Ширээ рүү минь тавтай морил,

сониучхан минь!

Хүүхэд шиг сониуч зан, хөлгүй их хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн урлаг, соёл, загварын ертөнцөөр аялж буй түүхээ та бүхэнтэйгээ хуваалцахаар Герман орноос энэхүү блогоороо мэндчилж байна.


Үндсэн мэргэжил минь олон улсын харилцаа, хууль, герман-монгол хэлний итгэмжлэгдсэн орчуулагч. Хүсэл сонирхол минь гэвч загварын ертөнц рүү тэмүүлнэ. Хэрэв зээ Диана Фриланд, Анна Винтур, Карин Ротфельд зэрэг загварын сэтгүүлүүдийн домог болсон эрхлэгч нарын  тухай эртхэн мэдсэнсэн бол загварын сэтгүүл зүйг сонирхон их дээд сургуульд орохдоо өөр нэгэн замыг сонгох  байсан биз ээ. Хэдий тийм ч хүний сурсан зүйл хэзээд хэрэг болж байдаг. Эрх зүйн шинжлэх ухаан надад аливаад ул суурьтай  хандах, үргэлж үндэслэл бүхий зүйл хэлж, ярьж байхыг сургаж, мөн чамгүй тэвчээр суулгасан юм.  Мэргэжил ба хүсэл сонирхол хоёр минь бие биенээ гүйцээж,  би ч аль алиныг нь хослуулах замыг өөртөө нээсэн билээ.


Би номны хорхойтон. Багаасаа л ном их уншдаг, бичих дуртай, өдөржин ном уншаад, оройжин юм бичээд ширээн дээрээ сууж байдаг, ээж минь “одоо болноо, унт” гэж загнаж байж унтуулдаг хүүхэд байсан. Одоо ч ширээндээ өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг тул блогоо ингэж нэрлэсэн юм.


Хувь хүний хувьд би “Санаа сайн бол заяа сайн”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгт  машид итгэдэг, аливаа зүйлийн сайн, сайхан талыг олж харах дуртай, өөдрөг нэгэн. Утга учиртай, хайр дүүрэн амьдарч, амьд оршихуй минь хэн нэгний инээх, баярлах, урамших, хайрлах шалтаг болж байвал, амьдарснаараа би хүний хорвоод гэгээн дурсамж, сайхан мөр л үлдээж байвал энэ миний сэтгэлийн дуудлага.


Та миний ширээ рүү өнгийснөөр нэг хором ч болтугай сэтгэлийн таашаал эдэлж, сайн сайхан зүйл рүү тэмүүлж, шинэхэн урам зориг, шинэ мөрөөдөл өөртөө ургуулж чадвал, түүнчлэн адил төстэй сонирхлоо хурцлан, санаа авч, бүтээлч байх сэдэл олж авбал энэхүү блогоо нээсний минь хэрэг бүтэх нь тэр ээ.
Ердөө л эерэг бүхнийг та нартай хуваалцах, та бүхэнд халдаах гэсэн санаа агуулсан юм,  нэг ч гэсэн зүйлийг далимд нь шинээр олж мэдвэл олзуурхууштай хэрэг буй за.

 

Хүндэтгэн мэндчилсэн,

Д.Чанцалдулам