавал бичнэ. Өнгөөр ялгаж тайлбарыг ойлгомжтой болгохоос гадна тус бүр дээр заавал жишээ өгүүлбэр зохионо. Нэгэнт сайн ойлгож авсан дүрэм хэзээ ч чамайг орхихгүй. Дүрэм ойлгох хамгийн энгийн алхам бол, заавал эх хэл дээрээ буулгах гэж зүтгэлгүйгээр тухайн гадаад хэл ийм онцлогтой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх уян хатан байдал байхад л болно. Монголоор энэ чухам юу гэсэн үг вэ гэж байхаар Германчууд өнгөрсөн цагт болсон зүйлийг хэлэхдээ энэ үг, хувирлыг ашиглан илэрхийлдэг юм байна гэж хүлээж авах нь заримдаа дээр. Нэгэнт гадаад хэл сурч байгаа бол тэр онцлогийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Тэрнээс, яг монгол хэлтэйгээ тулгах гээд зуун хувь тохирох тайлбар хайгаад байвал мухардана. Хүний ярьдаг л хэл, хүмүүс ойлгосон л байна, тэгэхээр чи ч бас ойлгох болно. Гагцхүү бүү цухалдаарай.
Эдгээр номнууд надад Герман хэлний дүрэм сурахад их тус болсон. Эхнээс нь дуустал нэг явчихсан байхад хэр баргийн шалгалтад ажрахгүй санагдсан шүү. Ногоон номыг харилцаанд багш нар маань тайлбарлан заадаг байсан, одоо салбараад хуучирсан ч эртнээс танил, дотно анд шиг
Харин англи хэлний дүрмийг бол том ягаан хавтастай Grammar in Use, тэр нь салбараад урагдахад авсан энэ цагаан дүрмийн номыг барьсан байхад дүрмийн овоо ойлголттой болчихно. Тайлбарууд нь ойлгомжтой, маш өгөөжтэй ном. Нэг яваад дуусгасан байхад хэлний шалгалтуудад бас ажрахгүй санагдсан, миний хувьд.
6.Байнга сонсох\үзэх
Тухайн хэлээр хичээлийн хуурцаг, цомог, дуу юу л байна бүгдийг сонс. Байнга сонсож дадвал хэзээ нэгэн цагт “чих онгойх”-ийг мэдэрнэ. Ойлгохгүй ч сонсоод л бай. Дундаас нь ганц хоёр мэддэг зүйл таарвал, давтаж хэлээд л сонсоод байгаарай. Түүнчлэн телевиз, кино үзэх нь маш тустай. Карл Лагерфельд Парист очоод дуудлагаа сайжруулахын тулд франц хэл дээр кино их үздэг байсан гэдэг. Би Германд оюутны байранд ширээн дээрээ нэг жижигхээн зурагттай, тэр нь байнга асаалттай. Сонссон бүхнээ давтан хэлсээр нэг мэдэхэд чих онгойж, аяндаа ганц нэг үгээр бус бүтэн өгүүлбэрээр ярьдаг болно. Кембрижийн сертификат авах шалгалтанд би бас л кино үзэж бэлдсэн. Boston Legal олон ангит киноны хоёр улирлын бүх ангид бараг л дуу оруулах хэмжээнд, цээжилтлээ үзсэн. Шөнө зүүдэндээ Алан Шор, Дэни Крейн хоёртой англиар хэрэлддэг байлаа. Тэрний ачаар аман шалгалтандаа ороод ам хуурайгүй ярьж байгаад, тэнцээд гарч ирч билээ. Өдөр тутмын үг хэллэг агуулсан Friends гэх мэт олон ангит кинонууд үзвэл сонсох мөн ярих чадвар хурдан сайжирна.
