ХБНГУ-ын Баварийн Хууль зүйн сайдтай ярилцсан нь

Баварийн Хууль зүйн сайд Проф.Док.Винфрид Баусбак*

ХБНГУ-ын Бавари мужийн Хууль зүйн сайдын албан өрөөнд орвол, нэн түрүүнд тасалгааных нь хананд өлгөөтэй уран зураг дээр харц тогтоно.

-Яагаад заавал автобусны буудал гэж?

-Сайдын алба бол түр хаших алба, амьдралын нэгэн өртөө юм шүү гэдгийг надад сануулж байх  учраас энэ зургийг би сонгосон юм. Дараагийн өртөө рүү очих цаг болоход хийж бүтээсэн зүйлтэй, сэтгэл хангалуун буудалдаа сууж байх  аваас болох нь тэр.

Бидний яриа энэ зургаас эхэлсэн юм. “Хааны алба халаатай” гэдгийг сайн ойлгож, сайд гэхээр ихэрхэн биеэ тоох бус, харин ч өөрт нь  “ажил үүрэг чинь шүү” гэдгийг сануулах зураг сонгосон нь түүний ямархан хүн болохыг илтгэнэ.

Сүүлийн гурван жилд түүний аливаа үйл ажиллагааны нээлт дээр хэлсэн үг, илтгэл бүрийг ярилцлагын  бэлтгэл болгон уншиж байхад төрсөн анхны сэтгэгдэл бол “Энэ хүн Бавари муждаа үнэнхүү хайртай юм даа” гэх бодол. Хэлж буй үг бүр нь мужийн сайн сайхныг төлөө, аливаа өөрчлөлтөд бэлэн байхад чиглэжээ. Харин уншиж танилцсаны дараа энэ хүн хэлснээ үргэлж ажил хэрэг болгодог нь анзаарагдана. Учир нь өмнөх жил зарлаж байсан бүхнээ тэр дараа онд хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн байхыг олж мэднэ.

Энэ онд Бавари тусгаар муж улс болсны 100 жилийн ой, үндсэн хуульт төр болсны 200 жилийн ой тохиож буй.  “Баварит бусад мужуудтай харьцуулахад гэмт хэргийн түвшин хамгийн бага, эдийн засаг нь хүчирхэг, дээр нь сайхан байгальтай нь үнэхээр олзуурхууштай” гэж бардам хэлэх түүнийг сонсоод “дээр нь ийм ажилсаг, мэдлэг чадвартай, даруу сайдтай азтай юм аа” гэж өөрийн эрхгүй атаархал төрснийг нуух юун. 

Д.Ч: Цаг гарган ярилцаж байгаад маш их баярлалаа. Манай факультетийн төгсөгчид дундаас хамгийн амжилттай яваа хүмүүсийн нэгтэй хийх ярилцлагыг уншигчид маань догдлон хүлээж байгаа бөгөөд энэ хүндтэй үүрэг надад оногдсон нь нэр төрийн хэрэг билээ. Ингээд таны ажил мэргэжлийн замнал хэрхэн эхэлснээр яриагаа эхлэх үү?

В.Б: Миний төрөлх хот бол Ашаффенбург. Би тэнд өсч, одоо ч амьдарч буй. 1986 онд эрдэм өвөрлөхөөр  Вюрцбург хотын Юлиус-Максимилианы их сургуулийг зорьсон. Сургуулиа төгсөөд, референдариат (хуульчийн дадлага) тэнд хийж, үргэлжлүүлэн докторантурт элсч, хамгаалсан. Ингээд 2002 онд их сургуульд багшлах эрх авах шалгалтаа дүүргэсэн. 2007 оноос Вупперталын Их сургуульд нийтийн эрх зүй, тэр дундаа Европын болон олон улсын эдийн засгийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч профессороор ажиллсан. 2008 онд мужийн парламентийн гишүүн болсноор тэнхмийн ажлаа хүлээлгэж өгсөн ба  2013 оноос Баварийн хууль зүйн сайдын албыг хүндэтгэлтэйгээр хашиж байна.

 

Д.Ч: Та анхнаасаа л хууль сурахыг хүсч байв уу? Нийтийн эрх зүйн салбарыг сонгон гүнзгийрүүлсний учир юу вэ?

