Тагтаагийнхан үнэхээр мэдрэмжтэй төдийгүй чадвартай гэдэгтэй та нар санал нийлэх үү? Нүүрном руу нь би нэг удаа "тэнэг" асуулт асууж билээ. Ном хэвлэх үнийн тариф сонирхтол "Манайх пресс буюу хэвлэх газар бус паблишинг, хэвлэлийн компани" гэж хариулсан. Энэ салбарын хүн биш тул ийм ялгааг мэдэхгүй явж. Хичнээн ичэв ээ? Гэхдээ шинэ зүйл олж мэдсэндээ их баярласан. Мөн цааш нь дэлгэрүүлж уншин, бага зэрэг мэдээлэл олж авсан шүү энэ талаар.
Милан Кундерагийн энэ бүтээлийг өнгөрсөн зун Хорватад хэд хоног амрахдаа усан сангийн хажууд "хөнгөн" гэгч нь уншъя гээд нээтэл эхний хуудсаасаа авахуулаад философилог, эргэцүүлэл ихтэй, тэмдэглэж авах зүйл их таарсан тул даруй өрөөндөө очиж тодруулагчаа авчирсан. Ягаан тодруулагчаа дуустал нь номон дээр зурсан. Сүүлийн хэдэн хуудсыг тэгээд ногооруулж өгсөн дөө.
Сүүлийн үед орчуулгын зохиол уншихаар зарим нэг нэр томьёог "арай өөрөөр хэлж болоогүй юм болов уу?" (жишээ нь эмэгтэй зохиолчдын нэг түүвэр уншиж байхад "битүү хүн" гэж уншаад англи хэлний closed, self-contained,introverted, герман хэлний in sich geschlossen гэдгийг л ингэж буулгаж дээ, арай өөрөөр хэлж болоогүй юм болов уу? "Битүү хүн" гэж хэлдэг юм болов уу гэж эргэлзээд таарсан) гэж эргэцүүлдэг байсан бол энэ бүтээлийг уншихдаа "ийм оновчтой буулгах гэж, ингэж хэлвэл нээрэн зохистой юм байна шүү" гэж өөрийн эрхгүй орчуулагч Тэгшзаяагийн чадварыг бишрэнгээ, олон нэр томьёо суралцаж авлаа.
Ингээд номын тухай сэтгэгдлээ бус зохиолчийн мөртүүдээс сэтгэлд үлдснийг нь блогтоо хадгалж авъя гэж бодсондоо энэхүү бичвэрээ оруулж байна. Тодруулагчаар номоо эрээчин "завааруулдагийн" нэг давуу тал бол хожим ахин сөхөхөд тухайн үед сэтгэл хөндсөн хэсэг дурайгаад гарч ирдэг. Яг үүн шиг, эшлэлүүдийг блогтоо үлдээснээр ахин дахин анзаарч байхад тустай болов уу.
"Зовлонгийн хүнд биднийг даран сөхрөөж газарт хадаж орхидог. Тийм атал бүх цаг үеийн хайрын шүлэгт хайр дурлалын зовлон шаналлыг магтан дуулдаг. Зовлонгийн хүнд гэдэг тэгэхээр амьдралын хамгийн хурц амт шимт аж. Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж, илүү бодитой, илүү үнэн болдог аж.
Эсрэгээрээ ямар ч зовлогүй аж төрөхүй нь хүнийг агаараас ч хөнгөн болгон дээш дэгдээж ертөнцөөс тасалснаар оршихуй нь барьцгүй хоосонд хувилж үйлдэл бүр нь ул мөргүй чөлөөтэй болно. Бид тэгэхээр алийг нь сонгох вэ? Хөнгөн үү, хүнд үү?"
"Хөнгөн хийгээд хүндийн эсрэгцэл хамгийн ярвигтай, холбиромтгой нь буюу."
"...зүйрлэл гээч хэчнээн аюултайг хараахан ухаараагүй байв. Зүйрлэлийг хөнгөнд бодож болохгүй. Ганцхан зүйрлэлээс хайр ургаж ч мэднэ."
"Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж."
