Хоосон хананд дургүйг минь мэднэ дээ. Өмнө нь миний ханан дээрх галерей ийм байсан. Харин одоо ингэж шинэчиллээ. Шинэ гэртээ ажлын жижигхэн өрөөтэй болсондоо их олзуурхаж байгаа. Их сургуулийн ажлаа багасгаж, хоёр настай хүүгээ арай учиртай болтол гэртээ бие даан, итгэмжлэгдсэн орчуулагчаар өөрийн бяцхан компани үүсгэж байгаа. Орчуулгаас гадна бас бус зүйл туршиж үзэх санаа бий. Та нар минь надад амжилт хүсээрэй. Ингэж эрс өөрчлөлт хийхгүй бол өдөр нь хүүхдээ харж, орой унтсан хойно нь их сургуулийн үндсэн ажил, төсөл, гадаад харилцаатай холбоотой бүхнийг амжуулж, үргэлжлүүлэн шөнө нь докторын ажлаа хийгээд аргагүй тамирддаг юм байна. Хүүхэдтэй болохоос өмнө олон зүйлийг зэрэг амжуулдаг, эрч хүчтэй байсан, одоо ажлаа хэр чухлаар нь эрэмбэлж, зарим нэг зүйлсээс татгалзсан нь ухаалаг шийдэл ажээ.
Германд бие даан, ажил эрхлэх оффисоо гэртээ үүсгэж буй бол түүний тохижилт, тог, талбай, урсгал хэрэглээний зарим зардлуудыг татвараас суутгах боломжтой юм байна. Худалдан авсан зүйлсийнхээ талоныг бүү хаяарай, татварын мэдүүлэгт хэрэгтэй гэж хүн бүр зөвлөнө лээ. Би иймэрхүү зүйлдээ тун тааруу хэрнээ ингээд бизнес эхлүүлэх гэж байдаг. Болохгүй бол буцаад ажилдаа орчихно гэсэн "Б" төлөвлөгөөтэй над шиг #girlboss ер нь байдаг болов уу? Бодоод байхад би үргэлж гэрээгээр бусдын удирдлага дор ажиллаж иржээ, анх удаа өөрөө өөрийнхөө босс байж бас үзье дээ, тийм ээ? Хүүхдийнхээ асгасан тавагтай будааг шалан дээр мөлхөн түүж байхдаа "Гэхдээ л чи босс шүү" гэж сэмхэн хэлдэг онигоо шиг юм болох байх ээж хүү хоёр үнэндээ.
Халтайсан, ийм өрөө анх хүлээж аваад наг ханыг нь номин цэнхэр өнгөөр будсан. Барилгын материалын дэлгүүрт Tiffany Blue, Türkis гээд асуухад энэ өнгийн хэд хэдэн хувилбар бүхий цаас өгнө. Тиффани цэнхэр бол хамгаалагдсан, жор нь нууц тул яг тэр өнгө мэдээж байхгүй. Харин номин өнгийн хольцууд их бий. Тэгээд л арай цайвар нь уу, тод уу гээд л сонгоно шүү дээ. Анх "шампанск шаргал, зааны ясан шаргал гэж ялгадаг, тийм маягтай байхдаа яах вэ?" гэж найзыгаа шоолдог байсан, хэдэн жилийн дараа өөрөө тийм маягтангуудын эгнээнд оров :)
Би инстаграм дээр фэшн зураг зураачдыг дагадаг, тэдний нэг Мартина гэж бүсгүйн цахим дэлгүүрээс бичгийн цаасны хэмжээтэй хэвлэмэл зургууд захиалсан. Испаниас Герман руу хэдхэн хоногт шуудангаар хүрээд ирдэг юм байна. Эндээс түүний борлуулж буй бүтээгдэхүүнүүдийг сонирхоорой.
Эйфелийн цамхагтай зураг дээрх эмэгтэйн даашинз, үс, цүнхний өнгийг дураараа өөрчилж, нэрээ эсвэл өөр зүйлс бичүүлж захиалж болно. Гоё байгаа биз? Парис хоттой би мартагдашгүй нандин дурсамж холбодог, Гоодаль сэтгүүл дээрх миний хамгийн анхны нийтлэл, улмаар "Сониуч Зүрх" ном энэ хоттой уялдаатай болохоор эндээс эхэлсэн аяллалаа бэлгэдэн энэ зургийг сонгосон юм.
Харин бичгийн машин дээрх "итгэл найдвар" бол миний нэгэн том мөрөөдлийг надад өдөр бүр сануулах учиртай юм. Мэдээж цэнхэр өнгө нь ханатай зохицоод бас аятайхан санагдсан.
Номонд дурлагчийн зургийг анх бичиг номон дээрээ сандайлаад танхай юм уу гэж бодсон ч хөнгөн хүлээж авбал утга, өнгө хөөрхөн санагдаад дурлачихсан.