Олон улсын Эрх зүйн англи хэлний сертификат авах шалгалтын бэлтгэл ангид дан өмгөөлөгч, хуульчид хамрагдаж байна лээ. Лондон Шенгений оронд орохгүй, тусдаа виз авах шаардлагатай тул би виз хүлээх цаг, эрсдэл, мөнгө хэмнэж Мюнхен хот дахь албан ёсны төлөөлөгчийн газар нь бүртгүүлсэн. Шалгагчид Лондоноос ирэх ба тэнд очиж өгсөнөөс ямар ч ялгаа үгүй. Иймэрхүү шалгалтад орох хүсэлтэй бол англи герман аль ч хэл бай, заавал бэлтгэл хийгээрэй. Хэлний түвшин ямар байхаас үл хамааран шалгалт бүр өөрийн онцлог тогтолцоотой тул, өгөгдсөн хугацаанд даалгаварыг биелүүлж амжихад дадал хэрэгтэй. Иймд боломжтой бол ТОЕФЛ, ИЕЛЦ, ДАФ, кембриж шалгалт юу ч бай, бэлтгэх курст нь суухыг зөвлөж байна. Ийм курсууд ихэвчлэн үнэтэй байдаг тул мөнгө хэмнэх зорилгоор тойрч байгаад унавал дэмий. Эсвэл бэлтгэх зориулалтын номыг авч хувиараа найзтайгаа ч юмуу бэлдээрэй. Юутай ч сайн бэлтгэж, туршилт шалгалтуудыг хийж байж амжилттай давна. Хэл хэчнээн сайн байх энд дангаар хамааралтай бус. Шалгалтын онцлог, бүтцийг хэр сайн ойлгож, ямар хурдаар хариулж байна гэдэг чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сурах, эсвэл мэргэжлийн чиглэлээр тухайн хэлтэй газар орон, байгууллагад ажиллах зорилгогүй бол заавал ингэж элдэв шалгалт өгөх шаардлага байхгүй. Харин Германд сурах бол хэлний түвшин доод тал нь Б1, Б2 байх шаардлагатай. Европын Холбооны улс орны иргэн Германд ирж герман хэл заах бол Гётегийн Их Диплом шаардана, Олон улсын хуулийн байгууллагад ажилд ороход англи хэлний сертификат шаардана гэх мэт тохиолдол бүр өөр нөхцөлтэй. Иймд эхлээд зорилгоо тодорхойлж, хэл ямар түвшинд байх ёстойг мэдчихээд шалгалтаа сонгоорой.
Орчуулагч болох хүсэлтэй бол нэг бол хэл, хэл шинжлэл, орчуулагчаар сурна, эсвэл Гёте Их Диплом авна, ингэсний дараа тухайн хэлээр аман юмуу бичгийн орчуулгын улсын шалгалт өгч байж сая болно. Орчуулагч гэдэг нэр томьёо Германд хамгаалагдаагүй буюу хэн ч өөрийгөө ийн нэрлэж болно. Зах зээл, үйлчлүүлэгч, чадвар нь түүний оршин тогтнолыг шийдчихнэ. Харин албан ёсны орчуулагч гэж нэрлэгдэхийн тулд заавал энэ улсын шалгалтын ард гарах ба тангараг өргөж, итгэмжлэл авснаар "мэргэжлийн" болно. Энэ тохиолдолд мэргэжлийн нэршил хуулиар хамгаалагдсан.
Алан Шор-т гэчихсэн байгаа биз, гэрийн даалгавар дээрээ? Boston legal-ийн улаан фен байж.
7. Унш, унш бас дахин унш
Багавтар эхийг уншаад шинэ үгүүдийг нь тэмдэглээд, ойлгож авчихаад дэвтэр дээр уг эхээ хуулан бичиж байвал даруй өөрийн болгодог. Харин урт бичвэр, ном уншихдаа анхаарах юм гэвэл “хөнгөнөөс хүнд” “нимгэнээс зузаан” руу аажим шилжээрэй. Эхлээд нимгэн номоо уншиж дуусга, ойлгосноо товч ярь, илтгэ. Дараа нь зузаан ном барьж аваарай. Шууд зузаан, хүнд ном барьж авснаар шантрах, урам хугарах, халтуурдах үр дүн гарна. Иймд нимгэн ном уншиж ойлгож, урамшиж, ахиарай. Дунд шат руу орсон бол тухайн хэл дээр сонин сэтгүүл уншвал үгийн сан илт баяждаг. Загварын сэтгүүлүүд уншсаар байгаад миний герман хэлний загварын салбарын нэр томьёо, үгийн баялаг их сайн болсон. Энэ сэдвээр хамтран ярилцагчдаас олон хүн намайг загварын салбарт сурсан уу гэж асуудаг. Германд оюутан болоход олон хэвлэлийн газар бүтээгдэхүүнээ жирийн үнээс хямдралтайгаар захиалах санал болгодог, ийм боломжийг алдалгүй сонин хэвлэл, сонирхдог сэтгүүлээ захиалж, уншиж дадаарай.
