Миний дуртай загварын кинонууд

Та нартаа энэ удаа өөрийн цуглуулга дахь загварын кинонуудыг танилцуулж байна. Би загвартай холбоотой бүхий л зүйлст татагддаг болохоор энэ талбарт гарах сэтгүүл, номыг заавал уншихаас гадна киног "урдуураа өнгөрүүлнэ" гэж үгүй. Герман, францын арте сувгаар үе үе загварын ордон, загвар зохион бүтээгчдийн тухай цуврал баримтат кинонууд гардаг тул бичиж авч байгаад гэрийнхнээ унтсан хойно цурам хийлгүй үүр цайтал үзээд суудаг хүн дээ.

Ингээд олон зүйл нуршилгүй эхэлье.  

1. Гоодаль сэтгүүлд хэвлэгдсэн миний анхны нийтлэл Диорын тухай, түүний тухай уншсан, олж мэдсэн бүхэн намайг загварт улам гүн дурлуулж, нэг нийтлэл нөгөө рүү хөтлөн, хожим блог нээж, "Сониуч зүрх" номоо гаргахад хүргэсэн. Энэ бүхэн шонхор хамартай, халзарсан толгойтой энэ хүмүүнээс эхлэлтэй болохоор миний дуртай загварын киноны жагсаалтыг Кристиан Диор баримтат кино зүй ёсоор тэргүүлнэ. Дэлхийн II дайны дараа царай алдсан Парисийг буцаан загварын хот болгож, от кутюрыг эгүүлэн авчирсан гэгдэх Кристиан Диор, түүний 1947 оны анхны цуглуулга, Диорын загвар зохиох болсон шалтгаан, түүний гэр, ээж, байшин, цэцэрлэг, тэр дундаа сарнайн тухай гээд маш олон зүйлийг энэ кино өгүүлнэ. Хар цагаан баримтат кино болохоор гоё чамин зүйл нүд гялбуулахгүй ч гүн утгатай үг яриа, Диорын залгамжлагч загвар зохион бүтээгчдийн сэтгэгдэл киног баяжуулна. Уран сайхны кино биш болохоор мэдээлэл сайтай, загварын ертөнцийг ойлгоход тус болох олон зүйл таниулах давуу талтай.Кристиан Диор хэдийгээр анхны цуглуулгаараа загварын түүх бичилцэж, алдарт хүрсэн ч даруухан, зожиг, элдэв дуулианаас холуур байхыг хүсдэг нэгэн гэдгийг эндээс олж харна.

2. "Диор бид хоёр"  хэмээх энэ кинонд Бельги залуу Раф Симонс 2012 онд Диор загварын ордонд ирж, анхны цуглуулгаа танилцуулах гэж буй тухай өгүүлнэ. От кутюр цуглуулга бэлэн болгоход уг нь  дөрвөн сар хэрэгтэй байдаг бол Раф Симонст наймхан долоо хоногийн хугацаа байгаа. Энэ хугацаанд шинээр ирсэн загвар зохион бүтээгч маань оёдолчин, эсгүүрчин, багийн бусад гишүүдтэй танилцах, ажлын орон зайгаа тохижуулахаас эхлэн цуглуулгын санаагаа олох, загвар зохиох, өөрчлөх, шинийг турших гэх мэт олон үе шатанд олон асуудалтай тулгарна. Загварын ертөнцийн ард өрнөх нөр их ажил, зохион байгуулалт, асуудал,хүнд суртал бүгдийг илчлэн харуулсан энэ кино миний хамгийн дуртай киноны нэг. Раф Симонсын энэ цуглуулга маш их сайшаал хүртсэн. Гэвч тэр ямар их айдастай, эргэлзээ дүүрэн эмзэг хүн болохыг эндээс олж харна. Гайхамшигт цуглуулгын хэд хэдэн бүтээлийг би Парисийн Гран Палайд үзэсгэлэнд дэргэдээс нь харсан, тэр нил ягаан өнгөтэй нь үнэхээр мянга мянган жижигхэн цэцэгс дүүрэн торгосон, ажиллагаа ихтэй даашинз. Хэчнээн цагын бодрол, үзэл санаа, хийц, ажил ард нь нуугдсан гээч. Амаргүй болохоор тэр гурван жилийн дараа Диорын бүтээлч тэргүүн байхаа больсон бизээ.Цуглуулгаа танилцуулах харшийн ханыг бүхэлд нь амьд цэцэгсээр бүрэх санаагаа санхүүгийн удирдлагуудаас дэмжигдэх болов уу гэж санаа зовж байгаа хэсэг гүн сэтгэгдэл төрүүлсэн. Бүтээлч санаа хэдий байвч түүнийг бодит болгоход зайлшгүй хэрэгтэй материаллаг асуудал, хүн хоорондын харилцаа, ойлголцлын асуудал гэх мэт олон зүйлийг эндээс ойлгож авна. Ямартаа ч сүүлийн хэсгүүд нь нүд баясгам цэцэгсээр дүүрэн, хамгийн өнгөлөг кино байх болно. 

