"Эрдмийн гүүр" нэртэй анхны бичвэрийн нүүр зургийг санаж байна уу? Өнгөрсөн нэгдүгээр сард Баварийн Вюрцбург хотноо Юлиус-Максимилианы их сургуулийн хуулийн факультет дээр зохион байгуулсан анхны Монгол-Германы эрүүгийн эрх зүйн хурлын нүүр хуудсаа би Чингис Хааны хөшөөний зургаар чимж байсан. Найман сарын дараа бид энэ хөшөөн дээр өөрсдөө гарчихсан зогсож байна гэдэг ашдын билэг биелэлээ олсон хэрэг биш гэж үү? Тэр үед Монголоос таван багшийн бүрэлдэхүүнтэй баг айлчлан ирж, бид хоёр улсын их сургуулийн ХЗС хооронд хамтын ажиллагаагаа факультетийн түвшинд өргөтгөх тухай ярилцаж тохирсон тухай энд бичиж байсан билээ. Мөн тэр бичвэрээ төгсгөхдөө хий ярилгүй, хийснийхээ дараа л та нартаа хуваалцаж байя гэж байсан санаж байна уу? Ингээд Эрдмийн гүүрийн тухай үргэлжлүүлэн бичиж байгаадаа маш их баяртай байна.
Нүүрномдоо би МУИС-ийн ХЗС-аас албан ёсны урилга авсан тухай бичиж, догдолж байсан нь саяхан. Ингээд өөдлөхийн "ес"-дүгээр сарын эхээр манай тэнхмийн эрхлэгч Проф.Док.Док. Хилгендорф тэргүүтэй, дөрвөн эрдэм шинжилгээний туслахаас бүрдсэн баг Улаанбаатар хотыг зорьлоо.
Франкфуртаас Улаанбаатар орох сүүлийн, шууд нислэг хүн багатай байсан тул бид маш тухлаг ниссэн. Ээж маань хоёр сар гаран Мюнхенд байж байгаад энэ онгоцоор хамт Монгол буцсан нь бидний анхны хамтын нислэг байлаа. Мэдээлэл ихтэй гоё сэтгүүл, сонин гээд унших зүйл хангалттай төдийгүй миний хувьд багшийн лекц, нөгөө хэдийн илтгэл зэргийг шууд орчуулахын өмнө нэг удаа ч болов харах шаардлагатай байсан тул нэг мэдэхэд 8 цагийн урт нислэг өнгөрсөн байв.
Үүрийн таван цагт хур бороотой Улаанбаатар биднийг угтсан. Бид тухлаг, цэвэрхэн Corporate зочид буудалд багаараа бууж, бага зэрэг амсхийгээд хамтдаа үдийн хоол идэнгээ айлчлалын хөтөлбөрөө ярилцав.
Ингээд бид ХЗС-ийн урилгаар Улсын ерөнхий прокурорын газар багаараа зочиллоо. Улсын ерөнхий прокурорын орлогч, шадар зөвлөх Г. Эрдэнэбат тэргүүтэй тус газрын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, ажилчид биднийг хүлээн авч, шинээр хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийн тухай санал солилцлоо.
Улаанбаатарыг дээрээс тольдох боломж олгосон том цонхнуудтай "Моне" ресторанд бид оройн зоог хамдтаа барингаа эрх зүйн тухай төдийгүй хамтын ажиллагааны хэтийн төлөвийн халуун дулаан яриа өрнүүлсэн юм. Бидэнд цаг гарган, найрсгаар хүлээн авсанд Г.Эрдэнэбат тэргүүтэй Улсын прокурорын газрын хамт олонд маш их баярлалаа.
Улаанбаатар ийм үзэсгэлэнтэй
Дараагийн өдөр нь бид Улсын Дээд Шүүх дээр зочлов. Биднийг Эрүүгийн хэргийн танхимийн шүүгчид хүлээн авч, шинээр батлагдсан эрүүгийн хуулийн тухай санал бодлоо солилцсон бөгөөд Шүүх танхимд орж танилцав. Хилгендорф багш шинэ хуулийн хэрэгжилт ямар үр дагавар авчрах тухайд маш их сонирхож байгаа тул ирэх жил энэ сэдвээр Вюрцбург хотноо хуулийг хэрэглэгчид болон судлаачдыг Монголоос урьж оролцуулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах санал дэвшүүлсэн юм. Та нар анзаарч байгаа биз? Ердөө хэдхэн минутын ёс төдий уулзалт ч араасаа сайн үр дагавар дагуулах тал бий. Монголоос маань илүү олон хүн ирж, шинэ хуулийн тухай хамтран хэлэлцэж, санал бодлоо солилцох боломж гарна гэдэг сайхан хэрэг биш гэж үү? Энэ уулзалтыг зохион байгуулсан болон биднийг хүлээн авсан бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Эргээд Вюрцбургт уулзах ерөөл тавья.