Унших тусам ном зохиолд энгийн өгүүлбэрээс илүү хэлц үг, өвөрмөц хэллэг, зүйр үгтэй тулгарна. Иймд эдгээрийг тусад нь мэдэж авах, бичиж тогтоож байвал хэлний түвшин илт сайжирна.
Текст уншиж шинэ үг, хэллэгийг шинээр сурахад нэг иймэрхүү. Эхлээд зөвхөн ойлгохын тулд хурдан тэмдэглэгээ хийгээд явна. Дараа нь хамтдаа хэрэглэгддэг хэлц, хэллэгүүдийг түүвэрлэн шинэ үгийн дэвтэртээ бичиж заншвал тогтооход дөхөмтэй төдийгүй эргээд хэрэглэхэд хялбар.
Оюутан болонгуут ихэнх хэвлэл жирийн үнээс тал үнээр захиалах боломж олгодог. Би энэ сэтгүүлийг захиалдаг байсан. Герман хэлээ сайжруулах маш гоё боломж. Оюутан залуусын ярилцлага, дүрэм, Герман орны талаар болон хотуудын тухай сонирхолтой мэдээлэл олгодог. Та нар оюутан статустай бол хэлээ сайжруулах зорилгоор энэ сэтгүүлийг захиалаарай.
Зүйр цэцэн үгс, хэлц үгийг суралгүйгээр хэл үл сайжирна.
8. “Чалчаа” бол
Хэл сурах хүсэлтэй хүн тэр хэлээрээ байнга нэг зүйлийг чалчиж явбал зохино. Идэж ууснаа, үзэж харснаа ярих хүнгүй бол өөртөө хэл. Хий найзтай болж харилцан ярих нь холгүй байж л яриандаа сайжирдаг. Заавал герман, англи найзтай болж байж яриагаа сайжруулна гэхгүйгээр өрөөндөө орой унтахаас өмнө өдөр юу юу хийснээ өөртөө нэг илтгэчихээд, унтахад л болно. Шинэ үгнүүд мэдээд байдаг, дүрмээ санаад байдаг, сонсоод ойлгоод байдаг хэрнээ ярьж чаддаггүй байлаа. Ном англиар уншиж эхэлсэн цагаас хойш, тэр номын тухай өөртөө англиар эргэцүүлэнгээ, амандаа бувтнаж эхэлсэн. Хожим өглөө босоод зүүдээ, өдөр юу идснээ, орой бүгдийг тэр хэлээрээ товч “өгүүлээд” унтдаг болсон цагаас эрс сайжирсан. Иймд яриагаа сайжруулмаар бол ярих л ганц зам бий. Шулганаад байж дээ.
9. Тууштай бөгөөд байнга давт
Хэл сурах хамгийн чухал зөвлөгөө: Өдөр бүр давт. Дусал дуслаар тасралтгүй байнга унасаар чулууг хонхойлгодог усны түүх мэднэ биз дээ? Яг үүн шиг, тархи оюунаа өдөр бүр шинэ хэлээр шахах нь. Өөрөөр хэлбэл долоо хоногт нэг удаа, эсвэл ирэх амралтаар англи хэл давтъя гэх нь буруу бөгөөд өдөр бүр нэг цаг, бүр болохгүй бол хагас цаг гаргаж давтвал хэл сурах үйл тань амжилттай байх болно. Би үүнийг өөрийн бие дээр мэдэрсэн. Харилцаанд Герман хэлний хичээл дөрвөн жил, өдөр бүр орсоор сайн сууж өгсөн бол би франц хэлийг хааяа нэг, улиралд нэг, эсвэл хоёр долоо хоногт нэг гэж явсаар бахь байдаг хэвэндээ. Огт сайжраагүй.
Мөн нас залуу, толгой сэргэг дээрээ хэл сурч, өөрийгөө хөгжүүлж авахгүй бол хөгшрөх тусам юм сурахдаа удаан болдог юм байна шүү, хөгшин эгч нь та нартаа захих юм энэ байна. ;)
Мартснаас, гадаад хэл сурах маш олон давуу талтай, тархины дасгал болохоос гадна мартамхай болох элдэв өвчин тэргүүтээс сэргийлдэг тул нас ахисан хойноо өөр зорилгоор хэл сурсаар байх нь байна шүү.
