Өөрийгөө нээх, сэтгэлийн дуудлагаа олох тухайд туршлагаасаа хуваалцан, дуртай зүйлээ хэрхэн олж мэдэх талаар бичвэр оруулна гэсэн амлалтандаа хүрч, энэхүү бичвэрийг бэлдлээ.
Та нарын хувьд амьдрал ид эхлэх гэж байгаа, үүрнээсээ дөнгөж нисэхдээ “Би чухам хэн бэ? Ямар зорилготой амьдарна вэ? Миний хүсэл мөрөөдөл, мэргэжил юу вэ” зэрэг асуултыг өөрсдөөсөө асуун эргэцүүлж буй бол баяр хүргэе. Учир нь, та бүгд оройтолгүй энэ тухай тунгааж эхэлжээ.
Харин амьдрал хэдийнэ өрнөсөн, үргэлжилсээр буй, он цаг урссан хэвээр байхад нэг л зүйл дутуу мэт, байх ёсгүй газраа гацсан мэт, шар нар, бор хоногийг ёстой мэт өнгөрөөж, амьдралын утга учрыг өөрөөсөө асуух нь байтугай бодож ч үзээгүй, эргэцүүлсэн ч дорвитой хариу олдоггүй бол энэ байдлаа өөрчлөх нэгэн шийдлийг санал болгоё.
Сэтгэл санаа юунд ч юм бүүдгэр, инээж байснаа гэнэт уйлдаг, тогтворгүй ааштай, үргэлж сэтгэл дундуур, таалагдах зүйл нэгээхэн ч үгүй, ялимгүй зүйлд ассан бар шиг дүрэлзэн орилж, уурандаа элдэв үйлдэл хийдэг, хэнд ч юм байнга гомддог, тунирхдаг, хайртай хүмүүстээ хайртайгаа илэрхийлэх нь бүү хэл эсрэгээрээ тэднийг үзэн яддаг мэт авирладаг, хэрүүл өддөг, хөөдөг, тунирхдаг гэх мэт элдэв таагүй авир бүрийг гаргаж, эцэст нь өөртөө улам дургүй болдог бол, эсвэл өөрийгөө яагаад байгааг мэдэхгүй аргаа бардаг бол ихэнх тохиолдолд “Сэтгэлийн дуудлагаа үл сонсон, өөрийгөө олоогүй, нээж, хөгжүүлээгүй”-н улмаас тэр гэнэ. (Эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох өөр нэг шалтгаан бол төмрийн дутагдал. Хэрэв ийм ааш араншин элбэгшээд байвал цусны шинжилгээ өгч тогтоолгоод, төмрийн бэлдмэл уух хэрэгтэй. )
Хүн бүрт байгалиас өгөгдсөн билиг авьяас, түүн дээр үндсэлэсэн сэтгэлийн дуудлага гэж байдаг ажээ. Чухам тэр хүч чадлаа олж нээгээгүй, хөгжүүлээгүй, сэтгэлийн гүнд орших тэр зүйлийг чадвар болгон гаргаагүйгээс зам мөр хазайж, нэг л буруу газар оршин, хүсээгүй хүнтэйгээ, сонирхолгүй ажлаа хийн амьдарч буй мэт санагддаг. Монголчууд эртнээс нэг л болж, бүтэхгүй байгаа хүнийг “сүнс нь төөрсөн, зайлсан” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй аж. Түүнчлэн биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас хэмээх дараалал зүгээр ч нэг үүсээгүй нь учиртай.
Хувь хүний хөгжил буюу, хүн өөрийгөө таньж мэдэх, сэтгэлийн дуудлагаа олох, эрэлд гарах нь хүн бүрийн эзэмшвэл зохих хамгийн чухал боловсрол ажээ. Их дээд сургуульд боловсрол эзэмшсэн, ажил мэргэжилтэй, гаднаас нь харахад гял цал боловч хувь хүнээ хөгжүүлээгүй бол дотроо хоосон, энэ хоосролоо дүүргэх гэж бусдыг даган дуурайдаг, хардаж сэрддэг, атаархдаг, тогтворгүй байдаг бол эзэмшсэн үнэн зөв боловсролгүй хүмүүс мөн адил өнөөх хоосноо дүүргэх гэж гадагш дуу чимээ ихтэй, цээж дэлдэн гайхуулах дуртай, үргэлж бусдад өөрийгөө тайлбарлаж, нотолж, өрөөлийг дайсан гэж үзэх хандлагатай, өдөөн хатгагч байдгийг сэтгэл зүйчид тогтоосон байна.