В.Б: Уг нь би түүх, герман хэлний багш болох хүсэлтэй байв. Аав минь гэвч тухайн үед энэ салбарт ажлын байр хичнээн тааруу болохыг анхааруулсан. Ингээд өөр юу сурч болох вэ гэж эргэцүүлж эхэлсэн. Хуулийн сургуульд Үндсэн хуулийн түүх болон эрх зүйн түүх судалдаг тул түүх сонирхож байсан надад нөлөөлж, хууль сурах сонголт хийсэн дээ.

Оюутан байхдаа би эхлээд эрүүгийн эрх зүйн тэнхимд Проф. Док. Эллен Шлюхтерийн удирдлага дор туслахаар ажиллаж байсан. Хожим нийтийн эрх зүй, ялангуяа олон улсын эрх зүйн салбар луу сонгон судлалаа шилжүүлсэн.

 

Д.Ч: Баварийн Хууль зүйн сайд бол 19 000 гаруй албан хаагч, ажилчид бүхий төрийн хамгийн дээд түвшний албан байгууллагын удирдлага шүү дээ. Ийм алба хашиж буй хүний ердийн нэг ажлын өдөр чухам хэрхэн өнгөрдөг юм бол оо?

В.Б: “Ердийн” ажлын өдөр гэх ойлголт үндсэндээ үгүй. Кабинет, мужийн парламентийн (Landtag) болон Холбооны Зөвлөлийн (Bundesrat) хуралдаан зэрэг тогтсон цаг, тов мэдээж бий. Холбооны Зөвлөлд би хурлын дэг удирдагч. Гэвч өдөр бүр ихэнхдээ өөр өөр өнгөрнө. Албан байгууллагуудаар очиж танилцах, утсаар ярих, гэрчилгээ батламж гардуулах, хурал зөвлөгөөн, хэвлэлийн бага хуралд оролцох гэх мэт.

Оройгоор, эсвэл амралтын өдрүүдээр ихэвчлэн намын үйл ажиллагаа тохиодог. Хэдийгээр би 20 000 шахам ажилчид, албан хаагчтай том байгууллагыг хариуцдаг ч алсын зайнаас бус, ажилчид, эрхлэх байгууллагуудтай ойр, хүн хоорондын харилцааг эрхэмлэж, байгууллагын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах хүсэлтэй байдаг. Тийм болохоор би Баварит байдаг  нийт  22 мужийн шүүх, 71 анхан шатны шүүх, 36 шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар айлчлах хэрэгтэй болдог.

 

Д.Ч: Холбооны Зөвлөлд хурлын дэг хөтлөгч гэхээр чухам юу хийх вэ?

В.Б: Хурлын дэг хөтлөнө гэдэг өөрөө биечлэн хурлын протокол хөтлөн, бичих гэсэн үг бус юм. Харин Холбооны Зөвлөлийн тэргүүний дэргэд суудал эзэлж, хурлыг удирдан явуулах үйлд түүнийг дэмжих, ялангуяа санал хураалтын үр дүнг гаргах зэрэгт туслах юм.

 

Д.Ч: Би таны дараагийн оролцох үйл ажиллагаануудын товыг ажиглалаа л даа. Удахгүй нэгэн хорих ангид айлчилна. Мэдээж оюутан, докторант бид ийм газраар очиж танилцдаг хөтөлбөрүүдээс арай өөр байх. Та иймэрхүү байгууллагуудаар орохдоо юун дээр голчлон анхаардаг вэ?

В.Б: Аль болох олон ажилчидтай тулж ярилцах нь миний хувьд их чухал. Байгууллагын удирдлага, удирдлагын түвшний ажилчидтай яриа хийдэг л дээ. Гэхдээ залгуулаад би удирдах хүчнийг оролцуулалгүйгээр боловсон хүчний төлөөлөлтэй уулздаг. Түүнчлэн байгууллагын үүдэнд байгаа харуул, хамгаалалттай ярилцах ч мөн чухал. Ингэж байж би тухайн байгууллага ямар уур амьсгалтай байна, нөхцөл байдал хэр байна гэдгийг хамгийн оновчтой олж мэднэ. Иймэрхүү айлчлалын өмнө мэдээж тухайн байгууллагад бүтцийн болон дэд бүтцийн ямар асуудал тулгарч байна, эхний ээлжинд шийдвэрлэх ямар асуудал байна вэ гэдэгтэй урьдчилан танилцдаг. Хамгийн чухал нь гэхдээ хувь хүнтэй тулж ярилцах, санал солилцох.