Их Монголын төрийн заргач Шихихутагийн хөрөг хоймор нь залраастай энэ танхим сүрлэг байгаа биз? Монголчууд ёс төртэй, сүрхий улс гэдгийг манай тэнхмийн хэд ирснээсээ хэдхэн цагийн дотор л мэдрээд авсан шүү.
Их сургуулийн энэ байранд лекц сонсоод л гүйж явдаг байлаа. Алсаас зочид дагуулан, хоёр факультет хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар нэг өдөр үүрэндээ ирнэ гэдгээ төсөөлж ч байгаагүй. Сэтгэл ямар их хөдөлж байсныг та нар минь төсөөлөх байх аа.
Проф. Хилгендорф ХЗС-ийн гуравдугаар курсийн оюутнуудад "Германы эрүүгийн эрх зүйн давуу болон сул тал, тулгамдсан асуудал" сэдвээр лекц уншлаа. Шууд орчуулгатай явсан энэхүү лекцийн төгсгөлд оюутнууд идэвхитэй асуулт өрнүүлсэн. Их сургууль дээр таарах оюутнууд ямар залуухан, хэдэн настай юм бэ?бараг хүүхдээрээ юм хэмээн багш маань гайхширсан шүү. Хэд хэдэн оюутан миний анхааралд бас өртсөн. Бичиж авч байгаа нь миний оюутан үеийг санагдуулсан шүү. Энэ лекцэнд сууж байсан блог уншигч байвал хуудсаар холбогдож, асуух зүйлээ бичихээс бүү түдгэлзээрэй. Герман хэл л сураарай гэж захья та нартаа, учир нь Германд магистр, докторантурт үргэлжлүүлэн сурах, тэтгэлэг авах, сурахын хажуугаар ажиллах олон боломж бий шүү. Би та нарын л нэг. Герман хэл сурсныхаа ачаар л ийм боломжуудтай таарсан болохоос мундагдаа биш шүү. Өнөөдөр та нар миний орчуулж буй лекцийг сонссон бол хожим нэг өдөр өөрөө лекц орчуулаад эсвэл уншаад зогсож байхыг үгүйсгэхгүй. Сургуулиа төгсөж, дипломоо авахдаа нэн түрүүн анхаарангаа герман хэл үзээрэй, мэддэг бол доод тал нь Б2 түвшин болгохыг хичээгээрэй гэж захья.
Лекцийн дараа биднийг ХЗС-ийн захирал Эрдэнэбулган өрөөндөө хүлээн авч, намрын шинэхэн айрагаар дайлав. Германчууд бүгд дээж амссан. Ингээд бид хамгийн чухал үйл ажиллагаандаа орсон юм. Эрдмийн танхим гэх сайхан өрөөнд МУИС, Баварийн Вюрцбургийн их сургуулийн ХЗС хооронд хамтын ажиллагааны санамж бичигт хоёр талаас ёсчлон үзэглэж, харилцаа маань албан ёсны чанартай боллоо. Хоёр жилийн өмнө есдүгээр сард анх Баярсайхан багшийг Вюрцбургт урьж, бид хоёр тэнхим хооронд хамтын ажиллагаа байгуулж байсан нь саяхан. Өнгөрсөн нэгдүгээр сард таван багшийг Вюрцбургт урьж, хамтын ажиллагаагаа факультетийн түвшинд өргөтгөхөөр декантай ярьж тохиролцсон бол энэ есдүгээр сард ийнхүү биелэлээ олж, эрдмийн гүүр улам өргөжиж байна.
Айлчлалын гурав дахь өдөр Syndicate Talk нэвтрүүлгийн "Эрх зүйт төр" сэдэвт дугаарт Хилгендорф, Баярсайхан багш нар маань оролцов. Би уг нь багшид зөвхөн орчуулга хийх санаатай байсан боловч намайг судлаачийн хувьд санаа бодлоо нэмэрлэ гээд зочин болгочихсон. Өмгөөлөгч, профессор, докторант гээд олон өөр өнцгөөс асуудлыг хэлэлцсэн ширүүхэн яриа болсон болов уу. Энэ нэвтрүүлэг цацагдахаар холбоосыг нь та нартаа нүүр номын хуудсаараа хуваалцанаа. Энэ нэвтрүүлгийн хөтлөгч Vinzo буюу Ганзориг мундаг залуу шүү, түүний мэдлэг чадварийг би их үнэлдэг бас хүндэлдэг. Нэвтрүүлгийн бусад дугаарууд ч их сонирхолтой, хөтлөгч час хийсэн хэдхэн асуулт тавиад л дөрвөн талаас ярилцаж өгнө дөө. Та нар нүүр номынх нь хуудсаар (Syndicate Talk) зочилж байвал, нийгмийн тулгамдсан асуудлаар олон мэдээлэл авна шүү.