Иймд хувь хүний хувьд, өөрийгөө жинхэнэ утгаар нээж, сэтгэл дүүрэн, амар амгалан амьдрахыг хүсэж байвал нэн тэргүүнд хийх ёстой алхам бол:
Өөртөө үнэнч байх
Сэтгэл дотроо үнэн зөв байж гэмээнэ гадагш тэгш сайхан явна. Чи ямар хүн бэ? Муухай ааштай хүн бол авираа зас, залхуу бол одооноос сэр. Худал хэлдэг бол дахиж худал өгүүлэхээсээ өмнө хэлээ хаз. Хуурамч бүхнийг сэтгэлээсээ зайлуул. Өөрийгөө яг бодитоор дүгнэ.
Чи сайн найз, нөхөдгүй байгаа нь үнэхээр тэдний буруу юу? Бусдаас хүсдэг шигээ өөрөө тийм найз байж чаддаг уу? Хайртай хүн чинь чамайг үнэхээр гомдоосон уу? Гомдмоор болоод л түүнд хэрэг тулгачихав уу? Бусдаас хулгайлсан санаагаа өөрийн болгов уу? Хүний юмаар хүүдэгнэв үү?
Бусдыг хуурч чадсан ч өөрөө худлыг мэдэж байгаа цагт биед сайн сайхан мэдрэмж авчрах даавар ялгарахгүй.
Өөртөө үнэнч байгаагүй цагт хэзээ ч бүрэн дүүрэн аз жаргалтай болохгүй. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн ихэнх тохиолдолд хүн өөрөө буюу түүний хандлага буруутай байдаг. Тэгэхээр аливаад хандах хандлага, зан авир, хэл яриа, үйлээ зөв болгох нь чухал.
Ингээд дараагийн алхам: Өөртэйгээ танилцах
Өөртөө үнэнчээр дараах асуултуудад хариу олсноор сэтгэлийн дуудлагаа олоход дөхөмтэй болно.
- Би юу чадах вэ? Зарим хүн хэл ярианы чадвартай, зарим нь орон зайн, логик чадвартай гэх мэт төрөлхийн билиг, авьяастай байдаг. Чиний төрөлхийн авьяас чадвар юу вэ?
- Чи ямар үйлийг хэдэн ч цаг хамаагүй, сайн дураар хийж чадах вэ?
- Ямар сэдэв сонсохоор, ярихаар нүд сэргэж өөрийн эрхгүй баярлаж байна?
- Хэзээ, ямар үйл хийснээр өөрөөрөө бахархаж байсан бэ?
- Чиний үнэт зүйл юу вэ?
- Чиний хувьд хамгийн чухал зүйл юу вэ?
- Юунд сэтгэл зүрхнээсээ тэмүүлж байна?
- Ямар ажил, мэргэжил чамд таалагддаг вэ?
Эдгээр асуултыг өөртөө тавьж хэсэг хугацааг өнгөрүүлээрэй. Эхлээд инээдтэй сонсогдох авч яг суугаад эргэцүүлэхээр чамд их тус болно гэдгийг амлая.
Эцэст нь: Дуртай зүйлээ тууштай хийж эхлэх
Аливаа зан үйлийг хийснээр, хийж эхэлснээр, санааг үйлдэл болгосноор хүн урьд нь мэдээгүй олон чадварыг нээж, туршлагажиж, эзэмшдэг. Иймд үнэхээр өөрийн дуртай зүйлээ мэдмээр, сэтгэлийн дуудлагаа олмоор бол дээрх асуултуудад хариулж бичээрэй. Ингээд юунд дуртай, ямар зүйлийг хийх дуртайгаа олж мэдчихээд түүн дээрээ тулгуурласан ажил мэргэжил, түүгээрээ амьдрал залгуулах боломжуудыг хайж эхэлнэ. Ингэхдээ, хэрэв ямар ч саад бэрхшээлгүй, боломж байсан бол би ямар мэргэжилтэй, хэн байх вэ? гэдгийг тогтоогоорой. Жишээ нь, би загварын ертөнцөд дуртай, энэ талаар хэдэн цаг ч хамаагүй уншиж, үзэж, судалж, ярьж, бичиж чадна. Энэ сэдэв нүд сэргээнэ. Загвар зохион бүтээгч сайхан мэргэжил санагддаг ч ийм мэргэжилтэй болох хүн багаасаа л зүү утас барьж, хүүхэлдэйндээ хувцас оёж байдгийг мэдээд, би тийм биш гэдгээ мэдсэн бөгөөд өөрийн бичих, унших тал дээрээ илүү анхаарсан. Унших дуртай, бичих дуртай хүн ямар ажил эрхэлбэл болох вэ? гэх мэтээр судалж байж сая өөрийн хүссэн мэргэжлийг олно. Ингээд энэ мэргэжлээ эзэмшихийн тулд ямар нөхцөл болзлыг хангах вэ, яаж боловсрох вэ? гэх мэтээр цаашилна.
