1988 оны нэгдүгээр сар. Америкийн Vogue сэтгүүлийн зураг авалтыг энэ удаа Петер Линдберг гэх зурагчинд даатгажээ. Тэрбээр Линда Эвангелиста, Карен Александр, Кристи Терлингтон, Татьяана Патиц, Рэйчел Виллиамс, Эстель Лефебүер нарын бүрэлдэхүүнтэй, тухайн үед олонд тийм танил бус асан зургаан загвар өмсөгчийг Санта Моника далайн эрэг дээр хамтад нь тоглож буйгаар, тун энгийнээр зураг авсан байна. Загварын редакторууд ийм зураг авалтын үеэр хэрэглэх от кутюр, шилмэл хувцаснуудыг бэлтгэн авчирдаг бол Линдберг зөвхөн цагаан даавуун цамц авчрахыг хүсчээ. Загварлаг гэхэд хэтийдэх, эргэн танигдах шошго,тэмдэг үгүй энгийн цагаан цамцнууд. Учир нь Линдберг уг сэтгүүлнээ залардаг төгс будалт, хувцаслалт бүхий амьгүй хүүхэлдэй шиг эмэгтэйн зураг авахыг хүссэнгүй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, бие даасан бодит эмэгтэйг дурандаа буулгах зорилгоор ийн хөдөлгөөнтэй, нүүр нүдний илэрхийлэмжтэй зураг авсан байна.
Тухайн үед Vogue сэтгүүлийн эрхлэгч асан Мирабелла эрэг дээр хүүхэд мэт тоглон хөхрөлдөх, энгийн цагаан цамцтай бүсгүйчүүдийн зургийг хараад шууд голж, хэвлэхээс татгалзахаар барахгүй Линдберг ийм нэр хүндтэй сэтгүүлд ажиллах боломжийг хөсөрдүүлсэнд гайхан, түүний зургуудыг “шургуулганд” хаяжээ.
Хагас жилийн дараа Анна Винтур Vogue сэтгүүлийн эрхлэгч болж, шургуулган дахь гологдсон эрдэнэсийг олж харснаар Петер Линдбергийн зураг сэтгүүл дээр хэвлэгдсэн төдийгүй хожим “Vogue 100 жил” номонд 1980-аад оны хамгийн чухал гэрэл зургийн нэг хэмээн тодорхойлогдсон байна.
1988 оны арваннэгдүгээр сарын Vogue сэтгүүлийн нүүрнээ заларсан, шуугиан тарьсан зургийг мөн Линдберг авчээ. Загвар өмсөгч Михаела дээгүүрээ Лакруа кутюр цамц, уг цамцны хослол болох банзал нь багтахгүй байсанд цэнхэр жинс өмссөн бөгөөд Линдберг зураг авахдаа өмдтэй хэсгийг сэтгүүлийн нүүрэн дэх бичгэнд зориулан тайрна гэж тооцоолсон байна. Урьд өмнөх нүүр зурагнуудаас тэс өөр, студид бус, зузаан нүүр будалт, цэмбэгэр үс засалтгүйгээр гудамжинд алхуулан, үс нь салхинд хийсч, энгийнээр авсан уг зураг тухайн үед тогтсон бүх хэв маягийг эвдэж, загварын ертөнцөд шинэ салхи авчирсан нүүр зураг болжээ. Хэвлэлийн газраас уг дугаарын нүүрэн дээрх зургийг “алдаа биш биз?” хэмээн лавлатал нь цочроосон аж. Кутюрыг энгийн хувцастай хослуулах эрх чөлөө, шинэ зүйлд орон зай гаргах зоригийг ийнхүү Анна Винтур, Петер Линдберг хоёр эхлүүлсэн байна.
1990 оны Английн Vogue сэтгүүлийн нүүр зургийг Линдбергт даатгаж, 1990-ээд оны эмэгтэйн дүр төрхийг бүрдүүлхийг хүсчээ. Линда, Кристи, Татьяана, Наоми, Синди нарын таван загвар өмсөгчийг тэрээр анх удаа хамтад нь дурандаа буулгаж, “Супермоделийн” эринг эхлүүлэв. Хэдийгээр энэ нүүр зураг албан ёсоор “Супермоделийн төрсний гэрчилгээ” болдог ч Линдбергийн хувьд хоёр жилийн өмнөх цагаан цамцтай зургуудаар энэ эрин хэдийнэ эхэлсэн аж. Сэтгүүлийн нүүр дээрх эдгээр таван загвар өмсөгчийг Жорж Майкл “Эрх чөлөө ‘90“ клипэндээ тоглуулсан бөгөөд загвар өмсөгчид дууны үгийг даган амаа хөдөлгөж буйгаар гардаг энэ клип Линдагаар эхэлдэг. Түүний богино үс Линдбергээс үүдэлтэй. Түүний зөвлөснөөр үсээ хөвгүүнийх мэт тайрч , зоримог өвөрмөц дүр бүтээснээр Линда тэр жилдээ итали, франц, америкийн Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.
