Эрэгтэй дүр нь хайр татсан, бахархам, сэтгэлд шингэсэн кинонууд тоймгүй олон. Тэдгээрээс зөвхөн арвыг сонгох амаргүй байлаа. Гэхдээ, хуулийн кинонууд хэдийнэ оруулчихсан, давхцуулахгүй гээд овоо хэд нь хасагдлаа. Дараа нь өөр жанрт оруулчихъя гээд триллер болон боевик овоо хэдэн дүрүүдийг мөн хасчихлаа. Форрест Гампаа, сүүлчийн самурайтайгаа бас хасчихлаа. Ингээд шигшиж үлдсэн хамгийн дуртай арван эрэгтэй кино дүрээ та нартайгаа хуваалцъя.
10. Аз жаргалд эрмэлзэхүй-Крис
Энэ киног нэг нь зээлж аваад буцааж өгөөгүй. Тийм болохоор ийм зураг оруулахад хүрлээ. Орон гэргүй тарчиг амьдарч байгаад хөрөнгийн биржийн амжилттай зуучлагч болсон Крис Гарднерийн туурвисан ном дээр тулгуурласан, бодит үнэнээс сэдэвлэсэн кино. Бүх зүйл болж бүтэхгүй, жинхэнэ утгаараа дороос газар хайрч, дээрээс тэнгэр дарж, хажуунаас хүн хавирах мэт хүнд хэцүү нөхцлүүдэд ямар их тэвчээр гаргаж байгаа нь эр хүн ийм л хатуужилтай, тэсвэртэй байдаг байх гэж өөрийн эрхгүй бишрүүлсэн. Ядаж явахад тэр нэг дарга шиг юм нь мөнгө авдаг даа. Хичнээн уур хүрэв ээ, тэгэхэд нь.
Хүүгээ эхнэртээ даатгаад хаявал хаях л байсан. Дэргэдээ байлгавал илүү гэдгийг мэдэрч, ижилхэн хэцүү нөхцөлд байсан ч өөртөө итгэдэг, мундаг хариуцлагатай. Хүүхдээ хаядаг арчаагүй юмнуудын хажууд хэд дахин илүү хүн чанартай.
"Бүх юмтай байх үед авирлах араншин
Юу ч үгүй байх үед гаргах тэвчээр чиний хэр хүн бэ гэдгийг харуулна" гэдэг дээ. Яг тийм тэвчээртэй, сайн эр. Илүү дутуу маяггүй, "Би яавал ийм болох вэ?" гэж шулуухан асуугаад л бодит алхам хийж эхэлнэ. Шалтаг тоочоод, хэн нэгнээс тусламж хүсээд, бэлэн юм нэхээд суугаад байдаггүй. Атаархаад муулаад явахгүй. Хөл гараа хөдөлгөөд, хоёр зээрдээрээ жороолоод, хэл амаараа учраа тайлбарлаад сайхан амьдрахын төлөө тэмцэж эхэлдэг. Зүтгэлтэй, тэвчээртэй эр хүний энэ дүр миний жагсаалтад зайлшгүй багтсан.
9. 300-Леонидас
Булчин шөрмөстэй болохоор нь сонгосон юм биш ээ. Энэ кино бүхэлдээ философи, эрх зүй, ёс заншил. Шпартагийн Хаан эр хүнд байж болох бүх л эр зориг, хатуужил, ухаан, хайр хүндлэл, шударга зан бүгдийг өөртөө цогцлоосон.
Персийн элч ирэхэд Леонидас хэлдэг: -Та хэдийгээр элч боловч бидний газар нутагт хэлсэн зүйлд тань танд хариуцлага тооцож болно гэдгийг мэдтүгэй.
"Элчийн дархан эрх ямба манай газар нутагт шаардлагатай үед үйлчлэхгүй" гэдэг нутаг дэвсгэрийн зарчим, дотоодын хууль илүү эрэмбэтэйг тэр тодорхой болгодог. "Шороо, ус" буюу газар нутагаа өгч, дагаар орох шаардлагыг хүлээн авдаггүй. Яг Модун Шанью шиг, газар нутгаа эзлэн түрэмгийлүүлэхийн эсрэг бат зогсдог. Дагаар орно гэдэг тусгаар тогтнолоо алдах, эрх чөлөөгөө алдахтай агаар нэг болохыг сайтар ухаарсан тэр гадны эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэхийг хүсэх авч авилгад өртсөн улстөрчид, алтанд хууртсан шашны тэргүүд нь үл зөвшөөрдөг.