10. Биеэ бүү тоо
Хэлтэй бол хөлтэй гэдэг болохоос хэлтэй бол гоё гэдэггүй. Багахан хэл зах зухыг нь мэдчихээд мундаг сурсан мэт биеэ битгий тоогоорой. “Төгс сурсан” гэж хэлж онигоонд оров. Аливааг төгс эзэмшсэн хүн хэзээ ч ингэж хэлдэггүй, хэлийг төгс сурах боломж ч байхгүй. Бидний эх хэл биш л бол харь хэл байсаар байх болно. Хэл өөрөө амьд зүйл, хувьсаж, өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Сурсан зүйл, дүрэм өөрчлөгддөг. Иймд сурсан эрдэмээ зэврүүлэлгүй, өдөр бүр хэрэглэж чаддаг бол олзуурхууштай болохоос гайхуулах, бардамнах зүйл бус. Барууныхан их соёлтой, ялангуяа эрдэм мэдлэгтэй мундаг хүмүүс нь залуу хүнийг дэмжиж, тэдэнд урам хайрлахдаа гарамгай. “Та энд төрсөн үү? Герман хэлээр гайхалтай ярих юм аа” гэж хүн хэлэх бүрд үнэмшээд, онгироод байж болохгүй. Ялангуяа Германчууд, “та ямар ч аялгагүй ярих юм аа” гэнэ. Тийм юм хаа байх вэ? Монгол хүн ямар ч хэлээр монгол өнгөтэй л ярина шүү дээ. Иймд магтаалд хэт бүү итгэ.
Хэл бол хэрэглээ. Аж амьдрал, зорилгодоо ашиглан чадвараа хөгжүүлж чадсан бол сайхан хэрэг, гэхдээ хүн чанар бол биш шүү. Хэлгүй бол хүн биш болчихгүй, хэлтэй бол хүнээс дээгүүр амьтан болчихгүй. Хэлээр гангараад, маяглаад эхэлбэл чи өөрийгөө хувь хүний хөгжил болоогүй байна даа л гэж дүгнээрэй.
Хэл бол соёл. Чи эх хэлээрээ ямар түвшинд ярина, төдий чинээнд гадаад хэлээр харилцана. Хараал, сул үг их урсгадаг бол, гадаад хэлээр мөн адил тэгж сурна. Тийм үгнүүд хэрэглэдэг хүрээлэлд багтана гэсэн үг. Хэл амаа мэднэ гэдэг тэгэхээр сахилга бат, ухамсрын том амжилт.
Эцэст нь та нартаа хэл сурахад хажууд чинь байнга туслагч болдог толь бичгүүд олж аваарай гэж зөвлөе. Өмнө нь толь бичиг авах мөнгө хүрэхгүй, хажуугаар нь шүлсээ гоожуулаад л өнгөрдөг байлаа. Одоо үед цахим толь бичиг, жишээ нь, Болор толь, түлхүү хэрэглэгддэг болжээ.
Энэ миний англи хэл сурч байх үед хэрэглэж байсан толь бичгүүд. Голын хоёр байхад л эхний үед хангалттай. Захын Оксфордын гоё зузаан толийг би Валентинаар эрхэм нэгэн найзаасаа бэлгэнд авч байсан. Энэ толийг одоо ч хэрэглэдэг, үнэ цэнтэй эд дээ. Хэрэв тэр найз маань уншиж байгаа бол, маш их баярласан шүү гэж дахин хэлмээр байна.
Харин Герман хэлийг сурахад бол энэ гуравтай байхад эхний ээлжинд болоод явчихнаа. Одоо бол бараг хэрэглэгддэггүй.
Хуулийн оюутан болвол энэ хэдээс зууралдаж өгнө. Миний докторын ажлын удирдагч багш их том эрдэмтэн, бичгийн соёлд нэвтэрсэн хүн тул түүнээс мейл ирэхэд дунд нь заавал хэдэн латин өгүүлбэр, үгүйдээ л хэллэг таардаг. Тэгээд л толь бичиг эргүүлэх, гүүгэлдэх хэрэг гарна даа. Хуулийн нэр томьёо бүхий зүйл уншиж байгаа бол латин үгнээс зайлсхийх боломж бага. Үнэн ядаргаатай.
Өмнө нь овоо ярьдаг байсан хэлнүүд хэрэглэгдэхээ болихоор мартагдсан, байхгүй ээ. Өврийн толь л үлдэж, хөөрхий.
Харин эд бол миний франц хэл сурахад тус болох нөхдүүд. Хичнээн жил сурч байна, А1-тэйгээ л яваа, хэрэг алга. Одоо өдөр бүр хэдэн минут давтана.