3. Шанелийн тухай энэ баримтат киноноос Коко хатагтай ямар хэдэр, үг яриа нь бэлэн сэцэн болохыг сонсоно. Шанелийн тухай дэлгэрэнгүй энд бичиж байсан, түүний ерөнхий түүх намтар олонд танил билээ. Гэвч энэ кинонд архивийн олон зураг, бичлэг, сурвалжлага багтсан тул маш өвөрмөц. Залуухан Карл Лагерфельд Шанелийн загваруудын хайчилбаруудаас бүрдсэн цомог бэлтгэн, түүний загварын хэв маягийг тодорхойлж буй хэсэг их гоё. Сэтгүүл дээрээс зураг хайчлаад дэвтэр дээрээ наадагтай минь адил санагдсан. Шанелийн хорхойтнууд энэ киног заавал үзэж, алдарт эшлэлүүдийг өөрийх нь амнаас сонсоорой.

. Шанелийн тухай энэ хоёр кино бол уран сайхны бүтээлүүд. Нэг нь Коко алдарт хүрэхээс өмнөх амьдралыг, нөгөө нь түүний алдарт хүрснээс хойшхи амьдралын хэв маягийг харуулсан. Зураглал, өгүүлэмж сайтай боловч баримтат киног яагаад ч гүйцэхгүй. Тулгуурласан зохиол, найруулагчийн хувийн хандлага их нөлөөлсөн тул аль нэг хандлага туйлширсан болов уу? Юутай ч Стравинскийн Шанельд хэрхэн хандаж байсанг илчлэх миний энэ үзэсгэлэнгээс олж харсан баримтийг сонирхоорой. 

4. Карлыг алхам бүрт нь камертай даган бичсэн баримтат кино. Энэ киног үзээд Карл Лагерфельдэд улам л сайн болсон. Түүний шүүгээний шургуулга дүүрэн сольдог цагаан зах, лангуун дээрх мэт олон бөгж, ширээ эсвэл  буйдан дээр, тавиурт эсвэл хонгилд хааяагүй хөглөрөх их ном, донжтой ёжлол, үг хэллэг, тийм ээ энэ киног үзээгүй бол Карлын фен гэж өөрийгөө битгий тооцоорой. Шилээ авдаг шүү энд. 

5. Удахгүй Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаар гарна. Би догдлон хүлээж байгаа. Загварын ертөнцөд есдүгээр сар бол шинэ он эхэлж буй хэрэг аж. Жилийн загварын өнгө тодорхой болдог гэсэн үг. Энэ кинонд хайртай сэтгүүлийн минь чухам ийм чухал есдүгээр сарын дугаарыг бэлтгэх явцыг харуулна. Есдүгээр сарын дугаарыг хэдэн хуудастай, хэр хүнд болох бол гэж хүмүүс хүлээдэг. Хамгийн зузаан дугаар болохоор их чухал. Санаанд оромгүй чухал зүйлс гарна. Загварын ертөнцийг үл тоомсорлодог, бусад салбараас дорд үздэг хүмүүс энэ киног үзвэл даруй хандлага нь өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Анна Винтурын фен бас болно, хэрэв өнөөг хүртэл хараахан болоогүй бол шүү дээ. 

6. "Улаан өнгөөр яадаг юм" гэж хэлэх Валентиног энд олж харна. Угтаа бол улаан өнгө Валентиног тодорхойлдог хүчин зүйл шүү дээ. Маш их ааштай, түргэн ууртай. Аз болж хамтрагч, хайрт, анд нь түүнийг их түшиж тулна. Арга эвийг нь олно. Валентино өөрөө хуйсагнуур, хамтрагчаа үл үнэлдэг мэт авирлана. Гэвч том шагнал аваад талархлын үг хэлэхдээ хамтрагчдаа ямар сайхан үг хэлдэг гээч. Нулимс гарсан. Гаднаа омог бардам боловч өр зөөлөн нэгэн. Энэ кино баримтат мөртлөө уйдаахгүй, маш сонирхолтой. Гайхалтай загварууд зохион бүтээсэн тэрээр 45 жилийн дараа загварын ертөнцөд зодог тайлж буй бөгөөд сүүлийн от кутюр цуглуулга хэрхэн бүтэж буйг харуулна. Кино дуустал гэвч үнэхээр тэтгэвэрт гарах эсэх нь үл мэдэгдэнэ. 