Хар багаас нь хүнд хүчирийг үзүүлж тэсвэр суулгана, тулааны урлаг, амьд үлдээх ухаанд нэвтрүүлнэ. Дайсныг дарахад зөвхөн хүч бус ухаан зардагийг араатныг хадан завсар хавчуулж жадлах гярхай төлөвлөгөө хэрэгжүүлж буйгаар нь харуулдаг. Хожим энэ ухаанаа Персийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тулаандаа ашигладаг.
Хамт тэмцэх 300 цэргийг сонгохдоо хүртэл "Бүгд удам залгах хүүтэй" гэсэн шалгууртайгаас улсын удмын сан аюулгүй байдлын холч ухаан цухалзана.
Бөгтийсөн муухай юм цэрэг болохоор ирэхэд хэлдэг: Бид гагнасан гинж мэт бат байж тулаанд ялдаг. Хүн бүр өөрийн зүүн талын цэргийг бамбайгаараа бэлхүүснээс хүзүү хүртэл давхар хамгаалж байдаг. Чи бамбайгаа өргөж үл дийлэх тул бид бүгдийн сул тал болох аюултай" гэж тайлбарладаг. Бас нэг том философи. Харамсалтай нь, энэ бодит шалтгааны учрыг ухалгүй өөр дээрээ эмзэглэн хүлээн авч, урваж шарвадаг бөгтгөрөөр өдгөө ч бидний тунд байдаг "дутуугийн комплекстэй, үгүй гэсэн хариу бүрийг өөр дээрээ хүлээн авч юм санадаг, хүлээн зөвшөөрөгдөөгүйдээ хорсдог өөдгүй амьтныг харуулжээ.Эго ихтэй, дутуугийн комплекстой хүмүүс хамгийн хорон. Тэдэнд аливааг ухаж ойлгох ухаан байхгүй, тэвчээр бүр үгүй.
Юу ч болсон зорьсон хэргээсээ ухрахгүй байх, эхлүүлсэн үйлээ төгсгөх, эцсээ хүртэл бат зогсох, алсаа бодох, дусал хулчгар зан үгүй зэрэг шинжээрээ Леонидас миний хамгийн дуртай эрэгтэй дүр.
Эхнэр нь парламентийг зөвшөөрүүлж, нөхөртөө үйл хэрэгт нь дэмжлэг болох цэрэг арми явуулах гэж чадлаараа хичээдэг. Чоно борооноор гэж хөгийн эр юмд ашиглуулаад, жадалдаг хэсэг зэвүүн. Анхнаасаа ёс суртахуунгүй өлбөгнөсөн эрд итгэдэг нь гэнэн, ашиглуулахаасаа өмнө "учрыг нь олчих"-сон бол гоё байхгүй юу.
Зураглал, өгүүлэмж нь үнэхээр мэдрэмжтэй, гоё хийсэн кино шүү, тийм ээ?
8. Буруу зам-Чарльз
Чарльз үнэндээ тийм сайн эр хүний дүр биш л дээ. Гэхдээ алдаа хийсэн бол түүнийгээ засах чадвартай байх нь эр хүнд байх ёстой шинж мэт. Өөрийн буруугаас хайртай хүмүүсээ аюулд учруулсан бол тэднийгээ хамгаалахын тулд бүхнээ хийдэг нь, эсвэл ердөө хүнд байдалд орсон хүн хэрхэн ухаан зарж, тэр байдлаасаа гардаг нь надад таалагдсан байж магад.
Охин нь хүнд өвчтэй, гэр бүлийн амьдрал нь нэгэн хэвийн, өдөр тутмын байдаг л хэмнэл нь түүнийг ийм алдаа гаргахад хүргэдэг. Би түүнийг өмөөрөхгүй. Гэхдээ сайн ойлгоод байгаа юм. Ажил гэр, ажил гэр, эхнэр нь бас ажил гэр, хоёулаа олсон мөнгөө охиныхоо эмчилгээнд цуглуулна. Амьдралдаа баяр баясгалан өгөх юм эрсэн байх, нэг удаа галт тэргэнд аятайхан, эелдэг бүсгүйтэй таарна. Тэгээд л буруу замд хөтлөгдөнө дөө. Болсон зүйлд гэмшиж, хүнд "шантаажлуулж" хамаг мөнгөө алдчихаад дээр нь энэ бүгд залилангийн хэрэг, нөгөө аятайхан бүсгүй нь гэмт хэрэгтний хамсаатан гэдгийг мэдрэх мөч.