Хийсэн зүйл нь хэр их таалагдсан сэтгэгдлээ хуваалцаж, цахим дэлгүүрийн эерэг үнэлгээ өгсөн гэж Мартина надад энэ зургийг бэлэг болгосон. Би уг нь өөрийгөө их аялдаг гэж боддог, гэтэл эдгээр таван хотоос нэгийг нь л үзсэн байх юм. Ингээд л дараагийн хүсэл мөрөөдөл бий болоод эхэлж байгаа юм даа.
Одригүй бол миний өрөө биш шүү дээ. Хайртай алаг нүдэн бүсгүйнхээ болон Vogue сэтгүүлийн зурагтай бүтээл байна уу гэж хайж яваад Chic by Virginie гэх бүсгүйн цахим дэлгүүрээр орсон. Цаасан хэлбэрээр бус захиалаад, мөнгөө төлөнгүүт мейлээр хэвлэх зориулалттай, чанартай бүтээлүүд зураг хэлбэрээр тэр дороо хүрээд ирсэн. Зургийн чанар үнэхээр сайн. Сайн хэвлэдэг газар олж, хэмжээгээ сонгоод л болоо.
Жаазны хувьд цэнхэр ханан дээр хар өнгө хэдийгээр гоё ч хүнд харагдаад, цагаанаар дагначихсан. Пассепарту буюу цаасан доторлогоо, давхар хүрээтэй жаазанд би дуртай. Мөн элдэв хээ хуар, сийлбэргүй, энгийн жааз түүн доторх зурагтай өрсөлдөөд байдаггүй мэт санагддаг. Боломжийн үнэтэй Икеа-гийн Рибба гэх энэ жаазыг сонгосон. Материалын хувьд модон жаазанд дуртай, төмөр, мөнгө, металл өнгө нь өөрчлөгдөөд арчилгаа ихтэй. Хуванцарт ёстой дургүй.(Рибба жаазны шил нь гэхдээ хуванцарын хольц, учир нь хөнгөн, хагарахгүй) Икеад хөөрхөн хэлбэртэй жаазнууд байдаг ч хуванцар болохоор нь буцааж тавьсан. Ер нь гэрийн чимэглэл, тавилган дээр хуванцараас, хувцасны хувьд найлоноос (nylon, polyester) эртхэн татгалзсан нь дээр юм байна лээ.
Хумстайгаа үлдье гэвэл хоолны хутга юмуу хатуу шугам хэрэглэсэн нь өлзийтэй. Бэхэлгээний төмөр нь хэдий зөөлөн ч олон зураг жаазлахад хумсгүй болно. Түүнчлэн, жаазны шил дотор, гадна талдаа хамгаалалтын бүрхүүлтэй, хоёуланг нь авахаа мартав. Зурагаа хийсэн хойно доторхийг нь мартчихсан ахин онгойлгох гэж бөөн ажил. Мэдээж, ганц хоёр зураг жаазлах их ажил болохгүй. Над шиг өдөржин сууж жаазлахад нэг алхам ч хэмнэлттэй.
Цаасан хүрээндээ зургийг жижигхэн хэсэгт нааж тогтоовол жааз дотор гүйгээд байхгүй.
Энэ уран бичлэгтэй картыг Nuts and Golden дэлгүүрээс авсан. Тус брэндийг үүсгэгч хоёр дизайнер бүх бүтээгдэхүүний загварыг өөрсдөө зохиож, өндөр чанартай хэвлэдэг. Бичиг хэрэглэлийн зүйлс, ялангуяа цаасан бүтээгдэхүүн, наалтууд нь их үзэмжтэй, тансаг. Та нар сонирхоорой.
"Зүгээр л хийгээд үз. Аятайхан болж магадгүй шүү дээ" гэсэн бичигтэй энэ карт надад зориулагдсан мэт. Би нэг юм хийх гэж маш их судалж, бэлтгэж, сурч явсаар хэзээ нэгэн цагт баттай, миний хувьд бүрэн боллоо гэсэн үед нь хийх гэж их цаг алддаг. Бэлтгээд л байдаг, бэлдээд л байдаг. Гэтэл ямар ч бэлтгэлгүй хүмүүс зүгээр л зориглон хийчихсэн байгаатай таардаг. Мэдээж уг үйл нь тэр хэмжээгээрээ бүрэн бус, учир дутагдалтай л даа. Гэхдээ л хийж байх явцдаа сурч, сайжирч болох нь үнэн. Зориглоод, өөрийгөө голоод байлгүй "Хийж эхэл" гэсэн утгатай. Алтан дундажыг нь олох л хэрэгтэй байх. Би бусдад их урам өгдөг, ялих шалихгүй эрдэм чадлыг нь дэмждэг мөртлөө өөртөө их хатуу, өөрийгөө их голдог юм байна лээ. "Боловсорч дуусахаа хүлээгээд байлгүй бүтээж эхэл" гэдэг уриатай болохоос одоо.