Ингээд та нартаа, ойрын ирээдүйд тэмүүлж буй зорилгодоо уялдуулж, хэлээ сонгон, сайн сурч, олон нөхцөл боломжтой учрахыг ерөөе.
Хэлээ сайжруулж, түвшин ахиулах гэж буй бол дараагийн шатны шалгалт юу байна, бэлтгэл нь хаана байна гэх мэтээр мэдээлэл цуглуулж байгаад эрчимтэй дайраарай. Өдөр бүр хэдхэн минутыг хэл сурахдаа зохицуулбал жилийн дараа гэхэд А2, хоёр жилийн дараа Б2 болно гэж бодоод зүтгээрэй. Нүүрном хэдэн жилийн өмнөх юм сануулдаг. Тэгвэл тэр хугацаандаа өөр нэг хэл сураад эхэлчихсэн, ярьдаг болчихсон байвал гайхалтай биш гэж үү?
Амжилт,
дараагийн бичвэр хүртэл түр баяртай,
Kommentar schreiben
Mungoo (Mittwoch, 07 März 2018 23:37)
Yostoi mundag umaa ❤️❤️❤️ Taniar mash ih baharhaj baina, bas mash ih avlaa.
Bayarlalaaa ���
Chimgee (Donnerstag, 08 März 2018 00:41)
Bayrlalaa saihan zuvulgunuud baina :-) hicheene :-*
Zochin (Donnerstag, 08 März 2018 04:59)
Mash heregtei zuvluguu bna. Ih bayarlalaa!
Sanchka (Donnerstag, 08 März 2018 05:48)
Bayrlalaa! Yg l heregtei, unen zovlogoonuud bn heregjuulnee. France heliig ymar material ashiglan surch bga ve? Zovloorei :)
Bas tanii blogiig bainga unshdag shuu, harin gar utasnaas orohod text ni heterhii jijigdeed tataj bgad naash tsaash ni guilgej unshij bgaag zasah bolomj bga yu? Durtai bolohoor guilgeed l unshij bgaa l daa, shuud tod haragddag bol bur goy tee :)
Uka (Donnerstag, 08 März 2018 07:45)
Thank you so much for your inspiring advice!
Magnai (Donnerstag, 08 März 2018 13:14)
Mann kann von dir sehr viel lernen liebe Chancy. Vielen Dank für deine wertvollen Tipps. Es ist bewundernswert wie du an die Dinge herangehst. So strukturiert und bestimmt und immer mit grosser Motivation und vollem Einsatz. Genial!
Binduush (Freitag, 09 März 2018 00:43)
Алтангадас од шиг л зөв зүг рүү зааж байдагт баярлалаа.
Bolormaa (Freitag, 09 März 2018 02:46)
Good luck for your future work
Anouka (Samstag, 10 März 2018 01:33)
Өөрийнхөө ямар алдаа гаргаад байгааг эндээс ойлгож авлаа. Бас юу хийх ёстойгоо ч ойлгочихлоо. Хэрэгцээтэй, эмх цэгцтэй, үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн баярлалаа :)
Muugii (Samstag, 10 März 2018 05:25)
Bayrlala vnetie zowolgoonvvd baina
зочин (Samstag, 10 März 2018 12:18)
Хэл сурахад хугацаатай хүчтэй зорилго, мөн тухлаг бүсээсээ гарч шууд харилцаанд хэрэглэж эхлэх л чухал юм б лээ дээ. Өчнөөн ч жил үзлээ дээ хөөрхий том том юм бодоод зузаан зузаан ном уншаад хүнд үгсийг хэдэн 1000р нь хүчээр цээжилдэг байлаа. Одоо бол өөртөө хөнгөн өдөр бүр таатай байхыг хичээдэг Халширч байгаа бол тэгээд явахгүй нь гэж ойлгодог болсон.
Enkhmaa (Samstag, 10 März 2018 14:12)
Thanks you, sis! :*
bb (Sonntag, 11 März 2018 18:35)
bayarlalaa hicheegeed bdag hergee ystoi nice
SNZ (Montag, 12 März 2018 02:24)
2doh nomoo TS.Oyungerel shig "herhen sonirholtoigoor hel surah tuhai" bichvel mash uguujtei bh gej bodloo, BODOJ UZEEREI :)
Yagaad TS.Oyungerel shig gesen be gehleer, gishuun bhdaa yag yuu hiisniig sain medehgui ch bichsen nomnuud ni uguujtei sonirholtoi bsan tul tegj bgaa yum. Yanz buriin l zaah surgah gesen hun bdag ch uuriin tuulsan amidralaa, uuriin meddeg zuilee des daraalaltai bichij oilguulna gedeg hetsuu ba tiim humuus hovor bdag gej boddog.