Хамгийн гол нь эхлээд юунд дуртайгаа олж мэдснээр том амжилтанд хүрнэ шүү. Загвар зохион бүтээгч болмоор бол эхлээд тийм хүний хажууд дадлага хий, туршлага суу. Ингэх явцдаа дараа дараагийн алхмаа боловсруулдаг болохыг нэрт загвар зохион бүтээгчдийн намтар гэрчилнэ. Зоогийн газар, зочид буудлын эзэн болмоор бол тэнд ажилла. Өдөр тутам нь хэрхэн өрнөдгийг ажигла, суралц. Амжилттай бизнесменүүдийн намтар сургаалийг судал. Гар урлал, чимэглэлд дуртай, түүнийгээ ажил болгохыг хүсдэг хүн гэр ахуй, чимэглэлийн дэлгүүрт ажиллаж эхэлбэл, албан тасалгаанд сууснаас илүү тустай. Гэх мэтчилэн дуртай зүйлийнхээ салбарт хөл тавих, хожим энэ чиглэлд чамайг хөгжүүлж, туршлагажуулж өгөх салбарт багаас нь ажиллаж эхлэх хэрэгтэй. Кино найруулагч болох хүсэлтэй хүн телевиз радиод, кино үйлдвэрт ажиллавал их зүйл сурах болохоос зөөгч хийснээр энэ хүсэл мөрөөдөлдөө алхам ойртохгүй.
Хоол идэх дуртай, хоолны тухай хэдэн ч цаг хамаагүй ярих дуртай юу? Тэгвэл идсэн хоол бүрийнхээ сэтгэгдлийг хуваалцан юүтүүбээр цацдаг охин, одоо олон сая дагагчтай, дэлхийн өнцөг булан бүрээс хувь хүн, компаниас үнэгүй хүнсний бүтээгдэхүүн хүлээн авч, түүнээ идэж, сэтгэгдлээ хуваалцан, мөнгө олдог болсон байна. Нисгэгч мэргэжилтэй, цалин өндөртэй ч аз жаргалгүй,хоосон оргисон амьдралаас залхаж амиа хорлохоо шахсан хүн хоол хийх дуртай тэр л хүсэлдээ хөтлөгдөн тогооч болсон, цалин бага ч хэзээ ч ийм сэтгэл ханамжтай, тайван амьдарч байгаагүйгээ хэлж байна. Дутагдаж гачигдах зүйлгүй амьдралаас уйдаж, хар тамхи хэрэглэн, галт тэрэгний буудлын шал дэрлэдэг болсон өмгөөлөгч залуу уншиж чаддаггүй хүмүүст бичиг үсэг зааж өгч, багш болсноор аз жаргалаа олсон түүх гээд тоймгүй олон жишээ бий.
Гагцхүү, дотоод сэтгэлийн дуудлагаа сонсч, эхэндээ эрүүл ухаанаар боломжгүй мэт санагдах ч дуртай зүйлдээ боломж олгон, түүндээ тулгуурласан зорилготой болж, төлөвлөж, алхам хийн, туршаад үзээрэй.
Гаднаа дүр эсгэн, өөрийгөө хуурч амьдардаг бол, олон зүйлийг тэвчдэг бол, эсвэл амьдралд бүх зүйлд амжилттай яваа мэт боловч амар амгаланг олдоггүй, байнга нэг зүйл дутуу мэт санагддаг бол, дотроос нэг зүйл хатгадаг бол, өөртэйгээ үнэнчээр нэг ярилцаад, сэтгэлийн гүн дэх дуу чимээндээ гадагшлах боломж олгоод үзээрэй.
Сэтгэлийн дуудлагаа олсноор та хэнд ч юуг ч нотлох шаардлагагүй, өөрийгөө өмөөрөн бусдад тайлагнахгүй, өрөөлийг дайснаа эсвэл өрсөлдөгчөө гэж үзэхгүй, өөрийн дуртай зүйлийг хийж, суралцаж, хамгийн гол нь сэтгэл тэнүүн, амар амгаланг олж, утга учиртай амьдрах болно. Ингэсэн цагт амжилт, хүлээн зөвшөөрөлт, хүндлэл гээд бусад зүйл аяндаа дагалдан ирдгийг олон амжилттай хүн илтгэдэг.