Хамгийн сүүлд хариугаа авч байгаа нь зөв үйл биш боловч надад бол хариугаа сайн авдаг, сүрхий залуу гэж бодогдсон. Ер нь анхнаасаа маягласан бол "пянгаа даах" чадвартай байсан нь эрэгтэй дүрийн сонголтонд минь багтахад нөлөөлсөн байх.
7. Сорвит Тони
Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд амь зогоож үл хүрэх нийгэмд хөлөө олох гэж юу эсэхийг хийх вэ? Дүрвэж Америкт эрээд "Мөнгөтэй болох" зорилгодоо хүрэхээр гал тогоонд таваг угаагчаас, хөлсний алуурчин, хар тамхины наймаачин бүхнийг хийнэ. Үлгэр жишээ эр хүн гэж түүнийг сонгоогүй ээ. Түүний цусанд нэг ч дусал хулчгар, шалчигнасан зан байдаггүй нь таалагдсан. Хүн ер нь том амтай, онгироо бол түүнийхээ ард бас тийм хэмжээний зориг зүрхтэй, хэлснээ үйлдэл болгодог зантай байвал "эр хүн" гэж би боддог.
"She is a tiger! She is my tiger. She belongs to me!" гэдгээс өөрийгөө ямар хэмжээнд боддог нь харагдана. Өөрийн дурласан бүсгүйнхээ энд хүрэх хэмжээнд очоод, өөрийн болгодог нь үнэхээр бишрэм. Эрэгтэй хүн ямар эмэгтэйг сонгох нь түүний тухай ихийг хэлнэ гэдэг. Дурласан хүнийхээ сэтгэлийг эргүүлж, өөрийн болгоно гэдэг том чадвар. Цайны хүнээ ч зөв сонгох чадваргүй, эмэгтэй хүний арга залинд баригдан, "дэгээдүүлэн" эсвэл өрөвдөн, нэг бол дээрэлхүүлэн хамт байдаг бол арчаагүй л хэрэг байх даа.
Ямартаа ч, юу ч хийхээс буцахгүй хүнд гар бол Элвираг хар тамхиар мансууруулаад эсвэл хүч хэрэглээд өөрийн болгочихож болох байсан. Нөхрийнх нь араар явалдаж, нууц амраг болгож бас чадах байсан. Гэтэл тэгээгүй, "Чи надад хэсэг хугацаа өг, чи удахгүй миний эхнэр, миний хүүхдүүдийн эх болно" гэж байгаа нь цаанаа нэг жинхэнэ "эр хүн" чанартай.
Яадаг муу хүн байсан ч хүүхэд, эмэгтэй хүн алахгүй гэж байгаа зарчим нь, түүнчлэн үргэлж хэлдэг "Хэлсэн амандаа хүрдэггүй эр хүн бол хамгийн адгийн" гэдгээс Тони ямархан журамт хүн болохыг илтгэнэ. Мафийн гарын тухай юун журам яриад байна вэ гэж үү? Ямар ч хүнд сайн муу чанар бий. Тийм дорд, хуулиас гадуур орчинд амьдарч, ажиллаж байгаа хүнээс тийм зарчимч, дээд чанар илэрч байгаа нь "эр хүний" журамт зан гэж би үзсэн юм. Мэдээж бусдын цус, нулимсаар олсон хөрөнгө нь эргээд тэр аргаар үрэгдэнэ. Үлгэр жишээ эр хүн бол биш ээ. Гэхдээ түүнд шилийн сайн эрийн журамт зан бий.
Тэр Элвирагийн нөхөр Тонигийн хөл дор сөхрөөд өршөөл эрж байгаа нь үнэн гомдмоор, тийм ээ? Ёстой нэг хулчгар.
