Толгойгоо хэд хоног амраах тул ямар ч ном авч явахгүй гэсэн ч огт номгүй гарч чадахгүй, нимгэн ном сагс руугаа хийсэн нь энэ бэсрэг роман.
Газар дундын тэнгис, нарсан ой, элс гээд роман эхлэнгүүт гарах хэсгүүд яг миний амарч буй газрынхтай ижил байсан нь нөлөөлөв. Өмнө нь гадаад хэл дээр уншиж байсан. Эх хэлээрээ уншсан болохоор уу, аль эсвэл сэтгэл зүйн хувьд ойлгох хэмжээнд ирснийх үү, энэ удаад зохиолын баатруудыг маш сайн мэдэрч уншлаа.
Шилжилтийн насныхан "буруу ааш"-тай байдаг даа. Дээр нь эхийн хайр дутагдсан, түүнчлэн чанга дүрэмт сургуульд эрх чөлөөгөө боомилуулж байсан бол жинхэнэ утгаараа тэсэрч, зөрүүдэлж, эсэргүү болонгоо эрх чөлөөгөө дураар эдлэх хэрэгцээ аяндаа урган гардаг нь жам. Зохиолын гол дүр охин яг тийм.
Ёс суртахуун, нийгмийн хүлээлт огт хамаагүй. Олон хүүхэн сэлгэдэг аавтайгаа хамгийн итгэлт харьцаагаа хадгалж, тансаглан, дураар жиргэж байвал л болоо . Үе үе, хүн юм хойно, зөв зүйтэй зам сонгож, хичээл сургуульдаа шамдмаар бодол зурсхийнэ. Гэхдээ эсэргүү мөн чанартаа үнэнч. Үлгэр жишээ эмэгтэйг ээж мэт хүндлэн хайрламаар болно. Эсэргүү юм болохоороо тэр хайр, хүндэтгэлийн сэжүүрийг хүлээн зөвшөөрч, үгэнд нь орж, зөв сайн охин байхын оронд өөрийн "зөв"-ийг дагана.
Герман хэлэнд "selbstzerstörerisch“ гэж үг бий. Өөртөө зовлон удагч буюу өөрийгөө сүйтгэх мөн чанартай гэсэн үг. Буруу аашилж, амьдралаа өөрөө түвэгтэй болгох зан. Сесиль охин яг тийм үе дээрээ байхдаа хор найруулж, хойд эх болох байсан эмэгтэйг эцгээсээ холдуулна. "Gossip girl“ үзсэн хүнд бол энэ зэргийн хор найруулга инээдэмтэй. Гэхдээ түүний хүн таних ухаан, аавыгаа, аавдаа хаягдсан ээлжит амраг бүсгүй болон өөрт нь дурласан хөвгүүний бодол, үйлийг сайн тооцоолж чаддаг нь гарамгай. Тэр мундаг ухаанаа өөр зүйлд зарцуулдаггүй нь харамсалтай. Шалгалтаа давах толгой түүнд хангалттай бий. Араншин нь өөрийгөө сүйтгэгч. Гэхдээ энэ мөн чанартаа үнэнч.
Ийм ээдрээтэй дүрүүд бүтээсэн зохиолч эмэгтэй арван наймхан настай байсан гэж боддоо! Би арван наймтайдаа дурласан хөвгүүнийхээ нэрийг олон өнгийн балаар англи монгол хэл дээр эгнүүлэн бичээд сууж байдгаас өөр зүйл туурвиагүй.
Романы үйл явдал гэхээсээ дүрүүдийн сэтгэл зүйн онцлог энэ зохиолыг олон хэл дээр орчуулагдаж, амжилтанд хүрэх шалтгаан болсон болов уу. Хүний амь эрсдсэн явдлын шууд шалтгаан болоогүй ч хэрэв тэр энэ бүхнийг найруулаагүй байсан бол бүх зүйл өөр байх асан гэдгийг сайн мэдэх харуусал бол түүний гуниг. Тэр гунигаа тээн амьдрагч, "Сайн уу гуниг минь" гэж түүнтэйгээ эвлэрэн амьдрах бөх зүрхтэн.
Орчуулга ёстой „Wooow“ л даа!
" Тэнгис рүү түрж орсон эргэцэгийн орой", "давалгаанд илбүүлсэн элгэн хүрэн хад..." яруу орчуулсан болохоор дүрслэл бүр тод төсөөлөгдөнө. Нимгэн атлаа зарим зузаан зохиолоос илүү өгөөжтэй. Би хувьдаа их үг, хэллэг анзаарч авлаа. Сесиль Парисийн хир буртагаас ангижрах, эсвэл тархи оюунаа сэргээх гэж тэнгисийн хүйтэн ус руу шумбадаг. Би, өөрийгөө сүйтгэгч зан тэртээ залуу насанд үлдсэнд олзуурхаж, тэнгисийн дулаан усанд алгуурхан умбав.
Kommentar schreiben
Wiz.Otgoo (Dienstag, 29 Januar 2019 15:55)
Neg l hagas dutuu oilgood baisniig mini bvten bolgoj bolgoj ogloo �