Enhuush (Mittwoch, 14 März 2018 12:51)
Olon ch jil tal dutuu surah gej oroldood zavsart n hayna shantrana. Bagaas husdeg bsan moroodol zorilgoo bodhoor yadaj english tei bolchih yumsan geed l ooriigoo sergeene. Surah erch huch bgaa ch arga sain olohgui budilaad l yavna. Tun heregtei zuvluguu bna bayarlalaa. Chimbai zangaas tani suraltsahiig hicheenee:).
Baynaa. (Mittwoch, 14 März 2018 21:55)
Zia tegwel zorilgoo todorhoilood 3 jiliin daraa B2 france bolnoo �
туул (Samstag, 07 April 2018 18:51)
Хэрэгтэй зөвөлгөө байлаа.. охинтойгоо хамт хичээгээд байждээ.
Believe (Donnerstag, 12 April 2018 12:01)
Ийм сайхан зөвлөгөө, мэдээлэл хүргэж байгаад маш их талархаж байна. Таниар бахархахын сацуу илүү ихийг сурч, мэдэх маш их урам зориг авлаа. Би бас хуульч мэргэжилтэй, хүсэл мөрөөдөл, үзэл бодолтой минь таны бичвэр үнэхээр нийцэж байгаад цааанаасаа баяр төрөөд, эрч хүч мэдрэгдээд нэг л сайхан болчихлоо. Хэлээ сайжруулж, суралцахад цаг заваа тусгайлан зориулж, тууштай байж, хичээх болно оо. Та энэ мэт сайхан зөвлөгөөнүүдээр илүү их хурцалж өгөөрэй.
Зочин (Dienstag, 24 April 2018 07:28)
Маш сайхан зөвөлгөө байна. Баярлалаа хичээнээ
Chansy (Donnerstag, 03 Mai 2018 21:54)
Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд нь маш их баярлалаа. Дор бүрд нь хариулж амжихгүй ч уншаад, баярлаад өнгөрдөг шүү. Love&Respect
Khaliun Baatar (Samstag, 22 September 2018 22:52)
Yostoi goi sanaa avah zuvlumj ugsun bna tnx
ariu (Mittwoch, 21 November 2018 17:45)
Danke
Ариунзаяа (Dienstag, 08 Januar 2019 18:12)
Машид талархлаа. Уншсандаа харамссангүй. Цаашдын их ажилд нь амжилт хүсье.
Ариунцэцэг Болдбаатар (Montag, 14 Januar 2019 22:49)
Таны бичвэрийг уншихаар нээх тийм эмэгтэйлэг болчих юмаа баярлалаа урам авлаа. Би одоогоор франц хэл сурч байгаа Началниы Л.Л. Потушанская энэ ном маш сайн суурь тавьж өгдөг ном шүү. Bon courage.
namuunaa (Montag, 09 September 2019 10:11)
mash ix bayrlalaaa yg odoo ajil dreee german xeliig biy daan suraltsax gj googlees xaigaad uuniig olj unshlaa mash ix uram zorigoor togtoxgui ygd surax shaltgaanaa ch gsn iluu todorxoi xarlaaa tanid amjilt xusey
oyuka (Dienstag, 28 April 2020 10:49)
Uneheer heregtei goy zuil bichjee.
Duustal n unshlaa.Bayarlalaa^^
Javzaa (Samstag, 03 Oktober 2020 09:18)
Bi mongold huuliar surdag. Tsaashdaa mergejilee gvnzgvirvvlj gadaadin ih deed surguulid ywh zorilgotoi bga uchraas hamgiin tvrvvnd angli hel surhaar hicheej bgaa ch mundag bolson ymgvi l bn. Gehdee tsaashdaa nogoo us tsas ni boloh bolnoo. Goy zovolgoonvvd ogdogt bayarlalaa.
Enne (Samstag, 12 März 2022 05:20)
Setgel unertdeg shuu uneheer :) Tanias mash ih uram zorig awch baigaa, bayrlalaa<3