Австрид амьдардаг энэ зохиолчийн шүлгүүдтэй нүүр номд таараад, бушуухан дагагч болсон юм. Ном авсан хүмүүсийн захиалгыг шууданд аваачих гэж байна гэсэн зураг долдугаар сард хийнгүүт нь анхны шүлгийн ном болон шинээр гарсан “Вангийн нулимс” номыг нь захиалж авав.
Түүнийг Европын хотуудаар уншигчиддаа илтгэл тавин, уулзалт хийж байгааг нүүрномоор хараад, Мюнхенд элдэв үйл ажиллагаа зохион байгуулдаг “Монгол сайн дурын байгууллага”-ын бүсгүйд хандан “Энэ хүнийг Мюнхенд аваад ирээч, тэгэх үү” гэж гуйтал, хэн гэдгийг нь хараахан мэдээгүй байсан тэрээр нүүрном руу нь орж, шүлгий нь уншаад, холбоо барьж, хэдхэн хоногийн дараа ирүүлэхээр болгосон байдаг юм даа. Бөөн баяр! Гэтэл би ажлаар Монгол яваад, бямба гарагт Берлинд газардаад, Мюнхенд шөнө гэртээ ирсэн хүн, маргааш нь хүү нөхөр хоёроо оронд нь үлдээгээд өглөө эрт номын уулзалт руу давхисан. Үнэн хэнээтэй байгаа биз? Бүр бямба гарагт болох тухай яригдаж байсан гэсэн, гуйн барин Мюнхенд зохион байгуулуулж буй зүйлдээ өөрөө очиж амжихгүй байсан бол харамсалтай шүү дээ.
“Тархиа бүлээн байгаа дээр” уулзалт маш гоё болсон. Тохирсон аяз сонгон, шүлгүүдээсээ уншиж, Мюнхений хэдэн өр нимгэн охидийг уйлуулчихсан, энэ нөхөр. Уулзалт эхлэхэд, түүнийг харчихаад “Нүүрном дээрх шигээ амьдаараа ч царайлаг юм” гэж бодож суутал, “За, нүүрномоосоо шал өөр залуу байна гэж бодож байна уу, та нар?” гэхэд нь инээдээ арай гэж барив. Түүний яриа өгөөжтэй, олон хүнд нэг бусыг бодуулсан байхаа. Уулзалтын төгсгөлд асуулт асуух боломж гарахад би юунд алдахав, баахан юм асуусан. Нөгөө л миний байнга сонирхон судалдаг хувь хүний хөгжлийн тухай, шүлэг зохиол бичих сэтгэлийн дуудлагаа хэрхэн олсон, өөрийгөө олох тал дээр залууст юу гэж зөвлөмөөр байгаа, зохиол бичих дадал, хэдэн цаг зарцуулдаг гэх мэт, бүгдий нь дуржигнаад асуучихаар ойлгоогүй байх, зарим асуултыг минь буруу тусгасан бололтой, хариулт аваагүй ээ.
Уулзалт болох үед би түүний шүлгийн номыг дуусгаж амжсан, “Вангийн нулимс” эхлээгүй байсан юм.
Номын нэр харахаараа би өөр өөр хэл рүү буулгаж “кайфддаг” нэг тийм хэнээтэй. Тэгээд л “Ван” гэдэг чинь ямар хэргэм цол билээ, хэрхэн хэрэглэгддэг билээ гэсэн шүү бодол болсоор уншиж эхэлсэн. Гэтэл энд Ван нэртэй докторын тухай өгүүлэх аж.
Ингээд энэхүү номыг уншаад төрсөн сэтгэгдлээ та нартаа хуваалцъя:
Мяралзан урсах гол хараад юу боддог вэ? Сайхан гол байна гэж хараад өнгөрөх хүн байдаг бол сониуч хүн уг мөрөн хаанаас эх авч, хаана цутгадаг, зүй тогтол зэргийг сонирхдог. Хот тосгон, байгаль тогтоцийн тухай өөрийн олж мэдсэн зүйлээ зохиолийн баатрууд хоорондын харилцан ярианд хавчуулснаас болон “Надад харж байгаа зүйлээ мэдэж байх нь илүү сайхан санагддаг учраас...(хуудас 64)” гэснээс зохиогч тун сониуч, ажигч, аливаа зүйлийг нарийн мэдэхийг хүсэгч болох нь харагдана. Энгийн зүйл дээрх энэ хандлага нь түүний зохиолийн гол баатарын мөн чанарын үндэс болжээ.