Мюнхен хот дахь Баварийн Хууль зүйн Яам

Д.Ч: Албан үүргээ гүйцэтгэх үед тохиолдож байсан хамгийн таатай бөгөөд таагүй мөч тань юу вэ?

В.Б: Бурхны авралаар тийм таагүй мөч тохиож байсангүй. Харин хамгийн сайхан мөч бол Баварийн Ерөнхий сайд хууль зүйн сайдаар намайг энэ жил ахин томилсон хэрэг байлаа. Хүн анх сайдын албанд ороход хийж бүтээсэн тийм гэх тэмдэгтэй зүйл байдаггүй. Харин ахин томилогдоно гэдэг бол зарим нэг зүйлийг зөв хийсэн болохыг баталж буй хэрэг.

 

Д.Ч: Өөрийн гаргасан ямар шийдвэрээрээ бахархдаг вэ? Мөн ямар шийдвэр гаргахад хүнд байв?

В.Б: Эрх зүйн бодлогын хувьд би бага насны хүүхэдтэй гэрлэх явдлыг эсэргүүцсэн хууль гаргасандаа бахархдаг. (Цагаач, дүрвэгсдийн хамт тулгарсан, харийн соёлоос үүдсэн асуудал. Гадаадын иргэдийн бүртгэлээс харахад 16-аас доош насны хүүхэдтэй гэр бүл болсон явдал их байсан бөгөөд сүүлийн хоёр жилд эрс буурсан. Д.Ч)Энэ сэдвийг би хоёр жилийн өмнө улс төрийн бодлогын хөтөлбөртөө багтааж байсан. Хүүхдүүд сургуульд харьяалагдах болохоос гэрлэх ёслох ордоны хойморт зогсч байх учиргүй. Ингээд бараг жилийн өмнө Бундестаг арван зургаагаас доош насны хүүхэдтэй гэрлэсэн бол уг гэрлэлт анхнаасаа хүчингүйд тооцогдох, цаашид ийм гэрлэлт боломжгүй болох шийдвэр гаргасанд би их баяртай явдаг.

Хууль зүйн яамны хүрээнд бид дотоод бүтэц хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх хэлэлцүүлэг эхлүүлснээрээ бахархдаг. Өөрийгөө  сайжруулахыг зогсоосон хэн болов ч сайн байхаа больдог. Шийдвэр гаргагч шүүгч, прокурор болон хуулийн бусад ажилтны хоорондын хэлэлцүүлэг бол Герман улс даяар анхны жишиг байв. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд гарч ирэх санаачлагууд, жишээ нь шүүх болон прокурорын байгууллагын хэвлэл мэдээллийн ажлыг илүү орчин үед нийцүүлэх ажил эхнээсээ хэрэгжиж эхэлсэн.

Харин хувь хүний хувь заяатай шууд холбоотой шийдвэр гаргах надад хэцүү байдаг. Ийм тохиолдолд аливаа шийдвэр гаргахад амаргүй, сайн эргэцүүлэх хэрэгтэй.

 

Д.Ч: Баварийн Хууль зүйн яам дэлхийн  олон оронтой гадаад харилцаа өрнүүлдэг. Одоогоор хамгийн ач холбогдол өгч буй олон улсын хамтын ажиллагаа юу  вэ?

В.Б: Баварийн хууль зүйн яам олон талт гадаад харилцаа хөгжүүлдэг. Тэдгээрээс зүүн болон зүүн өмнөд Европын орнуудтай явуулдаг хамтын ажиллагаа нэг гол чиг болдог. Өнгөрсөн жилүүдэд, жишээ нь, Монтенегро, Албани зэрэг улсуудтай томоохон төслүүд эхлүүлсэн. Аль алинд нь би өнгөрсөн хавар өөрийн биеэр айлчилсан. Ихэнхдээ жил бүр гадаадын зочид, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манайд албан айлчлал хийдэг. Ийм төлөөлөгчид жишээ нь Армени, Египет, Хятад, Индонез,Япон, Солонгос, ОХУ, Швейцарь, Тунис болон Украйн зэрэг орнуудаас ирдэг.