"Эмэгтэй хүнийг өрөвдөх гэдэг нь хэрэв чи тэр эмэгтэйгээс илүү бол түүний түвшинд хүртэл доошилж, бөхийх учиртай гэсэн үг. Ийм учраас "энэрэл, нигүүлсэл" хэмээх үг ээдрээтэй хоёрдмол утга агуулдаг, дорой байдлыг, хайр дурлалтай тэнцэхээргүй дорд мэдрэмжийг илтгэдэг гэж болно. Хэн нэгнийг өрөвдсөндөө хайрлаж байвал тэр нь үнэндээ хайр биш юм."
Би яг ингэж боддог. Байгалиас заяасан хамгаалах зөн совинг нь байнга төрүүлж, өрөвдүүлж хайрлуулах гэхээсээ илүү тэр хүний хүндлэлийг хүлээж, сэтгэлийг өрдөж, ойлгодог, эн тэгш түвшинд ярилцдагаараа хайрлуулбал сая зөв хайр болов уу. Эсвэл ийм хайр илүү удаан үргэлжилдэг болов уу?
"Хүн өөрт нь аз жаргал өгөөгүй газрыг орхин явахыг хүсдэг."
"Гарцаагүй байдал, хүнд, үнэ цэнэ хэмээх гурван ухагдахуун салшгүй холбоотой: гарцаагүй байдал хүндийг, хүнд үнэ цэнийг дагуулдаг."
Зохиолч барууны эрх зүйн философийн үндсийг сайн судалсан шинжтэй. Бүр лекцэн дээр яг ингэж авч үздэг.
"Үнэн хэрэгтээ хүний амьдрал уран зохиол шиг өрнөж, хөгжим шиг бичигддэг билээ. Хүн төгөлдөр сайхныг мэдэрсэн л бол жирийн учрал тохиол ч гүнзгий утга агуулгатай болж амьдралын завсаргүй урсгалд үл алдрах мөнхийн орчлыг үүтгэдэг." Орчуулагчийг бишрэн шүтмой.
"Хүн амьдралынхаа хамгийн адгийн зовлонт цаг үедээ ч гоо сайхны хуулийг зөнгөөрөө дагадаг байна. Тэгэхээр зөвхөн романд л ийм онцгой давхцал тохиож байдаг гэж яаран дүгнэхийн оронд өдөр тутмын амьдралдаа тохиож буй учрал тохиолыг үл тоож, амьдралын гоо сайхныг мэдрэх багтаамжаа жижгэсгэж байдаг харалган хүмүүсийг л зэмлэн буруушаавал зохилтой юм."
"...толгой эргэж, тэртээ ёроол руу хөсөр унах болчимгүй, адын хүсэл төрнө. Үүнийг сул доройчуудын хөлчүүрэл гэж нэрлэж ч болох юм. Сул доройгоо ухаарсан хүн тэмцэн босохоос илүүтэй сөхрөн бууж өгдөг. Сул доройдоо хөлчүүрэн согтож, улам сул дорой болохыг хүсч, төв талбайн тэхий дунд олны өмнө газар тэлчлэн унахыг хүсч, улам доошоо тэмүүлж, улам дорд болохыг хүсдэг."
Ийм хөлчүүрэлд автахгүйг хичээж явбал. Хүний өмнөөс амьдраагүй, өөрөө алдвал өөдөө босохоо л бодох хэрэгтэй. Хайран амьдралаа өөрөө улам уруудуулах ямар олиг байх вэ?Унах амархан, унасны дараа босох чадвар чухал гэдэг энэ байх.
"Залуу насанд хүний амьдралын хөгжим элдэв такт, хэмнэлд баригдалгүй чөлөөтэй урсаж байдаг тул хөг эгшгийг нь хамтдаа зохиож, айзам хэмнэлээ солилцож болдог бол залуу нас нь өнгөрсөн хойно учирсан хоёрын хувьд амьдралын хөгжим нь яв цав, хөдөлшгүй болсон тул эгшиг аялгуу, эд зүйл, үг бүр ялгаатай утга илтгэх аж."
"Хүүхэмсэг эрчүүдийг ердөө хоёрхон төрөлд хувааж болно. Эмэгтэй хүн бүрээс зөвхөн өөрт хамаарах мөрөөдлийн бүсгүйгээ хайдаг нэг хэсэг. Эмэгтэйчүүдийн ертөнцийн бүхий л нарийн ширийнийг бодитоор нээх хүсэлтэй нөгөө хэсэг.