Зохиолын гол баатар Улсболд, түүний хүү Ариунтөр, ер нь номд гарах нэрнүүд (ЭмЧинТун групп, Шизү, Лин Лин)бүгд цаанаа давхар утга агуулсан. Тохиолдлоор оноосон зүйл энэ зохиолд бага санагдав. Аав хүү хоёрын хоолоо идэхээс өмнөх гэмгүй тоглоом яриан дунд л “Төр ариун бол улс ариун (хуудас 66)” гэж том философи хавчуулчихсан байгаа юм.
“Би тэнэг болохоор бүхнийг мэдэх гэж хичээдэг, чи цэцэн болохоор мэдэхгүйгээ хэлэхдээ ч ичдэггүй” гэж хий цэцэрхэгч, мэдэмхийрэгч, мэдлэгтэй болж харагдах эрмэлзэлтэй хэлбэр хүмүүсийн тархин дундуур гоё татаад авсан байгаа биз?Даанч чухам хэрэгтэй хүн нь үүнийг хүлээн авах долгион тааруулсан явдаг болов уу?
Зохиолд хүүхдийн вакцин, тусламжийн бараа, тоглоом зэрэг өдөр тутам хэн ч үл сэжиглэх энгийн зүйлд дайж болох аюул, улс гүрэн, үндэстний эрх мэдэл, засаглах, тэлэх эрх ашиг шинэ зуунд ямар хүрээнд яригдаж буйг өгүүлэхдээ энэ талаар өмнө нь бодож байгаагүй уншигчид цоо шинэ харах өнцөг өгч, харин дуулсан сонссон хүмүүс т нь судалгааны явц, хэтийн төлөвийг харуулна.
Анагаахын эрүүгийн эрх зүйн нэг нийтлэл орчуулах гэж хэдэн жилийн өмнө би “Үүдэл эс” (Stammzell) гэдэг үгтэй таарч байсан. Эрүүл мэндийн салбарын хүмүүст бол энэ хэдийнэ танил болсон зүйл. Роман уншингаа та нар үүдэл эсийн тухай олон зүйлийг мэдэж авна. Тайлбарлаж буйгаас нь харахад зохиолч энэ сэдвийн судалгаандаа чамгүй цаг, хөдөлмөр зарцуулжээ.
“Чиний дэлхийг замчлах гэсэн үзэл, миний дэлхийг захирах гэсэн хүсэл хоёр нэгэн цэгт огтлолцсон тэр цагийн төлөө чамд талархъя” (хуудас 89) өгүүлбэрийг би дахин нэг анхаарч уншсан. Зэвүүн өгүүлбэр байгаа биз? Ван доктор эрдэмтэн хүний хувьд дэлхийг замчлах зорилготой, харин Ху Шень болон дайсны талынхан зорилгодоо урвуугаар ашиглаж, олон хүнийг, үндэстнийг хүйс тэмтрэх санаатай. Ядуу буурай орон, ажлаа мэддэггүй, хяналт шалгалт үгүй, авилгад автсан төрийг ашиглан хэрхэн санаагаа хэрэгжүүлж байгааг өнгөтөөр харуулна.
Өнгөтөөр харуулна гэснээс энэ зохиолыг уншиж байхад “Биелшгүй даалгавар” киноны ая л толгойд дуугаараад байсан. Ер нь Улсаа бол Монгол Жеймс Бонд, Том Круз хоёрын хоршилоор харагдаад байгаа. Гэхдээ тагнуулын боловсрол мэдлэг эзэмшээгүй, бэлтгэгдээгүй гэхэд энгийн хүнд баймааргүй сэрэмж, “муу санаатай”, айхтар нөхөр. Хэнд хандах үгүйгээ тооцоолно, бичлэг хийж баримт цуглуулна гэх мэт жирийн нэг, Германд сургууль төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж буй залуу гаргамгүй алхмууд хийнэ. Бас задлан шинжлэх ухаан сайтай, тэр тэмдэглэлээ хөтлөөд асуудлыг авч үзэж байгаа нь хэзээний Холбооны Мөрдөх Товчооны аналист, эрсдэл тооцогч шиг. Дээр нь Улсаа их царайлаг гэдгийг түүнд дурлах бүсгүйчүүдийн хийх үйлдэл, бодол харуулна.