Баварийн шүүн шийтгэхүй гадаадад их нэр хүндтэй. Баварийн шүүгч, прокурор нарын шударга зан, идэвхитэй оролцоо, өндөр чадавхи гадны зочдод гүн сэтгэгдэл үлдээж, үлгэрлэл болдог. Зүүн өмнөд Европийн орнуудад ялангуяа хууль тогтоох үйл явцдаа Германы хуулийг үндэслэл болодог. Холбооны засгийн газраас явуулдаг Герман-Хятад эрх зүйт төрийн харилцан хэлэлцүүлэгийн хүрээнд Хятад улстай шүүгчийн солилцоо явуулахад Баварийн хууль зүйн яам оролцдог.

 

Д.Ч: Баварит одоо тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

В.Б: Үндсэндээ Баварит бид их сайхан нөхцөл дунд амьдарч буй. Хүн зон найрсаг, эдийн засаг нь чадамжтай, ажилгүйдэл бага, сайхан байгаль, эх нутгийн мэдрэмж бүгд бий. Хэдий тийм ч бидэнд тулгамдсан асуудлууд бий: Ялангуяа томоохон хотуудад ховордож буй байр, орон сууцны асуудал. Энд бид хүн бүр төлж дийлэхүйц тийм байрны түрээс бий болгох хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгийг дэмжиж, хүн суурьших нөхцлийг сайжруулах шаардлагатай. Үүнээс гадна хүн ам зүйн хувсал маш том асуудал болж байна. Асрамж, халамж хэрэгтэй хүмүүс, тэдний хамаатан саданд аль болох их дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

 

Д.Ч: Дүрвэгсдийн асуудал Баварит хэрхэн нөлөөлж байна вэ?

В.Б: Дүрвэгсдийн түрлэгийг шийдвэрлэх нь бидэнд тохиолдож буй тулгамдсан асуудлын нэг зайлшгүй мөн бөгөөд энэ бол нийгэм нийтээр хүлээсэн үүрэг юм. Бид эн тэргүүнд дүрвэгсдийн учир шалтгаантай тухайн голомт оронд тэмцэх нь зүйтэй. Маршаллын төлөвлөгөө  (Дайны дараах Европыг сэргээн босгох Маршаллын төлөвлөгөө нэрт алдарт хөтөлбөр. Д.Ч) Африкт хэрэгтэй байна. Үнэхээрийн тусламж хэрэгтэй хүнд туслах нь бидний христийн сургаалаар хүлээсэн үүрэг хариуцлага.  Дүрвэгсдийн урсгалыг зөв жолоодох, хязгаарлах нь нэн чухал. Хамгаалал хэрэгтэй, үлдэх хандлагатай хүмүүсийг бид өөрсдийн үнэ цэнийн үндэслэл дээр нийгэмдээ хүлээн авахад бэлэн. Энэ тал дээр Баварийн хууль зүйн яамны зүгээс дүрвэгсдэд зориулсан эрхзүйн боловсролын төслүүд санаачилсан нь  үлгэр жишээ болж буй.

 

Д.Ч: Энэ төслийн хүрээнд Баварит нийт 800 шүүгч болон прокурор ажиллаж, багшилж байгаа. Германы эрүү, иргэн, гэр бүлийн эрх зүйн үндсэн зарчмуудыг танилцуулсан дөрвөн хэсэг бүхий эрх зүйн боловсролын хичээл нь Германы эрх зүйн тогтолцооны анхан шатны мэдлэг олгодог. Түүнчлэн олон хэлээр мэдээлэл материалыг бэлтгэн тусгай цахим хуудас дээр тавьсан. Ялангуяа эрх зүйн богино хэмжээний кинонууд нь дүрвэгсэд байтугай энд сурч буй гадаад оюутан залууст анхан шатны мэдлэг өгөх давуу талтай санагдсан. Ингэж их сэтгэл зүтгэл гаргаж буйг хэр үнэлж байна вэ? Үр дүн хэр байна? Шүүмжид өртөх юм уу? Хүн амын бага бус хэсэг дүрвэгсдийн асуудлаар ирээдүй бүрхэг, тэдэнд нааштай бодлого хэрэгжүүлж буйн эсрэг байдаг шүү дээ.

В.Б: Эрх зүйн боловсрол олгох хичээлийн талаар оролцогчдын зүгээс ч тэр, багш нарын зүгээс ч тэр маш эерэг дуу хоолой анзаарагддаг. Тэр богино хэмжээний кинонуудыг бид Хууль зүйн яам дээр танилцах аялал хийж буй сургуулийн сурагчдад хүртэл үзүүлдэг шүү, их сонирхон хүлээж авдаг. 