7. Амьдралд унаад босч ирж чадаж байна уу гэдгээр нь хүчтэй эсэхийг шалгадаг гэдэг үг энэ бүсгүйд зориулагдсан мэт. Ах нь алагдаж, гэр бүлийн загварын ордонг өөрийнхөөрөө удирдахын тулд тэмцэж, унаж, өвдөг сөхөрч ахин босч буйг энэ кино харуулна. Баримтат бус бүтээл тул  Донателлагийн дүрийг жүжигчин бүтээсэн.Гаднаас нь хараад өнгөцхөн дүгнэдэг байлаа. Тийм ээ, энэ өнгөцхөн шүүх явдал бидний ухамсар, зан төрхийн хэмжээг харуулна уу гэхээс бодит байдлын үнэлгээ болдоггүй. Энэ киног үзээд Версачег өөрөөр харах өнцөг нээгдсэн. Цааш нь судлаад үзвэл элдэв гүтгэлэг, ахынхаа аминд хүрсэн гэдэг хорон яринд хүртэл холбогдсон, их зүйлийг тэссэн бүсгүй байна лээ. Хүчтэй, зорилгодоо хүрдэг эмэгтэй гэж түүнийг би одоо хэлнэ. 

8. Мюнхенд кинонд эхэлсэн өдөр нь үзсэн. Ив Сен Лаурон гэж бас нэг сул дорой, айдас эргэлзээ дүүрэн, эмзэг амьтан. Бүтээлч хүмүүс ийм байх нь олонтаа аж. Үйлийн үртэй мэт сайн хань, хамтрагч залуугийнхаа хүчинд өөрийн загварын ордонг босгоно. Хар тамхи, элдэв явдалд орооцолдоно. Хайртай залуугаа гомдооно. Тэр нь бүр нэг ноомой эхнэр шиг, олон удаа тэснэ. Үнэхээр хайртай болохоор л тийм хүч тэнхэл байдаг байхдаа гэмээр. Би оронд нь байсан бол эхний удаа маяглахад нь хаях байсан. Кино дуусаад сэтгэл нэг л хүнд болсон. Уур ч хүрэх шиг. Гэхдээ загвар зохион бүтээгчийн туулсан амьдрал, алдаа оноо, ололт амжилт нь түүнийг бүрдүүлдэг болохоор үзсэн байх ёстой кино мэт. Гаргаж буй ааш авир нь дургүй хүрмээр, гэвч тийм сайн ханьтай азтай дамшиг юм даа л гэж бодогдсон. Харин загварын ертөнцөд үлдээсэн ул мөрийн хувьд Мондрианаас санаа авсан судалтай, олон өнгө холилдсон богино даашинзууд, өмд хүрмийн хослол мөн лого нь их таалагддаг. 

9. Энэ хатагтай бол бараг арваад жил францын Vogue сэтгүүлийн эрхлэгч хийж байгаад өөрийн нэрийн сэтгүүл гаргаж өрх тусгаарласан, дуулиант бүсгүй. Түүний талаар эерэг сөрөг олон зүйл сонсогдоно. Түүний сэтгүүлийн анхны дугаар хэрхэн бэлтгэгдэж байгааг энэ кино өгүүлнэ. Дээр дурдсан есдүгээр сарын дугаарын кинотой төстэй зүйлстэй боловч өөрийн өнгө аястай. Бүтээлч байна гэдэг дуурайхгүйгээр өөрийн өнгө аясаа олдгийг хэлнэ гэдгийг сайтар ойлгуулсан кино. Ер нь өөрөө ч тийм хэвшмэл бус, чөлөөт, панк гэхдээ хямд бус цаанаа нэг мэдрэмжтэй. 