6. Жинхэнэ гавьяатнууд-Карл
Бодит түүхээс сэдэвлэсэн, Америкийн хамгийн анхны өнгөт арьстан шумбагчийн тухай кино. Аав нь өдөржин гараа цус шүүртэл анжис түрж, газар хагална. Хүүгээ өөр шигээ болж болохгүйг сануулна, Тэнгисийн цэрэгт явахад нь эвдэрхий радионоос өөр зүйл өгч чадахгүй. Тэр радио дээрх дөрвөн үсэг: Хүний хүү хэзээ ч мартдаггүй. (A Son Never Forgets) Карл бол өнгөт арьстан, ядуу гаралтай. Тэнгисийн цэргийн ангид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь дээд зэрэгт хүрсэн, өнгөт арьстнууд усан онгоцонд ахлах тогооч л болох ирээдүйтэй. Карл гэвч бусдаас илүү сэлнэ, аврагч шумбагч болох хүсэлтэй. Та нар бод доо, цаг ямагт чамайг гадуурхаж, хавчиж хяхна. Чи хичээлдээ хамгийн сайн нь. Өөр хүн шилдэг болно. Чи дадлага хийж байхдаа гэнэтийн осол гарахад амиа бодон хүмүүс зугтахад үлдсэн ганцын амийг аврахаар өөрийн амийг эрсдэнэ. Чамайг үргэлж хялайж, шоовдорлодог хүний амийг аварна. Баатарлаг үйл үйлдсэн гэж зугтсан цагаан арьст нөхөрт одон олгоно. Бүх зүйл шударга бус. Гэвч урагшаа л зүтгээстэй. Шумбагчийн сургуулийн захирал нь хар арьстан хүнийг төгсгөхгүй гэж шалгалтын материалыг нь өгөхгүй унагаах гэж оролдоно. Даалгавараа хийж дуусгатлаа уснаас гарч ирэхгүй. Ёстой нэг зөрүүд. Мохошгүй хүсэл эрмэлзэлтэй, мятаршгүй зүтгэлтэй эр хүн гэж би тэрийг хэлнэ. Зүтгэсээр яваад шумбагч болно, гэвч осол болж, нэг хөлөө тайруулах болдог. Тэгээд юу гэж? Хиймэл хөл хийгээд шумбана гэж зүтгэнэ. Энэ киног үзчихээд бид одоо ямар таатай нөхцөлд, сурч боловсрох, юу дуртайгаа хийх үед амьдарч байна вэ? Энэ боломжоо бүрэн ашиглаж чадаж байна уу? гэж өөрийн эрхгүй бодсон. Бүгд эрх тэгш нөхцөлтэй үед уралдахад шилдэг болох сайхан. Харин бүгд хавчин гадуурхаж, хясаж байхад шилдэг болох ямар гээч? Тийм нөхцөлд шантралгүй, гоншигнолгүй зорьсондоо хүрнэ гэдэг жинхэнэ эр хүн.
Кино нь бол "нөгөө л Холливууд" маягийн хэтрүүлэг, уянгын халилтай. Гэхдээ би дүрийн тухай ярьж байгаа болохоос кино шүүгээгүйг анзаарсан биз ээ.
5. Шоушенкээс оргодог Энди
Эндиг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Жижигхэн алхаар арван есөн жил хана ухах тэвчээртэй хүн өөрийгөө ямар хүн гэдгийг илтгэчихнэ, элдэв тайлбар илүүц байх. Эвээр, зөв замаар, хууль ёсоор энэ бүх гүтгэлэг, азгүй тохиолдлоос холдох гэж үзээд болохгүй болохоор өөр арга олсон Энди чимээгүйхэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Ийм хэмжээтэй ухвал тэдэн жилийн дараа оргох хэмжээнд болно гэж банкны няхуур ажилтны хувиар тооцоолсон уу, утга учиргүй шоронгийн энэ амьдралд өдөр бүр ядаж өчүүхэн ч болов утга өгөх гэсэндээ хийж байсан оролдлого уу, хэзээ ч алдаагүй итгэл найдвар уу? Түүний тууштай зан удаа дараа захидал бичиж байгаад зорьсондоо хүрдэг алхмаас нь мөн харагдана. Ажиглаад байхад миний сонгосон дүрүүд ихэнх нь "тэсвэр, тэвчээртэй" хүмүүс байна шүү. Эндигийн гаргасан тэвчээр шангаа хүртдэг нь гоё, тийм ээ?