Эхний төрлийн хүүхний дон тун утга уянгын шинжтэй: эмэгтэй хүнээс өөрсдийгөө, өөрсдийн үнэмлэхүй төсөөллийг эрдэг, даанч төсөөлөл гэгч бодит амьдралтай тэр бүр авцалддаггүй тул байн байн сэтгэлээр унаж гонсойх явдал гарна. Эрснээ олоогүйн цангаа дараагийн хүүхэн лүү даллах элдэв романтик шалтгийг нөхцүүлдэг болохоор уярамтгай хүүхнүүд энэ төрлийн хүүхэмсэг эрчүүдийн арга мэхэнд ихээхэн уярч догдолдог.
Удаах төрлийн хүүхний дон харин тун бадрангуй шинжтэй ч хүүхнүүдийг уярааж догдлоох шид чанараар маруухан: эмэгтэйчүүдээс өөрийн субьектив төсөөллийг эрдэггүй, эмэгтэй хүний алив бүхнийг сонирхож таашаах тул сэтгэлээр унаж гонсойно гэж үгүй. Ийм бадрангуй хүүхэмсэг эрчүүд хүүхэн болгонтой учир ургуулахад бэлэн засаршгүй чанараараа хүмүүсийн гайхширал, зэвүүцлийг төрүүлж байдаг."
"Зүйрлэлээс хайр ургадаг. Бидний яруу дурсамжинд хэн нэгнийг төлөөлөх анхны үг нэвтэрсэн мөчөөс хайр эхэлдэг ажээ."
""Kitsch" бол XIX зууны дундуур Герман хэлнээс өрнийн бусад хэлэнд тархсан үг юм. Хаа сайгүй түгэн тархахдаа үндсэн утгаасаа нэлээд гажсан тал бий: "Kitsch" бол шууд болон дам утгаар ялгадсыг огт байхгүй мэт үгүйсгэх, хүмүүний оршихуйн зөвшөөрч үл болох согог дутагдал бүхнийг няцаахуй юм."
"Зүрх ярьж байхад оюун ухаан саад хийж түвддэггүй байна. "Kitsch"-ийн вант улсад сэтгэл зүрхний дарангуйлал хэмжээгүй засагладаг аж. "Kitsch"-ээр өдөөгдсөн мэдрэмж олон нийтэд таатай, сайхан санагддагаас зайлахгүй."
""Kitsch" бол аливаа улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрч болгоны гоо зүйн дээд эрхэмлэл юм. Улс төрийн олон ургальч үзэл зэрэгцэн оршиж нэг нь нөгөөгөө үгүйсгэж, хазаарлах гэж өрсөлддөг нийгэмд хүн "Kitsch"-ийн залхаан цээрлүүлэлтээс бага ч атугай зайлсхийж чаддаг: хувь хүн өөрийн хосгүй чанарыг хадгалж, уран бүтээлчид онцгой бүтээл туурвих орон зай үлддэг. Харин улс төрийн ганц хүчний эрх мэдэл хаа сайгүй ноёрхсон нөхцөлд "Kitsch"-ийн дарангуйлал тогтддог. "Kitsch"-д нийцэхгүй алив бүхнийг хуу хорьдог учир "дарангуйлал" гэхээс аргагүй юм."
""Kitsch"-ийн дарангуйлал тогтсон үед бүхий д хариулт урьдаас тогтчихсон байдаг тул асуулт тавих орон зай үлддэггүй. Асуулт тавьдаг хүн "Kitsch"-ийн засаглалын заналт дайсан болно."
Германчууд "Kitsch"-д дургүй, түүнээс зайлсхийдэгийг улам сайн ойлголоо.
"Хүн болгонд л өөрийг нь анхаарч харах хэн нэгэн хэрэгтэй байдаг. Ямар байдлаар анхааралд өртөхийг хүсч буйгаар нь хүнийг дөрөв ангилж болох юм.
Эхнийх нь тоймгүй олон үл таних харц өөр дээр нь тусч байхыг өөрөөр хэлбэл олон нийтийн анхааралд өртөхийг хүсэгчид юм.
...Удаах нь тоймгүй олон танил харц өөр дээр нь тусч байхыг өөрөөр хэлбэл танилуудынхаа анхааралд өртөхийг хүсэгчид юм. Энэ төрлийн хүмүүс байнга үдшийн зоог, үдэшлэг зохион байгуулж байна. Эд бол олон нийтийн хараанд өртөхгүй бол амьдралынх нь гэрэл гэгээ бөхсөн мэт уйтгарлан шаналдаг эхний ангиллын хүмүүсээс хувь илүү баяр жаргалтай. Эхний ангиллынханд үзэгчээ алдах аюул ямагт заналхийлж байдаг бол танил харцаар хүрээлүүлж байдаг хоёр дахь ангиллынханд ийм зовлон үгүй.