Bond girl бас байгаа. Ер нь бол Жеймс Бонд мэдээлэл авах зорилгоор хөөрхөн гэхдээ тийм ч “ухаантай бус” хүүхнийг ашигладаг. Тэр нь Улсаад унан тусан дурласан Өглөөсайхан байлаа. Мэдээлэл түгээгч таагүй төгсдөгийн адил тэр даанч амь насаа зэрлэгээр алдана. Харин сайхан ч бүсгүй, ухаантай ч бүсгүй нь Лин Лин. Анх дүрвэгсдийн хуаранд түүний гадаад байдлын дүрслэлийг уншаад л энэ бүсгүйтэй амраг болох нь дээ гэж бодож байлаа. Лин Лин бол жинхэнэ Bond girl-оор төсөөлөгдсөн.
Улсаагийн найз бүсгүй Агиатайгаа анх учирч буй түүх их хөөрхөн. Хойшоо харж давхиж яваад онхолдчихдог, хүнийг тэгтэл нь айлгаад байхдаа яах вэ. Дүрвэгсэдийн хуаранд таарах Буянаа эгч нэг л дотно дүр. Монгол ээж нар тийм л сэтгэлээрээ, дулаан хүмүүс байдаг, амьтны хүүхдийг өрөвдөж байгаа нь хүртэл зөөлөн.
Хожим Мосегийн нэрээр цахим тэмцэл өрнүүлж, мэдээлэл түгээж буй Улсаа надад саяхан үзсэн Сноудений киног бас санагдуулав. Эх орон, нутаг усандаа хайртай, үр хойчоо боддог, ирээдүйгээ эргэцүүлдэг Монгол залуугийн төрх Улсаа. Бас урлагт дуртай, ямар зураг хананд өлгөөтэйг танина, хөгжмийн мэдлэгтэй гээд түүнээс Европ боловсрол шууд ханхална. Бас шүлэг тэрлэнэ, зохиогч Улсааг бүтээхдээ өөрөөсөө их зүйл тасалж авсан байх аа.
Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн дүр бол “Төвөнх”. Уг нь бол хүний амь хороодог, мафиозо этгээд л дээ. Гэхдээ тэр ямар зам туулсан, яагаад ийм болсон гэдэг нь сонирхолтой. Түүнд “эр хүний шинж” гэдэг нүнжигтэй зан байдаг. Дан сайн, эсвэл муу хүн гэж байдаггүй шүү дээ. Төвөнхөөс сурсан зүйлүүд нь Улсаа өдий хүртэл амьд яваагийн ач. Энэ роман 556 хуудастай зузаан ном. Би хүүгээ унтуулаад зав гарангуут л уншсаар хэдэн өдөр дагнасан юм. Нэг орой нөхөр маань ажлаасаа ирээд хүүгээ аваад нөгөө өрөөнд оронгуут, номоо дэлгэн уншиж байгаад “ Саяны тээшин дотор байгааг чинь харахад бол асуудлаа дуусгах биш, хэд тонгочоод шантрах нөхөр байна даа” (хуудас 476) гэж Төвөнх Улсаад хэлж байгааг уншаад түсхийтэл ганцаараа чанга инээв. Манай хүн “Наад ном чинь гоё, хөгжилтэй байна уу?” гэсэн. Үгүй дээ, Төвөнх надад таалагдаад л тэр. Нэг тийм танхай, шударга.
Өөрийн эрхгүй түсхийтэл инээсэн энэ хэсгээс ганцхан нүүрний дараа би уйлсан гэвэл итгэх үү? “Хүүгийнх нь үнэр...Гэрийх нь үнэр...Монголын үнэр” гэсэн мөртүүдээр, хүүгийнхээ дан цамцыг үнэрлэн Улсаа шимширч байгааг мэдэртэл бичсэн болохоор, ээж болсноос хойш үр хүүхдээсээ хол байдаг хүний сэтгэлийг ойлгох чадвартай болсон болохоор тэр байх.