4. Сүүлчийн цайз-Южин Ирвин
Роберт Редфордийн бүтээдэг Южин Ирвиний дүр миний хамгийн дуртай эрэгтэй дүрүүдийн нэг. Шоронгийн захирал Винтер анх А зэрэглэлийн буюу өндөр цол хэргэмтэй ялтан хүрэлцэн ирэх гэж байна гэхэд "Түүнийг хорих биш түүний нэрээр цэргийн бааз байгуулах ёстой" гэж доль цохин,мөн түүний бичсэн номон дээр гарын үсэг авахыг хүсэх мэтээр налигнаж байснаа өөрийнх нь галт зэвсгийн цуглуулгыг хараад "ийм зүйл цуглуулдаг хүн хэзээ ч тулааны талбарт хөл тавьж үзээгүй хүн байдаг" гэж хэлэхийг сонсонгуутаа хандлагаа өөрчилнө. "Академид чи домог байсан, одоо чи бусдын л адил ялтан" гэж үргэлж өөрөө түүний дээр оршиж буй мэт санадагаа хэлдэг. Винтер бол албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ мэдрүүлэх, бусдад занга тавих, бусдын муу муухай болгоныг тодотгож, тэднийг доош хийх дуртай, комплекстэй, эго өндөртэй хүн. Южин харин эсрэгээрээ бусдын сайн сайхныг илүү хардаг, хаа байгаа газраа, учирсан хүн бүрт нэг сайн зүйл үлдээж байдаг, ингэе гэж хичээдэггүй, ердөө байгаа нь л тийм сайн эр. Адилхан ялтан атлаа бусад нь түүнийг даган хошуурна Үүнд Винтер бүр атаархаж дуусна. Удаа дараа зүй бус шийдвэр гаргасныг эсэргүүцэж Южин болон бусад хоригдлууд түүний эсрэг тэмцэнэ.
Шоронгийн захиргаанаас үймээн гарсан тохиолдолд ямар алхмууд хийж байгааг ажиглана. Покер бус шатар тоглогч. Эхний гурван өрөг юу байдаг, түүнд тохирсон нүүдэл хийхийн чухлыг тэр үлгэрлэнэ. Ямар ч дуут дохио, хянагч үгүйгээр хоригдлуудыг хэдхэн мөчийн дотор "та нар бол нэр төртэй цэргийн хүмүүс шүү" гэдгийг нь сануулж, жагсааж чаддаг. Ганцхан сагсан бөмөгөөс болж хоорондоо уралцдаг хоригдлуудыг хоолны дохио дуугарсан ч хөдлөхгүй болтол нь жагсааж, сэтгэлийг нь эзэмдэж, удирдаж чаддаг манлайлагч. Хүлээцтэй, тайван, ухаалаг, хашир мундаг эр хүн.
3. ба 2. Тагнуулч Нейтэн, Бишоп хоёр
Бас л Роберт Редфорд. Энэ кинонд гол дүр бүтээдэг хөгшин залуу хоёр тагнуулч хоёулаа миний дуртай дүрүүд. Ер нь бол багш шавь хоёр. Залуухан скаут, мэргэн буудагч Бишопийг хашир тагнуул Нейтэн Мюр бэлтгэнэ. Бишоп маш хурдан сурдаг, төрөлхийн авьяастай сэргэлэн. Гэхдээ хүн чанар, эмзэг сэтгэл нь нэг бус удаа үүрэгт ажилтай нь зөрөлдөж энэ хоёр хэл ам мурийна. Бишоп хэдийгээр мэргэжлийн тагнуулч боловч хайртай бүсгүйнхээ төлөө хөнгөн шийдвэр гаргаж Хятадын шоронд ордог. Энэ үеэс Тагнуулын төв газар түүнийг жийж эхэлнэ. Ер нь тагнуулч тиймэрхүү хувь заяатай байдаг шинжтэй. Хэрэг болох бол харж хандаад, үгүй бол хаячихна. Эсвэл устгачихна.
Нейтэн бол маш туршлагатай мэргэжлийн хүн, алдаа гаргана гэж үгүй. Гэхдээ яг цагаа тулахаар Бишопийг аврах гэж бүхнээ зориулна. Хөөрхий тэтгэвэртээ гарах гээд хуримтлуулсан бүх мөнгөө Бишопийг аврах ажиллагаанд зарцуулдаг. Залуу ажилтнууд ер нь хөгшин ажилтнаа их басамжилдаг, хоцрогдсон мэт харьцдаг юм шиг. Нейтэн гэтэл ажиглалт, хяналт дор байсан мөртлөө хашир туулай бүхнийг амжуулж, залуу үеийнхнээ ангайлгаад төгсдөг. Энэ хоёр дүрт хоёуланд нь байдаг эрхэм зүйл бол хүн чанар. Үнэнч чанар. Нейтэн өөрийн бэлтгэсэн тагнуулыг яагаад барьж өгөх гэж? гэдгийг доголон морио хүнээр хороолгохгүй гэдэгтэй зүйрлэн хэлдэг. Нейтэн шиг тийм аав, ахтай бол энэ хорвоо дээр алзахгүй мэт сэтгэгдэл төрүүлсэн дүр. Үзэх бүрдээ Бишопт дурлаж, Нейтэний ухааныг биширдэг.