Хувь хүний хөгжлийн талаар Германд маш олон сургалт семинар зохиогддог, амжилтийн үндэс, амжилтийн семинар нэртэй сургалтыг байгууллага хамт олонд санал болгодог. Миний мэдэх хамгийн сайн нь Док. Энкелманн. Энд цахим хаяг нь бий, сонирхоорой. Үүсгэн байгуулагч Николаус Энкелманнтай би ажлын шугамаар танилцах завшаан гарч байсан, харамсалтай нь саяхан өөд болсон. Түүний охин Док. Клаудиа Экелманны семинар гайхамшигтай гэж би хэлнэ.
Nikolaus B. Enkelmann
Хүсвэл хувь хүний хөгжлийн талаар монгол, герман, англи хэлээр уншсан номуудаасаа санал болгож нэг бичвэр оруулж болох юм. Юутай ч ингээд өндөрлөе. Та нарт өөрийгөө нээхэд өчүүхэн ч гэсэн санаа өгсөн байх гэж найдъя.
Дараагийн бичвэр хүртэл түр баяртай
Kommentar schreiben
Chimgee (Mittwoch, 05 Juli 2017 07:58)
Mash ih bayrlalaa. Yg odoo nadad tulgamdaj bui asuudliin tuhai bichsen baina. Ene tuhai ih sonirhoj baigaa tul daraagiin bichveree oruulj uguurei bayrlalaa tanii ajild amjilt�.
Rose (Mittwoch, 05 Juli 2017 08:25)
Сэтгэлийн дуудлагаа мэдээд байгаа хэрнээ үүнийхээ дагуу ямар ч алхам хийхгүй дарж, өөрийгөө боомилоод байгаа мэт бачимдсан өдрүүдийг өнгөрүүлж байна. Гэхдээ таны бичвэрийг уншаад өөрийнхөө хийж чадах багахан зүйлээс эхлэе гэж шийдлээ. баярлалаа.
Tsolmon (Donnerstag, 20 Juli 2017 21:25)
Баярлалаа яг л ийм зүйлийг олж мэдэхийг хүсэж байлаа. Санамсаргүй таньдаг эгчийнхээ FB рүү нь ортол хуулаад авсан байна аа ороод хартал яг надад зориулсан юм шиг , энэ мөчид би би би.. гэд л бодлогоширч эхэлдэг юм байна. Дараагийн бичвэрийг хүлээж байна :)
Aya (Freitag, 04 August 2017 14:15)
Unexeer saihan gerel gegeetei xuuxed zaluuchuudad xeregtei saihan zuvulguu bna.Zurag ni xurtel bichsen zuilteigei uyaldan xolbogdson ugiin yumnii zoxitsoliig oldog naizaar baharhaj bnaa.Ulam olon xeregrei medeelel oruulaarai mini naiz!
ichko (Mittwoch, 08 November 2017 08:18)
Сайн байна уу? танд маш их баярлалаа. Энэ л яг миний хийх дуртай ажил байна. Таны бичвэрийг ашиглаж болох уу? Олон хүний өмнө гарах, тайзан дээр байхдаа би дэндүү амар амгалан, өөрөөрөө байж чаддаг. Өөртөө маш их энерги, эрч хүчийг авдаг шүү.
DegiiSky (Mittwoch, 28 November 2018 22:46)
Маш сайхан олон хүнд одоо яг хэрэгтэй байгаа зүйлс байна. Олон хүн олж уншаасай.
Ella (Dienstag, 06 August 2019 12:18)
Сайн байна уу? Танд юуны өмнө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгэлийн дуудлагаа олохын тулд олон өдрүүдийг бодолд автан өнгөрүүллээ. Тэгсэн ч одоог хэрнээ л сэтгэл дотор маш их зөрчилдөөн эргэлзээ байсаар л байна. Гэхдээ таны зөвлөсөн дээрх асуултууд миний энэ эргэлзээг тайлах байх гэдэгт итгэлтэй байна. Өөрийгөө олж дотоод дуудлагаа хүлээн авсны дараа танд ахин талархлаа илэрхийлнээ. :)
DR MAXWELL.. (Donnerstag, 30 Juli 2020 01:49)
Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.
Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай.
Имэйл: birothhospital@gmail.com
Whats програмын дугаар: +33751490980
Сайн сайхныг хүсье
МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
DR MAXWELL
Oyun (Donnerstag, 05 November 2020 08:15)
Уншихад таатай байлаа сайхан бичвэр байна. баярлалаа
Чимгээ (Donnerstag, 03 November 2022 06:00)
Үнэхээр үнэн юмаа. Гарах гарцгүй мэт санагдаж байна.
Яаж эхлэхээ юунаас эхлэхээ мэдэхгүй. Хүлээсэнд амьдарч байна.