10. Труман Капотегийн роман, Одригийн тоглосон "Тиффани дахь өглөөний цай" кино болсноор Тиффани улам л алдарт хүрсэн. Яагаад Тиффани онцгой гэж? Энэ асуултын хариуг эндээс олно. Хамгийн энгийн жишээ гэхэд л энэхүү номин цэнхэр "тиффани" өнгийг ямар нарийн аргаар гаргаж авдаг гээч? 175 гаруй жилийн өмнө байгуулагдсан энэ брэнд яагаад өнөөг хүртэл амжилттай байж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөрт байлгаж чадна вэ? Жижиг цэнхэр хайрцаг яагаад амьдралын хамгийн чухал онцгой үйл явдлыг бэлэгшээдэг болсон бэ? Яагаад заавал Тиффани гэж? Энэ бол моод биш, харин уламжлал, гар урлал, бат бөх чанар, итгэл ажээ. Үнэтэй эд зүйлсийг үгүйсгэдэг хүмүүс уг нь энэ үнийн ард хөлс, түүх, уламжлал, чадвар нуугдаж байдгийг ойлгодоггүй юмаа гэхэд үгүйсгэхээ болиход нь энэ кино тусална.

Би Тиффанид дуртай. Авахыг олон жил хүссэн гарын гинжээ анхны номоо өлгийдөн авсны бэлгэнд хүлээн аваад маш их баярласан. Хавтсан дээрээ зүрхтэй ном гаргаж байж зүрхтэй гинжээ авах учиртай байж. Миний хамгийн дуртай бугуйвч.Олон жилийн дараа ч энэ бугуйвч үнэ цэнээ үл алдана. Тиффани ийм л бүтээгдэхүүнүүдтэй. 

11. Метрополитан урлагийн музейд жил бүр зохион байгуулагддаг фэшн үзэсгэлэнгийн тухай энэ киног заавал үзээрэй. Метрополитан музейн хаалган дээр музейн ажлын хуваарь байх бөгөөд зул сарын баяр гэх мэт томоохон баяраар хаалттай гэсэн бичиг байна. Доор нь тавдугаар сарын эхний даваа гарагт бас хаалттай гэсэн байх. Үндэсний баярын хэмжээнд хүрмээр чухал болсон энэ арга хэмжээ нь хөрөнгө босгох зориулалттай, загварын үзэсгэлэн.2015 оны үзэсгэлэн хамгийн их хөрөнгө босгосон, хамгийн их мэдээллийн хэрэгслээр түгсэн, хамгийн нөлөө бүхий үйл ажиллагаа болжээ. Энэ үзэсгэлэнг дэлгэхийн тулд хэрхэн бэлтгэж байгааг харуулсан баримтат кино. Анна Винтурыг шүтэн биширнэ. Салбараа мэддэг, мэрэмжтэй хүн гэж түүнийг хэлнэ гэдэгтэй маргах хүн цөөн болов уу? 

Ингээд жагсаалтаа одоохондоо үүгээр өндөрлөе. Та нар минь эдгээрээс үзсэн киногоо, мөн сэтгэгдлээ хуваалцаарай. Түүнчлэн надад санал болгох өөр кино байвал бичээрэй. Хамгийн дуртай загварын кино чинь юу вэ, хуваалцаарай.

Дараагийн бичвэр хүртэл түр баяртай,

Kommentar schreiben

Kommentare: 4
  • #1

    Bolortuya (Dienstag, 01 August 2017 20:12)

    I love SEPTEMBER ISSUE

  • #2

    Urna Kitti (Dienstag, 12 September 2017 10:05)

    Bi erteed setgegdel bichsen sanagdaad baih yum post-n deer n bichchij l dee.
    Ene kinonuudaas 4-g n l uzsen yum bna uldsen hediig n neg negeer n weekend bolgonoor uzeed duusganaa. Minii hamgiin uzeh durtai kino "confessions of a shopaholic". Bi barag 10aad udaa niit uzsen baihaa negel huurhun sanagdaad baidgiin gol durd togloj baigaa busgui neg tiim genen sahilgagui egduutei hirnee medremjtei duriig mundag gargaj ugsun sanagddag. Chansy maani barag uzchihsen baihoo.

  • #3

    Chansy (Donnerstag, 25 Januar 2018 15:32)

    үзсэээн, бүр кинонд эхэлдэг өдөр нь манаж байгаад үзсэн ккк. Ёстой хөөрхөн тийм ээ?

  • #4

    Zaya (Mittwoch, 30 Januar 2019 16:10)

    waaaa ta bid 2iin sonirhol mergejil yg adilhan bdag shuu ih sonin kkk. Minii huwid The Devil wears prada geed kino ih taalagddag. Tani shig zagwar bolood zagwariin setguuld durlagsad bol andahgui biz :-). Tanii niitleluudees ih zuil medej awdag shuu