Торболе миний дуранд

Италийн хамгийн том Гарда нуурын хойд үзүүрт байрлах жижигхэн тосгоны нэр Торболе.Мюнхен хотоос хурдтайхан давхибал дөрвөн цаг гаруй яваад хүрнэ. Үүрээр эртлэн гарвал өглөөний цайгаа нуурын эрэг дээр ууж болохуйц ойр гэсэн үг. Мюнхен хотын эргэн тойронд үзэсгэлэнтэй нуур олон тул бид аялахдаа нуур гэхээс илүү далай зорихийг хичээдэг, өнгөцхөн дүгнээд, Гарда нуурыг үл тоодог байв. Гэтэл уур амьсгал нь далайн эрэг шиг, сайхан амралтын газар аж. Германчууд ихтэй, эргэн тойронд дан Герман хэлтнүүд. Ингээд та нарыгаа энэ удаа Италийн бяцхан тосгоноор зурган аялал хийлгүүлье.

Airbnb байр хайж, нуурын эрэгтэй ойр энэхүү ногоон байшингийн нэг өрөөнд хүү бид гурав хэд хонов. Гэтэл, тэртээ 1786 онд их зохиолч Гёте энд  саатахдаа буудалласан байр болж таарав. "Чамайг Гётед дуртай болохоор..." гэж манай хүн хэлэхэд нь бөөн баяр. Гётегийн мөрөөр аялсан блог бичвэр бэлтгэж, судалж байгаа надад тун олзуурхууштай хэрэг боллоо.

 "Өнөөдөр Ифагениг үргэлжлүүллээ. Энэ нуурыг тольдон ахуйд туурвих үйл ихээхэн урагштай" гэж Гёте 1782 оны есдүгээр сарын 12-нд тэмдэглэлдээ бичжээ. Түүний үргэлжилсэн үгийн зохиолуудыг уншиж байснаас, Фаустаас бусад жүжиг, яруу найрагийг тэр бүр зорьж барьж аваагүй би аяллаас ирсэн даруйдаа 

"Ифигениа" уншиж эхлэсэн.  

Түүнд онгод хайрласан нуур энэ

Байр маань их хөөрхөн, цэвэрхэн, жижиг. Байнга гэртээ гал тогоотой зууралддаг тул амралтаар энэ өрөөнд бараг орсонгүй. Тэгээд ч Италид хоол сайтай, юун гэртээ хоол хийх.

Цонхоор Торболе дэх хамгийн хүсэмжит зоогийн газар харагдана. Өдрийн болон оройн хоолны үеэр хүмүүс ширээ сулрахыг хүлээн дараалалд зогсох юм. Бороонд хүртэл хүлээж байгаа нь энэ газрын хоол хэр нэр хүндтэйг илтгэнэ.

Гётегээр овоглосон талбай

Гэрийн үүдэнд зоогийн газартай байхын давуу тал

Италичууд дарс нэрэхдээ гарамгай, харин шар айраг бол захиалаад дэмий. Герман шар айрагт дассан хүнд Италийнх огт таалагдахгүй. Миний хамгийн дуртай паста: Сам хорхой эсвэл дунтай. 

Альпийн нурууны бэлд салхи хуралдаж, өглөө, үдийн тогтсон цагт нууран дээр салхи ихтэй тул виндсерфинг хийхэд хамгийн тохиромжтой гэнэ. Иймд виндсерфинг хийх залуус Торболед жилээс жилд цугладаг. Зарим гэр бүл сүүлийн арван жил тогтмол ирдэг болсон гэх. Виндсерфинг сургууль хүртэл эрэг дээр нь байрлах энэ газар далбаат серфчдийн чуулган болох нь аргагүй. Нөхөр маань сүүлийн хоёр жилээс энэ спортыг сонирхож эхэлсэн. Хөөрхий, хэдхэн секунд тогтоод л ус руу унадаг байсан, энэ жил сайн "дүүлж" байна лээ. Над шиг тэвчээргүй хүн бол хоёр унаад л халшрах байх. Энэ удаагийн аялал түүнийг найзуудтай нь виндсерфинг хийлгэх зорилготой байв. Наймаг дагаж загварын үзэсгэлэн үздэг хүнийг би дэмжиж, дагаж явахгүй бол болохгүй биз дээ. Хоёр хүн сонирхол өөртэй байж болно, гэхдээ бие биенээ татан оролцуулж хэн хэнийхээ ертөнцийг нэг шинэ зүйлээр нэмэгдүүлж байвал улам л сонирхолтой. 

Аав серфинг хийх хооронд ээж хүү хоёр эрэг дээр машин угаалгын газар ажлуулав.

Энэ гэр бүл бас амарч яваа бололтой

Их ажлын ард гарсны дараа толгойгоо амраах хэрэгтэй, ном уншихгүй юу ч хийхгүй хэд хонох зорилготой байсан ч энэ номыг сагсандаа хийчихсэн. Хүүгээ унтах хойгуур уншаад, авч ирсэндээ ямар их баярлсан гээч. Тагтаагийн бас нэг шилдэг бүтээл. Орчуулга уран тансаг, өгүүллэгүүд сонирхолтой. Заавал уншаарай.

Энд цагдаа болвол жетски хөлөглөөд л...

Салхи намжсны дараа энд огт салхи гардаггүй юм шиг нам гүм

Бужигнасан олон виндсерфинг байхгүйд нуур анир чимээгүй

Ваартай цэцэг болгоод ширээн дээр тавьчихлаа, норсон сэтгүүлээ

Пицца, пастаны орон Италид хоолны өмнө аперол шприц ууна, харин дараа нь мөхөөлдөс идэх бол ёс. Иймэрхүү маягаар гурав хоноход сайхан бүдүүнээ болно. Гэхдээ Федерико Феллини юу гэлээ, "Амттай хоолонд дуртай хүмүүс голдуу юм юмыг таашааж чаддаг, хүссэнээрээ сэтгэл ханамжтай байж чаддаг...Сайхан хоолыг таашаадаг хүн барагтайд дүр эсгэхгүй..." гэх мэтээр хэлдэг дээ. Яадаг юм тийм ээ?

 

Buona notte Torbole!

Өглөөний мэнд!

Нуурын эрэг дээр өглөөний цай уухад хэтэрхий салхитай "хэцүү" бол дал модон дунд, цэцэрлэгт тухлан сууж болно. 

Итали нимбэг, бэрсүүт жүрж, чидун жимсний орон

Мэдээж шар өнгийн усны хувцас авч явсан, гэхдээ ус арай хүйтэн, сэлж чадаагүй ээ

Гарда нуур луу аялвал Торболе нэрт энэ жижиг тосгоноор дайраад гараарай. Харин тэнд очих хүртэл тань, хэсэг зуур ч болов Итали руу аялуулсан гэж найдья,

Дараагийн бичвэр хүртэл түр баяртай.

Kommentar schreiben

Kommentare: 1
  • #1

    Muugi (Freitag, 29 Juni 2018 09:38)

    Sain baina uu,

    Uneheer saihan blog boljee. Anh udaa uuriin chin blogiig uzej bna. Ihevchlen mongoloor bichihiig zoreson, hussen nairuulga saihantai boljee.windsurfing geheer zarim humuus oilgohgui baih. Gehdee manaihaar bol dalai tengisiin davalgaagaar gulgah ym bn lee.Daraa daraagiin blogiig n tesen ydan huleene. Udriig erch hucheer duuren saihan unguruulei. Amjilt