Жианни Версаче 1991 оны намар өвлийн цуглуулгаа танилцуулахдаа нөгөө тавыг Жорж Майклын дуун дээр дуулуулан алхуулснаар олны танил загвар өмсөгчдийн үе эрчээ авчээ.
Энэхүү алдарт зурагчны 220 гаруй бүтээл, урьд өмнө ил гаргаж байгаагүй архивийн материал, тэмдэглэл, захидал зэргийг танилцуулангаа загварын түүхийн сүүлийн 40 жилийн хөгжлийг харуулсан “Загварын ертөнцөөс бодит орчин руу” үзэсгэлэн Мюнхен хотын Урлагийн Тэнхимд дэлгэгдэж буй.
Үзэсгэлэнгийн зарим тэнхмийг түүний гэр архив шиг сараалжин төмөр тавиурууд, зургийн хальс, зураг хадгалаастай хайрцгуудаар дүүргэсэн бөгөөд гэрэл зургуудыг томоор жаазлан өлгөжээ. Эл үзэсгэлэнд орох хаалган дээр ажил, амралтын өдөр ялгаагүй хөл ихтэй, урт дараалал үүссэн байхтай таарна.
Германы зурагчин Петер Бродбек 1944 онд төрж, хүүхэд насаа Дуйсбург хотноо өнгөрүүлжээ. Тэр хавь бол аж үйлдвэр зонхилсон орон нутаг болохоор хүүхэд нас нь элдэв чамин зүйлгүй, үйлдвэр, саарал машин техник, утаа тоосон дунд өнгөрчээ. Энэ орчин, ялангуяа ажлаа таран алхах залуусын нүүрэн дээрх хөө тортог, нүүрс болсон хувцас зэрэг нь түүний гоо сайхны ойлголтын суурийг тавьжээ. Тиймдээ ч элдэв өнгөнөөс зориуд зайлсхийж хар цагаанаар зонхилон зураг авна, ганган будаг шунх гэхээс нэг өнгийн даруу будалтыг илүүд үзнэ. Зургаа хэзээ ч засварладаггүй бөгөөд нүүр нүдний хөдөлгөөн , түүний илэрхийлэмжийг арчвал үнэнд үл нийцнэ гэж үздэг. Түүний ярилцлагыг уншиж байхад эсвэл баримтат кино үзэж байхад тэрээр “Үнэн үгүй бол гоо сайхан оршихгүй” гэж хэлсэнтэй байнга таарна. Хүн байгаагаараа, амьдралд туулж үзснээрээ, үнэнээрээ байхдаа үзэсгэлэнтэй гэж үздэг болохоор эмэгтэйчүүдийн үрчлээ, хөгшрөлтөөс айх айдсыг таягдан, дурангийн өмнөх чухам тэр эмэгтэйн гоо сайхан, үнэн мөнийг буулгахыг зорьдог аж.
Тэрбээр сургуулиа төгсөөд дэлгүүрийн шилэн хоргын чимэглэгч хийж байгаад 1962 оноос Берлиний урлагийн Академид элсчээ. Ван Гог, түүний зураг, зурах арга барилд татагдан 1968 онд түүний мөрөөр Францын Арль руу аялан, найман сар жимсний тариаланд ажиллаж байсан гэдэг. Буцаж ирээд чөлөөт уран зураг сурч байгаад 26 настайдаа гэрэл зурагт хөл тавьжээ.
Герман зурагчин Ханнс Луксийн туслахаар хоёр жил ажиллаад, өөрийн гэрэл зургийн студийг нээжээ. Бродбек нэртэй өөр нэгэн зурагчин байдаг, тэр нь энд тэнд өр тавьчихсан, тааруу нэр хүндтэй нэгэн болохыг мэдээд нэрээ Линдберг болгон өөрчилсөн байна.
Яагаад заавал Линдберг гэж? Номхон далайг гатлан Нью-Йоркоос Парис хүртэл зогсолтгүй ниссэн анхны хүн Чарльз Линдбергээс нэрээ авсан уу? гэсэн асуултад тэрбээр “энэ нэр олон улсад нэр хүндтэй, гэрэл зурагчинд тохирох санагдсан” гэж хариулсан байдаг. Гэхдээ Чарльз Линдбергийн түүх бүхий сониний нүүр дээр өөрийн Парис дахь гэрэл зургийн студийг хаягийг нийтэлснээс нь харахад нэрийнх нь гарал тодорхой мэт.