Ер нь бол бидний энэ эрх зүйн боловсролын хичээл дүрвэгсдийг өөрсдийн нийгэмд оруулах үйл явцын тулгын чулуу юм. Учир нь дүрвэгсдийн ихэнх энд өөр эрх зүйн тотолцоотой, өөр нийгэмд ирж буйгаа мэдэхгүй ирдэг. Нэг талаас дүрвэгсэд бидний нийгмийн  үнэт зүйл, дэг журмыг ойлгож хүндлээсэй гэж бид шаардах нь зүйтэй, зайлшгүй хэрэг. Эрх зүйн боловсролын хичээлээрээ бид: “Энд эрх зүйт төр бий шүү” гэдгийг харуулж байгаа. Нөгөө талаас, бид тэдэнд манай нийгэм ямар тогтолцоотой вэ гэдгийг олж мэдэх боломж олгох нь зүйтэй. Ихэнх нь энд юу хориотойг зүгээр л мэддэггүй. Тэгэхээр бидний үнэт зүйл, дэг журмын талаар мэдээлэл олгох нь амжилттай интеграцчлалын түлхүүр болох бөгөөд үүнд энэ төслийн цаад утга оршино.

 

Д.Ч: “Баварийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв газар бол цахим гэмт хэрэгтэй тэмцэх Баварийн шүүн шийтгэхүйн жадны үзүүр юм” гэж та Бамберг хотноо уг байгууллагын шинэ байрны нээлтэн дээр хэлсэн. Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим нэг нэр томьёо өнөөгийн дижитал ертөнцөд хөл нийцэж буй эсэх, хуулийн зохицуулалтын цоорхойг нөхөх тал дээр болон галт зэвсэг санал болгож буй Даркнет зэрэг  хориотой бараа, үйлчилгээ санал болгодог цахим орчингийн эрүүгийн хариуцлагыг хуульчлах тал дээр ямар нэг дэвшил гарсан болов уу?

В.Б: Цахимжсан өнөө үед кибер гэмт хэрэгтэй тэмцэх нь нэн чухал. Терроризм, шашны хэт туйлшрал, хориотой зүйлсийн худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүүхдийн порнограф, цахим халдлага, хуурамч дэлгүүр болон нууц үг хулгайлах залилан зэргийг үйлдэж буй гэмт этгээдүүд өнөөдөр дэлхий даяар сүлжээтэй болсон. Ийм гэмт хэргийг төдий чинээ сайн сүлжилдсэн, өндөр мэргэшсэн мөрдөх байгууллагууд байж л олж илрүүлэх боломжтой. Ийм учраас би таны дурдсан “Баварийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв газрыг”  2015 оны нэгдүгээр сарын нэгэнд Бамберг хотноо үүсгэн байгуулж,өргөтгөсөөр ирлээ. Бид энэ байгууллагаар цахим гэмт хэргүүдтэй тэмцэх чадамж бүхий бодит бүтэц бий болгосон төдийгүй үүгээрээ  бусад муж улсуудад үлгэр дуурайл болсон.

Харамсалтай нь, бүтэц дангаараа хангалттай бус. Цахим гэмт хэрэгтэй тэмцэхдээ хэрэг мөрдөх зохих зөвшөөрөл, эрх мэдэл нь прокурорт байх зайлшгүй шаардлагатай тул энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд зарим нэг дэвшилд хүрсэн.

WhatsApp гэх мэтийн зурвас солилцох үйлчилгээг бид утас, смс-тэй ижил түвшинд авч үзэх зэрэг эрх зүйн бодлогын хувьд чухал асуудлуудыг эвслийн гэрээнд бид тусгаж чадсан. Гэмт хэрэгтнүүдтэй техникийн хувьд ижил хэмжээнд өрсөлдөх тийм орчин үеийн цагаа олсон хуулийн зохицуулалтуудыг бид хэрэг илрүүлэгч нартаа өгөхийг зорьж буй.

XXI зуунд гэмт хэрэг мөшгин илрүүлэхэд энэ бол зайлшгүй нөхцөл юм. Учир нь гэмт этгээдүүд өдөр тутамдаа компьютер, сервер ашиглаж, нууцалсан мэдээлэл WhatsApp, Skype зэргээр солилцох нь хэвийн үзэгдэл болсон.

Д.Ч: Таны эрх зүйн бодлогын тэргүүлэх чиглэл юу вэ?