...Гурав дахь ангилалд хайртай хүнийхээ анхаарлын төвд ямагт байхыг хүсэгчид багтана. Нэг л өдөр хайртай хүн нь харц бууруулахад амьдрал нь тэр чигтээ пад харанхуйлдаг.
...Сүүлийн дөрөв дэх ангилал тун ховор тохиолдоно. Энэ төрөлд бодит бус төсөөллийн харцан дор амьдрахыг хүсэгчид багтдаг. Тэд бол мөрөөдөгчид. "
"Магад бид асууж, шалгааж, хэмжиж, тааж, хамгаалах гэж улайрах тусам хайр улам хорж хорогддог байж мэднэ. Өөрсдийгөө хайрлуулах гэж хэтэрхий шунаснаас юу ч шаардалгүй гагц зөнгөөрөө хамтдаа байх нь бидэнд хангалтгүй санагдаж, нөгөө хүнээсээ ямар нэг юм (хайр) зогсолтгүй нэхэн шаарддаг болоод л бид бусдыг хайрлаж чаддаггүй биз ээ."
"...байгаа чигээр нь хүлээж авсан, түүнийг өөрийн хүсэлд таацуулан өөрчлөх гэж санаархаагүй, ...амьдралд нь хөндлөнгөөс оролцож, уг чанараас нь холдуулах гэж хүсээгүй, далд санааг нь тааж ядан хардаагүй...хүслээрээ л хайрласан." Хэдийгээр энд нохойгоо хэрхэн хайрлаж буй тухай бичсэн ч хүмүүн хоорондын хайр, амжилттай тогтнож буй харилцааны нууцыг дэлгэчихсэн байгаа биз?
"Хүнд хэн ч энх тунх, амар амгаланг бэлэглэж чадахгүй..."
Дотоод зөрчил, дутуугийн комплексоо хүн өөрөө л шийдэж, хөгжиж, өөрчлөгдөж байж амар амгалангаа олно. Тэр цагт хажуу дахь хүн чиний амар амгаланг олгогч, аз жаргалын хариуцагч бус гагцхүү чиний амьдралыг баяжуулагч нэгэн болно. Учир нь хүн өөрөө аз жаргал, амар амгалангийнхаа эзэн. Хажуу дахь хүн тань түүнийг өсгөн нэмэгдүүлэх боломжтой болохоос огт байхгүй зүйл дээр ургуулах боломжгүй гэдэгт би итгэдэг.
Үнэхээр шилдэг ном байлаа. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуйг жинтэй өгүүлсэн хүнд ном байлаа. Яагаад ч юм, чимээгүй өрөөнд ганцаараа суун уншсан бол гэж бодсон. Амралтын үеэр зүгээр нэг гүйлгээд унших ном биш, удаан "зууралдах" аажуу "боловсруулах" өгөөжтэй ном юм. Заавал уншаарай, хараахан уншаагүй бол.
Тагтаагийн Лхагвадулам гэх бас нэгэн мундаг орчуулагчийн бүтээл, дараагийн номын тухай удахгүй оруулнаа. Бүх номыг нь авмаар хамаг шунал хөдөлгөөд хаялаа, Тагтаа! Chapeau!
Kommentar schreiben
Chimgee (Freitag, 16 März 2018 12:12)
bayrlalaa, ene nomiig unshsan bolovch ingej saihan oi toondoo oilgoj huleej avsan biluu gedeg hunghun guig turvuu gj kk ! nomiig oilgoj unshij chadna gedeg bas neg bolovsrol , chadvar shu :-) zunduu goy, yangeeg ingeed bicheed baigaarai . :-* Amjilt
SNZ (Montag, 19 März 2018 02:20)
hetsuu l nom yum shig bn, gehdee unshnaa sonirhol tataj bn, yostoi l muljuurtei yum shig bn, bas bi yag ene Tagtaa publishing iig nom hedeer gargadiin bol gej dandaa boddiin, tegsen boliloo kkk odoo yalgaag ni olj unshya daaa :) Dandaa sonirholtoi uguujtei yum bichdegt BAYARLALAA