1. 72 цаг-Жон
Миний хамгийн дуртай эрэгтэй киноны дүрийн жагсаалтыг тэргүүлэгч бол их сургуулийн багш Жон. Та нар төсөөл дөө? Нэг өглөө сэрэхэд чинь хонх дуугараад цагдаа нар баривчилбал яах уу? Бүр хүн алсан хэргээр? Ядахад тэр хүн нь өмнө нь таарамж муутай байсан хүн, хэрэг үйлдсэн зэвсэг дээр чиний хурууны хээ үлдсэн, хэргийн газар чамайг хүн харсан гэх мэт шалтгаанаар баривчлаад шоронд хийчихсэн. Хэн ч чамд итгэхгүй. Хүүхдээсээ хол, хийгээгүй хэрэгт гүтгэгдэн гурван жил хоригдвол яах уу? Энэ бүх хугацаанд ганцхан хань чинь л хувиршгүй үнэнчээр чиний талд зогсоно. Давж заалдах ганц найдвар үрэн таран болоход амиа хорлох гэж оролдоно. Уур гомдлоо нөхөртөө гаргаж, загнаж хөөнө. Тэр хувирахгүй. Яг ийм үнэнч ханийн дүр бол Жон. Амиа хорлох үеэс эхлээд ямар нэг арга хэмжээ авахгүй бол эхнэрээ, хүүгийнхээ ээжийг алдах нь гэж ойлгоод шоронгоос оргуулах арга зам хайж эхэлдэг. Шоронгоос оргосон хүний номыг уншиж, түүнтэй уулзан зөвлөгөө авна. Хуурамч бичиг баримт авах гэж яваад зодуулна, хулхидуулна. Ямар ч эрэлхэг гангстер юм байхгүй. Жирийн нэгэн залуу. Гэхдээ маш тууштай, тэвчээртэй. Бага багаар оргуулах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлнэ. Бүтэлгүйтнэ. Эцэст нь эхнэрээ оргуулж, араас мөрдөх цагдаа нарын толгойг эргүүлж чаддаг.
Ганхашгүй хад шиг тийм эр хүн. Дагаад дэрвээд байдаггүй, далжигнаад байдаггүй, хөлбөрөөд хувираад, хуураад байдаггүй, сэтгэлийн хаттай, тэвчээртэй тийм эр хүний дүр миний яахын аргагүй номер нэг сонголт байлаа.
Зарим охид, бүсгүйчүүд нөхрөө ганц өдөр гарахад нь хардаад, итгэж чадахгүй зууралддаг. Элдэв зүйл болоод жил сараар холдох бол яана вэ? Бүх зүйл чиний эсрэг байхад чиний талд зогсож байдаг, хамтдаа зовлон туулах тийм тууштай хүнээр ханиа сонгоорой. "Миний нөхөр Жон шиг байж чадах болов уу?" гэж өөрөөсөө асуухад "тийм ээ?" гэж баттай хариулах бол азтай хэрэг шүү.
Та нарт таалагддаг эрэгтэй дүр минийхтэй давхардаж байна уу? Сэтгэгдлээ хуваалцаарай. Өөр надад санал болгох гоё эрэгтэй дүр байвал бичээрэй, үзье.Сүүлийн үеийн кинонуудаас Бэн Аффлекийн тоглосон Accountant, Live by night их таалагдсан.
Дараагийн бичвэр хүртэл түр баяртай,
Kommentar schreiben
SNZ (Montag, 12 November 2018 01:50)
Uuriin tani jagsaaltand bichigdsen uzej amjaagui buh kinog uznee. Bi Audrey Hepburn-d durtai bolovch uuriin tani gargasan kinonii jagsaaltand bsan uzeegui kino bj bugdiig ni uzej duusgasan.Setgel ih undur bailaa.
SNZ (Donnerstag, 15 November 2018 03:35)
"The next three years" "Men of Honor" "Scarface" "The pursuit of happiness" uzleee. Bugd mash ih taalagdlaa. Hun gedeg amitan yamar ch tesver tevcheerteiin yamar ch undarshgui ih setgeliin tenhee huchteiiin, bishirmeer. Mash ih yum bodogduulsan saikhan songolt bailaa.
Julia (Freitag, 06 August 2021 11:32)
Надад бас Жон их таалагддаг. Баттай гэж бодхоос цааш үг гээхгүй. Гайхалтай дүр. ♥️