Германы “Од” сэтгүүлд зураг нийтлүүлж байгаад 1978 онд Парис хот руу гэр бүлийн хамт нүүж, загварын төрөл бүрийн сэтгүүлд зураг авах болсон. Түүгээр хөрөг зураг авахуулаагүй алдартнууд ховор. Зөвхөн загвар өмсөгчид бус кино урлагийн од, дуучин, нэр нөлөө бүхий олон хүн дуранд нь өртжээ. Гэвч тэр зургандаа нийгмийн байр суурь, гарал үүсэл, эрх мэдлийг үл хамааран гагцхүү хувь хүн гэдэгт анхаарал хандуулж, үнэн төрх бүхий хөрөг бүтээдэг байна.
Загварын зураг авалтууд дэлхийн өнцөг булан бүрт авагдах тул маш их аялдаг Линдбергийн нислэгийн тийз, онгоцон суух карт ийм зузаан болтлоо цуглажээ.
Түүнчлэн үзэсгэлэнд хувийн бичвэр, түүнд алдартай загвар зохион бүтээгч болон загвар өмсөгчөөс ирсэн зурвас зэрэг дэлгээтэй байв.
Жишээ нь энд, Клаудиа Шиффер: " Хайрт Петер, чамтай энд Мерсерт дахин таарсан нь ямар сайхан хэрэг вэ. Тим бид хоёр чамтай Арманид хамтран ажиллахыг хичнээн их хүсч байна гээч. Магадгүй бүтэх ч юм билүү! Хэрэв үгүй бол Лондон ирэхдээ залгаарай.Бидний хувийн утасны дугаар ...Түр баяртай, Клаудиа нь." гэж бичжээ. Дээр хамгийн эхний зураг бол тухайн үед Диорт загвар зохион бүтээгч асан Жон Галлианогийн Петерт илгээсэн зурвас.
1990-ээд оны сүүлээр зөгнөлт адал явдалт киноноос сэдэвлэн, харь гариг, нууцлаг ертөнцийг харуулсан цуврал зургуудаа авч загварын зураг гэхээсээ илүү зургаар түүх өгүүлэх тал дээр илүү анхаарсан.
Хүүхэд насаа өнгөрүүлсэн Дуйсбургаас холгүй Дюзелдорф хотод өссөн Германы найруулагч Вим Виндерсийн кинонууд Линдбергийн уран бүтээлд чамгүй нөлөөлсөн. “Берлинийг нөмрөх тэнгэр” киноноос санаа авч Амбер Валеттаг Нью-Йоркт тэнгэр элч болгон зураг авалт хийжээ.
XX, XXI зууны бүжгийн түүхийг зургаар харуулсан тусгай тэнхим энэ үзэсгэлэнд миний хамгийн дуртай хэсэг байв. Аливаа хөдөлгөөнийг хийж байх үеийн бие махбодь, нүүрийн илэрхийлэмж Линдбергт хамгийн сонирхолтой, үнэн бөгөөд сайхныг илтгэдэг аж. Тэрээр Германы бүжиг,кино, Диагилевийн “Бале Рус”-аас сэдэл авч олон зураг авсныг энэ танхимд дэлгэсэн бөгөөд зарим өдрүүдэд, тодорхой цагт орчин цагийн бүжгийн тоглолт олныг баясгаж байлаа.
Үзэсгэлэнгийн дэлгүүрийг мөн адил Линдбергийн агуулах мэт, сараалжин төмөр тавиуруудаар засч, зураг, ил захидал ном зэргийг зочдод санал болгож байв.
Өдгөө 73 настай зурагчин маань үзэсгэлэнгийн нээлтийн хэвлэлийн бага хурал дээр зочдын асуултад хариулж байхдаа англи, герман хэлээр чөлөөтэй хөрвөх ба өөрийн амжилтийн нууцыг хойч үедээ үлдээнэ үү гэсэн асуултад “Дурангийн өмнө буй хүнээ сайтар ажиглах.Зарим сэтгэлийн хөдлөл ид шитэй мэт аура дагуулдаг. Тэр мөчийг л дурандаа буулгах хэрэгтэй. Бусдын олж хараагүй тийм төрхийг, үнэн төрхийг буулгаж чадвал сая сайн зураг болно” гэж хариулж байв. Хувь хүн бүр өөрийн гэсэн үнэн төрхтэй, энэ үнэн нь түүнийг бусдаас онцгой, үзэсгэлэнтэй болгодог аж.
Та нар минь энэхүү гайхалтай үзэсгэлэнгээр зурган аялал хийж, бага ч болов сэтгэгдэл олж авсан гэж найдаж байна. Загвар, гэрэл зурагт дуртай, Мюнхенд ойр байгаа уншигчиддаа заавал үзэхийг зөвлөе. Үзэсгэлэн энэ сарын сүүл хүртэл дэлгэгдэнэ.
Дараагийн бичвэр хүртэл түр баяртай,
Kommentar schreiben
Khaliun Baatar (Montag, 04 Dezember 2017 11:12)
Thank u