Албан ажлын дараа ХЗС-ийнхан биднийг "эрхлүүлсээн". Чацарганы талбайтай Хаан жимс баазаар зочилж Монгол хоол зооглоод, Чингис Хааны хөшөөт цогцолбор оров. Биднийг Улаанбаатарт буухад бороотой байсан ч дараагийн өдрүүд нь нарлаг, дулаахан байсан. Германчууд наранд дуртайг ч хэлэх үү, бүгд л сайхан ааштай, сэтгэгдэл асар өндөр байсан.
Манай энэ хэд баатрын хувцас өмссөн, голын этгээд бүр нэг татаарын цэрэг шиг харагдаж байгаа биз? Инээдтэй. Энэ айлчлалын талаар манай факультетийн сэтгүүл дээр гарах болохоор тэд ийм зураг авахуулцгаасан. Ийм их түүх, сонинтой, өвөрмөц сэтгэгдэл үлдээсэн оронд очиж байсангүй гэж тэд хэлсэн. Азийн бусад орныхонтой харьцуулахад Монголчууд элэгсэг, зочломтгой, тэр нь хамгийн гол нь "жинхэнэ" санагдсан гэнэ. Дүр эсгэдэггүй, байгаагаараа, "газар нутаг, байгальдаа учир нь байдаг юм болов уу? Цаанаа л нэг зоримог, эрх дураараа юм" гэсэн шүү.
Монголын урлагийн нандин үзмэртэй бичил музей доор нь байрлах Mongolians ресторанд бид Өндөр Гэгээн Занабазарын алтаар зурсан хөрөг зэргийг биширсний дараа үдэлтийн зоог бариад хөтөлбөрөө өндөрлсөн.
Халуун дотно хүлээн авч, айлчлалыг мартагдахааргүй сайхан зохион байгуулсан Эрдэнэбулган захиралдаа, Баярсайхан багшдаа, биднийг тосч аван буудалд хүргэсэн, завсар хооронд нь хэлмэрчилж, намайг түр ч атугай амрааж байсан герман хэлэндээ мундаг Мөнх-Эрдэнэ багш болон багш Золбоодоо, Бадам багшдаа бүх хамт олныхоо өмнөөс чин сэтгэлээсээ маш их талархаж байгааг минь хүлээн авна уу.
Докторын ажилд минь хэрэгтэй номнууд, хэвлэлтээс шинэхэн гарсан эрүүгийн хууль зэргийг бэлэглэсэн Баярсайхан багш болон Золбоодоо дахин дахин баярлалаа. Энэ удаагийн айлчлал миний судалгааны ажилд тэр чигээрээ нэмэр болох мэдээлэл агуулсан байснаараа маш их амжилттай байсан. Хурдхан л ажлаа үргэлжлүүлэн бичих урам зориг авсан шүү.
Миний хувьд том ажлын ард гарч, санаа амарлаа гэж хэлмээр байвч үнэндээ хийх ажил одоо өрнөж байна. Бид ХЗС дээр Германы Эрх зүйн төв байгуулах, номын сантай болгох ажлаа эхлүүлж, ирснийхээ дараа эрх зүйн бүх багш нараас ном цуглуулж эхэлсэн байгаа. Ирэх жил эрдэм шинжилгээний хурал Вюрцбургт зохион байгуулна, зуны сургууль гэх мэт олон ажил яригдаж байгаа. Гэхдээ та нар минь мэднэ, би хий ярихгүй, хийснийхээ дараа л танилцуулъя.
Дараагийн бичвэр хүртэл түр баяртай,
Хүндэтгэн мэндчилсэн Д.Чанцалдулам
Kommentar schreiben
Zochin (Freitag, 22 September 2017 16:33)
Yostoi mundag. Mash ih baharhaj bna. Enehuu uilsed n amjilt huseye!
deegii (Samstag, 23 September 2017 13:00)
hurdhan l tenhim nomiin san hoyr ni barigdaasai <3
Sogi (Montag, 09 Oktober 2017 19:00)
Naizaaraa baharhaad hanahgui bnaaaa� Mundag bögööd saikhan, gegeeleg naizdaa dahin dahin Bayar hurgei ����