В.Б: Миний эрх зүйн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бол дотоодын аюулгүй байдал. Энд бид олон асуудалтай тулгарч байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв газрын зэргэцээ “Хэт туйлшрал, терроризмтэй тэмцэх төв газар” үүсгэн байгуулсан. Бүх төрлийн хэт туйлшрал, терроризм нь өнөө үеийн хамгийн их яригдаж буй, шийдэгдэх ёстой асуудлын нэг шүү дээ. Энэ газар харьяалагдаж буй прокурорууд өөрсдөө хэрэг хариуцан мөшгихөөс гадна Баварийн цагдаа, дотоодын тагнуулын алба зэрэг байгууллагуудын огтлолцох цэг болох ба хэргийн тухай мэдээлэл өгөх үүрэгтэй.

Нөгөө талаас бид Европын Холбоонд үйлдвэр, компаниудын хамтын ажиллагаа өргөжиж, хил дамнасан үйл ажиллагаа явуулах нь ихэсч буйг анхаарах ёстой. Ялангуяа худалдааны болон компанийн эрх зүйн салбарт нэгдсэн зохицуулалт байх аваас манай үйлдвэр компаниудад хэрэгтэй шүү дээ. Иймд би компанийн эрх зүйн талбарт, жишээ нь том концернуудын оршин суух байрыг хил дамнан нүүлгэх тохиолдолд зохицуулах гэх мэт нэгдсэн  Европын эрх зүйн зохицуулалт бий болгоход анхаарлаа хандуулж байна.

 

Д.Ч: Вюрцбург хотод оюутан байсан үеэ эргэн санахуйд төрөх хамгийн сайхан дурсамж юу вэ?

В.Б: Вюрцбург хоттой би нандин холбоотой. Зав зайгүй сургууль болон дэглэм ихтэй цэргийн албаны дараа жижиг боловч өөрийн гэсэн оюутны байрандаа эрх чөлөөгөө эдлэх нь шинэ мэдрэмж байлаа. Үүнийг хэзээ ч мартдаггүй. Тэгээд ч Вюрцбург хот оюутан ихтэй, орох газар элбэг зэргээрээ гойд амьд хот. Тэр дундаа би “Schützenhof” зоогийн  газарт дуртай. Тэнд бид ертөнцийн тухай, бурханы тухай хэдэн ч цагаар хамаагүй ном хаялцдаг байлаа.

 

Д.Ч: Танд профессор байх нь илүү таалагддаг уу? Сайдын алба илүү санагддаг уу?

В.Б: Энэ хоёр ажлыг хооронд нь харьцуулж боломгүй, хоёулаа өөрийн гэсэн давуу талтай. Тодорхой сэдвийг судалж, эрдэм шинжилгээний ажил гүнзгийрүүлэн хийх нь надад таалагддаг ч улс төрийн амьд бөгөөд олон талт амьдрал намайг алмайруулдаг. Одоогоор би хашиж буй ажил албандаа их сэтгэл хангалуун байгаа.

 

Д.Ч: Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

В.Б: Гэр бүлтэйгээ мөн Жэк нэртэй нохойтойгоо цаг өнгөрүүлэх дуртай. Усанд сэлэх юмуу цанаар гулгах цаг гарвал тэгээд сэтгэл ханамжтай даа.

 

Д.Ч: Ирээдүйн хуульчид болох өнөөгийн оюутан залууст та юу захиж хэлэх вэ?

В.Б: Өөртөө үнэхээр таалагддаг зүйлээрээ сурах нь хамгийн чухал шүү. Чингэвэл зорилгоо мартахгүй урагш зүтгэхэд хялбар болно. Хуульчдын хувьд би миний эрхэм багш надад захиж хэлж байсан, Абрахам Линкольны нэгэн эшлэлийг үлдээе. “Хуульд сүр хүч агуулагдаж байдагт итгэн, энэ итгэл үнэмшлээр эцсээ хүртэл үүрэг хариуцлагаа ойлгон, биелүүлэх хүчтэй байя”

 

Д.Ч: Ярилцсанд их баярлалаа.

*Проф.Док. Винфрид Баусбак энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас Мужийн Парламентийн ЦСҮ намын фракцын орлогч дарга болон өөр алба хүлээн авсан билээ. 

Kommentar schreiben

Kommentare: 2
  • #1

    Suvdaa (Sonntag, 25 November 2018 17:25)

    Bravoo�

  • #2

    Eenee (Donnerstag, 01 Juli 2021 03:38)

    ��