Ингээд бүгдийг жаазлачихлаа.
Хаана нь аль зураг зүгээр бол гэж ноороглосон ерөнхий бүдүүвч зургуудаа өлгөхөд их тус болно.
Эхний зургийг "Will" гэдэг үгнээс нь болж сонгосон юм. Гэрлэхтэй холбоотой утгаар нь бус. Яамаар байгаагаа мэдсэн тохиолдолд яаж гэдэг нь аяндаа тодорхой болдог гэж би хэлдэг дээ. Хүсэл мөрөөдлөө, яамаар байгаагаа мэдэхийг бэлгэдсэн зураг. Where there is a will, there is a way. Шантарвал ийшээ нэг хараад л сэргэх зориулалттай.
Хөөрхий, би ядраад их царай алдсан байгаа биз? Нүүдэл суудал бид гуравт мөр үлдээсээн, гурвуулаа энд тэндгүй хөх няц болсон. Миний хүү хайрцагт хөлөө цохиод, ээжтэйгээ адилхан хөх болчихдог юм даа. Гэхдээ сайн зүйлд нь илүү төвлөрч, баясч л байхгүй бол ядарч байгаагаа бодоод байвал улам л сулбайдаг юм байна.
Ингээд хана минь одоогоор ийм болсон.
Маргааш өглөө нь нарны гэрэлд илүү тод харагдаж байгаа нь
Тэр нэг жааз хуучин болохоор пассепарту нь наранд шарласан байгаа нь илт харагдаад, солихгүй боль сондгойроод байгаа биз?
Гэрийн оффистоо сууж хийсэн хамгийн анхны ажил Баварийн Хууль зүйн сайдтай хийсэн ярилцлагаа бичлэгнээс бичвэрт буулгах байлаа. Өөрийнхөө Германаар ярьж байгааг, бас хоолойгоо сонсохоор эвгүй гэж. Ямартаа ч зургаан хуудас ярилцлага редактортоо илгээсэн, магтсан бас талархсан мейл маргааш нь ирсэн шүү. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ.
Блогны өнгөөр ханыг нь будсан, хувцасны бяцхан өрөөнд энэ гурав заларсан.
Эрхэм найзуудын маань бэлэглэсэн, монгол бичгээр бичсэн нэр, шүлэг, мөн "ном" хэмээх уран бичлэг хар жаазтай болохоор хажуу дахь нарийн цагаан хана дээр өлгөнө гээд тавьчихсан.
Та нарт ханан дээрх шинэ галерей таалагдаж байна уу? Шинэ уран бүтээлч, шинэ санаа өгөх нэг зураг ч болов олж авч чадсан уу? Сэтгэгдлээ хуваалцаарай.
Дараагийн бичвэр хүртэл түр баяртай, сониуч зүрхнүүд минь.
Kommentar schreiben
Khaliun (Dienstag, 21 August 2018 03:37)
Amjilt Mundag busgui shuu
Otgoo (Dienstag, 21 August 2018 04:01)
Taniig blogiig dandaa unshdag shvv. Goodali setgvvliin huuchin dugaariig haanas olj unshij boloh bol?
Sanchka (Dienstag, 21 August 2018 06:58)
Ulam l durlaad bn shuu, Chansy mini! Nud, setgel baysgaj uram badraaj bdagt bayrlalaa.
Love you!
Chansy (Dienstag, 21 August 2018 21:48)
Баярлалаа та нартаа �
Tuul (Mittwoch, 22 August 2018 18:22)
Amjiltiin deediig husie �
Sogi (Montag, 03 September 2018 23:49)
Minii naiz dandaa l gaihal, baharhal töruulj bhin , iim goe unge, zuragnuudaar Yamar goe bolgoo ve� ajiltai, kreativ , jinhene Saikhan busgui shuuuu�☀️���
AsurAmur (Mittwoch, 12 September 2018 15:47)
Энэ өдрийн мэнд хамгаас бишрэлт Chansy � өмнөх постууд маань хаана байна вэ ? Эсвэл зөвхөн надад харагдахгүй байна уу? �
Muugi (Montag, 24 September 2018 21:08)
Sain baina u,
Uneheer ih buteelch busgui ymaa. Mash ih olon medeelel uuriin chin blogoos avlaa. Mash ih bayrlalaa.
Ulam ih amjilt husie
� � Flower (Dienstag, 27 November 2018 00:36)
Юуны өмнө бодож төлөвлөж буй ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэе! Бичвэр бүхэн нь сайн сайханд дагуулан дууддаг шүү!