Улсаагийн ээж нөгөө л вакциний халдвараас ханиад хүрсэн байх. “... Хэрэв чи халдвар тээгээд гэртээ харьсан бол эмээ чинь тусах магадлал хэд вэ? ...Монголд эмээ өвөө нар л ач зээгээ хардаг. Хүүхэд өвдвөл тэд л буруутай, харин тэд өвдвөл хэн ч буруугүй. Угаасаа хөгшин юм чинь...Бас өөрөө өөртөө эмч болчихсон байдаг.100 хүүхэд нэг халдвар авсан нь тогтоогдвол асуудал үүснэ. 100 хөгшин хүнээс 10 нь эмнэлэгт ирэхэд ямар ч асуудалгүй.” (хуудас 440) Ойлгож байна уу? Бидэнд нүүрлэж болох бодит аюул, боломжгүй гэх зүйлгүй шинэ өнцөг. Асуудалд ултай хандах, сэрэмжтэй, ухаалаг байх уриалга байлаа, энэ зохиол бүхэлдээ.
Энэ ном кино үзэж буй мэт нэг орноос нөгөө рүү аялуулна, Монгол адал явдалт кино зургууд төсөөлөгдсөөр байгаад дууслаа.
Миний хамгийн дуртай хоёр эшлэл: “Хүн насаараа бусдаас нуугдаж чадавч өөрөөсөө нуугдаж чадахгүй.”Төвөнх
“Эрх чөлөө гэгч хүнд юутай үнэт зүйл болохыг тэр дахин голдоо ортол мэдэрсэн нь тэр билээ.” (хуудас 451)
Зохиолыг уншаагүй хүмүүстээ үйл явдлыг бүгдийг илчлэхгүйн үүднээс ингээд өндөрлөе. Та нар заавал уншаарай. Эрүүл мэнд, улс төр, нийгэм, эрүү, тагнуул, бүх л салбарыг дагнасан бүтээл. Монгол, Хятад, Манж улсын тухай бас нэлээдгүй зүйл мэдэж авна. “Дайсан чинь том байх тусам хөлд нь суух ямхын бодлого гэж мэдэх үү? (хуудас 213) гэдэг хэсгийг уншаад Олон улсын харилцаанд оюутан байх үед “ Их гүрнүүдийн гадаад бодлого” хичээл дээр үзэж байсан "хүр хорхойн арга, ямх ямхаар мэрэх, харийг харьтнаар турхирах" гэх мэт бодлого, онолууд шууд санаанд орж ирэв. Тэгэхээр энэ номоос бас олон улс, гадаад бодлогын чанартай олон зүйл олж харнаа, та бүгд.
Надад харин номын хавтсан дээрх зураг таалагдаагүй. Нулимс хэлбэртэй шингэн дотор үүдэл эс, вакцин, түлхүүр үгнүүүдээ хөвүүлсэн нэг тийм нууцлаг, иллюстраци байсан бол илүү гоё байх байсан болов уу? Цаашид кино болвол энэ хоёрыг тоглуулна биз, номон дээр нэг л биш. Бусдаар бол гайхалтай байлаа.
“Үүлэн тайзтай бийрэн жүжиг” хэмээх гоёмсог уран зураг болж шууд сэтгэлд төсөөлөгдөм нэртэй шүлгийн номынх нь талаар би олон юм хэлэхгүй ээ. “Хүмүүс миний зургуудыг хэлэлцэж, ойлгосон дүр эсгэхийг хичээх юм. Үнэндээ тэднийг ойлгон ухах бус мэдрэх, хайрлах нь илүү чухал” гэсэн зураач Клод Монег би энд эшлэе. Түүний шүлгүүд яг л тийм. Зүгээр л уншаад мэдэр.
Ингээд тун удахгүй дараагийн бичвэрээр уулзъя.
Kommentar schreiben
Zaya (Mittwoch, 24 Januar 2018 07:05)
Todko Samson gej huniig umnu ni er mededgui bsan bilee, uuriin tani temdegleliig unshaad sonirholtoi sanagdaad "Hun chuluunii bichees" nertei nom hudaldan avch unshssan. Taalagdsan:)